Тэмүжин, Ванхан, Жамуха хэмээн эрсийн гурамсан харьцаа Монголын түүхийн нэгэн сонирхолтой агшин болно. Ердийн нэг жижиг овгийн толгойлогч хэрхэн Монголын эзэнт гүрний хаан болов гэдэг их л сонин асуудал.
Тэгэхэд яг Байдрагийн бэлчирт юу болоод өнгөрчхөв өө. Нууц товчоо болон Судрын чуулгад энэ үйл явдлын талаар бараг адилхан зүйл тэмдэглэсэн байдаг бөгөөд Найманы гол хүч болох Хөгсэү Сабрагийн армитай нүүр тулан байлдахаар зэхэж байсны урд шөнө Ванхан цэргээ аван Тэмүжинг орхин дутаан одов. Найманууд Тэмүжинтэй байлдсангүй дутаасан Ванханг хөөн цохиход Ванхан Тэмүжинээс тусламж гуйхад Тэмүжин дуртайяа туслав.
Үнэхээр л байлдааны талбарт хаян дутаасан бол яагаад туслав. Нууц товчоонд өгүүлснээр Найманууд Ванханг мөрдөн мөшгөж, мөхөөдгийн даваан дээр тусалсанд Ванхан ихэд баярлана “Нэг удаа удаа би улсаа алдаад явж байхад миний анд Есүхэй баатар намайг аварч, улсыг минь эргүүлэн авч өгч билээ. Харин одоо мөхөж байсан улсыг минь Тэмүжин хүү аварч, авч өглөө... надад олон хөвгүүд байхгүй, байгаа нь ганц Сэнгүм. Тэмүжинг Сэнгүмийн ах болгох юмсан” хэмээжээ.
Энэ бол маш ноцтой асуудал бөгөөд Сэнгүмийн ах болно гэдэг Хэрэйдийн хан ширээний асуудал юм. Энэ бол Тэмүжиний тусалсны өр төлбөр байлаа. Нэгэнт ам алдсан тул Ванхан Тэмүжин нар Туулын хар шугуйд уулзан эцэг хүү болох ам тангараг өргөжээ. Ванхан ам тангараг өргөхдөө тийм ч дуртай байсангүй. Тийм ч учраас үүний дараа Тэмүжинг хорлон алахаар зэхэж оролдож байсныг Нууц товчоо, Судрын чуулганд 2-уланд нь дурджээ.
Эргээд Байдрагийн бэлчирт юу болов гэдэг рүү эргэн харья? Наймантай байлдаж байсан Ванхан, Тэмүжин нар тулалдаан дуусахаас өмнө яагаад салав? Ванханг дутаан одоход араас нь Жамуха очин уулзсан бөгөөд тэдний хооронд болсон яриаг Судрын чуулган, Нууц товчоонд мөн дурдсан байдаг. Харин найманууд Ванханг мөшгөн дайрахад тэрээр өчигдөрхөн өөрөө нүүр буруулан одсон хүнээс эргэн тусламж гуйв? Тэмүжин туслав.
Эндээс үзэхэд тэр шөнө Ванхан, Тэмүжин нар нэлээд ноцтой муудалцаад Ванхан Тэмүжинг орхин одсон хэмээн үзэх магадлалтай. Гэвч эргэн тусламж гуйх нүүртэй, өөрт нь Тэмүжинг тусална гэдэгт итгэлтэй байсныг бодоход маргаанд ямар ч байсан Ванханы зөв байж. Ванхан Тэмүжинг орхин одоход Жамуха түүнийг гүйцэн очиж Судрын чуулганд бичсэнээр “Миний ахан дүүс бол зуслангаас өвөлжөө рүүгээ нүүх болжмор шувууд шиг гэдгийг хан та юу эс андах билээ.
Чингис хаан бол миний л нэгэн төрөл хүн, тэр зугтахаар бэлдэж байна. Харин би таны хэзээ ч Таны болжмор шувуу хэвээрээ үлдэнэ” гэсэн бол Нууц товчоонд өгүүлснээр ”Тааж ядаад байх юмгүй, миний анд Тэмүжин аль эртнээс нааш Наймануудтай элч төлөөлөгчөө солилцоод байсан юм. Тэгээд л тэр бидэнтэй ирж нийлэхгүй байгаа юм. Хантан минь, би бол үргэлж дэргэд чинь эргэлдэж байдаг цахлай шувуу, миний анд бол нүүдлийн шувуу болжмор шүү дээ” хэмээжээ.
Үүнийг сонсоод Гүрин баатар “Анд нөхөд, ахан дүүсийн хооронд иймэрхүү зусар зулгуй үг хэлэлцэх нь зохисгүй” /Судрын чуулга/, “Яахаараа чи, бусдыг зусардан зулгуйдаж, өөрийнхөө шулуун шударга ахан дүүсийг гүжирдэн гүтгэж байдаг юм бэ?” /Нууц товчоо/ хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Ванхан ямар ч хариу хэлсэнгүй боловч Жамухын үгэнд шууд итгэсэн нь хачирхалтай. Энд нэг л тайлбар олдоно.
Урд шөнийн маргаан болоход Гүрин баатар байгаагүй учраас маргааны нарийн ширийнийг эс мэдэн чин шударгаар Жамухыг хов зөөлөө хэмээн буруутгасан бол Ванхан, Жамуха нар маргааны талаар сайн мэдэж байсан учраас Ванхан Жамухын үгийг ердийн хов жив гэж үзэлгүй шууд хүлээн авсан байж болно.
Ванхан Жамухын үгэнд итгэн Тэмүжинг Наймантай холбоо тогтоож, хэлэлцэн тохирсон байж магадгүй гэж үзсэн учраас тэрээр айн ширвээтэн цэргээ аван зугтаасан бололтой.
Ванхан Тэмүжинтэй эцэг хүү бололцсоны дараа хан ширээ Нилха Сэнгүмийн гараас эргэж буцалтгүй холдож орхив.
Үүнд дургүйцэн өөрийн үгээ хэлсэн Нилха Сэнгүмийн үг тал нутагт тархсаны дараа түүн дээр язгуурын Монголын томоохон төлөөлөл болох монгол язгуурын ноёд болох Алтан, Хучир, хар Киданы Өвөгжин Ноёхон, хоёр баатар Сэгээтэй-Тоорил, Хачиун Бэхи /Судрын чуулгад сүүлийн 2 баатрыг мангуд овгийн Тагай Хүлэг, нирун Монголын Мухар-Хүрэн нар байсан хэмээжээ/ нар ирж Нилха Сэнгүмийг ятган алдагдсан хан ширээг буцааж олгох, Тэмүжинг мөхөөхөд чинь тусалъя харин чи үүнд Ванханы оролцуулахыг ятга хэмээсэн байна. Ванхан ийнхүү Тэмүжиний эсрэг хуйвалдаанд нэгджээ.
Гэвч энэ хуйвалдаанаар Тэмүжинг хорлох гэсэн оролдлого жирийн адуучин Бадай, Хишилиг нараас болон тасалджээ. Тэмүжин хуйвалдааныг мэдэн нүүн холдсон боловч удалгүй эсрэг талын цэрэг түүнийг гүйцэн ирсэн байна. Гэтэл гүйцэж ирсэн цэргүүд Жамухын цэргүүд байсан төдийгүй тэд ямар нэгэн үйлдэл хийлгүй Тэмүжинг зугтах бололцоо олгож, Жамуха өөрөө Ванхан нэхэн иртэл юу ч хийлгүй хүлээсэн байдаг.
Ванхан Жамухыг гүйцэн ирж нэгдэн Тэмүжинтэй байлдахаар зэхэх үедээ Жамухыг цэргээ удирдахыг хүсэхэд тэр татгалзсанаар барахгүй Хэрэйдийн цэргийн байршлын талаар үнэн зөв мэдээг Тэмүжинд өгснөөр Ванханы гарт орсон зайлшгүй ялалт нь ялагдал болон хувирчээ.
Үүний дараа Нууц товчоонд Жамуха хэрхсэн талаар огт дурдаагүй бол Судрын чуулгад өгүүлснээр Жамуха өөрийн цэргийн холбоог байгуулсан бөгөөд энэ холбоо нь Тэмүжин төдийгүй Ванханы ч эсрэг чиглэж байв.
Ванхан энэ хуйвалдааныг дарсан тул нэг хэсэг Тэмүжинд очиж нийлэн нөгөө хэсэг нь наймантай очиж нэгджээ. Наймантай нэгдсэн хэсэгт Жамуха байлаа. Тэмүжинг наймантай холбоо сүлбээтэй гэж буруутгаж байсан Жамуха өөрөө найманы талд урван орсон байна.
Наймантай нэгдсэн монголчуудын хүчийг Таян хан өндрөөр үнэлж чухал холбоотноо хэмээн тооцож байсан боловч тулалдаан эхлэхээс өмнө Жамуха өөрийн холбоотон наймануудыг айлган сүрдүүлж орхиод цэргээ аван орхин одохдоо бас л Тэмүжин рүү найманы хан сэтгэлээр унаж гүйцсэн одоо довтолгооноо эхлүүл хэмээн хэл хүргэжээ. Энэ маш чухал зөвлөгөө байсан бөгөөд найманууд сэхэхгүй болтлоо бут ниргүүлсэн байна.
Жамуха өөрт нь итгэж найдаж байсан Тэмүжиний дайснуудыг Тэмүжинд ээлж дараалан барьж өгөөд хэний төлөө зүтгэж байв аа? Жамухын зөвлөгөөг дагасан хүмүүсээс ганцхан Тэмүжин л хожиж байлаа. Нилха Сэнгүмийг цагаа олоогүй ухаангүй мөргөлдөөнд хэн өдөж турхирав? Тулааны үед найманы жигүүрийг онгойлгож үлдээгээгүй бол өөртэйн энэ тэнцүү нүүдэлчдийг Тэмүжин хэрхэн ялан дийлэх байв?
Наймануудын ялагдлын дараа Жамухыг монгол овог аймгийнхан дэмжихээ больж тэр цөөхөн цэрэгтэйгээ үлдэв. Нууц товчоонд түүнд зөвхөн 5хан нөхөр үлдсэн гэсэн бол Судрын чуулгад 60 хүн үлдсэн гэдэг. Эдгээр цэргүүд Жамухыг барьж хүлээд Тэмүжинд тушаахад Нууц товчоонд өгүүлснээр бүгдийг нь цаазлан хороов гэсэн бол Судрын Чуулгад 30 цэргийг цаазлаад бусдыг нь өөрийн цэрэгт авав гэжээ.
Мөн Судрын чуулгад Жамухыг мөчлөн хороов гэсэн бол Нууц товчоонд Жамухын хүсэлтээр цусгүй хороов хэмээж. Судрын чуулгад Жамухыг ухаалаг, зальтай, дэг зарчимгүй хов хутгагч хэмээн дүгнэсэн бол Ванхан, Таян ханы аль аль нь ухаан муутай тэнэг хүмүүс байгаагүй, гэхдээ Жамухыг дуртайяа хүндэтгэлтэй хүлээн авч байсныг бодоход энэ тодорхойлолт нэг л таарахгүй байгаа болно.
Судрын чуулгад өгүүлсэнчлэн хувийн нэр алдрын төлөө хөөцөлдсөн хүн байсан бол тал нутгийн овог аймгуудын дунд яагаад тийм нэр хүндтэй байсныг тайлбарлахыг оролдсонгүй. Олон олон овог аймгийг толгойлогч, язгууртан ноёдтойн дагуулна гэдэг тийм амархан зүйл биш.
Жамуха өөрийг нь барин Тэмүжинд тушаасан цэргүүдийг цаазлуулах болно гэдэгт итгэлтэй байсан бол нөгөө хэд нь Бадай, Хишилиг нарын жишгээр өршөөл хүндэтгэлийн дээдийг хүртэж, шагнаж урамшуулна гэдэгт эргэлзэхгүй байжээ.
Хэрэв тэд Жамуха Тэмүжиний зүгээр нэг өст дайсан бус тэр 2-ын хоорондын нарийн харьцааг мэдэж байсансан бол Жамухыг барьж өгөхгүй л байсан болов уу. Тэмүжинг олон олон ялалт байгуулахад нь тусалж явахдаа эдгээр ялалтын төлбөрийг өөрийн амиар төлөх чинээ зүүдлээчгүй болов уу. Иймээс Жамуха өөрийн хүсэл зоригоор цаазлуулсан гэх Нууц товчоонд өгүүлсэн зүйл нь маш их эргэлзээ дагуулж байгаа билээ.