2020/05/17

401. Хятан улсын дараах нүүдэлчид дундаас Монгол гарч ирсэн нь

Хятан улсыг 1125 онд зүрчидүүд мөхөөв. Зүрчид нь тунгис язгуурын хэлээр ярьдаг гөрөөчин иргэд. Ляо гол (Ляонин муж), Нэнь мөрөн (Хэйлунзян муж)-нөөс зүүн тийш ой тайгад аж төрөн, Хятан улсад харьяалагдаж татвар төлдөг байжээ. Тэдний Ваньянь овгийн удирдагч Агуда (Алтан улсын Тайзу) 1115 онд тусгаар улс хэмээн зарлаж Алтан улсыг байгуулжээ.


Ваньянь овгийн төрөлх нутаг Харбин хотын зүүн өмнөд талын Аньчуху голын бэлчир бөгөөд “аньчун” хэмээх үе нь зүрчидээр алт гэсэн утгатай учраас улсаа Алтан улс хэмээн нэрлэв. Зүрчидүүд 1125 онд Хятан улсын сүүлчийн хааныг Өвөр Монголд олзлон авснаар Хятан улсыг мөхөөжээ.


Зүрчидүүд улмаар Сүн улсад довтлон жилийн дараа Кайфэнийг эзэлж, Сүн улсын Хуйзун, Циньзун нарын эцэг хүү хаадыг олзлон авснаар Хуабэйгийн газар нутаг Хуай гол хүртлээ Алтан улсын мэдэлд оржээ. Циньзун хааны дүү Гаозун өмнөд Хятадад зугтан очиж 1127 онд өөрийгөө хуанди хэмээн өргөмжилснөөр энэ үеэс хойших Сүн улсыг Өмнөд Сүн улс хэмээх болжээ.


Зүрчидүүд Хятан улсын эзлэн байсан Өвөр Монголыг тэр чигээр нь эрхшээсэн боловч Монголын өндөрлөг тал нутгийг эзэлж авч чадсангүй. Иймээс Монголын өндөрлөг тал нутагт Хятаны хааны удмын Елюй Даши 1124 онд Туул голын бэлчир дэх Жэнжоу Жиэньань бэхлэлт Хаан Балыкт 7 мужийн хятан, 18 нүүдэлчин аймгуудыг цуглуулан хаан суужээ.


Елюй Даши баруун зүгт хөдлөн Казахстаны баруун талын Балхаш нуурын өмнөд Чу голын эрэг дээрх Баласгун хотыг эзлэн тэндээ төвлөрөн суух болсон байна. Елюй Дашигийн байгуулсан энэ улсыг Хар Хятан (Баруун Ляо) хэмээн нэрлэнэ. Хятаны хааныг Гүр хаан, хааны өргөөг Гүз орд хэмээдэг бөгөөд хааны ордыг морьтой хүн бүтэн тойроход үүр цайхаас эхлэн үд хүрдэг тийм том хэмжээтэй байв.


Баласагунд Хар Хятан нарыг ирэхээс өмнө 10-р зуунаас хойш ислам шашинт, турк угсааны Карахант улс оршин байжээ. Энэ улсад анх удаа турк хэлийг араб үсгээр тэмдэглэх болсноор 1069-1070 онд Юсуф Хасс Хаджибын “Кутадгу билэг” (Аз жаргалын билэг) хэмээх хаант төрийн баримтлах зарчмыг сургасан турк хэлний анхны утга зохиолын бүтээлийг гаргасан байна.


Буддын шашинт Хар Хятан Карахант улсыг залгамжилснаар Төв Азийн исламын шашинтнуудыг захиргаандаа оруулсан болно. Хятан нар хятад маягийн суурин иргэншлийг захирах нүүдэлчин маягийн улсын зохион байгуулалтыг анх нэвтрүүлсний адил исламын шашинт улсуудыг нүүдэлчин маягаар удирдах арга механизмыг ч үлдээсэн нь Монголын эзэнт гүрэнд эдгээр улсуудыг удирдах бэлтгэл нь болж өгсөн болно.


Зүрчидийн байгуулсан Алтан улс нь Хятан нарын үлдээсэн тогтолцоог тэр чигээр нь уламжлан авав. Эзэнт улсын өмнөд нийслэл нь Сүн улсаас эзлэн авсан хуабэйгийн хятадуудын газар нутаг бөгөөд худалдаа арилжаа өргөн дэлгэрсэн нутаг байв. Гэвч Алтан улсын мэдэлд Хуабэйгийн зэсийн уурхай байхгүй газар нутаг байсан учраас зэс ховордож, зэс зоосны нийлүүлэлт цаг ямагт багасаж иржээ. Зэс багассан учраас Алтан улс мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа арилжааны өөр хэрэгсэл болох вексель гаргасан байдаг. Үүнийг Монголын эзэнт гүрэн залгамжлан авч дэлхий дахинаар тарааснаар дэлхийн эдийн засгийг үндсээр нь өөрчилсөн болно.


Хар Хятанчууд Ар Монголын өндөрлөг хэсгийг орхин Казахстаны зүг нүүн явснаар энд нүүдэлчин овог аймгууд эзэгнэн суурьших болжээ. Алтан улс эдгээр овог аймгуудыг бүгдийг нь дайлан эзлэхийг гол болгоогүй ч тэдний зүгээс учруулах байнгын довтолгоог зогсоохын тулд төв хэсгийн нүүдэлчдийг өөртөө татан холбоотноо болгосноор хил дагуух нүүдэлчдийг 2 талаас нь хавсайдан цохих бодлогыг баримталжээ.


Алтан улсын ийм холбоотон нь Хэрэйдийн ван хаан Тоорил, ван хаан Тоорилд хүчин зүтгэдэг хүмүүсийн нэг хожим Чингис хаан болон өргөмжлөгдсөн Тэмүжин байлаа. Монгол хэмээх угсаатан нь өнөөгийн Сибирь, Өвөр Монголын зүүн хэсгийн хил даган урсах Аргун голын нүүдэлчид бөгөөд 7-р зуунд анх удаа түүхэнд тэмдэглэгджээ. 1084 онд Монголчуудын нэр дахин тэмдэглэгдсэн нь тухайн онд “Алс холын Монгол улс”-ын элч Хятан хааны ордонд очсон мэдээ байлаа.


Чингис хааны ургийн домгоос түүний 6 дахь үеийн өвөг Хайду болно. Хөрш Жалайр аймаг тэднийг довтлон, мал сүргийг нь булаан, хүйс тэмтрэн устгахад балчир хүү Хайду овоолготой түлээн дотор нуугдан амьд гарав. Баргын нутагт хүргэн орсон авга ах Начин нь эргэн ирж Хайдуг олоод дагуулан Баргад оджээ. Хайдуг эрийн цээнд хүрмэгц Начин Баргужин хөндийн иргэдийг цуглуулан Хайдуг эзэнд өргөмжилжээ. Хайду өөрийн албатуудаа дагуулан Жалайрыг байлдан эзэлжээ.


Хайдугийн нэр алдар түгэн дэлгэрч Баргужин голын хөвөөнд модон  гүүр тавьснаар 4-н зүгээс овог аймгуудын хүмүүс олноор ирж нэгдэв. Хайдугийн жич Хабул нь Монголын анхны хаан суусан бөгөөд Хабулын ач Есүхэй, Есүхэйн хүү Тэмүжин болно. Баргужин гол нь Байгаль нуурын зүүн талаас цутгадаг голын нэр, тэнд аж төрдөг нүүдэлчид болох баргачууд нь өнөөгийн Буриадуудын өвөг дээдэс болно.


Жалайр аймаг нь тэндээс урагш Онон мөрний хөндийгөөр нутагладаг байсан учраас Монголчууд 11-р зууны үед Байгаль нуурын зүүн талаар нутаглаж байгаад урагш нүүн Хэнтий нурууны зүүн тал Онон, Хэрлэн голын бэлчрээр тархан суурьших болжээ. Чингис хааны уг гарвал болох Хиад овог нь Монгол овог аймгуудын хамгийн баруун зах болох Хэнтий нуруугаар нутаглаж, баруун талаад Хэрэйд аймагтай хиллэж байв. Хэрэйдийн ван Тоорил дотоодын үймээнээр ван суудлаа алдан цөөн цэргийн хамт Есүхэйд дүрвэн очиход Есүхэй цэрэг гарган тусалж ван суудлыг нь эргүүлэн авч өгснөөр тэд анд бололцжээ.


Есүхэйг нас барахад түүний хүү Тэмүжин хэт балчир үлдсэн ба Тэмүжиний үйл хэрэг түүхэнд тодорхой болж эхлэх нь 1195 оноос болно. Уг онд Алтан улсын холбоотон болж хойд талаас нь Алтан улсын хил орчмын нүүдэлчдийг цохих үүрэгтэй нүүдэлчдийн дотор Монгол аймгийн Тэмүжин оролцож Алтан улсын цэргийн жанжнаас зуутын даргаар шагнуулсан мэдээ болно. Энэ үйл явдал түүхэнд тэмдэглэгдсэн нь бичиг үсэггүй Монгол аймаг бичиг үсэг бүхий Хэрэйд улсын хооронд холбоо харилцаа тогтсонтой холбоотой болно. Монгол овог аймагт бичиг үсэг байгаагүй учраас үүнээс өмнөх Тэмүжиний үйл хэрэг, төрсөн он бүгд тодорхойгүй болно.


Мөн онд Хэрэйд улсын дотор самуун гарч эвдрэлцэн, уг самуунд Алтайн нурууны чанад дахь Найман аймаг оролцсоноор Тоорил хааны дүү Жаха Хамбу хөөгдөн тэдний зүүн хөрш Хэнтий нуруугаар нутаглан байсан Тэмүжинд дүрвэн очжээ. Тоорил хаан өөрөө Тангуд улс, Тэнгэр уулын Уйгар улсаар дамжин Хар Хятанд хүрч дэмжлэг хүссэн боловч дэмжлэг авч чадалгүй 1196 онд Тэмүжинг зорьж хүрч очжээ. Тэмүжин эцэг Есүхэй Тоорил хаантай анд бололцож байсан учраас түүнийг эцгээ хэмээн үзсэн нь түүний албат болсон хэрэг байлаа.


Ийнхүү эцэг хүү бололцсон Тоорил, Тэмүжин нар хамтран Алтан улсыг эсэргүүцэгч овог аймгуудыг байлдан эзэлж эхэлжээ. Алтан улсаас Тоорил хаанд Ван цол шагнасан учраас Ван хаан хэмээн нэрлэдэг. Ийнхүү Хэрэйдийн Ван хаан, Монголын Тэмүжин нар 1202 онд хүч хавсран Монголын өндөрлөг дэх овог аймгуудыг үндсэнд нь өөртөө нэгтгэв.


Гэвч амжилтад хүрсний дараа энэ 2-ын хооронд хагарал гарч 1203 оны хавар Ван хаан Тэмүжинг гэнэт довтолжээ. Тэмүжин хойш буруулж Онон голын Балжун нууранд төвхнөж байгаад намар нь Ван хааны өргөөг гэнэдүүлэн довтолж эзэлжээ. Ван хаан зугтан Найман улсад нэвтрэхийг оролдох үедээ хилийн харуулд алагджээ. Ийнхүү 200 жилийн түүхт Христос шашинт Хэрэйдийн ханлиг мөхөж, Монголын Тэмүжин цор ганц удирдагч болжээ.


1204 онд Найманы Таян хаан Монголын өндөрлөгт баруун талаас нь цөмрөн орж ирсэн ч Орхон голын эрэгт болсон тулаанд монголчуудад цохигдож Таян хаан амь үрэгджээ. Таян гэдэг нь Алтан улсаас олгосон Да ван хэмээх цолны монголчилсон хувилбар болно. Тэмүжин зүүн тийш довтлон Татаар аймгийг эзэлснээр Монголын өндөрлөг дэх Алтан улсын хилийн гаднах бүх нүүдэлчид Тэмүжиний тугийн дор нэгдэв. 1206 оны хавар Хэнтий нурууны Онон голын эхэн бэлчирт Тэмүжинг Чингис хаанд өргөмжилсөн нь Монголын эзэнт гүрэн байгуулагдаж дэлхийн түүх шинээр мэндэлсэн агшин байжээ.