2020/05/17

402. Христос шашны нөлөөгөөр нүүдэлчид арамей үсгийг хэрэглэсэн нь

Хятан Сүн улсууд найрамдлын гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дараа Христос шашин Монголын өндөрлөгт нэвтэрч эхэлжээ. Монголын өндөрлөг тал нутагт Хятан нарын байгуулсан Жэнжоу Жиэньанийн цэргийн бэхлэлт нь Туул голын бэлчирт Татаарын Хэрэйд аймгийн нутагт байв. Нэгэн өдөр Хэрэйдийн ван уулнаа төөрч итгэл найдвараа алдах мөчид нэгэн гэгээнтэн гарч ирэн “Хэрэв Исүс Христэд итгэхийг хүсвэл чамайг зовлонгоос чинь ангижруулж зам зааж өгсү” хэмээснээс болж ван Христос шашинг шүтэхээ андгайлжээ.


Ван харьсны дараа Мервийн (Туркмений БНУ-ын Мары) нестор урсгалын Христос шашны архиепископт захидал илгээн усан баталгаа хүртээх лам илгээвэл 200 мянган хүн усан баталгаа хүртэхэд бэлэн хэмээн дурджээ. Мервийн архиепископ Багдадын тэргүүн архиепископт энэ тухай мэдэгдэж түүний зааврын дагуу лам нарыг илгээн 1007 онд хэрэйдүүдэд усан баталгаа хүртээжээ. Энэ тухай сири хэлээр бичигдсэн христийн сүмийн түүхэнд бичигдсэн болно.


Христос шашныг даган шашны ном судар орж ирсэн бөгөөд нестор урсгалын Христос шашны судрыг арамей үсгээр тэмдэглэдэг байв. Христос шашин нүүдэлчдийн дунд дэлгэрэх үед арамей үсгийг нүүдэлчид авч хэрэглэсэн ба арамей үсгийг турк хэлнээ хэрэглэгдэн уйгар үсэг болж, уйгар үсэг нь 1204 оны Чингис хааны зарлигаар монгол хэлнээ хэрэглэн монгол үсэг болж, монгол үсэг нь 1599 онд Чин улсыг үндэслэгч Нурхач баатрын зарлигаар манж хэлнээ хэрэглэгдэн манж үсэг болжээ. Ийнхүү 1007 онд Хэрэйдийн ван Христос шашинд орж усан баталгаа хүртсэн нь нүүдэлчид дунд авиа тэмдэглэх үсэг дэлгэрэхэд хүргэсэн байна.


Христос шашин Хэрэйдээс гадна Өвөр Монгол дахь Онгуд аймагт дэлгэрч энэ 2 аймаг үүнээс хойш 200 гаруй жилийн турш Монголын өндөрлөг дэх Христос шашинт ханлиг болон хөгжсөн байна. Хожим Юань гүрнийг үндэслэсэн Хубилай хааны эх Сорхагтани бэхи нь Хэрэйдийн Ван хаан үеэл охин, Христос шашинтан байв. Юань гүрний үед Ганьсүгийн (Ганьсү мужийн Жан-Е тойрог) Христос шашны сүмд Сорхагтани бэхийн дурсгалын самбарыг тахиж байсан байдаг.


Христос шашинт нүүдэлчдийн нөгөө нэг ханлиг болох Онгуд нь Шато түрэг нарын үр хойчис болно. Тэд Өвөр Монголын баруун хэсгийн Иньшань нурууны ойролцоо нүүдэллэн амьдарч, Хятан улсын баруун өмнөд хилийг сахидаг байв. Тэдний өмнөд хөрш нь Шар мөрний эхийн дагуу өнөөгийн Нинсягийн Уйгар нарын Өөртөө Засах орны газар нутагт оршин байсан Тангудын Баруун Ся улс байлаа.


Тангуд нь Сычуанийн баруун хойд тал, Түвэдийн хилийн уулархаг нутгаас гаралтай нүүдэлчид бөгөөд Тангудын хааны овог нь Табгач болно. Энэ нь Сяньбигийн Умад Вэйгийн хаадын овогтой адилаас харахад уг гарал нь сяньби нар бололтой. 8-р зууны Ань Лушанийн хөдөлгөөний дараа Тан улсын хил хязгаарыг сахиулах зорилгоор Тангуд нарыг Нинсяд суулгажээ.


883 онд Хуан Чаогийн босогчдын цэргээс Чананийг буцаан авахад Тангудын Табгач Сыгун онцгой гавьяа байгуулсан учраас Тан улсын хааны Ли овгийг хэрэглэх, Ся улсын эзэн цол хүртэж, бие даасан цэргийн эрхтэн болжээ. Гаолян голын тулалдаанд Хятан улс Сүн улсыг ялахад Ся улсын эзэн Ли Жичиэн тусгаар болохоо зарлан Хятантай холбоотон болж 990 онд Хятаны Шэнзун хаанаас Ся улсын ван цол хүртжээ. Ийнхүү Тангудын Баруун Ся улс байгуулагдаж Ли Жичиэний ач Ли Юаньхао 1038 онд Их Ся улсын хуанди цолыг хэрэглэн Иньчуаньд нийслэлээ байгуулсан болно.