Газар Дундын Тэнгисийн анхны түүхэн зохиол болох Херодотын Хистория-д дэлхий ертөнцийг Ази Европ гэсэн хоёр хэсэгт хувааж тэмцэлдүүлсээр Европчууд дийлэх хувь тавилантай гэсэн түүхэн үзлийг бий болгосон анхны түүхэн соёл байв. Ингэснээр Газар дундын тэнгис нь дэлхийн анхны түүхэн соёл иргэншил хэмээн үзэж болно. Үүний дараагийн түүхэн соёл иргэншил Дорно дахинаа үүсжээ.
Үүнээс 350 жилийн дараа МЭӨ 100-гаад оны үед Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл”-ийг бичсэнээр хятадын соёл иргэншил дэх түүхийн соёл үүсжээ. Түүхэн тэмдэглэлийн анхны нэр нь Их түүхчийн тэмдэглэл нэртэй 130 бүлгээс бүрдэж байв. Энэ түүх нь анхны хаан хэмээх Шар хаан буюу хуандигаас эхлэн зохиогчийн өөрийн хүчин зүтгэж явсан Уди хааны үеийг хамарна.
Түүхэн тэмдэглэлийн сүүлийн дэвтэр болох Их түүхчийн намтар дэвтэрт Сыма Цянь өөрийн намтрыг бичжээ. Сымагийн өвөг дээдэс Жоу улсын бичээч түшмэл байгаад Сымагийн эцэг Сыма Тань нь Хань улсын Тай ши лин түшмэлийн алба хашиж, зурхай зурах ажлыг хариуцдаг байжээ. МЭӨ 110 онд Уди хаан Шандунгийн Тайшань ууланд авирч тэнгэр газрыг тахих их тахилгад Сыма Танийг оролцохыг зөвшөөрөөгүйгээс тэрээр хорссондоо нас барсан байна. Үүнээс 2 жилийн дараа Сыма Цянь 28 настайдаа Тай ши лин түшмэл (түүхчдийн ахлаач) болжээ.
Үүнээс дөрвөн жилийн дараа МЭӨ 104 онд Уди хаан оны цолыг өөрчлөн Тай Чү гэснээр Сым Цянь шинээр хуанли зохиосон юм. Энэ түүхт оноос эхлэн Сыма Цянь Түүхэн тэмдэглэлийг бичиж эхэлсэн нь шороон махбод шинээр эхэлсэн гэж үзсэнтэй холбоотой. МӨЭ 99 онд Хүннү нарт ялагдан буун өгсөн Ли Линг жанжныг өмөөрсөн хэргээр Уди хааныг хилэгнүүлж, хөнгөлүүлж тайган болжээ. Үүнээс хойш 2 жилийн дараа МЭӨ 97 онд Түүхэн тэмдэглэлийг дуусгасан байна.
Сыма Цянь Түүхэн тэмдэглэлийг бичиж эхэлсэн шалтгаан нь оны цолыг Тай Чү болгон өөрчилсөн жил болох МЭӨ 104 онд усан махбод дуусаж, шороон махбод эхэлснээр нэгэн түүх дуусаж шинэ түүх эхэллээ гэсэн утгатай болно.
Түүхэн тэмдэглэл нь Гол тэмдэглэл, Илтгэл, Тэмдэглэл, Удмын түүх, Сул намтар гэсэн таван хэсгээс тогтдог. Гол тэмдэглэлд эзэн хаадын намтар, тэднийг хаан ширээнд сууж байх үеийн улс төрийн үйл явдлыг өгүүлдэг. Итгэлд улс төрийн мандан бууралт, өөрчлөлтийн цаг хугацааны хамаарлыг харуулж, Тэмдэглэл хэсэгт тогтолцоо, судалгаа, эдийн засаг зэрэг соёл иргэншлийн олон талыг ерөнхийлөн өгүүлж, Удмын түүхэд Хятадыг Цинь Шихуан нэгтгэхээс өмнөх болон дараах үйл явдлыг, Сул намтарт алдар суут хүмүүсийн үйл хэргийг тус тус тэмдэглэжээ.
Түүхэн тэмдэглэлийн эхэнд Таван хааны намтар байдаг ба эдгээр нь Шар хаан, Жуаньшү, Кү, Яао, Шүн хаад болно. Шар хааны хувьд дайнд гарамгай байдлыг нь онцолж хойд зүгт Хүннү нарыг шахан гаргасан гавьяаг цохон тэмдэглэжээ.
Цинь Шихуан МӨЭ 221 онд Хятадыг нэгтгэхдээ Зоу Юанийн 5н махбодын онолыг ашиглаж, Шар хаанаас эхэлсэн таван хааныг шороон махбод, таван хаадын дараах Ся улс модон махбод, түүний дараах Шан улс төмөр махбод, түүний дараах Жоу улс гал махбодтой байсан учраас Жоу улсын дараах Цинь улс нь усан махбодтой байна хэмээн үзэж дөрвөн улирлаас усан махбодтой улирал нь өвөл тул өвлийн эхэн сар болох 10-р сарын жилийн эхний сар болгон өөрчилжээ. МЭӨ 104 онд Тай Чи тоолол эхлэх үед Сыма Цянь үүнийг өөрчилж 1-р сарын жилийн эхэн сар болгон өөрчилсөн болно.
Цинь Шихуан энэ хүртэл хэрэглэгдэж ирсэн ван цолны оронд хуанди (гэрэл цацруулагч тэнгэрийн бурхан) цолыг хэрэглэн өөрийг Ши Хуанди (анхны хаан) хэмээн өргөмжилсөн нь хаадын тогтолцооны эхлэл хэмээн үздэг. Цинь Шар хаанаас эхэлсэн таван махбодын төгсгөл болох усан махбодын үед Цинь улс байгуулагдсан учир Цинь улсыг өнө мөнх орших болно хэмээн итгэж байжээ. Гэвч Цинь улс хоёрдугаар хааныхаа үед мөхөж Цинь улсыг мөхөөсөн Лю Бан Хань улсыг үндэслэхдээ Цинь улсын бүх зүйлийг өвлөн авчээ.
Хань улсын Лю Бан хааны дараа МЭӨ 165 онд хаан суусан Гао Зүгийн хүү (Лю Баны нөгөө нэр) Вэньди хааны үед усан махбод дуусаж шороон махбод шинээр эхэлсэн хэмээн үзсэн ч энэ нь амжилт олсонгүй түүнээс хоёр үеийн хааны дараа Уди хааны үед МЭӨ 104 онд л энэ нь биеллээ олсон байна.
Ингээд Уди хааны үеэс шороон махбод эргэн ирсэн хэмээн үзэж шороон махбодыг эхлүүлсэн таван хааны намтар дотроос Шар хааныг онцгойлон магтаж, цэргийн эрдэмд гарамгай хэмээн Уди хаантай ижилсүүлж, Шар хааны үйл хэргийг цохон тэмдэглэсэн байна. Түүхэн тэмдэглэл ч нэгэн махбод дууссан учраас түүхийн нэг бүтэн үе дууссан хэмээн үзсэн учраас бичигдэж эхэлжээ.
5н хааны 4-р хаан Яао нар мэт гэрэлтэй хүн байсан агаад нарны хөдөлгөөнөөр жилийг 366 хоногтой болгожээ. Яао хааны үед их үер болж уул толгод усанд автан хүн ард сүйрэн мөхөх аюулд өртжээ. Яао хааны үерийн эсрэг арга хэмжээ авч Гүн зарлиг буулган 9 жил өнгөрсөн ч амжилтад хүрээгүй тул Яао хариуцлагаа үүрэн хаан ширээнээс бууж Шүнг засаг баригчаар томилжээ. Шүн нар, сар, таван гарагийн хөдөлгөөнийг жигдлээд бүх бурхдыг тахиж, эрүүгийн хууль гарган улс орныг эмх журамтай болгожээ.
5н хааны намтрыг судлан үзэхэд эдгээр таван хаан нь бурхад байсан ба тэдний засаглал нь бодит бус хийсвэр болно. Сыма Цянь чухам ямар санаагаар хүний ертөнцийн түүх болох түүхэн тэмдэглэлд бурхдын тухай оруулав гэдэг нь сонирхолтой.