2020/05/17

204. Хүн нарын нүүдлийн дараах аваруудын нүүдэл

Умард Хүннү нар Төв Еврази дахь Монголын өндөрлөгөөс сяньби нарт шахагдан баруун тийш нүүдэллэснээр Германчуудыг хөдөлгөөнд оруулж Баруун Ром улсыг мөхөөснөөр түүхийн тавцан Баруун Европ томхон тоглогч болон гарч ирсэн. Үүнтэй адил Монголын өндөрлөг талд Түрэгийн эзэнт гүрэн байгуулагдах үед түүнд шахагдсан жужанууд Зүүнгарын хотгор, Казахстаны талаас сяньби нарыг шахан нүүдэлчдийн хоёр дахь том нүүдэл болох аваруудын нүүдлийг үүсгэснээр славян болон булгаруудыг хөдөлгөөнд оруулж Баруун Европт томоохон өөрчлөлтийг авч ирэв.


Грекийн Прескос МЭ 463 оны орчимд “Араатан шувуу гриффинүүдээс зугтаасан Авар хэмээх аймаг сабируудыг нутгаас нь хөөхөд зугтан зайлсан сабирууд Огур, Оногур, Сарагүр нарыг нутгаас нь хөөснөөр тэд Хойд Кавказ, Хар тэнгисийн дагууд нүүн одсон” тухай тэмдэглэн үлдээжээ.


Энэ нь дорно зүгт Сяньби нар Умард Вэй улсыг байгуулан Хуабэйг захирч, өмнө зүг Атилла үхсэнээр Хүн нар сулран доройтоод байсан тэр цаг үеэст зүүн зүгээс эхэлсэн нүүдэлчдийн их нүүдлийн дараагийн давлагааны тухай байлаа.


Дээр өгүүлсэн Авар нар нь Ухуань, Сабир нь Сяньби нар болно. Ухуань, Сяньби нар 3-р зууны үеэс Монголын өндөрлөг талд суурьшин байх үед нь хөөн Зүүнгарын хотгор, Казахстаны тал уруу нүүлгэсэн “Араатан шувуу гриффингүүд” гэдэг нь Жужан хэмээн нүүдэлчид болно.


Жужан нь анхандаа сяньби нарын захиргаанд байгаад 4-р зууны үеэс Шэлүнь хэмээх удирдагчийн дор нэгдэн Монголын өндөрлөгийг эзлэн суужээ. Жужан нар мянган хүнийг нэг хороо, зуун хүнийг нэг туг болгон зохион байгуулалтад орж, дайсанд түрүүлэн довтлон орогсод нь олзны хүн ба эд зүйлүүдийг эзэмших ба айн ухрагчдын толгойг чулуугаар цохин алах эсвэл ташуурдан шийтгэдэг байжээ. Бичиг үсэггүй тул цэргийн захирагч нар цэргээ хонины хорголоор тоолж, сүүлд модонд хэрчлээс гарган тэмдэглэх болсон байна.


Жужан нарын эзэмшил газар нь зүүн талдаа Их Хянганы нурууны цаад Манжуур, баруун талдаа Алтайн нурууг даван Зүүнгарын хотгорт тулж байв. Шэлүнь каган цолыг авч хэрэглэснээр Төв Евразийн нүүдэлчдийн тэргүүн энэ цолыг авч хэрэглэдэг болсон ба Монголын Хаан хэмээх цол нь Шэлүнийн Каган хэмээх цолноос үүдэлтэй.


6-р зууны дундуур Жужан нар түрэгүүдэд цохигдон мөхөж 552 онд Монголын өндөрлөг тал нутагт түрэгүүдийн эзэнт гүрэн тогтов. Энэ үед Хуабэй нь сяньбигийн Зүү ба Баруун Вэй улсуудад хуваагдаад байв. Түрэгийн эзэнт гүрэн энэ цагаас хойш 80 жилийн турш Хуабэй дэх Зүүн Вэй, Баруун Вэйгийн зөрчилтэй үе, Умард Чи, Умард Жоугийн зөрчилтэй үе, Сүй улс түүний төгсгөл, Тан улсын эхэн үеийн турш оршин ямагт тэднээс илүү хүчирхэг байж, тэдний зөрчил тэмцэлд оролцож ирсэн байдаг.


Хятадын Сүй улс сяньбигийн улсуудыг даран Хятадыг нэгтгэсний дараа 30 жил хүрэлгүй 618 онд мөхөж Шаньсигийн Тай Юанийн цэргийн захираг Ли Юань (Тангийн Гаозу) Тан улсыг байгуулж, Ли Юанийн хүү Ли Ши (Тангийн Тайзун) Хятадыг дахин нэгтгэв.


Тангийн хаадын дээд өвөг нь Умардын Вэй улсын Хэнанийн Умард Вэйгийн цэргийн захирагч Ли Чүгүба гэгч байгаад 450 оны дайнд Сүй улсын цэрэг олзлогдож байж. Ли Чүгүбагийн хүү Ли Майдэ Умард Вэйгийн хаан удмын язгууртан Юун Чан вангийн туслах хийн Сяньбигийн хамгийн зоригт дайчнаар шалгарч байсан боловч байлдаанд амь үрэгджээ.


Ли Чүгүба, Ли Майдэ хэмээх нэрс нь хятад маягийн боловч сяньби нэр учраас тэд сяньби хүмүүс байсан бололтой. Ли овогтон нь Хэбэйгийн өмнөд нийслэл Лун Яао Сяньд аж төрөн сууж байсан бололтой, учир нь Ли Мэйди ба түүний хүүгийн булш тэнд байдаг байна. Ли Мэйдигийн ач Ли Ху Баруун Вэй улсын Ювэн Тайгаас Дайе хэмээх сяньби овог авчээ.


Ли Хугийн хүү Ли Бингийн эхнэр нь Сяньбигийн Дүгү овогтон байсан ба Гаозу Ли Юанийн эх байв. Гаозугийн хатан нь Сняьбигийн Доу овогтон бөгөөд Ли Ши Мингийн эх болно. Тайзуны хатан нь Сняьбигийн Чансүн овогтон, Гаозунгийн эх болно. Эндээс үзвэл Тангийн хаадын удам нь хятад бус сяньби нар байсан бөгөөд Тангийн язгууртны давхарга нь ч сяньби нар байсан байна.


Хүннүгийн үеэс эхлэн нүүдэлчдийн төр нь Дорнод хэсэгт хүчирхэгжээд баруун тийш хүрээгээ тэлдэг байсан бол 552 онд эзэнт гүрнээ байгуулсан түрэгүүд баруун талаас нүүдэллэн орж ирэв. Жужан нарын захиргааны үед түрэгүүд нь Алтан ууланд (Алтайн нуруу) суун төмрийн дарх эрхэлдэг байв. Хятадын түүхэнд Алтан уулыг дуулгатай төстэй хэмээсэн бөгөөд дуулгыг тэд түрэг хэмээн дууддаг байсан нь тэднийг нэрлэх нэршил болон тогтсон хэмээн өгүүлдэг ч түрэгийг хятадаар “түжүе”, түрэгээр “тюрк” хэмээн дууддаг бол дуулгыг түрэгээр “тулга, монголоор “дуулга” хэмээн дууддаг учраас энэ тайлбарыг буруу хэмээн үздэг. Гэхдээ уг тайлбараас түрэгүүдийн уугуул нутаг нь Алтай нуруу, Тэнгэр уулын завсар орших Зүүнгарын хотгор гэдгийг тааварлаж болно.


Түрэгийн Ашина овгийн удирдагч Буман 551 онд Ювэн Тайтай холбоотон болж Баруун Вэйгийн гүнжтэй гэрлэсний дараа жил Жужаныг дарж, хааныг нь хороожээ. Буман өөрийгөө хаан хэмээн зарлаж Түрүү Түрэгийн төрт улсыг байгуулав. 3-р үеийн хаан Мукан 555 онд Жужаныг бүрэн мөхөөж Монголын өндөрлөгөөс хөөн өөрсдийн ордоо Монголын өндөрлөг талд шилжүүлэв.


Түрэгүүд ийнхүү баруун талаас Монголын өндөрлөгт орж ирэн Жужануудыг хөөснөөр Жужанууд Казахстаны талд шахагдаж, тэнд байсан нүүдэлчид Газар дундын тэнгис рүү шахагдсан нь аварууд байлаа. Ийнхүү аварууд Казахстаны талаас шахагдан Ижил мөрнийг гатлан Хойд Кавказын Алан нарын нутагт орж ирэн Зүүн Ромын Юстиниан хаанд элч илгээжээ. Юстиниан хаан аваруудад төлбөр төлөн хил хязгаараа сахиулав.


Аварууд ийнхүү Газар Дундад тэнгист орж ирэх үед Хуабэйд Ювэн Тай Баруун Вэй улсыг унагааж өөрийгөө хуанди хэмээн зарлаж Умард Жоу улсыг байгуулсан 557 оны өвөл байсан болно. 562 онд Аварын Баян хаан Дунай мөрний адаг орчмын нутгийг дайлан тэр нутагт нутагшин байсан славянуудыг өөртөө нэгтгэн Дунай мөрний дунд биеийн гепидүүдийг цохин, Дунай мөрний эхээр нутаглан байсан лангобардуудыг Италид нүүн одсоны дараа нутгийг нь өөртөө нэгтгэснээр эзэмшил нутаг нь зүүн талдаа Дон мөрөн, баруун талдаа Эльба мөрөн, Адриатын тэнгис хүрч тэлэв.


626 онд Баянгийн хүү Каган авар, славян, гедип, булгар угсаатнаас бүрдсэн их цэргийг захиран Персийн Сасанидын улстай холбоотон болж Зүүн Ромын эзэнт гүрний нийслэл Византыг довтлов. Гэвч энэ довтолгоо бүтэлгүйтэн аваруудын хүчин чадал доройтож, 796 онд Франкын Карл хааны зарлигийг хүлээсэн Пипинчүүд аваруудыг бут цохижээ. Гэвч аварууд Дунай мөрний дунд биеэр үлдэн хоцорч 9-р зууны сүүлээр мажаарууд нүүн орж ирэх хүртэл тэндээ суурьшсан байна.


Аваруудын үлдээсэн өргөн уудам нутгийг эзлэн суусан хүмүүс нь славянууд болно. Уг нь славянууд Украины Днестр мөрний эхээр нутаглаж байжээ. 5-р зууны дундуур Хүн нарыг мөхсөний дараа славянууд газар нутгаа тэлж зарим хэсэг нь урагш нүүдэллэн Дунай мөрний адгаар суурьших болжээ. Энэ үед нь аварууд нүүн ирж славянуудыг эрхшээлдээ оруулсан байдаг.


Славянууд аваруудын хамт Византийг довтлоход оролцож Дунай мөрнийг гатлан Балканы хойгоор урагшилж, зарим хэсэг нь Эгейн тэнгисийг туулж, Крит аралд хүрчээ. Славянуудын энэ тэлэлт нь 7-р зууны дундуур Грекийг бараг бүхэлд бүрхэж грек хэл зөвхөн Византийн эргэн тойронд хэрэглэгдэж, бусад нутагт славян хэл зонхилох болов.


Славянууд зүүн хойд талдаа Балти (Латви Литва нарын өвөг дээдэс) нарын газар нутгийг булаан 6-р зуунд Ижил мөрний эхээр нутаглах фин нарын нутагт нэвтэрчээ. Эдгээрийг зүүн славянууд гэх бөгөөд хожмын оросуудын өвөг дээдэс болно. Славянууд баруун талдаа германчуудын үлдээсэн Төв Европыг эзэгнэн Эльба мөрөнд хүрч, зарим нь цаашлан Эльбаг гатлан Лейпциг хүрсэн байна.


Аварууд, славянуудтай хамт Византийг довтолсон булгарууд Хойд Кавказын тал нутгийн нүүдэлчид бөгөөд тэдний хэсэг нь 679 онд Аспарух каганы удирдлага дор аваруудын хүч сулрах үед Дунай мөрний адгийг эзэлж, тэнд орших славянуудыг эрхшээлдээ оруулжээ. Ийнхүү Болгар улс үүссэн байна. Өнөөгийн болгар хэл нь слав хэл бөгөөд энэ нь булгарууд нутгийн уугуул оршин суугчдын хэлийг авч хэрэглэх болсонтой холбоотой болно.


Булгаруудын нөгөө хэсэг нь Хойд Кавказаас Ижил мөрнийг өгсөж улс байгуулсан ба тэд турк хэлээр ярина. Ижил мөрөнг турк хэлээр Этил мөрөн гэдэг бөгөөд оросууд Волга хэмээн нэрлэдэг нь тэнд булгарын улс байсан гэдэг утгаар нэршсэн болно.


Ийнхүү Түрэгийн эзэнт гүрэн нь баруун талдаа аваруудын нүүдлийг үүсгэн Газар дундын тэнгис болон Баруун Европт томоохон өөрчлөлтийг хийсэн бол зүүн талдаа Хятадын ертөнцөд түүнээс үл дутах нөлөө үзүүлсэн болно.