Сыма Цянийн Түүхэн тэмдэглэлд 5 хааны намтрыг дурдсаны дараа Ся улсын түүх, Шан улсын түүх, Жоу улсын түүх, Цинь улсын түүхийг тус тус өгүүлсэн байдаг. 5 хаадын намтрыг судлан үзэхэд тэд бодит хүн бус бурхад болох нь тодорхой болно.
Ингээд Ся улсын түүхийг үзье. Жүаньшү хааны хүү Гүн (өндөг), Гүний хүү Ю (могой) бөгөөд Ю нь Ся улсын анхны эзэн болно. Үүнээс өмнө Яао хааны үед Гүн ертөнцийг живүүлсэн их үертэй тэмцэж чадалгүй цаазаар авахуулна. Засаг баригч Шүн Гүнгийн оронд Ю-г үертэй тэмцэх ажилд тохоон томилжээ. Ю 13 жилийн турш үерийн эсрэг арга хэмжээ авч, уул савыг тогтоон 9 жоу (Шар мөрний сав газар) 9 дао (зам харгуй)-г нээж, 9 чи (ус намаг)-д далан барьж, 9 шань (уул нуруу)-ий байрлалыг тогтоов. Иймээс Шүн хаан Ю-г залгамжлагчаа болгожээ. Ю Шан хааныг нас барсны дараа түүний хүүд хаан ширээг найр тавьсан боловч язгууртан ноёдын хүсэлтээр тэнгэрийн хүүгийн суудалд сууж улсаа Ся хэмээн нэрийдсэн болно. Ю-г өөд болсны дараа түүний үр ач нар хаан ширээг залгамжлан явж 17-р үе дээр Жиэ хааны үед Шан улсын Тан хаан түүнийг мөхөөжээ.
Ся улсын түүхийн их үерийн тэмдэглэл нь яах аргагүй улс мэндэлсэн тухай домог бөгөөд Ю ч гэсэн бодит бус хүн бөгөөд могой гэсэн утгатай байгаа нь санамсаргүй зүйл биш. Ся улсын хаадыг луутай холбосон домог ч олон байдаг. Эртний тэмдэглэлд Ся улсын хотуудыг Шар мөрөн, Хуай-Хөх мөрний сав газрын хагалбар газар болох Цинь Лингийн нурууны өмнөд бэлд оршиж байжээ. Эдгээрээс усан онгоцоор өмнө зүгт уруудвал Хуай мөрөн эсвэл Хань мөрнөөр дамжин Хөх мөрөнд очиж улмаар Жөзяны далайн эрэг хүрнэ. Өдгөө Ся гүрний ул мөр дурсгал олдоогүй боловч Зүүн Өмнөд Азийн соёлыг Хойд зүгт аваачиж хожмын Хятадын соёл иргэншлийн хамгийн эртний үндсийг тавьсан Ся хүмүүс нь өмнө зүгээс усан онгоцоор өгсөн ирээд Хэнанийн олон газарт хот суурин барьсан тай хүмүүс байсан байж магадгүй.
Сыма Цянийн үед Жөзян, Фүжиэн, Гуандунгийн далайн эрэг дагуу усан онгоц сайн хөлөглөдөг, загас агнуур, цагаан будаа тариалдаг, биедээ лууны шивээс бүхий үндэстнүүд амьдарч байсан ба эдүгээ хүртэл эл нутгийн хятадуудын ярианд тайланд хэлний нөлөө үлдсэн байдаг. Ся хүмүүсийг Сыма Цянь Дун И буюу дорнын бүдүүлгүүд хэмээн нэрлэсэн нь тэд хятад хүмүүс огт биш байсныг илтгэнэ. Дорно зүгт оршдог тай хүмүүс лууг шүтдэг байсан нь Ся хүмүүсээр дамжин Хятадад нутагшсан байж болно.
Түүхэн тэмдэглэлд Ся улсын дараа Шан улсын түүхийг өгүүлдэг. Шан улсыг үндэслэгчийн эх Зиэн Ди (ди нь умардын гөрөөчин гэсэн утгатай) нь Иоу Рунгийн (рун нь өрнө зүгийн нүүдэлчид гэсэн үг) охин бөгөөд Кү хааны хатан болно. Зиэн Ди нэг өдөр хоёр охинтой усанд орж байтал хараацай шувуу өндөг унагаахыг хараад өндгийг залгиж орхисонд Шиэ хэмээх хүү төрүүлжээ. Шиэ нь Шангийн газар нутагт улс байгуулж Шан улсын үндэслэгч болсон болно. Шиэ-гийн 13-р ач Тан нь Ся улсын харгис хэрцгий хаан Жиэг довтлон Ся улсыг дарж Тан нь Сягийн оронд тэнгэрийн хүү болон Шан улсыг байгуулжээ. Тан хааны үр ач хаан ширээг залгамжилсан ч 30-р үеийн хаан Жоу харгис хэрцгий эзэн байсан учраас Жоугийн У ван түүнийг довтолж Мү Егийн тулаанд Шангийн цэргийг дарснаар Жоу ван амиа егүүтгэж У ван Шангийн оронд тэнгэрийн хүүгийн орыг залгажээ.
Шан улсын түүхээс харахад Шангийн хүмүүс нь умардын гөрөөчид байсан бөгөөд Сыма Цянь шан хүмүүсийг Бэй Ди буюу умардын бүдүүлгүүд хэмээн нэрлэсэн тэд гөрөөчид, нүүдэлчид байсныг илтгэнэ. Шувууны өндөг залгиад хөвгүүн төрүүлэх тухай домог нь хойд Азийн гөрөөчид, нүүдэлчдийн дунд тэдний гарал үүслийн талаар өгүүлдэг нийтлэг домог болно. Дагинын нэр хүртэл Зиэн Ди буюу гөрөөчин гэсэн утга агуулж байгаа нь тэднийг нүүдэлчид байсныг харуулдаг. Шан улс бодитой оршин байсан бөгөөд Монголын өндөрлөгөөс Шаньсигийн өндөрлөгөөр дамжин орж ирсэн Хэнань нар л Ся улсыг довтлон эзэлсэн болов уу.
Шан улсын дараа Жоу улсын түүх залгана. Заа нөгөө монгол түрүгүүдийн үндэс байж магадгүй хэмээх нөгөө дуулиант Жоу нар гарч ирлээ. Жоу улсын үндэслэгчийн эх Зян Юань (Зян нь баруун зүгийн нүүдэлчид) нь ИоуТай (Шэнси мужийн Ү Гүн Сиэнийн Си Ань хотын баруун хэсэг)-гийн охин бөгөөд Кү хааны хатан болно. Нэг өдөр хөдөө явж байгаад үлэмж биетний хөлийн мөр олж дээр нь гишгэтэл жирэмсэлж хөвгүүн төрүүлжээ. Муу ёрын хүүхэд хэмээн нарийн зөрөг дээр хаятал түүгээр явах үхэр адуу хүүг гишгэж бэртээсэнгүй. Ойд хаях гэтэл ойд олон хүн байсан учраас голын мөсөн дээр хаятал шувуу нисэж ирээд далавчаараа дулаацуулав. Зянь Юань хүүг жир бус хэмээн өсгөхөөр шийдэж хүүд Чи буюу Орхидос хэмээн нэр өгсөн нь Жоу улсыг үндэслэгч болжээ.
Чигийн хүү Рун, Ди нарын хооронд аж төрөв. Рун нь өрнө зүгийн нүүдэлчид, Ди нь умард зүгийн гөрөөчид болно. Чигийн үр хойч дотор Хуан Пү (Пү нь хөтөч гэсэн утгатай), Гао Ю, Яа Ю (Ю нь мөн хөтөч гэсэн утгатай) нэр тааралддаг. Яа Ю-гийн ач Гүгун Данфу нь Рун Ди нарын довтолгоонд өртөж Ци Шаний (Шэнси мужийн баруун хэсэгт) адагт нүүн очсоноор Рун, Ди нарын амьдралын хэв маягаа (нүүдэлчин) анх өөрчлөн, хот суурин байгуулжээ. Гүгун Данфугийн ач Си Бочан Шэнсид хүчээ зузаатган, Хэнанийн хязгаарт хүрч тэнгэрийн бошгыг хүлээн авснаа зарлав.
Түүнээс хойш 7 жилийн дараа Си Бочан нас барж хүү Фа нь залгамжилжээ. Фа бол Жоугийн У ван болно. Тэнгэрийн бошгыг авснаас 11 жилийн дараа У ван их цэрэг хөдөлгөн Хэнаньд цөмрөн орж Лоян хотын хойд мөн Цүгийн гармаар Шар мөрнийг умар тийш гатлан Шан улсын нийслэл Шангийн ойролцоох Мү Ед Шангийн цэргийг бут цохисноор Жоу хаан амиа егүүтгэжээ. Ингээд У ван Жоу улс Шангийн оронд тэнгэрийн бошгыг авсныг зарлав. У ван Жоугийн анхны хаан болж түүний үр ач залгамжлав. Жоугийн 5-р хаан Мү ван Чүань Рун (баруун зүгийн нүүдэлчид) нарыг дайлаар мордсон байна. Жоугийн 10-р үеийн хаан Ли ван харгис нэгэн байсан тул Жоу улсын нийслэлийн иргэд бослого гаргаж Ли ван зугтжээ. Хааны эзгүйд шадар туслах Жоу Гун, Жао Гун нар төр барьж үүнийгээ Гүнхө буюу Бүгд найрамдах хэмээн нэрлэжээ. Гүнхө буюу Бүгд Найрамдах гэдэг үг ийнхүү гарч иржээ. Түүхэн тэмдэглэлд үүнийг МЭӨ 841 онд болсон хэмээн үздэг.
Ли ванг нас барсны дараа түүний хүү Сүань залгамжилжээ. Сүань Зянгийн Рун (баруун зүгийн нүүдэлчид) нартай байлдан ихэд дийлджээ. Сүань вангийн хүү Иоу ван хаан ширээний төлөө дотоодын тэмцлээс болоод Чүань Рун нарын дайралтад өртөж амь үрэгджээ. Иоу вангийн хүү Пин ван МЭӨ 770 онд Шэнси мужаас нүүж Лүо И (Хэнань мужийн Лоян хот)-д нийслэлээ шилжүүлсэн байна. Үүнээс хойш хавар намрын улсын үе эхэлж Жоу хааны хүч сулран язгууртнууд хүчтэйн хүчгүйгээ өөртөө нэгтгэж эхлэв. Удалгүй байлдаант улсуудын үе эхэлж Жоу улс баруун зүүн хоёр хэсэгт хуваагдаж Цинь улс МЭӨ 256 онд Баруун Жоу улсыг, МЭӨ 249 онд Зүүн Жоу улсыг тус тус мөхөөв.
Энэ түүхээс үзвэл хойд зүгийн гөрөөчин иргэдээс гаралтай Шан улсыг түлхэн унагаасан Жоу улс нь өрнө зүгийн нүүдэлчид байсан байна. Иймээс Сыма Цянь Жоу хүмүүсийг Си Рун буюу өрнөдийн бүдүүлгүүд хэмээн нэрлэсэн болно.
Ингээд дараа нь хятадын анхны төрт улс хэмээн нэрлэгддэг Цинь улсын түүхийг өгүүлдэг. Гэхдээ Цинь улсын түүхээс тэд баруун зүгийн нүүдэлчид байсныг мэдэх болно. Тиймээс тэднийг Сыма Цянь мөн л Си Рун нар буюу өрнөдийн бүдүүлгүүд гэж нэрлэсэн байдаг.
5н хааны хоёр дахь хаан бол Жуань Шүгийн удамд Нү Шюү хэмээх охин байжээ. Тэр юм нэхээд сууж байтал хараацай нисэн ирж өндөг унагасныг залгитал жирэмсэлж Да Юэг төрүүлжээ (гарал үүслийн домог нь Шангийн бүдүүлгүүдтэй адилхан). Да Юэгийн үр сад Си Рун буюу өрнөдийн нүүдэлчдийн дунд аж төрж байгаад Жоу улсын 8-р хаан Сяо вангийн адуу маллагч болж Цинь нутагт (Ганьсү мужийн Циншуй сиэн) суух болжээ. Түүнээс хойш үе үеэрээ Си рун нартай тулалдаж иржээ.
Жоугийн Пин ван Шэнсиг орхин Хэнаньд нүүсний дараа тэд Циньшангаас баруун тийш Шэнси, Гансү газрыг захирах болж язгууртнуудын нэг болжээ. Хавар намрын дайны үед Циньгийн Мү гүн (МЭӨ 659-621) зүүн талдаа Шар мөрний Ваньчүбү, баруун талдаа Рун ванг шахаад газар нутгаа тэлж 12 хот 1000 ли газрыг эзэмшиж, баруун нүүдэлчид Рун нарын толгойлогч болжээ. Байлдаант улсуудын үед Циний Хуйвэнь ван МЭӨ 325 онд анх ван цолыг хэрэглэсэн байна. Хуйвэнь вангийн 4 дэх үеийн ач Цинь Шихуан МЭӨ 221 онд бусад хот улсуудыг бүгдийг эзлэн Хятад улсыг нэгтгэн анхны хаан болжээ.
Цинь Шихуангийн намтраас эхлэн Сыма Цяний зүтгэж байсан Хань улсын Уди хаан хүртэлх түүх бол хятадын түүх бөгөөд жинхэнэ утгаараа эндээс хятадын түүх эхэлсэн болно. Иймээс Түүхэн тэмдэглэлд өгүүлсэн 5н хааны намтраас Цинь улс хүртэлх нь Хятадаас өмнөх үеийн түүх болно. Эдгээр хэсэгт анхны Шар хаанаас Ся улсын анхны хаан Ю, Шан улсын анхны хаан Тан нарыг тэнгэрийн хүү болсон гэж зориуд тэмдэглэсэн нь нийт Хятадыг нэгтгэн захирсан Цинь Шихуангаас эхэлсэн хуанди хэмээн зиндаа түүний өмнө ч өөр нэрээр оршин байсан, хятад бүр түүхийн эхнээс оршиж байсан гэсэн Сыма Цянийн санаа болно.
Гэвч түүхэн тэмдэглэлийг бүхэлд үзвэл таван хааныг бурхан гэж үзэхээс аргагүй, хамгийн эртний төрт улс болох Ся улс Зүүн Өмнөд Азийн соёл бүхий дорнын бүдүүлгүүд, Ся улсыг мөхөөсөн Шан нь Зүүн Хойд Азийн гөрөөчин буюу Бэй Ди умардын бүдүүлгүүд, Шанг мөхөөсөн Жоу нь Хойд Азийн нүүдэлчид буюу Си Рун өрнөдийн бүдүүлгүүд, Жоуг мөхөөсөн Цинь нар ч Жоутай адилхан Си Рун нар байв. Өөрөөр хэлбэл МЭӨ 221 онд Цинь Шихуань Хятадыг нэгтгэх хүртэл Хятадын ертөнц байгаагүйгээр барахгүй хятад хүн гэж нэрлэгдэх угсаатан ч байсангүй.
Ся, Шан, Жоу улсууд бодит байдал дээр хаант улсууд биш олон хот улсуудаас цэргийн хүчээр арай илүү төдий л байв. Ялангуяа Жоу улс язгууртан ноёдыг өөрийн вассал болгон нутаг дэвсгэрээ хуваан эзэмшүүлсэн байдаг. Жоу улсын үед вассал хотоос зэвсэглэсэн иргэд гарч шинээр хот байгуулан, шинээр байгуулсан хот нь уугуул хотдоо захирагдахгүй тусгаар тогтнож байв.