2020/05/17

407. Судрын чуулган ба Нууц товчоо

Монголчуудын түүхийн талаар бичиж тэмдэглэж үлдээсэн түүхийн 2 чухал баримт бичиг бол Нууц товчоо ба Судрын чуулган болой. Харамсалтайн энэ 2 баримт бичигт дурдсан баримтууд хоорондоо зөрчилдөхөөр барахгүй бие биеэ үгүйсгэсэн хэлбэртэй ч олдог. Тэгвэл энэ 2 баримт бичгийн чухам аль нь үнэнийг өгүүлсэн бэ?


Тухайн түүхийн баримт бичгийг бичихэд зохиогчийн санаа маш чухал байдаг. Зохиогчийн хэн болох, гарал үүсэл, язгуур угсаа, үзэл бодол нь түүхийн энэ баримтад бүрнээ тусгагдсан байдаг учраас аливаа баримтаас зохиогчийн бодож сэтгэж байсан үзэл бодлыг ялгаж салгаж ойлгох нь чухал. Нууц товчооны хувьд зохиогч нь тодорхой бус бол Судрын чуулганыг Рашид ад-Дин бичсэн болно.


Рашид ад-Дин Газан болон Өлзийт хааны үед албан тушаал суга дэвшин Ил хаант улсын мөнгөн санхүүг хариуцан захиран зарцуулах эрхтэй ерөнхий сайд буюу везир /1298 онд/-ээр томилогджээ. Энэ үед тэрбээр үлгэрт гардаг шиг л баяжиж Тебриз хотын ¼-ийг тэнд хамаарагдах дэлгүүр мухлаг, дэн буудал, уран дархны газар, жимсний цэцэрлэгийн хамт эзэмшиж тоо томшгүй эд хөрөнгөтэй нэгэн байв. 


Энэ үед тэрээр хаанаас Монголчуудын түүхийг бичих даалгаврыг хүлээн авчээ. Гэвч түүнд энэ өөрийн албан тушаалаас гадна түүх бичихэд гаргах цаг хугацаа гэж байсангүй. Тэрбээр чадварлаг санхүүч байсан болохоос түүхч байсангүй, түүхийг бичих дадал туршлага ч байсангүй. Гэвч тэр овжин зальжин эр байв. Тэр Перс хотын аль боловсролтой ухаалаг хүмүүсийг цуглуулан түүхийн номд оруулах мэдээ цуглуулах даалгавар өгч цуглуулсан материалыг үнэн худлыг нягтлаагүй ном болгон бэлтгэн Өлзийт хаанд өргөн барьж их хэмжээний шан харамж хүртжээ. 


Үүнийг мэдсэн Кашани нарын эрдэмтэд үүнийг түүхэн бүтээл биш эрээвэр хураавар эх мэдээ мэдээллийн цуглуулга болохыг айлдсан боловч хэн ч үүнийг нь ойшоосонгүй. Везир Рашид ад-Дин хожим буруутаж цаазлуулсны дараа хэн ч Судрын чуулганыг эмхлэн сайжруулсангүй тэр хэвээр үлджээ. Ийм учраас Судрын чуулганд нэг үйл явдлыг өөр өөр газарт янз бүрийн байдлаар бичиж тэмдэглэсэн нь олон тааралддаг тул алиныг нь үнэн болохыг тогтооход бэрхшээл учруулдаг. Гэхдээ л тухайн үед хуримтлагдсан түүхэн баримт гэдгээрээ чухал ач холбогдолтой билээ.


Нууц товчооны хувьд зохиогч нь хэн болохыг олох оролдлого олон удаа хийгдсэн боловч тийм ч амжилттай болоогүй юм. Гэхдээ л Лев Гумилёв энэ 2 баримт бичигт эрс ялгаатай өгүүлж буй баримт бичгүүдийг цуглуулан дүгнэх явцдаа дараах таамаглалыг хийсэн болно. 1-рт Даланбалжуудын тулааны талаар Судрын чуулганд Чингис хааныг ялсан хэмээдэг бол Нууц товчоонд Жамухыг ялсан хэмээсэн ч ялалтынхаа үр шимийг хүртэхийг Жамуха өөрөө татгалзсан гэв. 2-рт Судрын чуулгад Жамухыг Элжигдэй ноён тасар татан цаазалсан хэмээдэг бол Нууц товчоонд Жамухын өөрийн хүсэлтээр цус гаргахгүй хороов гэжээ. 


Судрын чуулгад Жамухыг зарчимгүй, цагаандаа гарсан өдөөн хатгагч гэж өгүүлсэн бол Нууц товчоонд Тэмүжиний хамгийн дотнын анд хэмээн тэс өөрөөр өгүүлдэг. Судрын чуулганд Чингисийг 1155 онд төрсөн гахай жилтэй гэсэн бол Юан шид 1161 онд төрсөн морь жилтэй хэмээсэн байдаг ба олон судалгаагаар Чингис хааныг морь жилтэй хэмээн үзсэн байдаг нь судрын чуулгад өгүүлсэн баримт болгон үнэн бишийг бас харуулдаг. 


Тэр ч байтугай Тэмүжин тайчуудад олзлогдож, олзноос зугтаасан, мэргидүүд довтолсон, хариу довтлон мөхөөсөн, Жамухатай нөхөрлөсөн, ханаар өргөмжлөгдсөн зэрэг маш олон үйл явдлыг 1178-1182 оны хооронд болж өнгөрсөн гэсэн хэрнээ жижиг овгийн хан байгаад Монгол улсын эзэн хаан болсон дараагийн 16 жилийн хугацаанд Жамухатай муудсан, татаруудыг мөхөөсөн, Жүрхэнийг номхруулсан гэсэн 3хан үйл явдлыг болсон мэтээр бичсэн байдаг. Нууцгайлсан энэ он жилүүдийн түүхийг Рашид ад-Дин ч мөн адил эвтэйхэн тойрч гарчээ.


Гэтэл Нууц товчоонд хадам аавд нь “Миний хүү нохойноос айдаг” хэмээн хулчгар болж харагдуулсан, Чарх өвгөн Тэмүүжинд хар нутагт нь хаяад нүүж одсон тухай хэлэхэд уйлж буй байдал /цагийн эзэлсэн их хааны тухай бичиж байж иймхэн юмыг орхигдуулж болноо доо/, Тайчууд болон Мэргидийн довтолгооны үеэр тэднийг эсэргүүцэн тэмцэлгүй дутаасан тухай, үүнээс болж Бөртэг алдан Бурхан Халдун ууланд гарч мөргөлийн гуйлт хийж буй зэргээр Тэмүжинг аймхай хулчгар хэмээн дүрслээд зогсохгүй эцэг нэгт ах Бэгтэрийг эсэргүүцэн тэмцээгүй байхад нь араас нь гэтэж харваж алж байгаа, Өүлэн эх Тэмүжинг зэрлэг араатан, чөтгөр шуламтай зүйрлэн загнаж буй, Тэв Тэнгэр бөө Хасарыг гүтгэхэд Чингис хаан дүүгээ баривчлан шийтгэхийг завддаг, Тэв Тэнгэр бөө, Бүри Бөхийг ёс бусаар хороосон үйлдэл, үнэнч шударга Наяа ноёныг шийтгэхээр завдсан тухай гээд Чингис хааныг тун таагүй этгээд хэлбэрээр олонтаа дүрсэлсэн байдаг. 


Их хааны тухай бичиж байгаа бол эдгээр баримтын дурдахгүй орхих, зөөлрүүлэх боломж байсаар байтал тэгсэнгүй, эдгээрээс чухал олон баримтыг орхисон байж. Үүнээс үзвэл Чингис хаан аймхай хулчгар төдийгүй өс өвөрлөсөн, харгис хэрцгий, мулгуу нэгэн байж таарах. Гэтэл ийм зан авиртай хүн их хаан болж чадах уу? Ямартай ч Нууц товчоо Чингис хааныг магтан дуулсангүй.


Нууц товчоонд Чингис хааны хамтран зүтгэгч, баатар жанжнуудын талаар магтаалын үгийг хайрлаагүй бөгөөд тэдний гавьяаг дахин дахин дурдахдаа огт төвөгшөөсөнгүй. Тэр тусмаа эдгээр магтаалыг нэг бол Чингисийн амаар эсвэл Жамухын амаар хэлж буй байдлаар гаргаж дүрсэлсэн нь сонин. 


Жишээ нь дөрвөн нохой хэмээн Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй дөрвөөр эхлээд Уруд, Мангуд нар болон бусад бүх хүмүүсийг магтсан мөртлөө Чингис хааныг өөрийг нь маш сайхан хуяг дуулгатай гэхээс өөр магтаалын үг хэлсэнгүй. Зохиогчийн хамгийн хайртай баатар Сүбээдэй баатар мэт. Түүнийг магтах үгсийг үл хайрласан байх. Зохиогч тэр үеийн бусад баатруудад ч сайн байж. 


Жишээ нь Өгэдэй хааны хийсэн 4 муу үйлийн нэгд жирийн дайчин Доголху чербиг хороосон нүглийг тоочсон байдаг. Зохиогч Ванханд дургүй болох нь олон зүйл дээр ажиглагдсан төдийгүй хувийн өшөө хорсол ч байж магадгүй. Харин Жамухын хувьд бараг Чингисээс илүү холыг харсан ухаалаг, үнэнч сэтгэлтэн мэтээр дүрсэлсэн бусад баримт бичигт өгүүлсэнтэй хол зөрдөг.


Зохиогч Сүбээдэй баатар болон тэдний үеийнхэнд магтаалын үгээ хайрлаагүй бол бусдад нь тун дурамжхан байсан. Чингисийн хүүхдүүдийн талаар л гэхэд олигтой зүйл өгүүлээгүй. Зүчийг Чингисийн хүүхэд биш гэсэн хов живийг байсхийгээд сөхөж байсан бол Цагадайг ууртай догшин гэхээс өөр зүйл тэмдэглэж үлдээсэнгүй. Өгэдэй илүүтэй муулж унжгар залхуу, архичин, хормойн донтон гэсэн бол түүний хүү Гүюгийг шууд доромжилсон, үнэн сэтгэлээсээ үзэн ядсан байдлаар бичсэн байдаг. 


Харин Тэмүгэ Отчигоныг үргэлж өмөөрсөн, магтсан аясаар бичжээ. Энэ шинж Тэв Тэнгэрийг хороох үед илүү тод илэрнэ. Энэ бүхнээс Лев Гумилёв Нууц товчоог зохиогч нь ахмад үеийн цэргийн хүн байсан гэж үзэхэд хүргэв. Жамухыг хороосон Элжигдэй ноён Гүюгийн дотнын нөхөр байсны улмаас түүний нэрийг огт дурсаагүй гэж үзвэл тэрээр Отчигон ноёныг дэмжигчдийн дунд байж магадгүй төдийгүй сүүлд Отчигон ноён төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт хомрогдон орж цаазлуулсан ч байж магадгүй хэмээн үзжээ.