Түрэгийн эзэнт гүрэн Монголын өндөрлөгт бэхжиж байх зуур Хуабэйд Сяньбигийн төрт улсууд тэмцэлдэж байв. Түрэгийн 3-р хаан Мукан каган эхлээд Баруун Вэйтэй холбоотон болж, Баруун Вэйг түлхэн унагаан Умард Жоу улсыг Ювэн Жүэ байгуулах үед түүнтэй холбоотны харилцаагаа үргэлжлүүлэн Умард Жоугийн 3-р үеийн Уди хаан Мукан каганы охиныг хатан болгон авч байжээ.
Умард Жоу ба Умард Чи улсын зөрчлийн үед түрэгийн цэргүүд Умард Жоу улсын талд байлдаж байсан учраас Умард Жоу улс холбоотны харилцаагаа таслахгүйн тулд жил бүр зуун мянган боодол торго, хоргойг бэлэг болгон өгч байсан бол Умард Чи улс Түрэгийг өөртөө татахын тулд чамгүй их хахууль цутгаж байлаа. Түрэгийн 4-р хаан Таспар “Манай өмнө зүгийн хоёр хүү эцгээ ачлаад байвал эд бараагаар үл дутах билээ” хэмээсэн нь Умард Жоу ба Умард Чи улсын хуанди нарыг егөөдөн хэлсэн хэрэг болно.
Түрэгийн Ишбара хаан Умард Жоугийн Чиэньжинь гүнжийг хатнаа болгон авсны дараахан Умард Жоугийн төрийг Ян Жиэн булаан авч Сүй улсыг байгуулав. Чиэньжинь гүнж үүнд нь ихэд дургүйцэн Ишбара хааныг ятган түрэгүүдийг Сүй улстай байлдуулжээ. Гэвч энэ үед түрэг баруун зүүн хоёр хэсэгт хуваагджээ. Түрэгийн эзэмшил нутаг зүүн талдаа Манжуурын Ляо мөрнөөс баруун талдаа Ижил мөрөн хүрч байсан нь нүүдэлчдийн дунд өмнө нь дангаараа ийм том хэмжээний нутаг дэвсгэр эзэлсэн улс гүрэн байгуулж байсан удаагүй асар уудам нутаг байв.
Асар уудам газар нутгийг хамарч байсан учраас нэгдмэл байдал суларч Алтайн нуруугаар голлон Монголын өндөрлөг дэх Зүүн Түрэг, Зүүнгарын хотгор, Казахстаны тал дахь Баруун Түрэг хэмээн хуваагдав. Улмаар хаан ширээний төлөөх тэмцэл өрнөж 583 онд Баруун Түрэгийн Тарду хаан Зүүн Түрэгийн Ишбара хаан нар хоорондоо тулалдав. Хүнд байдалд орсон Ишбара хаан Сүй улстай эвлэрч Зүүн Түрэг Сүй улсууд холбоотон болов. 589 онд Сүй улс Жэнь-ийг байлдан дагуулснаар Хятадыг бүрэн нэгтгэмэгц хүчний харьцаа өөрчлөгдөж Зүүн Түрэг нь Сүйгийн түшмэг улс болжээ.
617 онд Сүйгийн төр ганхаж дотоодын бослого хөдөлгөөн дэгдсэнээр Сүйгийн Янди хаан шадар хүндээ алагдаж, босогчид харин Түрэгийн Шиби хаанд хүчин зүтгэхээ илэрхийлжээ. Шаньсигийн Тай Юаньд цэрэглэн боссон Тангийн Гаозу ч тэдний нэг байж Шиби хаанд элч илгээн өөрийгөө түүний албат хэмээн нэрлэн Зүүн Түрэгээс цэргийн тусламж авчээ. Гаозуг залгамжилсан Тангийн Тайзун 628 онд Хятадыг нэгтгэмэгц Зүүн Түрэгтэй байгуулсан түшмэг хараат байдлын харилцаагаа зогсоож Зүүн Түрэгийн эсрэг цэрэглэн дайтсаар 630 онд Зүүн Түрэгийг мөхөөн хааныг нь олзолжээ. Ингэснээр Түрүү Түрэг улс мөхөв.
Үүний дараа Тан улсын Гаозун хаан 657 онд Казахстаны Чу голын эрэгт Баруун Түрэгийн цэргийн бут цохиход зугтаасан хааныг ташкентүүд олзлон Тан улсад хүргүүлжээ. Ингэснээр нүүдэлчдийн төрт улсын хаан Сяньбигийн Хятадын хуанди нарын тэмцэл Сяньбигийн ялалтаар дууссан байна.
Зүүн Түрэг улсыг мөхөөсний дараа Тан улсын Гаозун хуандиг нүүдэлчид “Тэнгэр хаан” хэмээн өргөмжилснөөр Тан улсын хаан тэнгэрийн хүү нь Хятадын хуанди, Төв Евразийн нүүдэлчдийн хаан цолыг давхар эдлэх болжээ. Энэхүү Төв Еврази болон Хятадыг нэгтгэсэн үйл явц нь хагас зуу орчим жил үргэлжилсэн болно. 682 онд Өвөр Монголын түрэг хүн Кутулуг Тан улсаас тусгаарласнаа зарлан Элтэрэс хаан хэмээн өөрийгөө өргөмжилж Монголын өндөрлөгт Хожуу Түрэг улсыг байгуулав. Энэ улс 63 жил оршин тогтносон болно.
Түрэг улсын үед Төв Евразийн түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явц болсон нь нүүдэлчид анх удаа бичиг үсэгтэй болсон явдал байлаа. Түрүү Түрэгийн нийтлэг хэл нь согд байсан бололтой согд үсгээр тэмдэглэсэн хөшөө дурсгал үлдээсэн байдаг. Согд гэдэг нь өнөөгийн Узбекистан улсын Самаркандад төвлөрсөн газар нутаг бөгөөд эндэхийн эртний оршин суугчид иран хэлээр ярилцдаг байв. Согдууд эртнээс Монголын өндөрлөг, Хятадад худалдаа хийхээр ирдэг байсан ба согд үсэг хэрэглэж байжээ. Согд үсэг нь авиа тэмдэглэдэг бөгөөд Ахеменидын Персийн эзэнт гүрэнд дэлгэрсэн арамей үсгээс гаралтай болно.
Хожуу Түрэгийн үед үлдээсэн гэрэлт хөшөөнд согд үсгийг өөрчлөн бүтээсэн авиа тэмдэглэх үсэг хэрэглэн түрэг хэлийг бичиж үлдээжээ. Ийнхүү Төв Евразийн нүүдэлчид анх удаа өөрсдийн ярианы хэлээ тэмдэглэн үлдээх боломжтой болж, түрэг хэл эзэнт гүрний албан ёсны хэл болсон байна. Харин Хожуу Түрэгийн хэл нь цэвэр түрэг хэл биш байв. Турк хэлний аль ч нутагт морийг “ат” гэх боловч Хожуу Түрэгийн гэрэлт хөшөөнөө “юнт” гэжээ. Энэ нь Сибирийн Фин-Угро язгуурын самоэд хэлний үг учраас түрэгүүдийн уугуул нутаг нь Зүүнгарын хотгор бус хойд зүгийн Сибирийн ой байсан бизээ.
Түрэгүүдийг мөхсөний дараа Монголын өндөрлөгт Уйгарууд эзэнт гүрнээ байгуулав. Уйгарууд түрэг хэлийг албан ёсны хэлээ болгожээ. Гэвч Зүүнгарын хотгороос нүүдэллэн орж ирсэн түрэгүүдээс ялгаатайн уйгарууд анхнаасаа Монголын өндөрлөгт нутаглаж байсан нүүдэлчид бөгөөд түрэг хэлнээс өөр өөрсдийн ярианы хэлтэй байжээ.
Энэхүү уйгаруудын өвөг дээдсийн тухай домог 13-14-р зууны Хятад, Персийн ном сударт тэмдэглэгдэн үлдсэнийг товч сийрүүлбэл “Монголын Туул гол, Сэлэнгэ мөрний хооронд 2 мод байжээ. Нэг модонд тэнгэрийн гэрэл туссанаар жирэмсэлж эмэгтэйн гэдэс мэт үндэс нь бүдүүрч 10 сарын дараа үндэс хагарч дотроос нь 5 хөвгүүн гарч иржээ. Тэдний хамгийн бага нь Уйгарын хаадын өвөг дээдэс Богу болно” хэмээжээ.
Уйгарууд гарал үүслээ түрэгүүдийн адил чононоос гаралтай гэсэнгүй, бие давхар модноос гаралтай гэсэн тэд ойн иргэд байсан мэт. Өнөөгийн Сибирийн буриад Монголын бөөгийн гэрийн голд “ээж мод” тооноор дээш гаран ургасан байх ба дэргэд нь “эцэг мод” оршино. Ээж ба эцэг модыг олс татан холбодог ба тэнгэрийн онгод модоор дамжин бөөгийн биед шингэдэг. Бөөг турк хэлээр”богу”, монгол хэлээр “бөө” гэнэ. Энэ нь Уйгарын хаадын өвөг дээдсийн нэр болно. Энэ домгоос харахад уйгарууд Сибирийн ой тайгын иргэд бөгөөд урагш нүүж Монголын өндөрлөгт орж ирэн нүүдэлчид болсон буй заа. Ойн иргэд талд гарч нүүдэлчид болох үйл явц Төв Евразид олонтаа давтагдаж ирсэн ба Монголчууд ч гэсэн ийм байдлаар нүүдэлчид болжээ.
744 онд Монголын өндөрлөгт уйгаруудын Кутлуг Пэйло тусгаар болсноо зарлан хаан сууж, дараа жил нь Түрэгийн сүүлчийн эзэн хааныг алснаар Уйгар улс байгуулагджээ. Үүнээс өмнө Төв Азид 710 орчим оны үеэс ислам шашинтай арабууд орж ирсэн ба 751 онд өнөөгийн Киргизийн БНУ-ын Талас голын эрэг дээр Аббасидын халифын Абу Муслимын цэрэг Корё гаралтай жанжин Ко Сонжигийн удирдсан Тан улсын цэргийг бут цохиж байжээ. Үүний дараа 755 онд Хятадад Ань Лушанийн хөдөлгөөн дэгдсэн учраас Тан улс Төв Азид дахь сөргөлдөөнөөс яаралтай гарчээ.
Уйгар улс Хятадын Ань Лушанийн хөдөлгөөний үеэр Тан улсыг дэмжин өөрийн байр сууриа бэхжүүлэв. Ань Лушанийн хөдөлгөөнийг удирдсан Ань Лушаний эцэг нь согд, эх нь түрэг хүн байв. Ань Лушань Тан улсын Сюань зун хааны итгэлийг хүлээн Ляо Нин, Хэбэй, Шаньсигийн цэргийн захирагч болжээ. Ань Лушань Тан улсаас тусгаар болохоо зарлаж, Бээжинд өөрийгөө Дай Янь хуанди хэмээн өргөмжилжээ.
Ань Лушанийг нас барсны дараа хүүг нь алж хаан ширээг булаасан Ши Сымингийн эцэг нь түрэг, эх нь согд хүн байв. Тэдний цэргийн жанждын ихэнх нь Хятадаас өөр угсаатан байжээ. 763 онд Ши Сымингийн хүү Ши Чао-И алагдаж Ань Лушанийн хөдөлгөөн дарагдсан ч хятад бус угсааны цэргийн жанжид Хуабэйд ноёлж Тан улсын хааныг үл тоомсорлон байв. Ийм байдлаар Ань Лушанийн хөдөлгөөнөөс хойш 150 жилийн турш 10-р зууны эхэн хүртэл Хятадын төрийг Төв Евразиас гаралтай хүмүүс удирдаж байжээ.
Монголын өндөрлөгт Уйгарын эзэнт гүрэн 100 орчим жил цэцэглэн хөгжсөний эцэст 840 онд баруун талаас орж ирсэн киргиз нарт ялагдан бутран унажээ. Тэд Өвөр Монгол, Ганьсү, Тэнгэр ууланд тус тус одсоноос Тэнгэр уул уруу зугтсан уйгарууд тус уулын хойд энгэрт улс байгуулж, Таримын хотгорын баянбүрдийн хотуудыг захиргаандаа оруулжээ. Тиймээс тухайн үеийг хүртэл эдгээр баянбүрдийн хотуудад хэрэглэгдэж ирсэн тохар хэл мартагдаж, уйгаруудын авч ирсэн түрэг хэлээр ярилцах болов. Үүнээс цааш Таримын хотгорыг Зүүн Туркистан (Турк хүмүүсийн улс) хэмээн нэрлэх болжээ.
9-р зуунд Уйгарын эзэнт гүрнийг түлхэн унагаасан Киргиз улсын хааны орд Саяаны нурууны өмнөд талд Обь мөрний эх, өнөөгийн Тувагийн БНУ-ын нутаг дэвсгэрт байрлаж байжээ. Киргизүүд Монголын өндөрлөгт удаан хугацаанд оршин тогтнож чадалгүй татарууд хэмээх Монголын зүүн хойд хэсгийн нүүдэлчдэд хөөгдөн гарсан болно. Энэхүү татар нарын дотроос монголчууд гарч ирсэн болно.
Уйгарын дараа гарч ирсэн Киргизүүд нь турк хэлээр ярилцагч овог аймаг бөгөөд Сибирийн Енисей, Обь мөрний завсар нутаглаж байв. Өнөөдөр Казахстан улсын өмнөд талд Тэнгэр уулын баруун талд Киргизийн БНУ байгаа боловч киргизүүд Сибириэс Тэнгэр уул уруу Монголын эзэнт гүрэн мандах үед 16-р зуунд монгол угсааны казакуудын удирдлагаар нүүсэн бололтой.
Төв Евразид Түрүү Түрэгийн эзэнт гүрэн ноёрхож байх үед Түвэдийн өндөрлөгт эзэнт гүрэн байгуулагдсан болно. Хуабэйд 5 ху 16 ханлигийн самуун гарч байх 4-р зууны төгсгөлөөр Түвэдийн өндөрлөгийн баруун хэсэгт анхны вангийн нэр түүхэнд тэмдэглэгдэж, үүнээс 150 орчим жилийн дараа Тан улс Зүүн Түрэгийг мөхөөсөн 630 онд Соронзонгомбо хаан Түвэдийн өндөрлөгийг нэгтгэж улсаа байгуулжээ.
640 онд Соронзонгомбо хаан хүүдээ Тан улсын гүнж Вэньчэнг аван өгснөөр Тан улстай энэ зэрэгцэхүйц эзэнт улс болон өргөжсөн болно. Түвэдийн домгоос Соронзонгомбо хаан Томни Самбода хэмээгчийг Энэтхэгт илгээн бичиг үсэгт сургасан ба Самбода энэтхэг үсгээс сэдэвлэн төвд үсэг зохиосон хэмээдэг. Ингээд 635 оноос хойш жил бүрийн үйл явдлыг төвд хэлээр төвд үсэг ашиглан бичин тэмдэглэх болжээ.
Түвэдийн эзэнт гүрэн нь Тан, Хожуу Түрэг улсуудтай зэрэгцэн Төв Азид ноёрхлоо тогтоохын төлөө тэмцэлдэж иржээ. Гэвч Уйгарын эзэнт гүрэн мөхсөнөөс 2 жилийн дараа 842 онд Түвэдийн Дармаа Видүмтэн хаан 10-аадхан насандаа шадар сайддаа алуулан хаан ширээний төлөөх тэмцлийн улмаас Түвэд улс хагарснаас 150 жилийн турш энэ улсын талаар ямар нэгэн тэмдэглэл бичигдэн үлдсэнгүй харанхуй үе Түвдэд ирсэн болно.