2020/05/17

703. Солонгос шивэгчин охин хатан болсон нь

1324 онд эзэн хаан Есөнтөмөр хааны зарлигаар Хонгирад аймгийн эзэн Дэвабула ноёны охин Будашир тухайн жил дөнгөж 20 хүрээд байсан Хайсан хааны отгон хөвүүн Тугтөмөртэй ураг барилджээ. Будашир бол Хубилай хааны гуч Сэнгэраги гүнжийн охин, эцэг нь Хонгирад аймгийн эзэн ноёны Дэвабула байв. Будаширын ээж Сэнгэраги гүнж Тугтөмөрийн эцэг Хайсан хааны төрсөн дүү тул тэд үеэлүүд байжээ. 


1304 онд Хайсан хойд хилийг сахин хамгаалах үүрэг хүлээн Алтайн нуруунд өвөлжиж байх үед түүний тангуд татвар эмээс нэгэн хүү төрсөн нь Тугтөмөр байлаа. Чингис хааны үед тангуд нар өстөн дайсанд тооцогдож, Хубилайн тогтоосон кастын системээр тангуд нар 2-р зэрэгт эрэмбэлэгдэж байсан тул түүний нэр түүхэнд үлдсэнгүй. Түүний эхийн гунигт тавиланг Тугтөмөр дагаж Хятадын хамгийн өмнөд цэг Хайнань аралд цөлөгдөн тэнд 4 жил амьдарчээ.


1323 онд Есөнтөмөр хаан суугаад өмнөх хаанд адлагдсан бүх язгууртнуудад өршөөл үзүүлэхэд Тугтөмөр багтсан юм. Гэвч Есөнтөмөр Тугтөмөрөөс жийрхэж түүнийг нийслэлд дуудсанаа гэнэт өөрчлөн буцахыг тушаажээ. Улмаар 1324 онд Есөнтөмөр хаан Тугтөмөрт Хуай ван цол олгож Хятадын Рүйжөү мужийг захиран суух алтан тамга олгосон ч 1325 оны 4-р сарын 4-нд Тугтөмөрийг нийслэлээс улам холдуулах зорилгоор Жянькан хотод суухыг тушаажээ. 


1328 оны 3-р сард Язгууртны дээд шүүхийн заргач Онгудай ноён Жянькан хотод хүрэлцэн ирж Тугтөмөрийг Хүбэй мужийн өмнөд хэсэгт орших Жянлин хошуунд яаралтай шилжин суурьшихыг тушаажээ. Гэвч 1328 оны 8-р сарын 15-нд Шанду хотноо Есөнтөмөр хаан тэнгэрт халив. Үүний дараа Хайсан хааны шадар цэрэг байсан Элтөмөр жанжин Тугтөмөрийг хаанд өргөмжилсөн тухай өмнө өгүүлсэн билээ.


Тугтөмөр хаан /нас барснаас нь хойш Заяат хаан хэмээн өргөмжилсөн/ нас барахдаа Будашир хатанд өөрийн ах Хүслэнгийн 2 хүүгийн аль нэгнийг хаанд өргөмжлөхийг захижээ. Энэ нь Тугтөмөр хаан суухын тулд Элтөмөрийн ятгалгад орж өөрийн ах Хүслэнг Цагадайн нутагт байхад нь амийг хороосондоо гэмшсэн гэмшилт байлаа. 


Тэргүүн сайд Элтөмөр Будашир хатны отгон хүү Элтөгсийг хаанд өргөмжлөхийг хүссэн ч Будашир хатан Тугтөмөр хааны захиасыг хэлбэртгүй дагаж Хүслэн хааны отгон хүү Ринчинбалыг хаанд өргөмжлөхөөр шийдсэн байна. 


Ийнхүү Тугтөмөр хааны гэрээс ёсоор 1332 оны 10-р сарын 23-нд Ринчинбалыг зургаахан настай байхад нь хаанд өргөмжилж Дарьтмиш хэмээн Хонгирад аймгийн язгууртны охиныг их хатнаар өргөмжлөв. Гэвч санаанд багтамгүй үйл явдал болсон нь Ринчинбал хаан суугаад ердөө 56 хоноод гэнэт нас нөхцөж Дарьтмиш хатан зургаахан насандаа бэлэвсэрч орхив.


Иймээс Тэргүүн сайд Элтөмөр Будашир хатанд бараалхаж түүний хүү Элтөгсийг хаанд өргөмжлөхийг гуйсанд Будашир хатан хүүгээ ордны золиос болохоос айн миний хүү хэт балчир байна, Тогоонтөмөр Гуанши мужид буй, тэр 13 настай, Хүслэн хааны ууган хүү учраас тэр хаан болбоос зохилтой хэмээжээ. Ийнхүү Хятадын Гуанши мужийн Гүйлинь хотод цөллөгт эхний жилээ өнгөрүүлж байсан Тогоонтөмөрийг Хаанбалгаст залан авчирсан ч Элтөмөр түүнийг хаанд өргөмжлөхөөс жийрхэж байлаа. Энэ нь үүнээс гурван жилийн өмнө болсон хэрэг явдалтай холбоотой болно.


Эл явдлаас 3 жилийн өмнө 1330 онд Тугтөмөр хаан Будашир хатан нар Раднадарь, Элтөгс, Тайпинна 3 хүүгээсээ ууган хүү Раднадарийг хунтайжаар өргөмжлөхийг хүсжээ. Гэвч Хайсан Аюурбарвад нарын үед дэлгэрсэн нэг хэлцэл саад болоод байв. Энэ нь ах дүү 2-ын нэг нь төр барьж байгаад өнгөрвөл нөгөөхийнхөө үр хүүхдийг хаанд өргөмжлөх ёс байлаа. Энэ ёсоор Тугтөмөр хаан өөрийн хүүхдийг бус ах Хүслэнгийн хүүхдийг угсаа залгамжлагч хэмээн зарлах ёстой байв. 


Хүслэн 1320 онд мэндэлсэн Тогоонтөмөр, түүнээс зургаа дүү Ринчинбал гэсэн 2 хүүхэдтэй байв. Тугтөмөр Будашир нар өөрийн хүүг хунтайжаар өргөмжлөхийн тулд Хүслэн хааны ууган хүү Тогоонтөмөрийг Хүслэн хаан өөрийн хүү биш хэмээн ярьж байсан хэмээн цууг дэгдээж улмаар 11 нас хүрч байсан Тогоонтөмөрийг Солонгосын хойгт орших Дэчөн арал уруу цөлжээ. Энэ үед Тогоонтөмөрийн дүү Ринчинбал дөнгөж 4 нас хүрээд байсан тул түүнийг өршөөсөн ч эх Бабуша хатанг 1330 оны 5-р сарын 5-нд хүн явуулж хөнөөлгөжээ.


Ингээд өрсөлдөгч байхгүй боллоо хэмээн үзээд 1331 онд зургаан настай Раднадарийг хунтайжаар өргөмжилтөл ердөө ганцхан сарын дараа Раднадарь гэнэт нас баржээ. Үүний дараа 1332 оны 1-р сарын 11-нд Тугтөмөр хааны зарлигаар Тогоонтөмөрийг Хятадын Гуанши мужийн Гүйлинь хотноо шилжүүлэн цөлсөн байжээ. Иймээс хэн бүхэн Тогоонтөмөрийг хаан залсны дараа эл учрын улмаас өс өвөрлөх эсэхийг хэлж мэдэхгүй байлаа.


Тогоонтөмөрийг Хаанбалгаст авчирсан боловч түүнийг хаанд шууд өргөмжилж нэг л зүрхлэхгүй байв. Энэ хугацаанд түүнд Солонгос нутгаас авчирсан шивэгчин Ки бүсгүй цай зөөн үйлчилдэг байжээ. 1332 оны 12-р сарын 14-нөөс 1333 оны 7-р сарын 19 хүртэл нийт 217 хоног эл мухардмал байдлаас гарч чадалгүй эзэн хаангүй байлаа. 


Энэ хугацаанд Элтөмөр бүх эрх мэдлийг атган дураар дургиж байв. Тэрээр өдөр болгон шахуу найр цэнгэл хийж эмс охидтой садарлан, Будашир хатанд ёс төдий хандаж төрийн бүх эрх мэдлийг толгой даан шийдэж иржээ. Гэвч 1333 оны 5-р сард нүгэл нүдээр гэгчээр Элтөмөрийн бие гэнэт хавдаж, цусаар шээс тарчилсаар нас барлаа.


Элтөмөрийг нас барсны дараа сая 1333 оны 7-р сарын 19-нд Шанду хотноо эл жил 13 нас хүрээд байгаа Тогоонтөмөрийг хаан өргөмжлөх ёсыг гүйцэтгэжээ. Үүний дараа 8-р сард Тогоонтөмөрийн хатнаар кипчак үндэстэй Элтөмөрийн охин Данаширыг өргөмжлөв. 


Тогоонтөмөр Элтөмөртэй угийн таарамжгүй харьцаатай байсны дээр Данашир хатан Тогоонтөмөрөөс эгч, дээрэлхүү эзэрхий зантай нэгэн байсан учраас Тогоонтөмөр түүнийг үзэн ядаж өөрт нь цай зөөн үйлчилдэг солонгос шивэгчин охинд татагдах болжээ. 


Гэвч удалгүй Тогоонтөмөр хаан цай зөөдөг шивэгчин охинтой шөнөжин жаргаж хонодог тухай хов хартай шартай Данашир хатны сонорт хүрч уурлаж хорссон Данашир хатан Ки охиныг сэм бариулан шоронд хорьж тамлан зовоох болжээ. Ийнхүү Ки охин ордноос гэнэт хэл чимээгүй алга болов.


Энэ үед Элтөмөртэй хамт Хайсан хааны хишигтэн цэрэгт зүтгэж дэвшиж гарч ирсэн Баян жанжин гарч ирсэн юм. Хайсан хааныг Хайду хаантай байлдахаар явахад Элтөмөр, Баян нар хамт явж гавьяа байгуулсан тул дэвшин гарч ирсэн гэдэг. Элтөмөр, Баян жанжид мөр зэрэгцэн тулалдаж хамтдаа өсөн өндийсөн андууд байв. 


Хайсан хааныг нас барсны дараа Баян жанжин ордон дахь эрх мэдлээ алдан орон нутагт томилогдон нам жим амьдарч байв. Гэвч Есөнтөмөр нас барж 1228 онд Хайнань аралд цөлөгдсөн Хайсан хааны хүү Тугтөмөр цөллөгөөс чөлөөлөгдөн хааны ордон уруу явах замд Баян жанжин тосон уулзаж түүнд зүтгэхээ илэрхийлснээр ордонд эргэн оржээ.


Элтөмөр нас барсан тул Тогоонтөмөр хаан түүний орыг Баян жанжинд өгсөн нь Элтөмөрийн хамсаатан нарын эрх мэдлийг хумих бодлого байв. Элтөмөрийн хамаатан садангуудын эрх мэдэл хэт өндөр байсан тул Баян жанжныг баруун гарын тэргүүн сайд болгохын зэрэгцээ Элтөмөрийн төрсөн дүү Садуныг зүүн гарын тэргүүн сайдаар хэвээр үлдээж Элтөмөрийн хүү Тэнгисийг зориуд хоосон хоцроожээ. 


Садун нас өндөр тул тун удахгүй үхнэ гэдгийг хэн хүнгүй мэдэж байв. Өндөр настай Садуныг түр хугацаанд зүүн гарын сайд болгон аргацаах зуур эрх мэдлийг алгуур Баянд төвлөрүүлж эхлэв. Улмаар Садуныг нас барангуут Элтөмөрийн хүү Тэнгисийг зүүнгарын сайд болгохын зэрэгцээ Баян жанжныг ордныг хамгаалах хишигтэн цэргийн захирагчаар томилжээ. Ингэснээр Тэнгис Баян жанжинд захирагдах ёстой болсонд эгдүүцсэн Тэнгис өдөржин архидаж шөнө нь илд агсан хуяг дуулгаа өмсөн Баян жанжны өргөөнд очиж агсан тавьж дөвчигнөдөг байсан ч Баян жанжин хэл чимээгүй мэдээгүй мэт суун уг хэргийг далдуур өөгшүүлж иржээ.


Сүүлдээ цөхөрсөн Тэнгис дүү Дархай, авга Дарь нартай хуйвалдан Тогоонтөмөрийг хаан ширээнээс халиулж Мөнх хааны 4-р хөвгүүн Шириг ноёны 2 дахь хүү Хонхтөмөрийг хаан суулгах хуйвалдааныг сэджээ. Ингээд 1335 оны 7-р сарын 20-ны шөнө хуйвалдагчид Шанду хот дахь хааны ордыг дайрчээ. 


Гэвч эл бүх учрыг сайтар мэдэж байсан Баян жанжин хуйвалдагчдыг хялбархан дарж Тэнгисийг устгахад үймээнээр Дарь зугтан, Дархай өөрийн төрсөн дүү Данашир хатны өргөөнд орж нуугдах үед Баян жанжин Дархайг хатны сэнтий дороос чирэн гаргаж цавчин алжээ. Элтөмөрийн удмыг бүрэн устгахыг хүссэн Баян жанжин Данашир хатныг ч цаазлахыг хаанаас гуйхад Тогоонтөмөр хаан огтхон ч татгалзсангүй дуртайяа зөвшөөрснөөр Их хатан Данаширыг баривчлан авч 2хон хоногийн дотор хүчээр ял тулгасан болоод 1335 оны 7-р сарын 22-нд цаазалж орхижээ.


Хуйвалдагчдын нэг Элтөмөрийн дүү Дарь зугтан гарч цэрэг цуглуулан Хонхтөмөр вантай нэгдэхээр явах зуур Баян жанжин гүйцэн очиж барин авчээ. Хэрэг явдал бүтэлгүйтсэнийг ойлгосон Хонхтөмөр амиа хорлож, 1335 оны 8-р сарын 14-нд Элтөмөр, Тэнгис нарын томилсон бүх түшмэлүүдийг албанаас чөлөөлж, 3 хоногийн дараа Тогоонтөмөр Тэнгисийн хуйвалдааныг дарсан тухай зарлан Дарь тэргүүтэй амьд үлдсэн хуйвалдагчдыг цаазлан хороожээ. 


Хуйвалдааныг дарсан гавьяаг нь үнэлж Баян жанжныг үе уламжлан залгамжлах дархан цолоор шагнав. Хуйвалдааны дараа ордны шоронгийн нэгэн хонгилын өрөөнөөс Ки охин олдсоноор Ки хатны үе ийнхүү эхэлвээ.