Монголчууд өөрсдийгөө татаар, зүрчид, түрүг, киданчуудаас ялгаатай эртний Хүннү нарын үр хойч хэмээн үзсээр ирсэн. Монгол аймаг нь бүр Түмэн хааны түрүгүүдийн үед Дотоод тэнгисийг гатлан Онон мөрний хөндийд ирсэн Бөртэ чоноос гаралтай хэмээн үздэг ба Есүхэй баатар нь түүний 22 дахь үеийн хүн болно.
Монгол овог аймаг нь Есүхэйн өвөг эцэг Хабул хааны үед нэгдэн нягтарч аймгийн зохион байгуулалтад орж зүрчидүүдийг тал нутгаас цохин хөөн явуулж Онон мөрний хөндийд баттай суурьшжээ. Монголчуудын дайсан дан ганц зүрчид нар байсангүй тэдний хилийн дагуу байрлах өөр нэг овог аймаг болох татаарууд байлаа. Зүрчидүүдийг цагаан хэрмийн цаад уруу хөөн явуулснаар Монгол аймаг Татаар аймгууд айлсах болж хоорондоо зөрчилдсөөр эдгээрийн хоорондох нэгэн тулаанд Хабул хаан амиа алджээ.
Хабул хаанаас хиадууд гарчээ. Хабул хаан 7 хөвүүнтэй ч хаан ширээгээ өөрийн хаял дүү тайчууд овгийн Амбагайд гэрээслэн үлдээжээ. Энэ нь хүчирхэг зүрчид болон татаар нарын эсрэг хиад-тайчуудын хүчирхэг холбоонд үндэслэсэн боржигон овгийн монгол аймгуудыг нэгтгэх гэсэн алсын бодол байжээ. Амбагай хаан татааруудтай эв найр тогтоохыг оролдон сүй тавихаар очиход тэд барин авч эртний өст зүрчид нарт өгч хороолгожээ.
Ийнхүү монгол аймаг зүрчид, татаар аймгуудтай хэзээ ч үл эвлэрэх өс зангидсан байна. Амбагай алагдахын өмнө хаан ширээг мөн л өөрийн хөвгүүдэд өгсөнгүй хиадын Хабул хааны 4-р хөвүүн Хутулад өгчээ. Хутула нас барахынхаа өмнө ор залгамжлагчаа нэрлэж амжсангүй өөд болсноор боржигон аймаг удирдагчгүй хоцров. Уламжлал ёсоор хаан ширээ одоо тайчуудад ирэх ёстой хэмээн тайчуудын Таргудай Хирилтүг үзэж байсан боловч хиадуудад тийм бодол байсангүй.
Учир нь Хутула хааны нас барсан сүүлийн тулаан болох Жила Бухын дэргэдэх тулаанд Есүхэй баатар Хутулагийн унасан тугийг босгон цэргийг оройлон дайрч татаарын гол өргөөг эзлэн авахад татаарын хаан Мэгүжин сүүлт арай хийн амь мултарсан байна. Үүгээр хиадын Есүхэй нэр хүнд маш өндөрт мандсан нь хиадуудад аймгийн удирдагчийг зүгээр нэг тайчуудад найр тавин өгөх бодолгүй болгожээ.
Яг энэ үеэр хэрэйд аймагт үймээн гарч хаан ширээ залгамжлагч Тоорилын эсрэг дүү Эрхэ хар Алтайн цаадах наймануудтай нэгдэн улсын жолоог авахыг оролджээ. Тоорил хаан монголчуудаас тусламж гуйхад цор ганц Есүхэй баатар тусалсан нь маш амжилттай болж наймануудыг хөөн явуулж Есүхэй Тоорил нар ах дүү бололцон тангараг өргөжээ. Энэ дайнаар Есүхэй улам их олз олж баяжсан түүнтэй хамт яваагүй олон ноёдыг хожим амаа барихад хүргэсэн юм.
Энэ нь тал нутагт Есүхэйн нэр хүндийг улам өргөж тэр овог нэгтэн дотроо хамгийн нэр хүндтэй, хамгийн баян болжээ. Одоо Есүхэй зүгээр нэг хүчирхэг баатар биш түүнийг Хэрэйд аймаг тэр чигээрээ дэмжиж байв. Энэ нь түүнийг бусад бүх ноёдоос эрс ялгаатай хүчирхэг нэгэн болгон хувиргажээ. Энэхүү дурдсан үйл явдал уг роман эхлэхээс өмнө болоод өнгөрсөн зүйл байлаа. Цаашид ингэж нуршилгүй бусад түүхэнд аль болох дурдагдаагүй баримтуудыг голчлон дурдахыг хичээх болно.
Есүхэйг 5 настай байхад эцэг Бартан баатар онгудын ноёны охин 3 настай Сочигэлийг сүйлжээ. Онгуд аймаг нь зүрчидүүдэд алба хаадаг бөгөөд монгол зүрчид 2 гурав дахь үе дамжин хоорондоо өс зангидан үргэлж тулалдаж байв. Хабул хааны үед 2-тоо монголчууд зүрчидүүдийг ихэд дийлсэн ч бүрмөсөн устгаж нэгнээ чадахгүй л байв.
Монголчууд догшин, өсөрхүү тул Сочигэлийн эцэг онгудын мянгатын ноён ухаан зарж монголчууд дотроос өөрийн холбоотон болгохоор Бартан Баатрын хүү Есүхэйг сонгож сүйлжээ. Есүхэйг 12 настай байхад нь Бартан Баатар хүүгээ дагуулан онгудад зочилжээ. Гэвч үүнээс 5 жилийн дараа Есүхэй эрийн цээнд хүрэх үедээ олхонудаас гэргийгээ сүйлж аваад буцаж явсан мэргидийн Их Чилэдүгээс Бөртэг өөрийн хоёр ах Нэхүн тайш, Мэнгэтү, дүү Даридай нарын хамт булаан авч өөрийн гэргийгээ болгожээ.
Гэвч эртний сүйг биелүүлэхийг шаардсан өвгөдийн үгэнд орж тухайн жилдээ онгудын Сочигэлийг 2 дахь эхнэрээ болгон буулган авсан байна. Дараа жил нь 2 хатан 2-ул нуган үр төрүүлсний их хатнаас төрснийг Тэмүжин, 2-дох хатнаас төрснийг Бэгтэр хэмээн нэр хайрлажээ. Нас чацуу 2 нуган үртэй болсон нь хожим эдний хоорондох зөрчлийн эх болжээ. Гэхдээ Бөртэгээс төрсөн нуган үрийг өөрийн залгамжлагч хэмээн үзэн татаарын Тэмүжин баатрын нэрийг хайрлажээ. Есүхэйд түүнээс өөр хүчирхэг дайсан таарч байгаагүй юм.
Есүхэйн 2 ах эрт өвгөдийн оронд одсон бөгөөд Мэнгэтү хиан татаартай байлдах үед, Нэхүн хазаар гүйлгэгч нартай санаандгүй харвалдах үед суманд оногдож өөд болцгоожээ. Есүхэйн 2 ах нас барахад тэдний хөрөнгийг хамаатнууд хуваан авч, эхнэр үр хүүхэд нь отгон дүү Даридайд очсоноор хамгийн том авга Мэнгэтү хиан ууган хөвүүн Өнгүр Даридайн гэрт амьдрах болов. Үеэл нараас нь Хутугту Жүрхи, Бүри Бөх, Их Чэрэн нар амьд байсан бол Хутулагийн гурван хөвүүн Зүчи, Гирмагу, Алтан нар хиадуудын гол ноёд болон үлджээ.
Хутула хаан нас бараад 9 жил өнгөрөхөд хаан сонгож чадсангүй, энэ нь хиад тайчуудын хоорондох эв нэгдлийг улам сулруулжээ. Тайчуудын ноёд Амбагай хааны хөвүүд болох Таргудай, Агучу, Моричи нар дундаас Таргудайг хаан өргөмжлөх бодолтой байв. Хиадууд Бартан баатрын хөвүүн Есүхэйг хаан өргөмжлөх санаатай байсан ч санаа нэгдэж чадаагүй юм. Тэдгээрээс Хутула хааны 3 хүүгийн отгон болох Алтан толгойлж өөрийг нь хаан суулгахгүй бол Таргудайг дэмжих санаа агуулж байв. Тэр овог нэгт Есүхэйг хаан суухыг тэвчиж үл чадав.
Татаарын дайнаас хойш хиадууд ихэд хүчирхэгжиж нэгэн том хүрээ үүсгэн хамтдаа амьдрах болов. Энэ үед хиад нарын хамгийн ахмад нь Хабул хааны отгон хүү Төдөгэн авга байв. Хиадын Хабул хаан нь Бодончорын жич хүү Хайду хааны удам бол Тайчуудын Амбагай хаан нь Бодончарын хөвүүн Хабич баатрын удам юм. Төдөгэн авга тайчуудын ахмадуудтай ярилцаж Есүхэйг хаан ширээнд суулгахыг зөвшилцөхөд тэд Есүхэйг хаан суухад татгалзах зүйлгүй, харин хэт залуу байна хэмээсэн байдаг.
Ингээд Төдөгэн авга Есүхэйг хүүгээ гэрлүүлэхийг зөвлөсөн байна. Гэвч түүнийг хаан суухад хиадын Хутулагийн хүү Алтан, тайчуудын Амбагай хааны хүү Таргудай нар эсэргүүцэж байв. Хутула хаан үе залгамжлагчаа нэрлээгүйн ийнхүү тайчууд хиадуудын хооронд хагарал гарахад хүргэж энэ хагаралд хиадын зарим ноёдууд тун чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Есүхэй баатар Төдөгэн авгын үгэнд орж 9 настай Тэмүжинг дагуулан түүний эх Өүлэний төрөл болох олхонуд аймгаас бэр гуйхаар мордсон байна.
Есүхэй Тэмүжинг дагуулан 4 өдөр явсны дараа Хэрлэн голын эрэг дээр хонгаридын Дай Сэцэнтэй санамсаргүй таарчээ. Тэд Жил Бухын тулалдаанд татаарын Мэнгүжин сүүлтийг дайлах үеэр тааралдсан явсан тул түүнийг мэдэлцэж гэрт нь саатжээ. Дай Сэцэнг Тэмүжинээс 1 насаар ах охинтойг мэдэж улмаар сүй тавиад Тэмүжинг үлдээн буцсан байна. Гэвч Есүхэй буцах замдаа түүнийг отсон татааруудтай таарч хор уужээ. Уг татааруудыг Есүхэй өөрийг нь таниагүй хэмээн бодож байсан боловч Хиадын Алтан Тайчуудын Таргудайд, Таргудай эртний өст татааруудад хэл дуулгасан байсан гэдэг.
Боржигоны ноёдуудаас Таргудайд Есүхэйг хорлох үндэслэлтэй шалтгаан байсан боловч хиадууд дотроос түүнд хэл дуулгах өөрийн хүн зайлшгүй хэрэгтэй байсан ба энэ хүнийг Хутулагийн хүү Алтан хэмээдэг. Хутулагийн хүү Алтан нөгөө 2 өрсөлдөгчөөс илт хүч дутуу байсан тул илүү хүчтэй нэг овгийн Есүхэйг тайчуудын Таргудайгаар даруулах сонирхол мөн байв. Ингэвэл үлдсэн хиадууд дотор Алтан хүчирхэг болж үлдэх боломж бол байлаа.
Есүхэй хор ууж хорлогдоод үхэхийнхээ өмнө өөрийн амь сахигч зуутын ноён Мэнлигт хонгаридаас Тэмүжинг авч ирэх, цаашид өөрийн хүүхдүүдийг харж хандахыг захиад өөд болов. Есүхэйг нас барсны дараа түүний адуу Даридай харж хандаж байхаар болов. Мөн Даридай хууль ёсоор өөрийн ах Есүхэйн эхнэр хүүхдийг авах ёстой ба Есүхэйн өв хөрөнгийг тэдний ойрын хамаатнууд хуваан авах эрхтэй байжээ. Хэрэв Есүхэйн ууган хүү болох Тэмүжин эр цэргийн нас болох 13 нас хүрсэн бол эцгийн хөрөнгийг шууд өв залгамжлах эрхтэй байсан боловч хүү дэндүү балчир дөнгөж 10 настай байв.
Жамухагийн өвөг Бүр Булчиру нь татаарын дайн дараа хиадуудтай ойртох зорилгоор өөрийн хөвүүн Хар Хадаандаа Хутула хааны дүү Хулан ноёны охиныг сүйлжээ. Жадаран аймаг нь Бодончор мунхагт хүчээр ирсэн урианхай эмэгтэйгээс гарсан хүүхэд болох Жажирадайн удам тул боржигон аймагт хамаарах бөгөөд хиад, тайчуудтай эртний холбоотой гарал нэг аймаг гэж үздэг. Хар Хадаан эцгийн бодлогыг үргэлжлүүлэн 10 настай хүү Жамухыг эхийнх нь авга хиадын Их Чэрэн ноёных уруу явуулжээ.
Гэвч Жамухагийн хиадын хүрээнд ирэх үеэр Есүхэй баатар нас барсан хэцүү цаг үе таарчээ. Есүхэйг амьд байхад хиадын тэргүүн байж түүнийг Тэмүжин үе залгамжлах нь бараг ойлгомжтой байв. Гэвч Есүхэйг үхсэний дараа хиадын тэргүүн хэн болох нь тун ойлгомжгүй болж ирсэн энэ үед Жамуха Тэмүжинг сонгон нөхөрлөжээ. Гэтэл түүн үе тэнгийн Хутугту Жүрхийн хөвүүн Сача Бэхи, Сача Бэхийн дүү Тайчу, Мэнгэтү хиагийн ууган хүү Өнгүр гээд бусад хөвүүд хиадын тэргүүн болж үе залгамжлах бодит боломж гарч ирсэн хүнд хэцүү цаг үе байжээ.
Тэмүжин хонгаридаас буцан ирсний дараа эхийгээ Даридайд очихгүй байхыг ятгаж чаджээ. Ингэхдээ нэгд эцгийн туг Даридай шилжих тул хожим эрийн цээнд хүрэх үед Тэмүжин эцгийн өвийг өвлөх эрхгүй болно, 2-рт Өүлэн Даридайд очвол Мэнгэтү Хиагийн ууган хөвүүн Өнгүрийн дор Тэмүжин сууж хожим нь эцгийн туг болон хиадын тэргүүн Өнгүрт шилжих ёстой байв.
Эцгийн хөрөнгө болон цэрэг эрсийг тэртэй тэргүй алдахаас гадна тугийг алдсанаар хожим нь эрийн цээнд хүрэх үедээ эцгийн өвийг нэхэх эрхээ алдах бодит аюул байжээ. Иймээс Тэмүжин эр цэргийн нас болох 13 нас хүртэл эцгийн тугийг алдахгүй хадгалж чадвал эцгийн өвийг нэхэх эрхтэй үлдэх байв. Тэмүжин бүх хөрөнгөө алдсан ч хожмын нэр төрийг сонгон авсан юм.