2020/05/17

704. Солонгос Ки хатны түүх

Элтөмөр үхэж, түүний дагагсад бүгд цаазлагдаж, Элтөмөрийн охин Данашир хатан үхэж харин Ки бүсгүй аврагдав. Тогоонтөмөр хаан дөнгөж 15 настай хааны ордны цай зөөх албаны шивэгчин бүсгүйг их хатанд өргөмжлөхийг хүссэнд Тогоонтөмөр хааныг хамгийн тууштай дэмжиж байсан хэсгийн ч эгдүүцлийг хүргэж орхив. Эзэн хаан өөр улсын бүсгүйг хатан болгон авч байсан ч их хатанд өргөмжилж байсан удаагүй. Их хатан бол угсаа залгамжлах хаан хөвгүүдийн эх учраас зөвхөн монгол бүсгүй байхыг хатуу шаарддаг билээ.


Баян жанжин маш нухацтай үндэслэл гаргаж “Өвгөдийн гэрийн хуульд Монгол охиноос өөр үндэстэн бүсгүйг их хатнаар өргөмжлөхийг хориглосон байдаг” болохыг залуу эзэнд сануулав. Ийнхүү залуу эзний хүслийг Баян жанжин удаа дараа мохоосноор 2 жилийг үдэж 1337 онд Хонгирад аймгийн эзэн Болдтөмөр ноёны охин Баянхутагийг их хатанд, мөн Хонгирад аймгийн Мунашир бүсгүйг бага хатанд тус тус өргөмжилжээ.


Тэргүүн сайд Баян жанжин 1333 оноос засгийн эрхийг авч 1335 он гэхэд бүх өрсөлдөгч нараа устган, 1340 оныг хүртэл 7н жил засаглажээ. Баян жанжин засгийн эрхийг атгахдаа түүнийгээ залуу эзэнтэй хуваалцахыг хүссэнгүй. Иймээс эдгээр жилүүдэд Тогоонтөмөр хүлцэнгүй нам жим амьдарчээ. Харин тэр өөрийн хатдыг үл тоомсорлон Ки бүсгүйтэй шөнөжин жаргаж хонодог байсны улмаас 1338 онд Тогоонтөмөр хааныг 18 нас хүрдэг жил Ки бүсгүй амаржиж хүү төрүүлсэн нь Аюуширдар байлаа.


Тогоонтөмөрийг нас барах үед Будашир хатны хүү Элтөгс залгамжлах тухай тохироо хийгдсэн байсан тул хүчирхэг Баян жанжин хүссэн үедээ Тогоонтөмөрийг Элтөгсөөр сольж чадах байв. Тиймээс л Тогоонтөмөр хааны байр суурь маш хэврэг байлаа. Тэрээр өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд юуны өмнө Будашир хатан, Элтөгс, Баян жанжин 3-ыг зайлуулах явдал байв. Тэрээр уг явдалд далдуур бэлтгэж байлаа. 


Ингээд тохиромжтой цаг ирж 1340 оны 3-р сарын 12-нд Баян жанжныг ав хормогт Элтөгсийг дагуулан ордноос явсан хойгуур эзэн хааныг түлхэн унагах хэрэг сэдсэн хэмээх зохиомол ял тулгаж эргүүлж ордонд орохыг нь хориглон Хөнань мужид илгээх зарлиг гаргажээ. Улмаар 1340 оны 4-р сарын 15-нд шийтгэлийг хүндрүүлж өмнөд хятадын нэг жижиг гацааны даргачаар даруй явах шийдвэр гаргаж Баян жанжин тийшээ явах замдаа гэнэт үхсэн байна.


Баян жанжныг үхсэний дараа 1340 оны 7-р сарын 9-нд Будашир хатны эрх мэдлийг эвдэж Дунань жөү хэмээх хятадын Хөбэй мужийн жижиг хот уруу, хүү Элтөгсийг Солонгос уруу цөллөгт тус тус илгээв. Элтөгсийг хүргэж өгөх зам зуур нь хорлон алсан байна. 1340 онд цөллөгт очоод удаагүй байсан Будашир хатанд хаан мөн үхэл шагнаж цаазаар аваачсанаар Тогоонтөмөрт саад хийж байсан хүчин үндсэндээ мөхжээ. Ийнхүү Ки бүсгүйн од гийх өдөр ирэв.


Нэгэнт Баян жанжин, Будашир хатан, Элтөгс нар үхсэн тул Тогоонтөмөр хаан 1340 онд Ки бүсгүйг бага хатнаа болгон авч Өлзийхутаг хэмээн монгол нэр хайрлажээ. Ки бүсгүйг хатнаа болгосон нь нүүдэлчдийн түүхэн дэх Хүн гүрний шанью Хуханье Хятадын Хань улсын татвар эм Ван Жаожюнь-ийг яньжи болгож байсан, 1209 онд Тангудын эзэн хаан Ли Аньчюань охин Чаха гүнжийг, 1215 онд Алтан улсын өмнөх эзэн хаан Ванъянь Юнжи-гийн охин Чи-гуо гүнжийг Чингис хаанд өргөн барьсан, Аюурбарвад хаан Солонгос түшмэл Ким Шим-ийн охиныг бага хатнаа болгож байсан явдлуудтай харьцуулахад эрс өөр байлаа. Учир нь Тогоонтөмөр Ки бүсгүйд онцгой эрх дарх олгосноор Ки бүсгүй их хатан Баянхутагтай эн зэрэгцэж иржээ.


Ки хатны хүү Аюуширдарыг Баян жанжны дараа тэргүүн сайд болсон Тогтох сайд өсгөн хүмүүжүүлж байв. Аюуширдарыг 8 нас хүрэнгүүт 1348 оны 3-р сарын 9-нөөс монгол бичиг заан эхэлсэн бол дараа жилийнх нь 7-р сарын 18-наас хятад хэл зааж эхэлжээ. Улмаар хятад хэл соёлыг гүнзгийрүүлэн заах зорилгоор 9 шилдэг хятад багшийг томилон өгчээ. 


Мөн Аюуширдард хятад соёлын уламжлал дагуу Кунзийн сургаалыг заан эхэлжээ. Кунзийн сургаалаар Аюуширдар нь эртний хятадын хаадыг Кунзийн үнэлэмжээр цэцэн богд мэргэд, тахимдуу найрсаг, хичээнгүй хашир, богдын сурталт хэмээн 4 ангилж, тэдгээрийг даган дуурайж хүмүүжих ёстой байв.


Аюуширдар Кунзийн сургаалыг судлахын зэрэгцээ багш нарынхаа урмыг хугалан дорно дахин түгэн дэлгэрсэн дияаны буюу зэн буддизмын бишрэн шүтэгч болжээ. Аюуширдар Сүн улсын Хүйзэн хааны уран бичлэгийн тигийг дуурайн маш уран гоёор ханзыг бичиж сурчээ. Ки хатан хүүгээ Монгол бүсгүйтэй биш Солонгос бүсгүйтэй ураг барилдуулахаар шийдэж Солонгосын язгууртан Квонъ Гйөм гэгчийн охинтой 1352 оны намар гэрлүүлжээ. 


Аюуширдарын Солонгос хатан 1362 онд хүү Майдаргалыг төрүүлсэн тухай тэмдэглэгдсэн ч үүнээс өөр тэмдэглэгдэн үлдсэн түүх байхгүй. 1366 оны 5-р сарын 19-нд Аюуширдард өөр бүсгүйг их хатнаар өргөмжилснийг үзвэл Солонгос хатан нь нас барсан байж магадгүй хэмээн үздэг. Товчхондоо Ки хатан өөрийн хүүдээ монгол хүмүүжил олгохыг огт хүссэнгүй, тэрээр яваандаа Монгол төрийн их эзэн хаан болно гэдгийг ч ойлгоогүй бололтой байдаг.


Бүхий л тогтсон ёсуудыг удаа дараалан зөрчин суугаа Ки хатныг монгол ноёд зүгээр хараад суугаад тэвчсэнгүй, муу ёр хэмээн адлан Ки хатныг төрөөс зайлуулахыг их хаанаас удаа дараалан гуйсан ч их хаан тэдний саналыг огтхон ч хэрэгссэнгүй. Харин их хатан Баянхутаг хүү төрүүлсэнд Чингим /Хубилай хааны албан ёсны угсаа залгамжлагч хүүгийн нэрийн мөн Чингим гэдэг байсан/ хэмээх нэр хайрлажээ. 


Эл явдал Ки хатан болон түүний хүү 2-ын байр суурьд сүрхий том цохилт өгөв. Тиймээс Ки хатан өөрийн хүүг угсаа залгамжлах эрхтэй болгохоор яаравчлан Тогоонтөмөр хааныг ятгажээ. Ингээд 1353 оны 7-р сарын 2-нд Аюуширдарыг хунтайжаар өргөмжилж алтан тамга соёрхжээ. Гэвч үүнийг нь баталж хас жуух олгох ёстой тэргүүн сайд Тогтох гэнэт хунтайжийг батлахаас цааргалав. Уг нь Тогтох сайд Аюуширдарыг өргөн авч өсгөсөн зүй ёсоор халамжлах хүн боловч Их хатан хөвгүүнтэй учир яахан болно хэмээн Аюуширдарыг батламжлахаас татгалзжээ.


Энэ үеэр буюу 1351 оноос бүх Хятадыг хамарсан улаан алчууртны бослого дэгдсэн тул Тогтох сайд 1 сая цэргийг захиран бослогыг дараах нийслэлийг орхин оджээ. Тогтох сайд хэд хэдэн чухал ялалтыг байгуулан бослогыг амжилттай дарж явах зуур Ки хатан Тогоонтөмөр хааныг ятгаж Тогтохыг албан тушаалаас нь огцруулж Хятадын хамгийн өмнөд муж болох Юньнань мужид цөллөгт явуулжээ. Цөллөгт байсан Тогтоход амиа хорлохыг тушаасан эзэн хааны хуурамч зарлигийг үзүүлж амийг нь егүүтгэсэн байна. 


Энэ үед Их хатан Баянхутагийн ганц хүү Чингим дөнгөж 2 ойтой байхдаа гэнэт нас баржээ. Мөн үеэр Баянхутагийн эх нас барж давхар уй гашуу тохиолдсоноор Баянхутаг хатан уй гашууд автан улс төрөөс аажимдаа хөндийрсөн болно. Ингээд 1355 оны 4-р сарын 30-нд Аюуширдарт хас жуухыг соёрхсоноор албан ёсоор угсаа залгамжлах хунтайж болжээ. Ингэснээр Ки хатны эрх мэдэл хэмжээгүй өсөж тэрээр төрийн хэрэгт эрээ цээргүй оролцож хүү Аюуширдарыг тойрон хүрээлсэн бүлэглэлийг үүсгэж эхлэв.


1350-ад оноос Тогоонтөмөр төрийн хэргээс төдийгүй Ки хатнаас хөндийрсөн нь энэтхэг түвэдийн лам нарын нөлөөнд автан шашны Кармамудра хэмээх гаж урсгалыг дагаснаас болсон байлаа. Кармамудра нь сактам гэх энергийн урсгалаас үүдэлтэй энэ бясалгалаар арга билгийн зохицол буюу эр эмийн ёсыг хийх үедээ нирваанаас ангижрах тухай сургадаг бясалгал, його, секс гурвыг хослуулсан шашны гаж урсгал юм.


Ийнхүү их хаан ордны шивэгчид, язгуур сайтай ноёдыг хамарсан хаан түшмэл хамтран хурьцаж, хамаг лам нар дураараа дургиж эхлэв. Энэ бүхнийг хүлцэнгүй ажиглаж байсан Ки хатан бухимдан шашны гаж зан үйл үйлдэхийг хориглохыг оролдоход Тогоонтөмөр хаан “Эрт эдүгээ ийм үйл үйлдсэн нь ганц би биш” хэмээн уурлажээ.


Тогоонтөмөр хаан шашны мухар сүсэгт хэт автсан тул Ки хатан хааныг зайлуулж хүү Аюуширдарыг хаан болгон хуйвалдаан зохиосон байна. Уг хуйвалдааны тэргүүн сайд Тайванд эхэлж айлдахад тэрээр уг хуйвалдааныг дэмжсэнгүй. Иймээс түүнийг огцруулж оронд нь өөрийн талын хүн болох Урианхдайг томилуулахаар зэхсэн ч тэргүүн сайд Тайван үүнийг урьдчилж мэдээд Урианхдайг хилс гүтгэн Шааньши мужийн Синжөү рүү цөлж, цөллөгт байхдаа Урианхдай гэнэт үхсэнд Ки хатан, Аюуширдар нар Тайваныг сэжиглэж эхэлжээ. 


Ки хатан ихэд хонзогнуур хүн тул төд удалгүй Тайваныг албанаас нь чөлөөлүүлж улмаар хилс гүтгэн Түвэдэд цөлөөд, цөллөгт байхад нь амиа егүүтгэхийг тушаасан хуурамч зарлиг зохион цааш нь харуулжээ.


Ингээд 1360 оны 2-р сарын 9-нд Хэрэйд аймгаас гаралтай Чосчин ноён баруун гарын тэргүүн сайдаар /бүтэн нэрээр нь Төвлөн засах зөвлөлийн баруун гарын тэргүүн сайд гэх бөгөөд үүнийг товчоор баруун гарын тэргүүн сайд хэмээн нэрлэсэн болно/ томилогджээ. Эзэн хаан төрийн хэргээс хөндийрснийг далимдуулан Ки хатан ордны шадар тайган Пак Буха /солонгос, Ки хатантай Солонгост нэг хотод амьдарч байсан тул маш ойр дотно/-тай хамтран тэргүүн сайдыг өөрийн дураар сонгож дураар авирлах нь хэрээс хэтрэв. 


Тэр үеийн хятад сурвалжид энэ талаар дэгстүүлэн мэдээлснээр орон нутгийн түшмэдийн арваас ес нь тэдний томилсон хүмүүс болсон хэмээсэн байдаг. Ки хатны дэмжлэгийг авсан Чосчин, Пак Буха нарыг эсэргүүцсэн сүүлийн хүчин нь Лауди шахаар толгойлуулсан исламын бүлэглэл байлаа. Гэвч удалгүй Лауди шахын бүлэглэл ялагдаж ихэнх нь хилс хэргээр цаазлуулж Лауди шах хаанаас чөлөө гуйн арай хийн амь мултарч Болдтөмөр жанжин дээр очиж нуугдав.


Энэ үед хятад дахь бослого тэмцэл улам бүр газар авч газар нутгийн тэн хагас нь босогчдын гарт орчихсон байлаа. Үүнийг хаан анзаарах сөхөөгүй хувийн жаргалд автаж төрийн хэргийг Чосчин, Пак Буха нар шийдэж, тэд зөвхөн Ки хатан, Аюуширдар 2-ын үгэнд л ордог байв. Иймээс монгол язгууртнууд үймж тэдэн дундаас алтан ургийн язгууртан Алагтөмөр бослого гаргажээ. 


Алагтөмөр “Өвөг дээдэс тэнгэрийн доорхыг чамд өгсөн атал чи тэнгэрийн доорхын тэн хагасыг яагаад алдав? Чи өвөг дээдсийн Их сэнтийд заларч үл болно! Төрийн хасбуу тамгыг надад авчирч өг. Би өөрөө шийдсүү” хэмээсэн байна. Алагтөмөрийг монгол язгууртнууд дэмжин үймэхээс сэргийлж 1360 онд 100000 цэрэг илгээн бослогыг дарж Алагтөмөрийг цаазалжээ.


Энэ үеэс хойш монгол язгууртнууд ордон өөрсдийнх нь аминд халтай газар болсныг ойлгож нэг нэгээрээ зугтан Болдтөмөр жанжин дээр очин нийлэх болов. Ки хатан, Аюуширдар нар эдгээр язгууртнуудыг хүлээлгэн өгөхийг шаардахад Болдтөмөр мэлзэн нэгийг ч гаргаж өгсөнгүй. 


Болдтөмөр Салжигуд овгийн Дашбаатар жанжны хөвгүүн бөгөөд Алангуа хатны 5 хүүгийн нэг Бухату Салжи-гийн удам болно. Тэрээр эцгийн хамт хойд нутгийн тариачдыг бослогыг дарж олон жил тулалдсан ба 1358 онд Болдтөмөр эцгийнхээ орыг залгамжилжээ. Дашбаатар жанжныг хятадын түүхэнд тариачдын бослогыг хамгийн харгис хэрцгийгээр дарж байсан яргачин хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг.


Ки хатан, Аюуширдар нар Болдтөмөр жанжин дээр монголчууд очиж нуугдаж буйд дургүйцэж 1364 оны 4-р сарын 29-нд Төр улсаас урвасан хилс хэрэг тохож Сычуань мужид цөллөгт явуулах шийтгэл оноожээ. Болдтөмөр жанжин 1 сая цэрэг захирч байгаад хааны зарлигаар амиа егүүтгэсэн Тогтох сайд шиг хааны зарлигийг хүлцэнгүй дагасангүй, харин ч галзууртлаа уурлаж Чосчин, Пак Буха 2-ыг заавал хорооно хэмээн тангараглаж нийслэлийг довтлон Ки хатанд Чосчин, Пак Буха 2-ыг хүлээлгэн өгөхийг шаарджээ. 


Ки хатан аргагүйдэн тэр 2-ыг хүлээлгэн өгөхөд Болдтөмөр цаазаар авсан байна. Болдтөмөр нийслэл рүү довтлох сургаар Аюуширдар нийслэлээс зугтаан Шааньши муж хүрч Болдтөмөрийн өстөн болох Хөхтөмөр жанжны ивээлд оржээ.


1365 оны 3-р сарын 30-нд Болдтөмөр жанжин Ки хатныг барин гэрийн хорионд хорьж түүнийг дэмждэг Солонгос тайганчуудын бүлэглэлийг бараг бүгдийн хяджээ. Ингээд Их хатан Баянхутагт бараалхаж түүнийг төрийн эрх мэдлийг авахыг хүссэн байна. Ингэснээр Баянхутаг хатанд эрх мэдэл эргэн ирэв. Болдтөмөр нийслэлд эрх мэдлээ тогтоогоод зугтан одсон Аюуширдар, түүнийг ивээлдээ авсан Хөхтөмөр жанжин нартай тулав. 


Болдтөмөр Ки хатан ба түүний хүүхдийг бүрмөсөн устгахыг зорьж байсан бололтой. Тэрээр Ки хатанд хүүгээ ордонд эргэн ирэх захиа бичүүлэхээр албадсан ч тэрээр хүү нь эргэн ирвэл шууд алагдах тул үүнийг зөвшөөрсөнгүй.


Хөхтөмөр нь насан туршдаа хятадын тариачдын бослогыг дарахаар тэмцсэн Баяд овгийн Цагаанбаатар жанжны эгчийн хүүхэд бөгөөд 1362 онд Цагаанбаатар жанжин Тянь Фөн хэмээх урвагч хятадад алагдахад түүнийг Хөхтөмөр залгамжилжээ. Цагаанбаатар жанжин Болдтөмөрийн эцэг Дашбаатар жанжинтай эзэмшил нутгаа булаалдан эртний өс зангидсан байсан юм. 


Цагаан хэрмийн орчимд Хөхтөмөр Болдтөмөр нар хэдэнтээ тулалдсан ч хэн хэнийгээ дийлсэнгүй буцжээ. Болдтөмөр жанжны эрх мэдэл хэтийдэж тэрээр нийслэлд дураараа дургих болсон тул Тогоонтөмөр хаан тэвчилгүй түүнийг уулзахаар дуудуулах үед ганцаараа үлдэхэд сэм бэлтгэсэн хүмүүсээр хороолгуулсон байна. Болдтөмөр жанжин үхэхэд түүнийг дэмжиж байсан Их хатан Баянхутаг сэтгэлээр унаж 1365 оны 9-р сарын 7-нд 42 насандаа таалал төгсжээ.


Ингээд 100 хоног хоригдсон Ки хатан суллагдаж Хөхтөмөрийг Аюуширдарын хамт нийслэлд ирүүлэхээр дуудуулжээ. Аюуширдар нийслэлд дөхөж ирэх үедээ Хөхтөмөрт нэгэн санал хэлсэн нь эзэн хааныг хороож өөрийг нь хаан суулгах санал байлаа. 


Хөхтөмөр уг саналыг хүлээн аваагүйгээр барахгүй уг саналыг зориудаар эсэргүүцэж нийслэлд цэрэглэн орсонгүй цэргээ арваад км-ын зайтай үлдээн цөөн хэдэн шадар цэргийг дагуулан нийслэлд оржээ. Аюуширдар одоо Хөхтөмөрт тавьсан түүний саналыг их хаан мэдчих вий гэхээс үхтлээ айсан байна.


Тогоонтөмөр хаан Хөхтөмөрийг тэргүүн сайдад өргөмжилсөн бөгөөд Хөхтөмөр Аюуширдарын тухай их хаанд мэдүүлсэнгүй. Мөн тэр ордонд суугаад байдаг түшмэл биш тул босогчдыг дарахаар тун удалгүй ордноос хөдөлжээ. Ки хатан Аюуширдар нар Хөхтөмөр амьд цагт хүүд аюултай төдийгүй тэр Аюуширдарыг хаан суухыг дэмжихгүй болохыг нэгэнт мэдсэн тул түүнийг хороохоор шаргуу хөөцөлдөж эхлэв. 


Ингээд Хөнань мужид хятад босогчидтой тэмцэж явсан Хөхтөмөр жанжны хэргэм цолыг хураалгаж хороох зөвшөөрлийг хаанаар гаргуулж авч чаджээ. Ки хатан хятадын талыг эзэлсэн босогчидтой тэмцэхээс илүүтэй Хөхтөмөр жанжинтай тэмцэхийг чухалд тооцож байснаас нь тэрээр ямархан ахархан бодолтой хүн байсныг таньж болно. Чин үнэнч эрсээ шийтгэж, гэмтнийг тэтгэдэг төр хэр удаан тэснэ гэж.


1358 онд сая хүн амьдардаг Хаанбалгас хотод өлсгөлөн нүүрлэж 110000 мянган хүн өлбөрч үхэв. Энэ үед шалтгаан нь тодорхойгүй халдварт өвчин дэгдэж сая сая хүн нас баржээ. Халдвар авсан хүний суга цавь, хүзүүний булчирхай эгшин зуур хавдаж цусаар ханиалгаж гурав хоногийн дотор арьс хүрэнтэж харлаад халуурч дэмийрсээр үхнэ. 


Амьсгал, цус, гар ер нь юм бүхнээр дамжин халдвар тархана. 1331 онд энэ халдвар анх Хубэй мужид бүртгэгдсэн ба 16 жилийн дотор Юань гүрний нутаг дэвсгэрт 25 сая хүн энэ халдвараар үхжээ. Уг халдвар Торгоны замаар дамжин 1347 онд Европт хүрч хар үхэл хэмээн нэрийдэв. 14-р зууны үед дэлхийн хүн ам 450 сая байсны 100 сая нь хар үхлээр үхжээ.