Өнөөгийн Турк, Баруун Ази, Хойд Африкын Арабын улсууд нь дэлхийн 1-р дайны дараа Англи, Франц 2-ын Османы эзэнт гүрнийг хуваах үед үүссэн улсууд болно. Османы эзэнт гүрнийг байгуулсан Осман угсаа нь 13-р зууны үед Бага Азид ирэн суурьшсан монгол цэргээс гаралтай.
Османууд үе дамжин Зүүн Ромын эзэнт гүрэнтэй тулалдаж, 1365 онд Босфорын хоолойг гатлан Европын Эдирнег нийслэлээ болгон 1453 онд Византийг (Стамбул) эзэлж Зүүн Ромын эзэнт гүрнийг мөхөөн тийшээ нийслэлээ нүүлгэн 1517 онд Мамлюкын улсыг мөхөөн Египетийг нэгтгээд Балканы хойг, Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн захирчээ.
Ялангуяа Балканд 1-р Сулейман султан 1526 онд Мохачегийн тулаанаар Унгарыг захиргаандаа оруулж, 1529 онд өөрийн биеэр Венийг бүслэн довтолж нийт Европыг цочроожээ. Ийнхүү Османы улс Монголын Ил хаадын зорьсон үйл хэргийг гүйцээсэн болно. Османы эзэнт гүрний хөгжил 150 жил үргэлжлээд 1683 онд 2 дахь удаагийн Венийн бүслэлт амжилтгүй болсны дараа Унгарыг алдсанаас хойш доройтон буурсан үеэс Баруун Европ хүчирхэгжиж иржээ.
Османы доройтол дэлхийн 1-р дайнд ялагдсанаар эцэстээ хүрч эзэнт гүрэн задран унав. Тэд Бага Азийн хойгийг л мэдэлдээ авч үлдсэн боловч Кемаль Ататюрк Анкарад бослого гарган 1923 онд Туркийн БНУ-ыг байгуулан ерөнхийлөгчөөр нь сонгогджээ. Энэ үеийн хүртэл Османы эзэнт гүрний албан ёсны хэл нь турк хэл, түүн дотор олон үндэстэн ястан холилдон байсан ч османчууд өөрсдийгөө турк хүн хэмээн үздэггүй, турк хүн гэдэг хөдөөний хүн гэсэн утгыг агуулж байв.
Харин Кемаль үндэсний эв нэгдлийг хадгалахын тулд нэг үндэстэн буюу турк үндэстэн гэсэн уриаг дэвшүүлж, Османы эсрэг турк үндэстэнг шинээр бий болгон эрс шинэчлэл явуулж, Турк улсын иргэд нь цэвэр турк үндэстэн байна гэж цоо шинэ үндэстэнг бий болгожээ. Тиймээс турк үндэстэн гэдэг нь цэвэр хийсвэр ойлголт юм.
Үндэстэн гэдэг нь төр улс гэдэгтэй адил 19-р зуунд үүссэн харьцангуй шинэ ойлголт. Эртнээс төр улс гэдэг ойлголт нь эзэн хааны өмч хөрөнгө гэсэн ухагдахуун байсан бол Францын хувьсгалаар төр улсын талаарх ойлголт шинээр бүрэлдэн бий болсноор анх удаа нутаг дэвсгэр, ард иргэдээс эзэн хааныг ялган нэрлэх болжээ. Ингэснээр эзэн хааны оронд “иргэн” хүн улсын эзэн гэсэн шинэ ойлголт үүсжээ.
Эзэн хаанаас ялгаатайн иргэн гэдэг нь барьцгүй, хэн нь иргэн, хэн нь иргэн бус гэдэг нь тодорхой бус ойлголт учраас “иргэн”-ий оронд нэг нутаг дэвсгэр, нэг хэлийг хамтран эзэмшдэг “үндэстэн”-ээс бүрдсэн “үндэстэн-улс” (nation state) л жинхэнэ төр улс байна үзэл бодол (национализм) бий болж, Францын хувьсгалаас өмнөх үеийн эзэн хааны нутаг дэвсгэр, иргэд ч гэсэн үнэндээ үндэстэн-улс байсан мэтээр тайлбарлах болжээ.
Гэтэл үндэстэн-улс байгуулахыг хүсэвч байгуулж чадаагүй хүмүүсийн бүлэг буюу үндэстнүүд үүсжээ. Нэг хэлээр ярьдаг үндэстнүүд нь бусдыгаа элэг нэгтэн хэмээн нэрлэснээр үндсэрхэг үзэл сэргэжээ.
Гэвч хэл бол удамшдаггүй бөгөөд хүн ямар ч хэлээр ярьж чаддаг, тиймээс хэл нэгтэй гэсэн үндэслэлээр элэг нэгтэн гэх үндэслэл гаргах нь учир дутагдалтай зүйл юм. Жишээ нь ирландууд дээр үед кельт язгуурын гойдель хэлээр ярьдаг байгаад өнөөдөр герман язгуурын англи хэлээр ярьдаг болжээ. Үүнийг үндэслэн кельт үндэстнүүд болох ирландуудыг герман угсааны үндэстэн болсон гэж үзэж болохгүй.
Кемаль Ататюркийн дэвэргэсэн Туркийн үндсэрхэг үзлийн улмаас Бага Азийн хойгийн иргэд бүгд цэвэр турк учир нэгдэн нягтарч, нэг улс байгуулах ёстой хэмээн ярьснаас болж өнөөдөр Төв Азийн өнцөг булан бүрнээ турк хэлээр ярилцагч бүх хүмүүс ижилхэн турк үндэстэн гэх ойлголт бий болжээ. Энэ нь бодит байдлаас тэр өөр ойлголт болно. Учир нь турк хэл нь 7-р зуунд Монголын өндөрлөг дэх Хожуу Түрэг улсын албан ёсны хэл болсноос хойш орчим жилийн хугацаанд маш олон угсаатнууд энэ хэлийг авч хэрэглэсэн бөгөөд тэд бүгд нэг угсаатан биш байсан болно.
Үндэстэн хэмээх ухагдахуун үүсэхээс өмнө турк хэлээр яригч хүнийг турк хүн хэмээн нэрлэдэг байсан бөгөөд 13-р зууны Монголын эзэнт гүрнээс хойш исламын ертөнцөд турк хүн, монгол хүн гэдэг ижил утгатай үг байсан болно. 19-р зуунд Баруун Европт үүссэн хэл шинжлэлийн ухаанд энэтхэг-европын хэлний бүлэгт хамаарагдах хэлнээс зарим хэлийг нь ялган авч турк хэл, зарим хэлийг нь ялган авч монгол хэл гэснээс болж салангид ойлголт болжээ. Тиймээс Турк улсын турк хүн гэдэг ойлголт нь Османы эзэнт гүрний европжсон хэлбэр болно. Өнөөгийн энэтхэг, иран, хятад, орос, турк хүмүүс нь аль аль нь Монголын эзэнт гүрний бүтээгдэхүүн, үлдээсэн өв болно.
Газар дундын тэнгисийн ертөнцөд Монголын эзэнт гүрэн байгуулагдахтай зэрэгцэн Хар Тэнгис болон Газар дундын тэнгисийн худалдааны эрхийг атгасан Венецэд Европын анхны банк байгуулагдсан нь мөн л банк байгуулагдах үндсэн нөхцөлийг Монголын эзэнт гүрэн байгуулсанд оршдог. Юань улсын Хубилай хаан худалдааны төлбөрийг хялбарчлахын тулд 1275 онд дэлхийд анхны үл хөрвөх цаасан мөнгийг хэвлүүлжээ.
1351 оны улаан алчууртны бослогоор цаасан мөнгөний итгэлцэл алдагдаж, Юань гүрнээс Хятадыг булаан авсан Мин улс өөрийн цаасан мөнгийг хэвлүүлсэн ч өмнөх цаасан мөнгөний итгэлцлээс ч доогуур үнэлэгдэж байсан учраас хэрэглээнд орж чадаагүйгээс хятадын эдийн засаг уналтад оржээ. 16-р зууны үед Номхон далайн замаар Филиппинд хүрсэн испаничууд Мексикт олборлосон мөнгийг төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн үеэс Хятадын эдийн засаг эргэн сэргэжээ.
Монголын эзэнт гүрний эмзэг тал нь эх газрын гүрэн байсанд оршдог. Хуурай газрын тээврийн зардал нь далайн тээврээс хэд дахин илүү байдаг. Тиймээс далай тэнгисийн эзэнт гүрэн гол зангилаа газруудад боомт байгуулаад далай тэнгисийн замыг ашиглах эрхийг хуурай замын цэргээс хэд дахин бага хүчээр хадгалж, их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг бага зардлаар богино хугацаанд тээвэрлэн худалдаа эрхэлж, өндөр ашиг олох боломжтой. Энэ нь Монголын эзэнт гүрний гадна үлдэж хоцорсон улс орнуудын хувьд далайн эрин үе эхлэх шалтгаан болжээ.
Далайн эрин үе 1415 онд португаличууд Гибралтарын эсрэг талын эргийн Сеутаг эзлэн авч Африкийн эх газрын баруун эргийн дагуух далайн замыг ашиглах боломжтой болсон үеэс эхэлсэн хэмээн Европчууд үздэг. Португаличууд 1497 онд Африкийн эх газрын өмнөд хошууг тойрон Энэтхэгийн далайд гарч, дараа жил нь Энэтхэгт хүрээд 1511 онд Малайн хойгийн Маллаккагийн вант улсыг сөнөөн тэнд төвлөрч Өмнөд Хятадын тэнгист нэвтрэн 1517 онд Хятадад хүрчээ.
Испаничууд үүнээс арай хойхно Атлантын далайгаас Өмнөд Африкийн эх газрын хошууг тойрч 1521 онд Филиппинд хүрээд 1571 онд тэнд Манила хотыг байгуулжээ. Харин япончууд Сеутаг португаличууд эзлэхээс хагас зуун жилийн өмнө далайд гарсан бол 13-р зуунд Монголын эзэнт гүрэн байгуулагдах хүртэл Зүүн Хятадын тэнгисийн худалдааг хятадын худалдааны онгоцнууд эзэмшиж байв.
1350 оноос Вакоо хэмээх Японы далайн дээрэмчид Солонгосын хойгийн эрэг орчмын газрыг уулгалан довтолсоор Хятадын эх газрын эргийн дагуу шилжиж, вакоо нар Зүүн Хятадын тэнгисээр урагш уруудан Хуананийн далайн эргийн хятадын далайн дээрэмчидтэй нэгдэн 16-р зуунд Португали, испаничууд Хятадад ирэх үед оргил үедээ хүрч хүчирхэгжсэн байжээ. Ингэснээр эх газрын эзэнт гүрнүүдийн үе улиран өнгөрч далай тэнгисийн эзэнт гүрний үе эхэлснийг харуулдаг.
Өнөөгийн дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүд бүгд далай тэнгисийн эзэнт гүрнүүд болно. АНУ гэхэд л эх газрын улс мэт харагдавч соёл иргэншил нь Атлантын далай болон Номхон далайн дагуух эргээр төвлөрч, эх газар нь бараг хоосон болно. Япон бол яах аргагүй далай тэнгисийн эх гүрэн бөгөөд дэлхийн 2-р дайны дараах Японы эдийн засгийн амжилт нь түүхий эд импортолж, бараа бүтээгдэхүүн экспортлоход далайн тээврийг оновчтой ашигласантай холбоотой. Баруун Европ ч гэсэн Атлантын далайд хандсан гарцын хэмжээнээсээ хамааран эхлээд Англи, Франц, Герман г.м дарааллаар аж үйлдвэрийг амжилттай хөгжүүлсэн болно.