Жамухыг яагаад гурханаар өргөмжилсөн мөртлөө Тэмүжинг яагаад зүгээр л Чингис хаанд өргөмжлөв. Нүүдэлчдийн дунд овог аймгуудын холбооны тэргүүнийг гурхан хэмээн өргөмжлөх ёс харин омгийн тэргүүнийг хаанд өргөмжлөх заншил бий. Тэгвэл Тэмүжинг яагаад Чингис хаанд өргөмжлөв гэвэл Тэмүжин овог аймгуудын холбооны тэргүүн бус зүгээр л нэг толгойлогч харин Жамух овог аймгуудын холбооны тэргүүн байсанд учир оршино. Эл учрыг Лев Гумилёв хэрхэн тайлсан учрыг дурдсугай.
Хэдийгээр Тэмүжин Жамух 2 багаасаа анд бололцох андгай тавилцсан боловч Тэмүжинг эхнэрээ мэргидүүдэд алдан Хэрэйдийн ванхан Тоорил дээр очих үед тэнд Жамух тааралдаж Тоорил хан мэргидийг дайлах үйлсэд Жамухыг гуйхыг санал болгосноор энэ 2 хүн дахин учирдаг. Мэргидийг дайлахдаа Тоорил хан Жамухыг хоёр түмэн цэрэг гаргахыг хүсэхэд тэр өөрт бэлэн байсан нэг түм дээр ердөө л Онон мөрнийг өгсөх зам зуур таарсан саяхан анд бололцсон Тэмүжинийхээ харьяат монголчуудыг дайчлан ахин нэг түмт босгож ирдэг.
Дайны өмнө ч дайны үеэр ч Тэмүжин Жамух нар бие биеэ төдийлөн сайн таньж мэдэхгүй л байлаа. Харин Мэргидийг дайлсны дараа тэд тус тусын мөрийг хөөн салан одолгүй дахин андгай тавилцаж нэг жил хамтран суусан нь маш сонирхолтой зүйл бөгөөд дараа нь Жамухын хэлсэн нэгэн далд утгат үгнээс болж салан нүүдэг. Гэтэл тэр далд утгат үгийг үнэхээр Жамухын амаар хэлэгдсэн эсэхийг зөвхөн Нууц товчоо өгүүлдэг тул уг үгний далд утга зохиогчийнх эсэхийг мэдэх боломжгүй.
Хоёр анд салан нүүсний маргааш юу болсон талаар Нууц товчоонд ингэж өгүүлжээ “Жалайрын Тохурауны ах дүү гурав, Арулад аймгийнхнаас салсан Үгэлэн чэрби, Урянхан овгийнхноос тасран салж ...” товчхондоо Тэмүжинд ирж нийлсэн хүмүүс нь бүхэл овог аймгаараа биш бөгөөд гэр бүл, ах дүүс, их л сайндаа цэргийн нэг хүрээ, баатар эрс, ганц нэг ихэс дээдэс, язгууртан.
Энэ үйл явцаас нэг л зүйл маш тодорхой харагддаг нь овог аймгуудын задрал болж байсан нь тодорхой байдаг. Овог аймгуудын нэгдлийг хүсээгүй тэднээс салан гарах үзэл бодолтой хүмүүс эцсийн эцэст мөн ийм үзэл бодолтой Тэмүжин дээр ирж нэгдэж байсан байна. Тиймээс л Тэмүжинийг тойрсон хүмүүс нь овог аймгуудын нэгдэл биш ердөө л цэргийн хүрээ байсан юм.
Ийнхүү овог аймгийн задралаар салан тусгаарласан хүмүүс Тэмүжин дээр ирж нэгдэн цэргийн хүрээ болон түүнийг хаанаар өргөмжилсөн ба Тэмүжинг хаанд өргөмжлөх тангаргийн үг нь тухайн үеийн цэрэг дайны үед баримтлах цэрэг эрсийн андгай тангараг төдий л зүйл байсан юм.
Уг тангаргыг товчлон сийрүүлэх юм бол хамгаас үнэнч нөхөд бид харь дайсныг уулгалан довтолж, хацар гоо эмс, аргамаг сайхан хүлэг морьд, гэр орон эд хогшлыг нь олзлон хаан чамдаа авчирч өгнө, ан авд агнасан бүхний тал нь чинийх болно, дайны үед чиний тогтоосон дэг журмыг зөрчвөл хар толгойг минь авч хаяарай гэсэн утгатай байдаг.
Тэмүжинг хаанаар өргөмжилсөн эл үйл явцыг зөвхөн Хэрэйдүүд хүлээн зөвшөөрсөн нь Тоорил хан мөн л албан ёсны гурханаас хэрэйд аймгийн холбоог булаан авсан учиртай учраас эл үйл явцыг төдийлөн буруутгаж үзэхгүй байлаа. Харин Монголчуудын олонх нь Тэмүжинг хаан өргөмжилсөн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан байна. Энэ нь дараах үйл явдлаас тодорхой харагддаг. Жамух Тэмүжин 2-ын зөрчил улам даамжирч Жамухын дүү Чингисийн хүрээнээс адуу хулгайлах үед алагдсанаас зэвсэгт мөргөлдөөн болон хувирав.
Уг мөргөлдөөнийг Даланбалжудын тулаан хэмээн нэрлэдэг бөгөөд Жамухын толгойлсон Жадран аймгийнхан арван гурван овог аймгуудыг нэгтгэсэн гурван түмэн цэрэг /30,000/ Тэмүжинд янз бүрийн овог аймгаас ирж нийлсэн арван гурван хүрээний мөн гурван түмэн цэрэг байв гэдгээс харагддаг. Энд нэг ялгаа маш тод харагддаг буюу хэдийгээр тэдний цэргийн тоо адилхан боловч Жамухыг монгол овог аймгууд хүрээлж явсан бол Тэмүжинг салан тусгаарласан хүмүүсийн нэгдэл цэргийн хүрээ л хүрээлж байсан байна. Овог аймаг ба цэргийн хүрээ гэдэг хэмжээ дамжааны хувьд ч, ойлгоцын хувьд асар ялгаатай зүйлс билээ.
Энэ дайнаас хойш 18 жилийн турш Жамухын юу хийж явсан тодорхойгүй байдаг ч хамгийн сүүлд Жамухыг гурханд өргөмжлөв гэдгээс түүний арван найман жилийн хугацаанд юу хийж явсан нь тод болно. Жамух 18 жилийн турш монгол овог аймгуудын нэгдлийг бий болгоход зарцуулсан байна. Гэвч харамсалтайн түүхэн энэ үед овог аймгийн нэгдэл нь төдийлөн найдвартай бат нэгдэл байхаа больж овог аймаг задарч эхлээд байсан нь сул орхисон Тэмүжинг энэ 18 жилд маш ихээр хүчирхэгжүүлж ямар ч овог аймгуудын холбоодтой сөргөлдөж чадахуйц томоохон хүчийг төлөөлөх болгожээ.
Тэмүжиний нэгдэл нь овог аймгуудын нэгдэл биш байсан учраас тэрээр салан тусгаарлаж ирсэн хүмүүсийн зөвхөн ир чадал мэдлэг ухаан чадвар дээр суурилж үнэлж байсан нь онцгой чадвартай хүмүүсийг Тэмүжин соронзон мэт татсан юм. Өөрийн овог аймаг дотроо угсаа гарлын хувьд дээгүүрт орж үнэлэгдэж чадахгүй ч үнэхээр эрдэм чадал нь хэтийдсэн хүмүүст хүмүүсийг зөвхөн эрдэм чадлаар нь үнэлж цэгнэдэг удирдагч, тийм холбоо үнэхээр соронзон мэт татаж байв.
Иймээс Тэмүжинг тойрон чадварлаг цэргийн хүрээд үүсэж харин Жамухыг тойрон эртнээс уламжилж ирсэн овог аймгууд хүрээлжээ. Даланбалжудын тулаанд Нууц товчоонд Жамух ялж олзолж авсан Чонос омгийн язгууртнуудыг цаазлан хороогоод явав хэмээн өгүүлдэг бол Судрын чуулганд Чингис хаан ялж мөн л олзлогдсон дайснаа цаазлан хороогоод одов хэмээн өгүүлсэн байдаг.
Гэвч Рашид-ад-Диний хувийн сонирхолд их хааныг ялагдсан мэтээр бичих нь харш зүйл тул түүхийг гуйвуулах хангалттай шалтгаан байсан бол Нууц товчоог бичигчид Жамухыг илт муулах эсвэл хэт магтах ямар нэгэн зорилго байгаагүйн түүний эерэг сөрөг талуудыг адилхан тоочсоноос харагддаг.
Даланбалжудын тулаан нь овог аймгуудын нэгдэл, овог аймгуудыг үзэн яддаг хүмүүсийн нэгдэл 2-ын зайлшгүй гарах ёстой сөргөлдөөн байлаа. Аль алин нь уг үйл явдлыг тулаанаар шийдэж эцсийг нь үзэх хувийн сонирхолтой байсан нь дамжиггүй. Гэвч эцсийн мөчид Жамух гэнэт цэргээ хойш татсан нь түүний удирдаж буй овог аймгууд, овог аймгуудыг сөрсөн хүмүүсийг нухчин дарж авах хүсэл эрмэлзлийг нь хойш татаж чадсан ганц хувь хүн Жамухын шийдвэр байсан гэдэг нь тодорхой. Жамухын удирдлагад нэгдсэн овог аймгуудын язгууртан нар Чингис хаан болон түүний нөхдийг бүрмөсөн даран сөнөөхөд чиглэж байсан бол тэдний удирдагч Жамух зөвхөн Чингисийн талынханд цохилт өгч тэднийг сулруулахад л чиглэж байжээ.
Дайснаа бүрмөсөн даран сөнөөхөд ганцхан алхам дутуу байхад үүнээсээ ухарсан явдал нь овог аймгуудын дунд Жамухын нэр хүндийг ямартай ч сулруулж дайны дараа уруд мангуд нар Жамухаас салж ялагдсан Чингист очиж нийлсэн нь энэ үеэс овог аймгууд Жамухад итгэх итгэл суларч эхэлсэн гэж үзэж болно.
Уруд мангуд нар дайнаас өмнө ч Чингист нийлэх боломж байсаар байтал тэрээр дайны дараа ялагдсан Чингист очиж нийлсэн нь Жамух өөрийн удирдаж буй нөхдүүдийнхээ хүсэл зорилгыг эцсийн мөчид юунд ч бодолгүй дэвсэлж чадах хүн гэж үзэж түүнд итгэх итгэл алдарсан хэмээн л тайлбарлах боломжтой.
Даланбалжудын тулаан нь овог аймгуудын нэгдэл маш сулхан бөгөөд нэгдсэн нэг шийдвэрт хүрэх боломжгүй юм байна, харин Чингисийг хүрээлсэн цэргийн нэгдэл нь хавьгүй хүчирхэг гэдгийг монголчуудад сая ойлгуулсан чухал үйл явдал болжээ. Уруд мангуд нарын нэгдэл нь зүгээр ч нэг нэгдэл биш, дайсагналцаж буй 2 талын нэгээс нөгөөд шилжсэн шилжилт учраас энэ нь зөвхөн овог аймгуудын толгойлогч нарт бүхнээ даатган явах нь боломжгүй хэмээн үзсэн үзэл маш хүчтэй дэлгэрч эхэлсний шинж гэж үзэж болно.
Уруд мангуд нарын шилжилт нь одоохондоо овгийн толгойлогч нарт захирагдаж буй хүмүүс маш амархнаар овгийн толгойлогч нарт заавал захирагдах албагүй, өөрсдийг илүү үнэнч шударга үнэлэх толгойлогч уруу маш хурдан сайн дураар очих магадлал өндөр байгааг харуулав. Тиймээс уруд мангуд тэргүүтэй нь зөвхөн ялахыг бүхнээс илүүд үздэг дайнч хэсгүүд тэдний хүсэл зоригийг мохоох чадалтай Жамухаас татгалзсан явдал байлаа. Улмаар дайнч хэсгүүд нь овог аймгаасаа салан Тэмүжинг зорин очиж нэгдэх болсон байна.