2020/05/17

206. Баруун түрэгүүдийн байгуулсан Хазарын эзэнт гүрэн

Баруун Түрэгийн хүчин чадал доройтож 630 онд Тан улс мөхөөх тэр цаг үед хазарууд Хойд Кавказад орж булгаруудтай тэмцэлдэж эхэлжээ. Хазар нь баруун түрэгүүдийг нэгтгэсэн овог аймгуудын холбоо байсан бололтой. Ийнхүү 7-11-р зууны хооронд баруун зүгт Хар тэнгисийн хойд хэсэгт Хазарын эзэнт улсыг байгуулсан болно.


Баруун Туркестаныг эзэлсэн арабууд Кавказад орж ирснээр Хазарын Баланжарыг дайлав. Ийнхүү Араб-Хазарын дайн 100 орчим жил үргэлжилжээ. 737 онд арабууд Ижил мөрний адаг дахь Хазарын түшиц газар хүртэл довтолсонд Хазарын хаан ислам шашинтан болохоо амлажээ. Арабуудын довтолгоо түр зуур амжилт олсон ч Дагестаны БНУ-ын Дербентийн даваа хүрээд зогсов.


Хазарын эзэнт гүрний нутаг дэвсгэр нь Ижил мөрний адаг, Хойд Кавказаар төвлөрөн_ зүүн талдаа Урал мөрөн, баруун талдаа Днепр мөрөн хүртэл тэлж Зүүн Ромын эзэнт гүрэнтэй Крымийг булаалдан тэмцэж байв. Гэвч Зүүн Ром нь Арабын ертөнцөөс өөрийгөө хамгаалахын тулд Хазаруудыг холбоотноо болгон 732 онд Хазарын хааны гүнж Чичак, 3-р Леоны хүү Константинтай (хожмын 5-р Константин хаан) гэрлүүлж Леон нэрт хүүг (4-р Леон хаан) төрүүлжээ. Зүүн Ромын хаан варвар нутгийн бүсгүйг хатан болгон авсан нь тун ховор тохиолдол бөгөөд тухайн үед Хазаруудтай холбоотон болох зайлшгүй шаардлага гарсныг харуулдаг.


8-р зууны төгсгөл 9-р зууны эхэн үед Хазарын Булан хаан еврейн шашинд орсноор Хазар нутгийн язгууртан, жирийн иргэд гээд олон хүмүүс энэ шашинд орсон байна. Синагог (еврейн шашны сүм) байгуулан еврейн шашинтны алдартай эрдэмтдийг урин авч ирэв. Гэвч Хазарын хаан бусад шашинд хүлээцтэй хандаж ирсэн ба Хазарын эзэнт гүрний долоон шүүгчийн 2 нь “Хууль”-д (Мосегийн 5н номд) үндэслэн Хазар хүмүүсийн хэргийг, 2 нь исламын шашинтны хэргийг, 2 нь Христос шашинтны хэргийг, 1 нь бусад шашинтны хэргийг шийдвэрлэдэг байв.


Төрийн хэргийг хөтлөн явуулах ажлыг Хорезмоос гаралтай ислам шашинт иран хүмүүсээс бүрдсэн хааны торгон цэргүүд гүйцэтгэдэг байв. Хазарын эзэнт гүрэн нь Төв Евразийн баруун зүүн хэсгийг холбож байсан учраас Газар дундын тэнгис, ислам шашинтан улсуудтай хийсэн худалдаагаар ихээхэн хөгжсөн болно.


Өнөөгийн Орос, Украинд өмнөд герман (идиш хэл) аялгаар ярьдаг олон еврейчүүд суудаг ба тэднийг “ашкеназууд” буюу “скифүүд” гэнэ. Тэд эртний еврей шашинт Хазаруудтай хамааралгүй бөгөөд ашкеназууд эхлээд Польшид аж төрөн байсан ч 18-р зуунд Оросын хаант улс Польшийг нэгтгэх үед Орос, Украинд шилжин суурьшсан болно. Тэд хожим 1948 онд Палестинд Израиль улсыг байгуулсан билээ.


9-р зуун Хазарын эзэнт гүрнийг мөхөөсөн улс нь хойд зүгээс ирсэн Русь хэмээх аймаг байжээ. 12-р зууны эхээр орос хэлнээ бичигдсэн “Повесть временных лет” сударт дараах зүйлийг тэмдэглэсэн байдаг.


Хүмүүс шударга ёсыг баримтлалгүй овог аймгууд хоорондоо эвдрэлцэн, тэмцэлдэж эхлэв. Тэд хоорондоо “Биднийг нэгтгэж, хуулиар хэрэг шийдэх князийг (толгойлогч) өөрсдийнхөө төлөө олох хэрэгтэй” гэж тохироод далайн чанад дахь Русийн нутагт очжээ. Чудь (фин хүмүүс) болон словене (зүүн славян хүмүүс) хүмүүс русь нарт “Манай нутаг дэвсгэр том, баян боловч бидэнд дэг журам алга. Князь болон биднийг захирахаар морилж хайрла” гэжээ. Ингээд ах дүү гурав овгийн хамт сонгогдож бүх Русийг дагуулан ирэв. Дунд ах Синеус бага дүү Трувор нар удалгүй нас барсан тул том ах Рюрих бүх эрх мэдлийг атган Новгородод суун өөрийн албатад хот, тосгодыг хуваан оноожээ.


Рюрикийн 2 албат Аскольд, Дир нар Византид очих зөвшөөрөл аван Днепр мөрнөөр уруудан Киев хүрч полян (тал нутгийн зүүн славянууд) нарыг өөртөө нэгтгэв. Тухайн үед Киев нь Хазарын эзэнт улсад татвар төлөгч байжээ. Аскольд, Дир 2 866 онд Зүүн Ромыг дайлахаар мордож 200 хөлөг онгоцоор Византийг бүсэлсэн ч бүтэлгүйтжээ.


Князь Рюрих нас барсны дараа түүний угсааны Олег түүнийг залгамжлаад 881 онд цэрэг хөдөлгөн Киевийг эзлэн Аскольд, Дир нарыг хороон Киевийн ван болов хэмээжээ.
“Повесть временных лет” сударт дурдагдсан онц цагуудын зарим нь зөрүүтэй байдаг. Русь нарын Византийг дайлсан он 866 он биш 860 он байдаг. Гэвч уг сурвалжийн гол ач холбогдол нь зүүн славянуудыг нэгтгэн захирсан хүмүүс Скандинаваас ирсэн герман угсааны нормандууд байсан гэдэг нь тодорхой байдаг. Энэхүү гаднаас ирсэн норманд байлдан дагуулагчдыг Русь хэмээн нэрлэж, русиудын байлдан дагуулсан газрыг Орос (россия), русь нарын байлдан дагуулсан хүмүүсийг орос (россия) гэх болжээ.


Русь нар Ижил мөрнөөр уруудан Хазар нарыг байнга довтлон 965 онд Русийн Киевийн ван Святослав Хазарын гол хот болох Саркелийг эзэлжээ. Энэ цохилтын улмаас Хазарын эзэнт гүрэн нуран унасан ч хазар нар 11-р зууны сүүлч хүртэл Хойд Кавказад оршжээ. Хазарын эзэнт гүрэн унасны дараа Святославын хүү 1-р Владимир ван Зүүн Ромын эзэнт гүрэнтэй холбоотон болсноор 988 онд 2-р Василий хааны дүү Аннатай гэрлэн усан баталгаа хүртэж Христос шашинтан болжээ.


“Повесть временных лет” сударт Владимир ван дээр ислам шашинт булгарууд ирж исламын шашныг шүтэхийг ятгахад ислам шашинтан нь хозлох ёс үйлддэгээс гадна гахайн мах идэхгүй, архи уух цээртэйн ванд таалагдсангүй, германчууд ирж Ромын папыг шүтэхийг ятгасан ч бас л үл зөвшөөрөв. Хазараас еврей нар ирж шашиндаа орохыг ятгасан ч еврей нарын улс бурхны гэсгээлгийг хүртэн тарж бутарсныг сонсоод бас татгалзав. Эцэст нь Зүүн Ромоос ирсэн эрдэмтэн усан баталгаа хүртсэнээр дахин амилах боломжтой гэсэн учраас усан баталгаа авахаар шийдэж Русь нарын шүтээн онго савдгийн дүрүүдийг эвдлэн сүйтгэсэн гэдэг. Ямартай ч энэ нь Христос лам нарын гаргасан яриа байж болох ч Владимир ван Христос шашинтан болсноор Оросууд үнэн алдартан шашинтан болох эхлэл тавигджээ.


Русь нарын хүлээн авсан Христос шашин нь Зүүн Ромын үнэн алдартны шашин мөн боловч сүмийн албан ёсны хэлийг грек бус слав болгон өөрчилсөн болно. Үүний улмаас Оросын үнэн алдартны сүм хийдүүдэд слав хэлнээ орчуулагдсан грек хэлний эх сурвалжууд нь дан шашны ном судрууд байсны улмаас Грекийн соёл иргэншил уг шашныг даган нэвтэрч чадаагүй болно. Ингэснээр русь нар Зүүн Ромоос Христосын шашныг авсан ч Грек-Ромын соёлын нөлөө Русиар дамжин Зүүн Славянд огт хүрээгүй болно.


Хазарын эзэнт гүрнийг Русь нар унагаасан ч тэдний эзэмшиж буй газар нутаг Русийн гарт ороогүй болно. Хазарын дараа Печенег хэмээх түрк хэлээр ярьдаг нүүдэлчид зүүн талаас нүүдэллэн ирж хүчирхэгжин Хазар нарыг дарсан Святослав ванг 972 онд ялжээ. Пенечегүүд вангийн гавлыг алтаар бүрэн аяга болгосон гэдэг. 1036 онд Киевийг дайран ялагдсан пенечегүүд баруун тийш Дунай мөрний тэртээх Зүүн Ромын эзэнт гүрэн рүү одсоноор тэдний орыг зүүн зүгээс орж ирсэн кипчакууд эзэлжээ.


Кипчак нарын нөгөө нэр нь куман, оросоор половцы гэдэг. Сибирийн Обь мөрийн эх Алтайн нуруунаас нүүдэллэн ирсэн турк хэлтэй нүүдэлчид бөгөөд 11-р зууны эхээр Казахстаны талыг туулан баруун тийш нүүж уг зууны сүүлээр Дунай мөрөнд хүрчээ. Кипчакууд Казахстан, Хойд Кавказ, Украиныг дамнасан өргөн уудам талыг эзлэн суух болсноор уг нутгийг персээр “дашти Кипчак” буюу Кипчакын тал хэмээн нэрлэгджээ.


Кипчак нар нэгдсэн төргүй олон оовог аймгийн холбоо байсан бөгөөд овог аймгуудыг тус тусын каган нар удирдана. 11-р зууны төгсгөлөөс кипчакууд Зүүн Ром, Мажаар, Русийг байнга довтлох болжээ. 1185 онд Русийн Новгородын 2-р Игорь ван кипчакуудад ялагдан олзлогдсон тухай “Игорийн хорооны цэрэглэсэн тууж”-д дүрслэн бичсэн байдаг.


Кипчакууд ч Русиуд ч нэгдмэл улс болж чадаагүй өвөр зуураа тэмцэлдсээр 13-р зуунд зүүн зүгээс ирсэн Монголчуудад залгиулах болно.