Маш олон нүүдэлчид Хятадад төр улс байгуулсан ч бүгд нүүдэлчин маягаа хаян суурин маягийн төрт улсуудыг байгуулж ирсэн болно. Тэд юуны түрүүнд нийслэл хотыг зарлан түүнд суурин болж суурьшин тэндээсээ суурин иргэдийг удирдаж иржээ. Энэ дэгийг хамгийн анх эвдсэн улс нь Хятан улс болно. Тэрээр Хятадыг эзлэнгүүтээ нүүдэлчин маягаа хаясангүй, нүүдэлчин ба суурин иргэдийг 2-уланг нь удирдаж хаан, түүний ойр төрлүүд, язгууртнууд эзэнт улс дотроо нүүдэллэн амьдарч байсан байна.
Хятанчуудын Хятадыг удирдах энэ арга нь хожим Монголын эзэнт гүрэнд өвлөгдөн үлдсэн болно. Мөн Хятан нарын үед нүүдэлчдийн улс давамгайлан хятадын газар нутгаас шууд эзэмших болж (өмнө нь эзлэн аваад түүнд шилжин суурьшдаг байснаа больж) Хятадыг сулруулж эхэлсэн байна. Хятадууд газар нутгаа нүүдэлчдэд алдах процесс цаашид үргэлжилж сүүлдээ Монголын эзэнт гүрэнд залгиулснаар нүүдэлчдэд газар нутгаа бүрэн алдсан болно. Хятан нар Бээжинг Хятадыг удирдах түшиц газраа болгосон ба олон улсуудын хилийн зааг дээр орших Бээжин чухам эдгээр он жилүүдээс хөгжин мандаж эхэлжээ.
Түрэг, Уйгарын эзэнт гүрнүүд мөхсөнөөс хойш удалгүй 875 онд Хятадад Хуан Чаогийн бослого дэгдэв. Хуан Чао нь Хэнанийн хятад бөгөөд босогчдыг удирдан Хуабэйгээс Хуажун хүртэл байлдан 880 онд Лоян, дараа нь Чананийг (Си Ань) довтлон Тан улсад хүнд цохилт өгөөд өөрийгөө Да Чи улсын хуанди хэмээн зарлажээ. Гэвч Тан улсад урвасан хятад жанжин Жү Цюаньжун, түрэг жанжин Ли Кэюн нар гэдрэг дайран 884 онд Хуан Чао амь үрэгджээ.
Ли Кэюн нь Өвөр Монголд нүүдэллэн аж төрж байсан түрэг угсааны Шато овгийн хүн бөгөөд эцэг нь Тан улсаас Датунгийн цэргийн захирагчаар томилогдож байжээ. Хуан Чаогоос урвасан Ли Кэюн Чанань хотыг 883 онд булаан авч Тан улсад дэмжлэг үзүүлснээр Хуабэй дахь Шаньсигийн өндөрлөгийг эзэмших эрхтэй болжээ. Ингээд Хуабэй дэх Шаньсигийн өндөрлөгт бэхэжсэн Шато түрэгийн цэргийн жанжид Хэнанийн талыг эзэгнэсэн Жү Цюаньжунгийн цэргийн жанжидтай сөргөлдөх болсон байна.
907 онд Жү Цюаньжун нь Тан улсын сүүлчийн хааныг хөөн өөрийгөө хуанди хэмээн өргөмжилж Хэнанийн Кайфэнд нийслэлээ байгуулснаар Хожуу Лян улс үүсжээ. Энэ нь Таван төр хэмээх цаг үеийн эхлэл байсан бөгөөд Сяньбигийн Тан улс мөхөн 600 жилийн дараа Хуабэйд Хятадын төр улс үзэж болох ч хятадын төр хятад хүний гарт буцан ирээгүй болно. Үүнээс 16 жилийн дараа 923 онд Ли Кюэнийн хүү Ли Цүншү Кайфэнг дайран эзэлж, Хожуу Лян улсыг мөхөөн Лоянд Хожуу Тан улсыг байгуулснаар Хуабэй түрэгүүдийн гарт оров.
Түрэгүүд Хятадыг эзэгнэж байх үед Монголын өндөрлөгт зүүн зүгээс хятан нар орж ирж улсаа байгуулав. Хятан нар нь Их Хянганы нурууны зүүн бэлээр нутаглан амьдарч ирсэн нүүдэлчид бөгөөд тэдний нэр 5 ху 16 ханлигийн самуунд оролцсон 1 нүүдэлчид хэмээн анх тэмдэглэгджээ. 10-р зууны үеийн Хятан нарын домогт өгүүлснээр эрт цагт цагаан морьтой эр Рооха мөрнийг (Ляо голын эх) даган уруудаж ирээд саарал үхэр хөллөн Шар мөрөнг уруудан ирсэн бүсгүйтэй 2 голын бэлчир Мүе уулнаа учирч ураг барилдсанаар хятан нарын өвөг дээдэс болсон хэмээн өгүүлдэг. Тэднээс 8 хөвгүүн мэндэлсэн нь Хятангийн 8-н овгийн дээдэс болжээ.
Мүе уул нь Ляонин, Жилинь мужийн хил дээр оршдог бөгөөд Сүйгийн Янди, Тангийн Тайзун нарын үед Корёгийн вант улсыг довтлох цэргийн зам болж байв. Хуандигийн цэргийн бааз өнөөгийн Бээжинд байгуулагдаж, тэндээс Хятан нарын нутгаар дамжин Ляо голын тэртээх Корёгийн хилийг зорьдог байв. Монгол, Манж, Хуабэйгийн уулзвар дээр орших Бээжин нь стратегийн чухал хот болон хөгжиж эхэлсэн нь энэхүү Корёгийн дайралтаас хойш болсон болно. Тан улсын үед Бээжин нь зүүн хойд хилийн хамгаалалтын түшиц газар байсан учраас Ань Лушань Бээжинд төвлөрч бослого дэгдээсэн болно. Тиймээс Тан улсын цэргийн дотор Ань Лушань, Ши Сымин нар шиг согд түрэг хүмүүсээс гадна хятан нар олноор байв.
Хятан нарын овог аймгийн холбоо нь 3н жил 8н овгийн тэргүүн нар ээлжлэн ванд сонгогдож удирддаг байсан боловч Елюй Амбагай (Тайзу)-н үед бүх овгийг нэгтгэн, хаан ширээнд үргэлжид суух болж 916 онд хуанди хэмээн өөрийгөө нэрлэн Хятан улсыг байгуулав. Энэ улсыг Хятан гэхээс гадна уугуул нутгийн голын нэрээр Ляо хэмээн бас нэрлэдэг. Хятан нар Ляо улсыг байгуулах үед баруун тал Өвөр Монгол, өмнө тал Хуабэйг Шато түрүгүүд захирч байв. Тиймээс Амбагай тийш зүглэлгүй баруун хойд зүг Монголын өндөрлөг тал нутгийг зорьж 924 онд өөрийн цэргээ удирдан Орхоны хөндийд Уйгарын нийслэл Орд балыкын балгас хүрч, тэндээсээ урагшлан говийг туулж Ганьсү дэх уйгаруудыг довтлов.
Үүнээс 2 жилийн дараа Амбагай хаан Манжуурын Бохайгийн вант улсыг довтлон мөхөөгөөд харих замдаа нас барснаар түүний түүний 2 дахь хүү Дөгуан (Тайзун) залгамжлав. Тайзун 928 онд Монголын өндөрлөг дэх Хэнтий нурууны татаруудыг довтлон ялаад тэнд хятан цэргүүдийг суулгав. Тэр нутгийн татаруудыг хятан нар “Няогү” хэмээн нэрлэдэг байв.
Энэ үед Хожуу Тан улсын дотоодод Тай Юаний Шато түрэгүүд Лояны хааны эсрэг тэмцэх болж 936 Тай Юаний түрэг угсаатан Ши Жинтан тусгаар болсноо зарлан Хятантай холбоотон болов. Тайзун хаан хятан цэргээ дагуулан ирж Ши Жинтаныг дэмжсэнээр Ши Жинтан Лояныг эзлэн Хожуу Тан улсыг мөхөөн Хожуу Жинь улсыг байгуулав. Тайзун хаан дэмжлэг үзүүлснийхээ шагналд Шаньсигийн хойд талаас Хэбэйгийн хойд хүртэл Янь Юаний 16 мужийг эзэмших болж жилдээ 300 мянган хуй торго авч байхаар болжээ.
Ингэснээр Хойд зүгийн улсууд Хятадад нэвтрэх хаалга болох Бээжин, Өвөр Монголыг бүхэлд нь эрхшээлдээ оруулснаар Хятад өөрийн газар нутгаасаа алдан суларч эхэлсэн болно. Энэ сулралт улам бүр явагдсаар Монголын эзэнт гүрний үед бүхэлдээ залгиулжээ.
Хожуу Жинь улсын хуанди Ши Жинтан Лоянаас Кайфэнд нийслэлээ шилжүүлснээр Кайфэнийн хуанди Тай Юаний болон Шато түрэгүүдийн хооронд тэмцэл өрнөснийг далимдуулан Тайзун хаан 946 онд цэрэглэн Кайфэнийг довтлон Хожуу Жинь улсыг мөхөөв. Ингэснээр Тай Юаний түрэг угсаатан Лю Жиюань хуанди болж Кайфэнд Хожуу Хань улсыг байгуулав. Гэвч 4 жилийн дараа Хожуу Хань улсыг Ли Жиюанийн шадар хятад хүн болох Гүо Вэй булаан авснаар Хожуу Жоу улсыг байгуулав. Ийнхүү Хуабэйгийн тал нутагт ноёлсон Шато түрэгүүд суларч улмаар мөхжээ. Тай Юаньд Шато түрэгийн Умард Хань улс үлдсэн боловч энэ нь Хятан улсын түшмэг хараат улс байжээ. Ийн түрэг нар Хятадыг нийт 28 жилийн хугацаанд захирсан болно.
Кайфэнгийн хятадуудын Хожуу Жоу улсын төрийн эрхийг 960 онд хятад угсааны Жоа Куанъинь (Сүн улсын Тайзу) булаан авч Сүн улсыг байгуулав. Сүн улс юуны түрүүнд өмнөд Хятадыг өөртөө нэгтгэжээ. Тайзуг түүний дүү Тайзун залгамжлан өмнөд Хятадыг нэгтгэн дуусах үедээ 979 онд Тай Юанийг довтлон Умар Хань улсыг мөхөөн тэр эрчээрээ Бээжинг довтолсон ч Гаолян голд Хятан цэрэгт цохиулан хуанди нь арай хийн амьд гарчээ. Ингэснээр Хятан нарын мэдлийн Янь Юань 16 мужийг эргүүлэн авч чадсангүй.
928 онд Хятангийн Шэнзун 12 насандаа хаан суухад түүний эх Чэнтиэн хатан төрийн эрхийг гартаа авч Монголын өндөрлөг рүү цэрэг илгээн Хэнтий нурууны баруун талаар нутаглах татар нарыг цохин 1000 он гэхэд тэр нутгийг бүрэн эзлэв. Энэ нутгийн татаруудыг хятан нар “Зүпү” хэмээн нэрлэж байв. Хятан Монголын өндөрлөг хэсгийг захирах түшиц газраа болгон 1004 онд Туул голын эрэг дээрх уйгаруудын байгуулсан Хатан балгасын ор суурин дээр Жэнжоу Жиэньань хэмээх цэргийн бэхлэлт байгуулжээ.
Мөн онд буюу 1004 онд Чэнтиэн хатан Шэнзун хааныг дагуулан Хуабэйд нэвтэрч Сүн улсын нийслэл Кайфэнг довтлов. Хятан нарын цэрэг Шар мөрний хойд эрэг Шаньжоуд хүрэх үед тэдний хүчнээс айсан Сүн улсын хаан Жэнзун найрамдах санал тавин Жэнзун Шэнзун нар ах дүүс бололцож, Сүн улс Хятанд жилдээ 200 мянган хуй торго, 100 мянган лан мөнгө өгч байхаар гэрээ байгуулжээ. Үүнээс хойш Хятан улс мөхтөл 120 жилийн турш энэ гэрээ тогтвортой үргэлжилсэн болно.
Хятан улсын тогтолцоо нь нүүдэлчдийн зохион байгуулалтыг хятад маягийн суурин иргэдийн тогтолцоотой нэгтгэснээр өмнөх нүүдэлчдийн улсаас ялгаатай байв. Энэхүү нүүдлийн аж ахуй, суурин иргэншлийг хослуулсан Хятан нарын тогтолцоог хожим Монголын эзэнт гүрэн шууд авч ашигласан болно.
Хятанчууд “Таван нийслэл” хэмээх 5 хотыг голлох 5н үндэстний төв тус тус байгуулжээ. Хятан нарын төвд Дээд нийслэл Линьхуанфү (Өвөр Монголын Жао-Үда аймгийн (өнөөгийн Улаанхад хот орчим) Баарин зүүн хошуу), хятан нартай адил нүүдэлчид болох татаб нарын нутгийн төвд Дунд нийслэл Дадинфү (Улаанхад аймгийн Нинчин тойрог), Бохай нарын нутагт Зүүн нийслэл Ляояньфү (Ляонин мужийн Ляоян), хятадуудын нутагт Өмнөд нийслэл Сижинфү (Бээжин), Шато түрэг нарын нутагт Баруун нийслэл Датунфү (Шаньси мужийн Датун)-г байгуулжээ.
Хятан улс дахь нүүдэлчдийг овог аймагт, суурин иргэдийг муж, тойрогт хуваав. Төрийн захиргааны хувьд нүүдэлчдийг хариуцсан өмнөд түшмэл, суурин иргэдийг хариуцсан умард түшмэлийг томилжээ. Хятаны хааны эзэмшил нутгийг “Орд” хэмээн нэрлэнэ. Хааныг нас барсны дараа эдгээр ордууд нь тус тусдаа оршсоор байна. Мөн хуандигийн суудаг өргөө, түүнд үйлчлэх албатуудыг хамруулан орд гэнэ. Хаан яг л нүүдэлчин мэт ямар ч хотод суурин суулгүй өөрийн ордыг аван өвөл, хавар, зун, намар тусгайлан тогтоосон газруудаар нүүдэллэн аж төрнө.