2020/05/17

404. Найман л Зүрчидүүдийн адил Монголчуудын жинхэнэ дайсан

Нүүдэлчдийн овог аймгуудын гурхан Жамух яагаад нүүдэлчдийн хувь заяаг Тэмүжинд атгуулав. Жамух өөрөө нүүдэлчдийн олон овог аймгуудын толгойлогч нарын сонгосон албан ёсны гурхан байлаа. Гэтэл Тэмүжинг хэн сонгосон билээ. Түүнд овог аймгаа хаян зүтгэсэн цөөхөн хүмүүс л хүчээ өгч хаанд өргөмжилсөн бус уу. Жинхэнэ албан ёсны монгол овог аймгийн хаан тайчуудын Таргудай Хирилтугийг байсаар байхад шүү. 


Тэмүжинээс угсаа гарлаараа ер дутахгүй Алтан Хучир нар байсаар байтал яагаад Тэмүжинг онцлов. Жамух нэг л зүйлийг ойлгож байлаа. Тэмүжинг үгүй болох юм бол түүний цуглуулсан улс хэнд ч хэрэггүй болж тарж бутрах нь ойлгомжтой. Тийм учраас тэдний амь бол Тэмүжин, тэд Тэмүжинтэй амь насаа холбосон, үхэх сэхэх мөхөх мандах нь цор ганц Тэмүжинээс хамааралтай тул тэд Тэмүжинд хязгааргүй үнэнч. Харин түүний гарт буй овог аймгуудын толгойлогч нар түүнд үнэн ч билүү. Тэр өөрөө тэдний хувьд юу билээ гэдгээ маш сайтар ойлгож байлаа.


Даланбалжудын тулаанд Жамух өөрт ногдсон давуу талаа ашиглан Тэмүжинг бүрмөсөн даран сөнөөгөөгүй нь ямар учир шалтгаантай болох нь бүрхэг боловч тухайн үед л Жамух олон овог аймгийн холбоодын тэргүүн, Тэмүжин нэгхэн аймгийн цөөнхийн толгойлогч байсан тул алсдаа Тэмүжин овог аймгуудын нэгдлийг хүлээн зөвшөөрч өөрөө сайн дураар ирэн нийлэх болов уу гэсэн Жамухын сэтгэл доторх өчүүхэн найдлагаас үүдэлтэй эсэхийг хэн мэдлээ. 


Даланбалжудын тулаанаас хойш бүхэл бүтэн 18 жил Жамух учир үл мэдэгдэм шалтгаанаар нам гүн болов. Нам гүн болоогүй харин ч маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байж ч магад. Өмнө зүгт Татарууд эгээ л хоёр үзүүрт зүү мэт аашлан зүрчидийн хатгаасаар байнга заналхийлж, умар зүгээс мэргидүүд өширхсөн хэвээр даагаа нэхэхээр зэхэж байлаа. Баруун зүгээс Найманууд идэвхжин Тэмүжиний цор ганц холбоотон Тоорил-ханыг түр ч болтугай хаан суудлаас хөөн өөрийн хүнийг ор суулган түрэн орж ирэв. 


Ийнхүү монголчууд гаднаасаа бүслэгдэж харийн түрэмгийлэлд өртөх нь өнөө маргаашийн хэрэг болжээ. Гэвч тэд эв нэгдэлгүй хэвээр л байлаа.
Ямартай ч Тэмүжинд аз таарсан нь Хэрэйдийн Тоорил-ханыг хөөн явуулснаас хойш 5 жилийн дотор Ининч-хан ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа эс явуулан таг чиг болсон нь өвчин зовлон туссан, эс бол түүний сул дорой хөвгүүд нь саад болсон, ямартай ч тэрээр гэнэт үйл ажиллагаагаа хумьж улмаар 1201 онд таалал төгсжээ.


Инанч-хан нас барангуут түүний улс Таян-хан, Буюрук-хан хоёр хүүхдэд нь хуваагдан хоёр салж сулрав. Инанч-ханы 2 хөвгүүний аль аль нь эцгийн орыг залгаж нүүдэлчдийг тэргүүлэх боломжгүй сул дорой хүмүүс байсан учраас л мөн онд буюу 1201 онд нүүдэлчдийн 16 овог аймгийн тэргүүлэгчид цугларч Жамухыг гурханаар өргөмжилснөөр нүүдэлчдийн холбоо албан ёсны удирдагчтай болжээ. Эл холбооноос нэн тэргүүн нүүдэлчдийг нэгтгэх шийдвэр гаргаж удаан хугацаанд уг холбоонд нэгдэлгүй эсэргүүцэж явсан Ванхан-Тэмүжин нарын холбоог даран сөнөөх зорилго дэвшүүлжээ. Уг холбоонд Найманыг төлөөлж Ининч-ханы бага хүү Буюрук-хан оролцжээ.


Овог аймгуудын холбоодын цэргийг Жамух толгойлон Хүйтний аманд Тэмүжин-Ванханы цэрэгтэй тулав. Гэвч тулааны үеэр цасан шуурга дэгдэж Жамухын цэргүүд өөр хоорондоо холбоо барин харилцах боломжгүй төөрөлдөж байгаад Тэмүжин-Ванханы цэрэгт бут цохиулжээ. Нутгаасаа хөөгдсөн Ванханыг эргүүлэн Хэрэйдийн хаанд буцаан суулгаснаар тэр 2-ын холбоонд Тэмүжин давамгай байдлыг олж тэргүүлэх байдалтай болсон нь Ванханы талын олон хүний дургүйг хүргэсээр байлаа. 


Харин бут цохиулсан Жамух өөрийг нь гурханд өргөмжилсөн олныг тонон дээрэмдээд салан одов хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь 16 овог аймаг хоорондоо нэгдэн уг холбооны тэргүүнээр Жамухыг гурхан хэмээн өргөмжилсөн ч тийм ч найдвартай бат нэгдэл бус, хэзээ бол хэзээ сарнин мөхөх хэврэгхэн нэгдэл төдийгүй, анхны тавьсан зорилго нь биелээгүй энэ тохиолдолд маш хурдан сарних боломжтойг овог аймгуудын толгойлогч нар ч Жамух ч сайн мэдэж байв.


Хэдийгээр 16 овог аймаг нэгдсэн ч хамгийн энгийн эхний зорилт болох Тэмүжин-Ванханы холбоог хялбархан цохиж дараан сөнөөж эс чадвал тэднээс хэд дахин хүчирхэг зүрчидийн эсрэг хэрхэн тэмцэх билээ. Ердөө л анхны зорилго нь биелээгүй явдал уг холбоог агшин зуур таран унах үндсэн шалтгаан болсон хэмээн ойлгож болно. Энэхүү ялалтдаа урамшсан Тэмүжин Онон мөрний хөвөөнд тайчуудыг бут ниргэн монголчуудыг ямартай ч бүгдийн албан ёсны эзэнтэй болгоод улмаар өмнө зүг эргэн татаруудыг мөхөөв. 


Харин уг холбооны нөгөө холбоотон Ванхан умар зүг довтлон мэргидүүдэд цохилт өгч тэднийг Байгал нуурын баруун эрэг дагуу шахан хөөж ихэд дараад ихээхэн олз омогтой буцаж ирэв. Ийнхүү Тэмүжин-Ванхан нар хоромхон зуур ширвэн өөрийг бүсэлсэн бүх дайснуудад огцом цохилт өгч давуу талыг оллоо. Ингээд хамтарсан хүчээр баруун тийш довтлон өөрсдийн гол дайсан Найманы Буюрук-ханд цохилт өгөв. Буюрук-хан байлдалгүй дутаасан ч Өрөнгө голын адагт гүйцэгдэн алуулжээ.


Энэ үеэр Найманы гол хүч дайнд оролцож эхэлжээ. Найманы гол хүчийг Хөхрөг Сабраг толгойлон дайнаас буцаж явсан Хэрэйд-Монголын цэргийн буцах замыг амдан Байдрагийн бэлчирт отож байв. Энэ тухай Байдрагийн бэлчирт юу болсон гэдэг бичлэг дээр энэ тулааны тухай тодорхой бичсэн болно. Ямартай ч үл мэдэгдэх шалтгаанаар энэ үеэс Жамух эргэн нийлж Ванхантай цуг Тэмүжинг хаян оддог. Тэмүжин ганцаар үлдсэнээ мэдмэгц Ванхан, Жамух нарын явсны эсрэг зүгт яаралтай ухарчээ. 


Найманы гол хүч Ванханыг мөшгөн хөөж, бут цохиж Ванханыг түүний олон цэргийн хамт олзлон авах үед Ванхан Тэмүжинээс эргэн тусламж хүссэн байдаг. Тэмүжин эл учрыг мэдмэгц цэргээ илгээн Ванханыг олзноос чөлөөлжээ. Үүний дараа Ванхан Тэмүжинийг албан ёсоор хүүгээ хэмээн зарласнаар Хэрэйдийн хаан суудлыг Тэмүжинд найр тавин өгсөн хэрэг болжээ. 


Энэ нь Ванхан ямартай ч өөрийн үйлдлийг буруутай хэмээн үзэж /эцэг Есүхэй, хүү Тэмүжин нар түүнийг хоёронтоо Хэрэйдийн хаан ширээнд суулган тусалсаар байтал, одоо хаан байгаа нь энэ 2 хүний ач байсаар байтал Жамух мэт хүний үгэнд орж түүнээс нүүр буруулсан хэмээн үзэж/ эцсийн эцэст Тэмүжинд найр тавьсан хэрэг байв.


Ванхан өөрийн орыг Тэмүжинд найр тавьсны улмаас Хэрэйд Монголын холбоо сая мөхөх учиртай болов. Ванханы эл үйлдэлд илт дургүйцсэн хан хүү Нилха Сэнгүм Хэрэйдийн язгууртнуудыг цуглуулан Тэмүжиний эсрэг хуйвалдаан зохион байгуулав. Тэд Тэмүжинг хуурч барихаар төлөвлөсөн ч Хэрэйдийн жирийн адуучин эрс эл мэдээг Тэмүжинд дуулган түүнийг оргон зайлахад тус болдог. 


Үүний дараа Монгол Хэрэйд хоорондоо Халуун ууланд тулжээ. Халуун уулын тулаанд монголчууд ихэд дийлдэж байх үед уруд овгийн Хуйлдар санаанд оромгүй эрэлхэг зориг гарган өөрийн удирдсан цэргээ аван Хэрэйдийн цэргийн төв хэсэгт цохилт өгч бужигнаан үүсгэх зуур Тэмүжин уг тулаанаас амьд мэнд мултарч дөнгөжээ. 


Уг тулааны дараа Тэмүжин тарж бутарсан цэргээ эмхлэн цуглуулахад дөнгөн данган 2600 орчим дайчид л үлдсэн байв. Үүнээс хойш монголчууд халз тулаанаас зайлсхийж цаг хожсоор Хэрэйдүүд ялалтдаа зүүрмэглэх байх үед 1203 оны намрын нэг шөнө Жэджээр уулын орчимд найрлан суугаа Хэрэйд нар луу Тэмүжин гэнэт довтлон тэднийг дахин сэхэхээргүй болтол нь бут ниргэжээ.


Ванхан эл тулаанаас арай хийн амь мэнд мултран Найман тийш зугтсан ч Найманы хилийн харуулын цэрэг түүнийг эс танин харван алснаар Хэрэйд улс мөхжээ. Хэрэйдийн үлдэгдэл хан хүү Нилха Сэнгүмийн хамт Хотан хотноо хүрсэн боловч уг хотын удирдагч калач омгийн ахлагч Сэнгүмийг барин авч хороожээ. 


Хэрэйд Монголын аль алин нь хэдий шашин өөр ч /хэрэйдүүд нестор-загалмайн шашинтай, монголчууд бөө онгодын шүтлэгтэй/ гарал үүсэл нэгтэй ард түмэн байсан бөгөөд аль алин нь нүүдэлчдийн нэгдэлд орж байв. Харин Найманууд бол тэднээс шал өөр хүмүүс байлаа. Тэд бол нүүдэлчдийн хувьд яг л зүрчид шиг шал өөр хүмүүс байсан юм. Тиймээс Наймантай хийсэн тулааныг нүүдэлчдийн харийн дайсныхаа эсрэг хийсэн тулаан хэмээн ойлгох ёстой.


Наймантай хийсэн тулааныг Найманы Таян-хан санаачилсан гэдэг бөгөөд Таян-хан Онгуд нартай холбоо тогтоон монголчуудыг хоёр талаас нь довтлохыг санал болгоход Онгуд нар татгалзсанаар барахгүй эл учрыг Тэмүжинд дуулгасан байдаг. Мөн Тэмүжиний умар болон өмнө зүгийн дайснууд болох татар, мэргидүүдийн үлдэгдэл бүгд Найманыг тойрон нягтарч Тэмүжиний эсрэг чиглэж байв. Тэр ч бүү хэл Жамухыг дагасан аймгууд ч Найманыг түшиглэж байжээ. Өөрөөр хэлбэл Тэмүжиний эсрэг бүх хүчнүүд үндсэндээ түүний гол дайсан Найманыг тойрон цугларав. Ингээд 2 хүч 1204 онд Хангайн уулсын бэлд тулгаран тулалджээ.


Тулалдааны шийдвэрлэх үед Жамух өөрийн цэргийг авч жигүүрийг сул орхин одсоноор Найманууд уг тулалдаанд ялагдсан болно. Яагаад Жамух шийдвэрлэх үед жигүүрийг сул орхин цэргээ авч явснаар Тэмүжинд ахиад боломж олгосон нь бас л таагдашгүй зүйл. Ямартай ч Найман бол хэдийгээр одоо холбоотон ч Жамухын хувьд Тэмүжиний адил харийн дайсан буюу алсын дайсан нь байлаа. 


Уг тулаанд Найманууд ялсан бол Жамух бүх нүүдэлчдийг харийн хүмүүс болох Наймануудад барьж өгөх байсан юм. Ингэснээр Хар Киданаас үсэрсэн оч талын нүүдэлчдийг захирах боломж гарч ирэх байв. Уг тулаан Наймануудын ялалтаар өндөрлөсөн бол овог аймгуудын холбооны тэргүүн нэртэй ч бодит эрх мэдэлгүй гурхан цолт Жамух цаашдаа Таян-ханд төдийлөн ач холбогдолгүй, яваандаа тэдний эсрэг эргэх бослогын тэргүүнээс хэтрэхгүй хүн болж хувирах байв.


Ямартай ч Наймантай хийсэн Монголчуудын дайны хувь заяаг Жамух шийдсэн юм. Тэгэхдээ тэр Найманы талд биш, өөрийн ч талд биш, монголчуудын яг үнэндээ Тэмүжиний гарт бүгдийг орхижээ. Жамух овог аймгуудын холбооны толгой хэмээн гурхан цолтой боловч ийм холбоог хэчнээн сулхан, овог аймгуудын толгойлогч нар огтхон ч итгэл даахгүй хүмүүс гэдгийг сайтар мэдэж байлаа. Тиймээс цаашдаа ч овог аймгуудыг Жамух нэгтгэн барьж чадахгүйгээ ч сайн мэдэж байлаа. 


Гурхан бол зүгээр бэлэг тэмдгийн цол. Яг үнэндээ эрх мэдэл овог аймгуудын толгойлогч нарын мэдэлд хэвээр үлдэж хэзээ бол хэзээ дураар аашлах боломжтой байсаар байна гэдгийг ч мэдэж байв. Хэрэв нүүдэлчид эргэн нэгдэх юм бол гурханаар толгойлуулсан овог аймгуудын хэврэгхэн нэгдэл бус цэрэг дайчид дээр үндэслэсэн Тэмүжиний зорьж яваа их нэгдэл байх ёстойг ч мэдэж байлаа. Уг тулааны дараа овог аймгууд үнэхээр л Жамухыг цор ганцаар нь орхин одсон юм.


Наймантай хийсэн тулаанд Таян-хан алагдаж, түүний эх олзлогдон, хүү Хүчүлүг мэргидүүдтэй нийлэн дутаан одов. 1205 онд Жамухыг түүний нөхөд барин авч Тэмүжинд хүлээлгэн өгөв. Тал нутаг сая бүрэн нэгдэж дууслаа. 1206 онд тал нутгийн бүх нүүдэлчид бүгд Онон мөрний хөвөөнд хуран цугларч Их хуралдайг хуралдуулав. Энэ хуралдайгаар Тэмүжинийг 2 дахь удаагаа хаанд өргөмжилж түүний Чингис цолыг бататгаснаар албан ёсоор Чингис хаан хэмээн нэрийдэх болов. Ийнхүү Тэмүжинг анх Чингис хаанд өргөмжлөхөд түүнд ердөө нэг түмт гурван мянган /13,000/ сайн дурын эрээвэр хураавар цэрэг байсан бол одоо түүний мэдэлд арван нэгэн түмэн /110,000/ цэрэг бүхий байнгын арми цугларав.


Шинээр байгуулагдсан цэрэг дайчид дээр үндэслэсэн улсаа уг улсыг үндэслэсэн гол овог аймгийн нэрээр Монгол хэмээн нэрлэжээ. Шинэ улс дотор монгол овог аймагт хамаарах цэргүүдийн тоо хэдийгээр цөөхөн, нэг монгол цэрэгт бараг арван Монголоос өөр Хэрэйд, Найман цэрэг ногдож байсан ч тэд тун удалгүй бүгд жинхэнэ монгол цэргүүд болон өсөн өндийсөн юм. Эл үеийг хүртэл нүүдэлчдийг нийтэд нь Зубу хэмээн доромж үгээр хочлон дууддаг байсан бол одоо үүнийг Монгол хэмээн бахархам нэрээр сольж Зүрчид, Тангуд, Лалын улсуудын эсрэг тэмцэж чадах төвлөрсөн хүчирхэг улс болон гарч ирлээ.


Чингис хааны шинээр байгуулсан улс нь овог аймгуудын нэгдэл дээр хэзээ ч төвлөрч байгаагүй учраас тэр овог аймгуудын угсаа залгамжлах ёсыг хамгийн түрүүнд халан хаяжээ. Улсаа цэргийн зохион байгуулалтад оруулж, цэргийн жанжнуудыг угсаа гарлаар нь бус зөвхөн байгуулсан гавьяаг нь үнэлж тохоон томилов. 


Цэргээ 10-т, зуут, мянгат гэсэн нэгжээр зохион байгуулж, 14-өөс 70 насны бүх эрчүүлийг цэргийн алба хаах үүрэгтэй хэмээжээ. Арван түмт бүхий байнгын армиас гадна нэг түмтийг торгон цэргээ болгов. Улсын хууль цаазыг Чингис хааны цэрэг армийн дүрэм дээр үндэслэн шинээр зохиож Яса хууль хэмээн нэрлэж уг хуулийг мөрдүүлэх үүргийг Чингис хааны 2-р хүү Цагадайд үүрэг болгожээ.


Улс орныг бүрдүүлэн тогтооход амь хайргүй зүтгэсэн 95 хүнийг мянганы ноёны тушаалаар шагнасан нь овог аймгаа умартан түүнийг зорин очиж хүчээ өргөсөн эрэлхэг дайчдын гол цөм нь байлаа. Цэрэг дайны хэлбэртэй ийм улсын хэлбэрийг Орда хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь эртний Түрэг Уйгар улсуудын хэрэглэж байсан улсын бүтэц билээ. Саяхан хүртэл улсын ийм хэлбэр нь Хар Киданы Елюй Дашийг даган нүүдэллэж явсныг мэдэх билээ. 


Хожим нь улсын ийм хэлбэр нь Алтан Орд нэртэйгээр Орост удаан хугацаанд оршин тогтнож чадсан болно. Монгол бөөгийн тэргүүн Хөхөчү мэргэн төрийн хэрэгт хутгалдан орж хүмүүсийг олноор нь өөрийгөө хүрээлүүлж уг хэрэгтээ хан хөвгүүдийн татан оролцуулж эхэлсэн тул Чингис хаан түүнийг хороож үүнээс хойш бөөгийн ёс ихээхэн хумигджээ. Чингис хаан өөрийн хөвгүүдийг нестор-загалмайн шашинт бүсгүйчүүлтэй гэрлүүлж /Өгөдэйг мэргидийн Дөргэнэ, Тулуйг хэрэйдийн Сорхогтун бэхитэй/ нестор-загалмайн сүм дуганыг хааны хүрээнд бариулсан байна.