Хисториягийн тэргүүн хэсэгт Херодот перс эрдэмтдийн тайлбар болгон танилцуулахдаа дэлхий ертөнц Европ ба Ази гэсэн 2 хэсэгт хуваагдаж, хоорондоо тэмцэлдэж ирсэн тухай өгүүлжээ.
Хистория нь грек хүний грек хэлд дээр бичсэн анхны түүх атлаа грекийн биш Персийн эзэнт гүрний түүхийг өгүүлдэг. Эхлээд Лиди (Бага Ази, МЭӨ 7-р зуунаас МЭӨ 546 он) улсын тухай, дараа нь Миди (Ираны хойд хэсэг, МЭӨ 8-р зуунаас МӨЭ 550 он) улсын тухай өгүүлж, энэ хоёр улс Персийн анхны хаан болох Кир хааны захиргаанд орсон (МЭӨ 550 он) тухай өгүүлжээ.
Ингээд Кир хааны аян дайны тухай өгүүлэхдээ Бага Азийн хойг дээрх грекийн хотууд болон Вавилоныг байлдан дагуулсны дараа массагет (Төв Азийн нүүдэлчид) хүмүүсийг дайлах үедээ Кир хаан амь үрэгдсэн (МЭӨ 529 он) тухай өгүүлсэн байна.
Кир хааныг залгамжилсан Камбис хааны Египетийн (МЭӨ 525 он) байлдан дагуулалтыг дурдаад Египетийн түүхийг өгүүлжээ. Камбис хааны залгамжлагч Дарий хаан төрийн дотоод хэргээ цэгцэлсний дараа скифүүдийг (Хойд Кавказ, Украин) дайлахаар мордсон тухай өгүүлээд скифүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Дараа нь персүүд Либюаг (Африк) дайлсан тухай хэсэгтээ энэ газар нутгийн талаар дэлгэрүүлж тайлбарласан байна.
Ингээд Персийн цэрэг Фраки, Македони улсад цөмрөн орсноор Грекийн газар нутагт заналхийлэх болсон учраас Грекийн хот улсууд нэгдэн Перстэй тэмцсэн тухайн гол сэдэвтээ оржээ. Персийн 4-р хаан Ксеркс эзэнт гүрний бүх овог аймгуудаас цэрэг татан нийт 170 түмэн цэрэг удирдан МЭӨ 480 онд Грекийг дайлаар морджээ. Персийн их цэрэг 360 хөлөг онгоц ба 314 хөлөг онгоцыг хооронд нь холбосон хоёр хөвөгч гүүр бэлдэн Европт цөмрөн оржээ.
Персийн цэргүүд Грекийн нутагт цөмрөн Термопюрайгийн тулаанд Спартагийн хаан Леонидын удирдсан Грекийн холбоотны цэргийг цохин Афин хотыг эзэлжээ. Грек хэдийгээр мөхлийн ирмэгт ирсэн Сарамисын хоолойд Персийн флот ялагдаж, Ксерекс хаан яаран сандран Ази уруу оджээ. Персүүдийг ялсан грекчүүдийн ялалтаар Хистория дуусдаг.
Херодотын судалгаа нь дэлхий ертөнцийг Ази, Европ гэсэн хоёр хэсэгт хувааж хооронд нь тэмцэлдүүлснээр Европ нь ялах тавилантай гэсэн үзлийг бий болгосон юм.
Хисторияд өгүүлсэн массагет ба скифүүдийг нүүдэлчид болохыг нь тэдгээрийг тайлбарласан дэлгэрэнгүй тайлбараас нь амархан мэдэж болно. Массагетүүд нь Казахстаны тал нутгийн нүүдэлчид байсан нь тодорхой байдаг. Тэд суурин байшинд амьдардаггүй, морин тэргэнд аж төрж нүүдэллэж явах ба газар тариалан эрхэлдэггүй, мал адгуулна. Нөхөр нь эхнэрээ дангаараа эзэмшдэггүй гэдэг нь эмэгтэйчүүд нь бие даасан, өөрт таалагдсан эрэгтэйг дураараа сонгох эрхтэйг харуулна. Энэ нь нүүдэлчдийн нийгмийн онцлог болно. Түүнээс гадна адууг эрхэмлэж, морь унахдаа гарамгай, алт хүрэл зэвсэг хэрэглэж, морины тоноглол хэрэглэдэг нь эртний нүүдэлчдийн соёл болно. Кир хаан эрэлхэг зоригтой массагетүүдийг довтлох үедээ тэдний хатан хаан Томирисын удирдсан цэрэгт ялагдаж (МЭӨ 530 он) амь үрэгджээ.
МЭӨ 513 онд Персийн 3-р хаан Дарий Босфорын хоолой, Истр (Дунай) мөрөнг гаталж, Хар тэнгисийн хойд хэсгийн Скифийн улсад довтолсон боловч дийлдсэн байдаг. Энэ хэсэгт скифүүдийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тухайн үед скифүүд баруун талдаа Истр (Дунай) мөрнөөс зүүн талдаа Танаис (Дон) мөрөн хүртэлх зайд оршиж байжээ. Өөрөөр хэлбэл одоогийн Румынээс Молдав, Украин, Хойд Кавказын хооронд оршин байжээ. Скифчүүд массагетүүдийн довтолгоонд өртөн Аракс (Ижил) мөрөнг гатлан хар тэнгисийн эрэгт хүрч тэнд оршин сууж байсан киммерианчуудыг хөөн явуулжээ. Киммерианчууп урагш нүүдэллэн Хар тэнгисийн өмнөд эргийн Синопын хойгоор нутаглах үед Скифүүд тэднийг мөрдсөөр Кавказыг туулан Мидид (Ираны өндөрлөг) хүрээд тэдгээрийг эрхшээлдээ оруулан 28 жил болоод Хар Тэнгисийн хойд уруу буцжээ. Энэ явдал МЭӨ 8-р зууны сүүлээр болсон байна.
Херодотын тэмдэглэлээс үзвэл скифүүд нь массагетын адил нүүдэлчид байсан бөгөөд Херодот тэдгээрийн талаар “Тэднийг довтолсон хэн ч бай амьд мултарч үл чадах, мөн тэд дайсанд үзэгдэхгүй хэмээвээс хэн ч тэднийг олзолж үл чадах. Энэ нь мэдээжийн хэрэг юм. Учир нь тэд цайз хэргэм, хот суурин байгуулалгүй бүгдээр гэрээ нүүлгэн авч явдаг морьтон харваачид бөгөөд газар тариалан бус малд түшиглэн аж төрж, адгуус хөллөсөн тэргэнд амьдрах бөлгөө. Ийм хүмүүстэй тулалдаад ялж дийлэх нь байтугай уулзан учрахад ч бэрх” хэмээжээ. Энэ өгүүлбэр Нүүдэл суудалд тааралддаг ба тэр хэсэгт Хисториягийн талаар огт дурдаагүй санагдах юм.
Херодот Скифийн газар нутгаас зүүн тийш Танаисаас (Дон мөрөн) зүүн тийш Скифийн хаанд захирагддаггүй өөр скифүүд байдаг тухай дурджээ. Тэр хүртэл зузаан хөрстэй тэгш тал оршоод, тэндээс цааш үржил шимгүй хадтай, чулуурхаг газар үргэлжилнэ. Энэ үржил газрын цаана өндөр уул нурууны бэлд (Уралын нуруу) аргиппаэчууд хэмээн халзан толгойтой хүмүүс амьдарна. Аргиппаэгийн улсад скифүүд ч, грекүүд ч очих ба түүнээс цааш зүүн зүгт исседончууд амьдардаг гэжээ.
Скифүүд массагетүүдийн довтолгооноос болж Хар тэнгисийн хойд эрэгт нүүн очсон гэдэг ч скифүүдийн энэ нүүдлийг исседончуудаас болсон ч гэж Херодот хоёрдмол байдлаар үзэж. Аристея хэмээх грек эрийн зохиосон “Аримаспи” туульд тэр Апполон бурхны биед шингэж Исседонд очсон тухайгаа дурджээ. Уг туульд исседончуудын цаана нэг нүдэт аримаспичууд, тэднээс цааш алт сахигч араатан шувуу болох грифийн сүрэг, түүнээс цааш хиперборея нар аж төрж далай хүрдэг гэжээ. Аристея Хар тэнгисийн ойролцоо аж төрж байсан киммерианчууд скифүүдэд хөөгдөж, скифүүд исседончуудад, исседончууд аримаспи нарт тус тус хөөгдсөн тухай өгүүлжээ.
Херодотын өгүүлснээр исседон хүмүүс нь массагетуудтай тун адилхан ба нэг нь Уралын нурууны зүүн талд, нөгөө нь Ижил мөрний зүүн тал хэмээсэн нь хоёул Казахстаны талд оршдог болохыг харуулдаг. Исседон гэдэг нь скиф хэлээр, массагетай гэдэг нь перс хэлээр нэг овгийг хоёр ялгаатай нэрлэжээ.
Исседончуудыг уугуул нутгаас нь хөөж Казахстаны талд дүрвүүлсэн гэх нэг нүдэт аримасдитчууд нь Зүүн гарын хотгорын (Шинжаан Уйгарын хойд тал) нүүдэлчид юм. Эндээс цааш Алтайн нурууг давбал Монголын өндөрлөг талд очих ба энэхүү Алтайн нуруу нь алт сахигч грифийн шувуу сүрэглэн амьдардаг нутаг болно. Тэгэхээр грифийн цаана нутагладаг хиперборея нар нь Монголын тал нутаг дахь нүүдэлчид байхнээ. Хиперборея нарын нутаг хойд далай хүртэл үргэлжилнэ гэдэг нь Байгал нуурыг хэлсэн байна. Байгал нуурыг Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл”-д Хойд далай хэмээн тэмдэглэсэн байдаг.
Аристеягийн тууль “Аримаспи” анхны хэлбэрээрээ олдоогүй боловч Херодот үүнээс ишилсний хүчинд Байгал нуураас баруун тийш Монголын өндөрлөг тал, Зүүнгарын хотгор, Казахстаны тал, Хойд Кавказаар дамжин Украин хүрсэн төв Азийн зам МЭӨ 8-р зуунд аль хэдийн нээгдэж уг замаар нүүдэлчид баруун тийш нүүдэллэж эхэлсэн болохыг харуулдаг.