2020/05/17

403. Зүрчидийг дэмжигч Монголчуудын холбоо

12-р зуунд нэгэн том гай нөмөрсөн нь зүрчид нар хүчирхэгжиж тэднийг тогтоон барихуйяа бэрх болов. Эртний хүчирхэг Кидан гүрэн /Ляо улс/ зүрчидийн хоол болон мөхөж түүний үлдэгдэл нь Хар Кидан нэрийн доор улс ч үгүй, албат ч үгүй Елюй Дашийг даган бэрэн тэнүүчилж байлаа. Тэднээс үсэрсэн оч Найманы Ининч-ханы дор зүрчидийн эсрэг нүүдэлчдийн холбоог эмхэлж, ихэнх нүүдэлчдийг ямартай ч зүрчидийн эсрэг чиглүүлж дөнгөв. 


Гэвч Хэрэйдийн Тоорил-хан хэмээх маш сонин намтартай хүнээс болж энэ холбооны эсрэг хэдий сулхан ч Монгол-Хэрэйдийн холбоо байгуулагдлаа. Энэ үед монголчуудын олонх нь тайчууд нэрээр Найманы холбоог түшсэн бол цөөнх нь Тэмүжинг даган энэ холбооны эсрэг зогсож байв. Тэмүжинг дагасан хэсэг дотор ч зүрчидийн эсрэг чиглэсэн энэ холбоог зөв хэмээн үздэг хэсэг байсан нь хатуу ширүүн цээрлэл үзэн мөхсөн эрэлхэг зоригт Жүрхэн нар юм. Хэрэйд дотор ч шашин нэгт, зорилго нэгт найман нарыг дэмжсэн томхон хүч байлаа. Тиймээс хэдий жижигхэн ч Найманы эсрэг Тоорил-хан-Тэмүжиний нэгдсэн холбоо бодитой оршин байж уг хүчирхэг холбоог үгүй хийж чадсан сонирхолтой түүхээс энд өгүүлэх болно.


Хятад түшмэл нарт идэгдсэн Кидан улс сөнөн мөхөж зүрчидийн хоол болсноор түүний үлдэгдлийг Елюй Даш дагуулан Хар Кидан улсыг байгуулан нүүж явлаа. Елюй Дашийн өшөөт дайсан нь зүрчидүүд байсан ч тэрээр түүний эсрэг дорвитой тэмцлийг өрнүүлж чадаагүй юм. Энэ үед түүхэнд нэгэн чухал үйл явц болж байсан нь зүрчид нар урьд хожид байгаагүйгээр хүчирхэгжиж Алтан хэмээн улс байгуулан тогтоон барихад тэсэхүйеэ бэрх болж ирэв. 


Тиймээс тал нутгийн нүүдэлчид тэдний эсрэг холбоог байгуулан тэмцэж эхэлсэн бөгөөд энэхүү холбоо нь Алтан улсыг ямартай ч тогтоон барихад хүрэлцэхүйц хүчирхэг байсан боловч Алтан улс Хятадыг эзлэх аян дайндаа орооцолдон гацсан аятай үед тэд эвлэлдэн нэгдэж зүрчид нарыг шийдвэртэй эсэргүүцэж чадалгүй эе эвдэрчээ. Одоо энэ үйл явц хэрхэн болсон тухай дэлгэрүүлэн ярих болно.


Тал нутаг дахь нүүдэлчид дундаас Хэрэйд гоц ялгарна. Хэрэйд тэднээс бүр эрт 1007-1008 онд нестор-загалмайн шашинд орсон ч Хэрэйдийн талаар 12-р зууныг хүртэл түүхэнд өгүүлсэнгүй. Тэд хэн байв? Түүхэн сурвалжид хамгийн анх Хэрэйдийн Буюрук хан хэмээх цол хэргэмтэй Маркуз тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд Хабул ханыг үхсэний дараа зүрчидтэй хийсэн нүүдэлчдийн тэмцлийг нэг хэсэг Маркуз толгойлсон байдаг. Маркузын амьдрал маш эмгэнэлтэй төгссөн бөгөөд түүнийг татарууд олзлон зүрчидэд тушаан, зүрчидүүд модон илжгэнд хадаж тамлан алсан хэмээдэг. Энэ үйл явдал 12-р зууны 50-иад оны үед болжээ.


Ямартай ч Хэрэйд өөрсдийгөө монголчуудын ойр төрөл хэмээн үздэг байжээ. Маркуз 2 хүүтэй байснаас Хурчахус-Буюрук хан нь Хэрэйд улсыг захирч нөгөө хүү нь гурхан цолтой байсныг бодвол Монгол-Хэрэйдийн нүүдэлчдийн аймгуудын холбоог толгойлж байсан бололтой. Хурчахусын үед монголчуудыг Хутула хаан толгойлж байв. 


Хурчахус 1171 оны үед өөд болоход түүний хүү Тогрул /Тоорил/ хаанд өргөмжлөгдсөн боловч хаан ширээнд суухдаа өөрийн авга нараас цаазлан хороосон тул гурхан цолт авга нь түүнийг хаан ширээнээс буулган хөөж орхижээ. Хөөгдсөн Тоорил тэр үеийн монголчуудыг толгойлж байсан Есүхэй баатраас тусламж гуйхад тэрээр туслан хаан ширээг нь буцаан авч өгөхөд гурхан авга нь говь уруу зугтан Тангуд улсаас газар гуйн тэндээ суурьшжээ.


Тоорилын намтар ч маш эргэлзээтэй. Тэрээр 7н настайдаа мэргидэд олзлогдон гэрийн зарц хийн будаа нүдэж амьдарч байв. Тоорилын эцэг мэргид рүү довтлон түүнийг олзноос чөлөөлжээ. Гэвч зургаан жилийн дараа татаруудад олзлогдон эхтэйгээ хамт тэмээ хариулж явжээ. Энэ удаа харин өөрөө оргон босож нутагтаа ирсэн байна. Хан хүү ийнхүү олон дахин дайсанд олзлогдож байсан нь Хэрэйд тийм ч чанга хатуу дэглэмтэй байгаагүйг харуулдаг. 1171 онд Тоорилыг хүчээр хаан ширээнээс буулгахад Есүхэйн хүчээр эргэн хаан суудалдаа суусан юм. Гэвч уг жил Тоорилыг хаан ширээнд суухад тусалсан Есүхэй баатар татаруудад хорлогдож үхжээ.


Зүрчид нарыг эсэргүүцэж чадах хамгийн бодитой хүн нь Хар Киданы гурхан Елюй Даши байлаа. Елюй Даши Хар Киданы хамгийн сүүлийн гурхан юм. Тэрээр өөрт үлдсэн цөөн тооны цэргийг захирч үлдсэн байв. Хэдийгээр энэхүү хүчийг ашиглан лалын ертөнцөд довтлон хот балгадыг эзлэн баян тансаг амьдрах боломж байсан ч тэр өөрт дэндүү цөөхөн үнэнч цэргүүд үлдсэн гэдгийг сайтар ухаарч байв. 


Гурхан өөрийн хүрээнд язгууртны давхарга үүсэхээс сэргийлж нэг цэргийн эрхтэнд нэг зуугаас илүүгүй цэрэг захирахыг хориглож байжээ. Тэрээр сахилга журам нь суларсан Кидан улс /Ляо/ хэрхэн хялбархан мөхөн сөнөж зүрчидүүдийн идэш болсныг сайтар санаж байв. Тиймээс Елюй Даши Хар Кидан улсыг үндэслэн байгуулахдаа зөвхөн өөрт үнэнч цэргийн хүчинд л найдаж байв. Түүнд хамжлага байсангүй, язгууртан ч байсангүй, түүнд зөвхөн цэрэг л байсан юм.


Нестор загалмайт нүүдэлчид болон суурьшмал иргэдийг зангидан Алтан улсын эсрэг хөдөлгөж чадах гол хүн нь Хар Киданы гурхан Елюй Даши байсан ч тэрээр нас барж түүнийг залгамжлагч нар уйгар худалдаачдаар дамжин ирэх мөнгөнд анхаарлаа хандуулж Дундад Ази дахь лалын өрсөлдөгч нараа л хязгаарлан барьж байхад хамаг анхаарлаа хандуулаад байлаа. Тиймээс тэдэнд Дорно зүгт хийх аян дайн ямар нэгэн сонирхол огтхон ч төрүүлэхгүй байв.


Инанч-хан яг л нэг ийм нөхцөлд Елюй Дашийн нэгэн зуутын дарга байв. Тэрээр өөрийн зэрэг дэвд тунчиг дурамжхан байсан учраас тэрээр өөрийн хүмүүсийг дагуулан Алтайн нурууг давж тэнд суурьшин амьдарч байсан тикинүүдийг өөртөө нэгтгэн суурьшин амьдарсан нь Найманы ханлиг байв. Инанч-хан 1201-1202 онд нас барж түүний цэрэг Таян-хан, Буюрук хан гэдэг хоёр хүүд нь хуваагдав. 


Эл хуваагдал нь зүгээр л эзэнт гүрэн задрах үед цэргийн эрх мэдэлтнүүд маш хурдан овгийн толгойлогч нарынхаа мэдэлд очсон үйл явцын нэг байлаа. Ийнхүү эрх мэдэл овгийн толгойлогч нарт ирэнгүүт маш хурднаар өмнөх уламжлалаа сэргээн хятад соёл иргэншлээс олж авсан хэв зуршил, бичиг үсэг мартагдав. Тэд ханз бичгээс хурдан салж уйгар бичгийг өвлөн авав. Уйгар бичигтэй хамт нэгэн зүйлийг өвлөн авсан нь нестор-загалмайн шашин шүтлэг байлаа.


Энэ цагт Тангуд нарын байдал ч сайн байсангүй. Олон жил сунжирсан Хятадтай хийсэн дайны хажуугаар зүрчидүүд хүчирхэгжин гарч ирсэн тул аргагүйн эрхэнд тэдэнтэй ч дайтахаас өөр аргагүй байдалд оров. Тиймээс зүрчидийн эсрэг тэмцэж буй нүүдэлчдийн холбоог тэргүүлж магад хэмээн зугтан ирсэн Хэрэйдийн гурханыг найр тавин суулгажээ. Гэхдээ тангуд нар дотроо нэгдсэн санаатай байж чадсангүй. Зүрчидийн эсрэг Хятадтай хамтран тэмцэхийг санаархаж байсан хэсгээ 1168 онд зүрчидүүдийн шахалтын улмаас цаазлан хороожээ. Гэсэн ч мөн л энэ санааг дэмжсэн хятадын Сүн улс болон монголчуудын эсрэг Алтан улстай холбоотон болох гэсэн оролдлого нь талаар өнгөрсөн байна.


Тухайн үед Хэрэйдийн умард талд онго тэнгэр шүтээнтэй монголчууд, өмнөд талд буддын шашинт Тангуд оршин байсан бол одоо баруун талаар тэдэнтэй ижил шүтлэгтэй Найманы ханлиг түрэн орж ирлээ. Энэ нь тийм ч таатай зүйл биш байв. Шашин шүтлэг нэгтэй, ижилхэн дайсантай Наймануудыг дэмжих хүчин Хэрэйд дотор бодитой бүрэлдэн бий болж эл хүчин Тоорил-ханы эсрэг чиглэж байв. Уг хүчийг ч Инанч-хан сайтар мэдэж цаанаас нь дэмжин хөөрөгдөж байлаа. 


Инанч-ханы тэмцлийн үзүүр зүрчидийг чиглэж уг зорилгодоо зөвхөн Хэрэйдийг татан оролцуулахаас гадна умардын хүчирхэг нүүдэлчид болох Саяаны өвөр бэлээр нутаглах ойрадуудтай, Байгал далайн өмнөд эргээр нутаглах мэргидүүдтэй тус тус холбоотон болж амжжээ. Уг холбоондоо зүрчидүүдтэй үе үе муудалцан толхилцох татаруудыг татан оролцуулж, эрэлхэг зоригт шато түрүгүүдийн угсаа Ордос, Хянганаар нутагтай цагаан татар хэмээх онгуд нартай харилцаа тогтоож дөнгөжээ. Ингэснээр Найманы Инанч-ханыг тойрсон нүүдэлчдийн маш хүчирхэг холбоо байгуулагдаж Тоорил-хан шахагдан ганцаардаж ирэнгүүт тэрээр монголчуудтай холбоотон болов.


Гэвч энэ үед монголчууд дотроо эв эвдрэн салж нэгэн цул хүчирхэг аймаг байхаа нэгэнт болиод байлаа. Монголчуудын олонхыг нэгтгэн захирсан тайчууд Наймантай холбоо тогтоосон тул нийт монголчууд Тоорилыг туслан дэмжсэнгүй. Харин монголчуудын цөөнх Есүхэй баатрын хүү Тэмүжинг тойрон нэгдэж эхэлсэн бөгөөд энэ цөөвтөр хэсэг нь Тоорил-ханыг дэмжиж байсан юм. Найманы хүчирхэг холбооны эсрэг Тоорил-хан, Тэмүжин нар дэндүү сулхан байсан тул нэг хэсэг тэд Зүрчидийн хаантай холбоотон болж явсан байдаг.


Татаруудын тэмцэлдээнээс залхсан Зүрчидүүд 1183 онд татарууд уруу байнгын армийн хүчээр уулгалан довтолсон байдаг. Энэ үед дүрвэн зугтаж явсан татаруудыг тосож Тоорил-хан, Тэмүжин нар угтан байлдаж толгойлогчийг нь устган эд хөрөнгийн өөрийн болгон авчээ. Үүнийхээ шанд Зүрчидийн эзэн хаанаас шан харамж хүртэж Тоорил-ханд ван хэмээх ойлгомжгүй хятад цолыг олгожээ. Ван хэмээх уг цол нь монголчуудад тун ч ойлгомжгүй байсан учраас уг цолыг хан хэмээх монгол үгээр тодруулснаар Ванхан хэмээх хятад монгол хавсарсан нэр үүсжээ.


Зүрчидийн эсрэг хамтран тэмцэх ёстой Тоорил-хан, Тэмүжин нарын эл үйлдлийг найманчууд тун таагүй хүлээн авав. Өөрөөр хэлбэл зүрчидийг талархан дэмждэг Монгол-Хэрэйдийн холбоо байгуулагдсанд тэд тун ч таагүй хандлаа. Хэдийгээр татаруудад өстөн боловч зүрчид нарт туслах нь нүүдэлчдийн хувьд байж боломжгүй зүйл байв. Ийм учраас татар нарын эсрэг дайнд Жүрхэн нар албаар оролцолгүй хоцорч ирсэн байдаг. Үүний улмаас Тэмүжин татартай хийсэн дайны дараа өөрийн овог нэгт хамгийн олон хүнтэй хамгийн дайнч овог болох Жүрхэн нарыг тушаал биелүүлээгүй хэмээн бүгдийн мөхөөн дарсан байдаг.


1194 онд Ванханы бага дүү Эрхэ Хар оргон дутаан Найманы талд урван орохдоо амь насанд минь аюул тулгарлаа хэмээн тайлбарлажээ. Үүгээр шалтаглан Инанч-хан Найманы цэргийг илгээн Хэрэйд рүү довтлуулжээ. Гэвч нэг ч Хэрэйд хүн үүнийг эсэргүүцсэнгүй Найманы цэрэг Хэрэйдийн нутагт цөмрөн орсон нь Хэрэйд дотор Найманыг талархан дэмжих үзэл хэчнээн хүчтэй байсныг харуулдаг. 


Ванхан ч үүнийг мэдэж байсан бололтой өөрт үнэнч нөхдөө дагуулан 1196 онд Тангуд улсад зугтан оджээ. Тангудын хан Хэрэйдийн ханыг өөрийн нутгаар чөлөөтэй өнгөрүүлж уйгар нутгаар дамжуулан Хар Киданд хүргэжээ. Хар Киданы гурхан Жулху Ванханыг найртай сайхан хүлээн авсан ч тэд нэг жилийн дараа муудалцаж Тоорил-хан буцаж 1197 онд Тангуд улсад ирсэн ч түүний дагуулууд дээрэм тонуул хийсэн тул тангудууд түүнийг говь уруу хөөжээ.


Тоорил-ханыг ийнхүү зовж зүдэрч явахад нь Тэмүжин тосон уулзаж ивээн тэтгээд 1198 онд хаан ширээнд буцаан залахад тусалжээ. Ийнхүү Тоорил-хан эцэг хүү 2-ын тусламжтайгаар хоёронтоо хаан ширээгээ буцаан авсан байдаг. Ийнхүү тал нутагт Монгол-Хэрэйдийн болон Найман-Мэрид-Монголын гэсэн бие биетэйгээ сөргөлдсөн хоёр холбоо бий болжээ. Монголчууд дотроо олонхыг бүрдүүлдэг тайчууд нь Наймануудыг талархан түшиж байлаа.