2020/05/17

604. Русь vs Орос

IX зууны үед хойд зүгт далайн чанадаас русь аймгууд хүрэлцэн ирж Зүүн Ромын эзэнт гүрэнд заналхийлж эхлэв хэмээн түүхнээ тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь юу гэсэн утгатай вэ?


XII зуунд орос хэлнээ бичигдсэн Повесть временных лет сударт 862 онд болсон хэмээх дараах үйл явдлыг бичиж тэмдэглэжээ. “Хүмүүс шударга ёсыг баримтлалгүй овог аймгууд өөр зуураа тэмцэлдэж эхлэв. Тэд хоорондоо биднийг нэгтгэж, хуулиар хэрэг шийдэх князийг хайж олохоор тохирч далайн чанад дахь Русийн нутагт очжээ. 


Чудь (фин хүмүүс) ба словене (зүүн славян хүмүүс) хүмүүс русь нарт манай нутаг дэвсгэр асар том, баян боловч бидэнд дэг журам алга, князь болж биднийг захирахаар морилж хайрла гэсэнд ах дүү гурван Рюрик зөвшөөрч бүх русийг дагуулан ирлээ. Том ах Рюрик Новгород хотноо сууж, дунд ах Синеус, бага дүү Трувор нар удалгүй өөд болсон тул Рюрик бүх эрх мэдлийг атган өөрийн албатуудад хот тосгодыг хуваарилан оноожээ. 


Рюрикийн хоёр албат Аскольд, Дир нар Рюрикээс Византид очих зөвшөөрөл авч Днепр мөрнөөр уруудаж Киев хотноо суурьшиж, полян (тал нутгийн зүүн славян хүмүүс) нарыг нэгтгэв. Улмаар 866 онд цэрэг хөдөлгөн Зүүн Ромын эзэнт гүрэн Византийг дайлахаар цэрэг хөдөлгөж 200 хөлөг онгоцоор Византийг бүсэлсэн боловч шуурганаас болоод бүтэлгүйтсэн байна. Князь Рюрик нас барсны дараа түүний удмын Олег князь болж 881 онд цэрэг хөдөлгөн Киевийг эзлэн Аскольд, Дир нарыг хороон Киевийн ван болов” хэмээжээ.


Үнэндээ Русь нар Византийг 860 онд дайлсан байдаг тул Повесть временных лет сударт он цагийн хувьд алдаатай зүйл ажиглагддаг. Гэхдээ фин, славян нарыг тэд өөрсдөө бус далайн чанад Скандинаваас ирсэн герман угсааны норманд байлдан дагуулагч нар Русь хэмээх нэрийн дор нэгтгэсэн тухай уг сурвалжид тун тодорхой өгүүлсэн болно. Русийн байлдан дагуулсан газрыг Орос, русь нарын байлдан дагуулсан үндэстэн оросууд болсон гэж үздэг, гэхдээ русийн хаан Рюрикын удмын Догшин Иванаас хойш.


Русь нар Ижил мөрнийг уруудан Хазар улсыг байнга довтлох болж, 965 онд Русийн Киевийн Святослав ван Хазарын гол хот болох Саркелийг эзэлжээ. Хазарын эзэнт гүрэн энэ цохилтоос болж нуран унаж хазарууд хойд кавказ уруу оджээ. Святославын хүү I Владимир ван 988 онд Зүүн Ромын эзэнт гүрэнтэй холбоо тогтоож, усан баталгаа хүртэн христос шашинтан болжээ. 


Ийнхүү Русь нарын хүлээн авсан христос шашин нь Зүүн Ромоос уламжлагдан ирсэн боловч сүмийн албан ёсны хэл нь грек бус слав хэл болжээ. Үүний улмаас Зүүн Ромын эзэнт гүрний соёлын үндэс суурь болсон Грек-Ромын гүн ухааны бүтээл зохиолууд орчуулагдалгүй хоцорч зөвхөн шашны ном зохиолууд нь слав хэлнээ орчуулагдсан нь тэдний Европоос огт өөр соёл иргэншилтэй болгох үндэс суурийг тавьсан болно.


VII-XI зууны үед баруун зүгт Хар тэнгисийн хойд хэсэгт нүүдэлчдийн хүчирхэг Хазар улс оршин байв. Хазар улс нь баруун түрүгүүдийг нэгтгэсэн олон нүүдэлчин аймгуудын холбоо байсан бололтой. 630 онд Тан улс түрүү үеийн Түрэг гүрнийг мөхөөх үед хазарууд хойд Кавказад нэвтэрч булгаруудтай тэмцэлдэх болов. 


Энэ үед баруун Туркестаныг эзэлсэн арабууд Кавказ хүртэл довтлон Хазарын Баланжарыг дайлснаар араб хазар нарын хооронд зуу гаруй жил үргэлжилсэн дайн дэгджээ. 737 онд арабууд Ижил мөрний адаг дахь Хазарын түшиц газар хүртэл довтлон ялалт байгуулсан боловч арабуудын хийсэн дайн өнөөгийн Дагестан улсын Дербентийн даваа хүрээд зогссон байна.


Энэ үед Хазарын эзэнт гүрэн Ижил мөрний адаг, Хойд Кавказаар төвлөрч, зүүн талдаа Урал мөрөн, баруун талдаа Днепр мөрөн хүртэл тэлж, Зүүн Ромын эзэнт гүрэнтэй Крымийг булаалдан тэмцэлдэж байв. Гэвч Зүүн Ромын эзэнт гүрэн Арабуудаас хойд хилээ хамгаалах зорилгоор Хазаруудтай холбоотон болж 732 онд Хазарын хааны гүнж Чичактай III Леоны хүү Константин ураг барилдсан байна. Энэ нь Зүүн Ромын хаан варвар бүсгүйг хатан болгосон тун ховор тохиолдол бөгөөд тухайн үед хазаруудтай холбоотон болох зайлшгүй шаардлага байсан бололтой.


IX зууны эхэн д Хазарын хаан Булан еврейн шашинд орсноор синагог буюу еврейн шашны сүм хийд олноор байгуулагдаж, еврейн шашинт алдарт эрдэмтдийг урин залж, олон хазарууд еврейн шашинд оржээ. Гэвч тэдний нутагт байлдан дагуулагч русь нар ирснээр Хазарын эзэнт гүрэн унасан ч XI зууны сүүл хүртэл хойд Кавказад байсаар байжээ.


Хазарын эзэнт гүрэн унаснаар Хар тэнгисийн хойд эргийн тал нутаг тэр чигээрээ русийн гарт орсон хэрэг биш байлаа. Хазарын дараа печенег хэмээх түрэг хэлээр ярьдаг нүүдэлчид зүүн зүгээс ирж ихэд хүчирхэгжиж хазар нарыг дарсан Святослав ванг 972 онд ялж, уг тулаанаар ван алагдсан байна.
  

Печенегүүд вангийн гавлыг алтаар бүрж аяга хийн архи уусан хэмээн тэмдэглэгджээ. Владимир вангийн үед печенегүүдийн довтолгоо ширүүссэн тул русь нар бэхлэлт байгуулж хориглон тулалдах болов. Гэвч 1036 онд Киевийг дайрч ялагдсан печенегүүд баруун тийш Дунай мөрний тэртээх Зүүн Ромын эзэнт гүрний зүг нүүн оджээ.


Печенегүүдийн дараа нэлээд хожуу кипчакууд болох куман нар зүүн зүгээс нүүн ирэв. Тэд Сибирийн Обь мөрний эх Алтайн нуруунаас ирсэн түрэг хэлтэн нүүдэлчид бөгөөд тэд XI зууны эхээр Казахстаны талыг туулсан баруун тийш их нүүдэл эхлүүлж, уг зууны төгсгөлөөр Дунай мөрөнд хүрчээ. Кипчакуудын эзэлсэн Казахстан, Хойд Кавказ, Украиныг нийтэд нь Дашти Кипчак буюу Кипчакын тал гэдэг. 


Кипчак нар улс төрийн хувьд эв нэгдэлгүй олон каган нар өөрсдийн овог аймгаа удирдаж байжээ. XI зууны төгсгөл үеэс кипчак нар Зүүн Ром, Мажаар, Русийг байнга довтлох болж, ялангуяа русьтай ихэд ширүүн байлджээ. 1185 онд русийн Новгородын II Игорь ван кипчакуудад ялагдан олзлогдсон тухай Игорийн хорооны цэрэглэсэн туужид өгүүлсэн байдаг.


Русь нар ч, кипчак нар ч өөр хоорондоо эв нэгдэлгүй, гаднын дайсантай хамтран тэмцэж чадалгүй олон жил дайтсаны үр дүнд XIII зуунд зүүн зүгээс ирсэн монголчуудад хоёул эзлэгдэн залгиулжээ.


Ийнхүү Оросын төр (үнэндээ русь нарын төр, оросын төр Романовын үеэр эхэлдэг) МЭ-ний нэг мянганы үед Киев хавьцаа үүсэж. Уг нутаг тухайн үедээ Византын эзэнт гүрнийг Төв Азитай холбосон худалдааны чухал боомт хот байжээ. 1230-аад онд Бат хаан, Сүбээдэй нар дайран эзэлснээр төрийнх нь залгамж чанар тасарч, Киев тэр чигтээ сүйрчээ. Орос дан монголчуудаас гадна Оттоман, Куман зэрэг Азийн ард түмэнтэй их холбогддог тул түүнийг Азийн гүрэн хэмээн үздэг. 


Монголчуудын дарангуйллын улмаас орос орон Визант, Ойрх Дорнодоос харилцаагаа тасалснаар Европтой холбогдсон гол харилцаа тасарч, тэднээс олон жилээр хоцорчээ. Нөгөө талаар Киевийн Русь мөхсөнөөр улс төрийн хувьд цоо шинээр дахин мэндлэх шаардлага гарч русийн хүчний төв Хар тэнгисийн хойнох Европт ойр хэсгээс зүүн хойд зүгт шилжин Москвагийн их Дучи улс төрийн гол тоглогч болон шинээр тодорчээ.


Монголчууд өөрсдийгөө цэвэр олз хайсан халдагч хэмээн үзэж байсан учир эзэлсэн хүн амаасаа аль болох богино хугацаанд их эд баялаг гаргуулж авахыг гол зорилгоо гэж харж байжээ. 


Монголчууд татвар цуглуулагчаа болгон олон ноёдыг өөрсөндөө элсүүлсний дотор Москвагийн ван I Иван ч багтаж байв. Тийнхүү монголчууд шинэ үеийн оросын удирдагч нарыг өөрийн арга барилаар дадлагажуулж, өөр хоорондоо гэрлэж байсны улмаас генетикийн хувьд ч хоорондоо холилджээ.


Русийн хүчний төв түүхэнд өмнө нь нэр нь төдийлөн тодроогүй жирийн нэг бэхлэлт болох Москвад шилжсэн нь, Москва яагаад томорсон нь шууд монголчуудтай холбоотой болно. Ердөө л Алтан Ордын Өзбег хаан 1328 онд Москвагийн ван I Иваныг өмгөөлөлдөө авч, их вангийн суудалд өргөмжлөн, Русийн олон вангийн тэргүүн болгон татвар цуглуулах үүргийг хүлээлгэсэн явдал л Москваг тодрон гарч ирэх шалтгаан болжээ.


Монголчууд үнэндээ русийг эзлэн захираагүй юм, тэрээр русийн удирдагч нарыг томилж хажууд нь зэрэгцэн сууж тэднээс аль болох ихээхэн татвар авахыг л гол зорилгоо болгож ирсэн байдаг. Иймээс русийг эзлэх сонирхол ганц монголчуудаар тогтоогүй болно. 


Тухайн үед Литвагийн их ван Ягайло 1386 онд Польшийн хатан хаантай гэрлэн христос шашинд орж Польшийг хавсран захирах болжээ. XV зуунд Ягайлогийн үеэл дүү их ван Витовт Литвагийн газар нутгийг тэлж Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртлэх өргөн уудам нутгийг захирах болов. Энэ үед Литвийн захиргаанд байсан русь нь өнөөгийн Беларусь, Польшийн захиргаанд байсан русь нь өнөөгийн Украйн болно.  


Их ван Витовт хүчирхэг байсан учир Зүчийн угсааны ханхүү Хажи Герай түүний өмгөөлөлд орж 1449 онд Литва-Польшийн дэмжлэгтэйгээр Крымийн хаан болжээ. Хажи Герайн хүү Менгли Герай 1502 онд Алтан Ордны хаан суудлыг булаан авснаар Алтан Ордны улс Крымтэй нэгдэж Алтан Орд Ижил мөрнөөс баруун тийш нүүж Крымд төвлөрөх болжээ.


Оросын түүхчид үүнийг гайхалтайгаар мушгин Алтан Ордны мөхөл хэмээн нэрлэдэг ч үнэндээ Алтан Ордны улс урд өмнө байгаагүйгээр хүчирхэгжсэн явдал байлаа. Үүнээс гадна 1380 онд болсон Куликовын тулааныг Оросын түүхчид хэт дэвэргэн татаарын буулганы эсрэг анхны ялалт хэмээн сүржигнэдэг боловч оросоос бусад орны түүхчид уг тулааныг болсон эсэхэд ч эргэлздэг болсон бол бүс нутгийн байдаг л нэг жижиг мөргөлдөөн хэмээн тоодоггүй. Учир нь энэ тухай зэргэлдээх улсын аль бичиг баримтад огт дурдагдаагүй, бусад аль ч улс энэ тухай мэдээгүй өнгөрсөн байдаг ба Мамай ч Алтан ордын хаан ядаж биш байсан. 


Оросын түүхч нарын олж тогтоосноор Догшин Иваны татаарын буулганаас Оросыг чөлөөлсөн хэмээх үйл явдал нь Ижил мөрний дунд бие дэх Казаний хааны удам дотор тэмцэл гарч, тэдний нэгнээс тусламжийн цэрэг илгээхийг хүссэнийг ашиглан IV Иван хаан Казаньд цэргээ оруулж эзэгнэсэн явдал төдий буюу байлдан дагуулж бус заль мэх ашиглан Казанийг эзэлсэн хэрэг л байдаг. 


Оросын түүхчдийн Догшин Иваны 1556 онд Астраханий хаант улсыг мөхөөсөн хэмээн сүржин нэрлэсэн үйл явдал нь үнэн хэрэгтээ Астраханий хааны гэр бүл Бухарт шилжин суурьшсан хэрэг байсан. Ямар ч байсан энэ хэргээрээ Догшин Иван бүх оросын ван гэдэг цол дээрээ Казань болон Астраханий царь хэмээх шинэ цол нэмснээр царь гэдэг үг шинээр орж иржээ.  


Эдгээр үйл явдлын дараа Крымийн хүчирхэг Алтан Орд 1571 онд Москваг дайлж, албан гувчуур авч байхаар болжээ. Үүнээс хойш Москва XVII зууны сүүл хүртэл Крымд алба өргөж байсан тухай оросын түүхчид яагаад ч юм дуугүй л байдаг. 


Догшин Иван царь болохын тулд Зүчийн угсааны Симон Бекбулатовичийг Кремлийн хаан болгож царьд өргөмжлөөд жилийн дараа түүнээс найр тавиулан хүлээн авч өөрөө царь болох нэн төвөгтэй замаар царь болж байсан нь Чингисийн угсааны биш хүн царь болох боломжгүй байсан уламжлалын дагуу найр тавиулж царь болсон заль төдий л хэрэг байлаа. Догшин Иван ийнхүү заль хэрэглэн царь болсноор сая Москвагийн их ван Монголын эзэнт гүрний бусад хаадтай энэ тэнцүү харилцах боломжийг сая олгож Оросын эзэнт гүрний эхлэлийг тавьсан юм.


Догшин Иваны хүү Федор нас барсны дараа Русийн буюу Рюрикийн удам тасарч цөвүүн цаг дор монгол угсааны язгууртан Борис Годуновыг хэсэг зуур цариар өргөмжилжээ. 1605 онд Борис Годунов нас барсны дараа 1613 онд русь бус монгол ч бус жинхэнэ орос царь мэндэлсэн нь Михайл Романов байв. Романовын үеэс хойших үеийг Оросын үе хэмээдэг. 1440-1505 оны хооронд Новгород, Тверь 2-ыг III Иван өөртөө нэгтгэн бие даасан Орос орныг тунхаглажээ. I Иваны үед 600 ам миль газар нутагтай байсан Москвагийн ханлиг II Василийн үед 15000 ам миль болон тэлсээр III Иваны сүүл үед 55000 ам миль болон өргөжсөн байна.


Европт феодализм 800 жилийг туулсан бол Оросын феодализм татаарын буулганд орсон 300 хүрэхгүй жилийн настай. Энэ нь зарим хүмүүсийг Орос феодализмыг туулсан эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Учир нь Оросын бояр нарт цайз бэхлэлт барьж суух хугацаа үнэндээ байгаагүй юм. Тиймээс оросууд цайз бэхлэлт барьж тулалдахаас илүү хөдөлгөөнт довтлогч хүчийг илүүд үздэг байсан нь Кутузов Москваг Наполеонд найр тавин олгоход хүргэсэн юм. 


Оросын тулааны арга хүртэл Европоос шал өөр байлаа. Оросын боярууд Европын сурвалжтан нар шиг хатуу чанд бэхлэлт барин сууж бие даасан бодлого явуулах боломж, цаг хугацаа ч ядаж байсангүй. Оросууд христосын шашинг хүлээн зөвшөөрч авч хэрэглэсэн ч грек хэлээр бус слав хэлээр нэвтрүүлсэн юм. 


Гэхдээ л сүм хийд Зүүн Ромд харьяалагдаж, сүм хийдээр дамжуулан тэдний бодлого нэвтэрч байсныг монголчуудын булаан эзлэлт тас цохин болиулсанд одоо болтол гоморхдог бололтой. Ингэснээр сүм хийдийн ивээн тэтгэгч нь Москвагийн төр болж, төр сүм хийдийг санхүүжүүлж, сүм хийд нь төрөө дэмжиж иржээ.


Москвагийн улс бояруудаа местничество хэмээх зүйлээр дотор зиндаачлах замаар тэдний хоорондох эвдрэлийг зориуд дэвэргэж байсан нь бояруудыг нэгдсэн цул нэгдмэл анги болгох боломж олгоогүй юм. Тэд хоорондын жижиг сажиг хэрүүл маргаанаараа тун алдартай байв. IV Иван буюу Догшин Иваны үед тэр бояр нараас опричники хэмээх бояр нарыг шүүх эрх мэдэл бүхий тусгай засаг захиргааны нэгж байгуулахыг шаардан байгуулмагцаа бояр нарыг эргүүлэн хядсан байдаг. 


Догшин Иваны үед 4-10 мянга орчим бояр нар алагдаж, тэдний газар нутгийг хураан авснаар төр нийт газар нутгийн талаас илүү хэсгийг өөрийн өмч болгон авчээ. Хуучин байсан ноёдоос ердөө есхөн ноёны гэр бүлийг үлдээж, газар нутгийн ихэнхийг хураан авчээ. Бояр нар өөрсдөд нь аюул учруулах онцгой эрхийг чухам яагаад Иванд олгосон нь ойлгомжгүй асуудал болон хоцорсон ба Иваныг Москваг орхин явсны дараа үймээн самуун дэгдэх үед тэд задарч болшгүй гэсэн айдсын улмаас ийм онцгой эрхийг олгосон байж болох тухай таамаглал хэлдэг.


1598 онд Иваны хүү Федор угсаа залгамжлагч үлдээлгүй нас барснаар Рюрикийн гүрэн төгсөж цөвүүн цаг эхлэн маш олон хуурамч Дмитрий нар төр лүү ухасхийсэн боловч гаднын түрэмгийлэгчид буюу Литва-Польшийн эзэрхийлэлд орж эзлэгдэх аюул тулгарсан боловч 1613 онд Романовын эзэнт гүрэн байгуулагдсанаар арай гэж нэг юм гаднын эзэрхийлэлд бүрэн авталгүй гарч дөнгөжээ. Гэвч энэхүү богино хугацаанд үргэлжилсэн цөвүүн цагийн улмаас русь гурав хуваагдаж, Бела буюу Латвийн русь, Киевийн русь буюу Польшийн русь, Москвагийн русь буюу Орос хэмээн гурав хуваагдсан болно.


Оросын хамгийн баруун хойд хэсэгт орших Новгород хотыг монголчууд яагаад ч юм огтхон ч хөндөөгүй юм. Тиймээс энэ хот Москвад эзлэгдэх хүртлээ Европтой холбоотой байж, Европын соёл, эд барааг Орост нэвтрүүлэх үүд хаалга болж байв. Новгородын ноёд өөрсдийн армитай байсан ч эрх мэдэл нь вече буюу хотын сурвалжтан нарын дундаас захирагчаа сонгодог нийтийн чуулганаас хамааралтай байв. 


Вечед эрх чөлөөт иргэн болгон оролцох эрхтэй ба татвар, хууль, гадаад харилцааг вече шийдэж, ноёдыг огцруулах хүртэл эрх мэдэлтэй байв. 1478 онд Новгород хотыг III Иван эзэлж Москвагийн улсад нэгтгэсэн болно. Тэр Новгородын бүх инстүүцийг устгаж ихэнх сурвалжтан нарыг урвагч хэмээн цаазлан хороож, үй олон бояр, худалдаачдыг гэр бүлийн хамт эзэнт улсынхаа тал бүр лүү цөлжээ. 


Москвагийн улс нь земский собор хэмээх сурвалжтан нарын зөвлөлтэй байв. Земский собор хааяа хуралдаж чухал шийдвэр гаргадаг байв. Жишээ нь IV Иваны Ливонтой хийх дайныг батламжлах зорилгоор хуралдаж байсан бол өөр 1584 онд IV Иваны хүү Федорыг хаанд өргөмжилж, 1598 онд хаан суудлыг Борис Годуновт өгөх зорилгоор тус тус хуралдаж байжээ. 


Земский соборын гаргасан өөр нэг чухал шийдвэр нь 1613 онд Михаил Романовыг цариар батламжлан цөвүүн цагийг эцэслүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болно. Их Пётр хааныг үл ойшоох хүртэл Земский собор маш олон удаа хуралдсан байдаг. Их Пётрээс хойш үүнтэй дүйцэхүйц байгууллага 1905 оны Орос-Японы дайн болох хүртэл ахиж гараагүй юм. 1905 онд Дума буюу хууль тогтоох байгууллага байгуулагдсанаар төлөөллийн инстүүц ахин шинээр гарч иржээ.


Их Пётр хаан (1672-1725)-ийн үед нийслэлийг Петербург уруу нүүлгэн Европоос үй олон инстүүц зээлэн авч хэрэглэж эхэлжээ. Энэ өөрчлөлтийг хийх болсон үндсэн шалтгаан нь 1700 онд Шведтэй хийсэн Нарвагийн тулалдаанд XII Карл хаанд ялагдсан ялагдал байлаа. Уг дайны дараа Пётр хаан армидаа орчин үеийн европ маягийн шинэчлэл хийж анх удаа тэнгисийн цэргийн флоттой болжээ. 


Пётр хаан сурвалжтан нарыг тэр чигээр нь төрийн албанд татан оруулав. Хэргэм зэрэгтнүүд нар бүр хүүхэд байхаасаа цэргийн сургалтад сууж, ур чадвараараа тушаал дэвшин, амьдралынхаа туршид цэргийн хороодтой холбоотой амьдрах болов. Үүний улмаас Оросын нийгэм цэрэгжсэн, үүрэг хариуцлага бүхий дуулгавартай байдлыг эрхэмлэдэг ёс зүй тогтсон болно.


Төрд үйлчилснийхээ хариуд сурвалжтан нар татвараас чөлөөлөгдөж, газар, албат эзэмших онцгой эрхтэй болж хамжлагуудаа улам илүү дарлах боломжтой болжээ. Энэ үеийг хүртэл чөлөөтэй зорчдог байсан тариачдын эрх мэдэл хумигдаж чөлөөтэй зорчих аргагүй болж улмаар хамжлага болон хувирч сурвалжтан нарт үйлчлэх болжээ. Ийнхүү сурвалжтан нар хамжлагатай болж тэднийг хөлийг хориход төрийн дэмжлэгийг авах болсон бол төр сурвалжтан нарыг өөрийн албанд зарж хэрэглэснээр төр сурвалжтан нарын хооронд тун найртай холбоо үүсжээ. 


Их Пётрийн шинэчлэл Оросыг маш хурдан европжуулсан болно. Гэвч Пётр хааныг нас барсны дараа сурвалжтанууд улам бүр хүчирхэгжиж Долгоруков, Наришкин, Голицын, Салтыков зэрэг хэдхэн дээд зиндааны сурвалжтан гэр бүлүүд товойн гарч ирэв. 1762 оноос эдгээр сурвалжтан нар төрд үйлчлэх үүрэг хүлээсэн тогтоолоо цуцалж улс төрийн бодлогод улам бүр нөлөөтэй болсон байна.


Оросууд одоо болтол монголчуудад эзлэгдсэн явдлаас болж Европоос тасарч олон жилээр тэднээс хоцорсон хэмээн үздэг. Гэвч зарим талаараа үнэний ортой ч зарим талаараа худал юм. Учир нь оросууд нэг их өндөр соёлтой ард түмэн монголчуудад эзлэгдээд дордсон явдал болоогүй юм. Оросууд өөрсдөө нэг их ялгаагүй бараг зэрлэг шахуу варвар аймгуудаас гаралтай, нэгдсэн төр улсгүй, хоорондын хэмхэлдээн тэмцлээрээ алдартай хүмүүс байсан. 


Монголчууд орж ирж кипчакуудыг хөөн явуулаагүй бол оросууд өөр зуураа битгий хэл зэргэлдээх түрэг угсааны нүүдэлчидтэй тэргүй тэргүй тулалдсаар тамираа шавхах байсан тул харин ч Монголчууд төрт улс байгуулах үйл явцыг нь хурдасгаж, Москвагийн их вангийн удирдлага дор оросыг нэгтгэж өгсөн, тэгээгүйсэн бол одоо юун Москва вэ гэх, эвгүйтвэл Польшуудад эзлэгдээд дууссан байх байлаа. 


Оросууд өндөр соёлтой байгаагүй учраас харин ч монголчуудын соёл, баян тарган байдал тэдний нүдийг нээж, гоё ганганд дурлаж, монголчуудыг дуурайж, түүгээрээ бахархаж, ураг төрөл холбохыг нэг төрлийн мода болгон хүлээн авч байсан нь монголчуудаасаа өндөр соёлтой байсан гэдэг оргүй худал болохыг л харуулдаг. 


Викингүүд хүртэл орос уруу дайрахаас залхаж мануусаас ялгаагүй ядуу гуйлгачид хэмээн үзээд Европыг талан дээрэмдэхээр цааш зүглэдэг нь оргүй зүйл огт биш. Ядаж байхад шашнаар дамжуулан зүүн Европын том соёлын урсгал оросод орж ирээгүй, тэд зөвхөн шашны номуудыг слав хэлэнд буулгаж хэрэглэж байснаас Грек-Ромын соёлын том өвийн гадна өөрсдөө л хаягдчихсан ард түмэн ш дээ. 


Тэгээд ч Зүүн Ромын эзэнт гүрэнтэй харилцах харилцааг монголчууд таслаагүйгээр барахгүй Новгород хотыг огт хөндөлгүй үлдээснийг өөрсдөө эзлэн соёлыг нь устгасан болохоос монголчууд хараад л сууж байсан байх шүү. Орчин үеийн оросын түүх худал хуурмагаар дүүрэн, оросын юм болгон агуу хэмээх нэгэн солиоролд нэрвэгдсэн байдаг. Саяных хүртэл шинжлэх ухааны бүх нээлт Ломносовынх л байлаа.