2020/05/17

702. Хөхчин хатны хуйвалдаан

Мөнх хаан их цэргийн хамт өнөөгийн Чунчин хотын орчим орших Дяоюй уулын бэхлэлт цайзыг дайрах үеэр зуны аагим халуун таарч цэргийн хуаранд нь халдварт өвчин тархан олон дайчид нь амиа алджээ. Мөнх хаан халдварт өвчинг тусахгүйн тулд цаг үргэлж усан үзмийн дарс ууж байсан ч нэмэр болсонгүй өвчилж 1259 оны 8-р сарын 11-нд амьсгал хураав. Үүнтэй зэрэг шахуу 1259 оны 10-р сарын 13-нд Мөнх хааны их хатан Чүбэй мөн өвчний улмаас нас барж хаан хатан хоёул тэнгэрт хальснаас болж хаан сэнтий эзгүйрчээ. Өмнө нь Өгэдэй хааныг нас барахад түүний хатан Дөргэнэ дараагийн хааныг сонготол 5 жил төр барьсан бол Гүюг хааныг нас барахад түүний хатан Огул Хаймыш 8 жил төр барьсан билээ. Харин Мөнх хааныг нас барахад түүний их хатан Чүбэй мөн нас барснаас болж хаан төр эзгүйрчээ.


1227 онд Чингис хааныг тэнгэрт халихад түүний отгон хүү Тулуй 2 жил төр барьсан удаатай. Энэ заншлаар Мөнх хааны отгон хүү Үрүндаш шинэ хааныг сонготол төр барих ёстой байсан ч Мөнх хааны бэлэвсэн хатад болон хөвгүүд хэтэрхий сул байснаас тэд тэгж чадсангүй. Иймээс Тулуйн отгон хөвгүүний хувьд Аригбөх өөрийн ах Мөнх хааны оршуулах ёслолыг зохион байгуулж, Их Хуралдайг хуралдуулах үүргийг хүлээжээ.


1259 оны намар Их хааны заргач Аламдар ноён говийн хойд хэсгээр нутаглах овог аймгуудаас, Хархорумаас ирсэн Дорж ноён говийн өмнөд аймгуудаас цэрэг татаж буй сураг чимээ Хонгирад аймагт иржээ. Энэ үеэр Хонгирад аймгийн эзэн ноён Начин их хааныг дагалдан Сүн улстай дайтаж явсан тул тэд цэрэг гаргаж өгөх эсэхээ угсаа нэгт Хубилай хааны хатан Чабуй хатнаас асуусан байна. Кайпинд байсан Чабуй хатан уг явдлыг сэжиглэж Хубилайд “Аригбөхөөс ахмад ноёд болох Дорж, Алмандар нар хүрч ирээд Монгол турхагуудыг дайчилж байна. Шалтгааныг үл мэднэ. Бид тэр цэргүүдийг тэдэнд өгөх үү, байх уу? Том загасны толгой, жижиг загасны толгой тасрав. Аригбөх та хоёроос өөр хэн үлдэв. Эргэн ирэх боломжтой юу, үгүй юу?” гэсэн захиа хүргүүлжээ.


Хөх мөрний эрэгт дайтаж явсан Хубилай уг захиаг авч цэрэг дайчилгааны шалтгааныг төвөггүй ухаж, дүү Аригбөхийг сэрдэн дайны ажиллагаагаа яаралтай зогсоон яаралтай буцан 1260 оны 4-р сарын 12-нд Кайфпинд ирж 5-р сарын 5-ны өдөр өөрийгөө Их хаанаар өргөмжлөх ёслолыг зохион байгуулав. Харин Аригбөх 5-р сарын 11-ээс 6-р сарын 10-ны хооронд Их Хуралдайг хуралдуулж өөрийгөө Их хаанаар өргөмжлүүлснээр 2 хаантай болжээ.


1261 оныг хүртэл Аригбөх Хубилай нар тулалдаж хүч тэнцсэн боловч үүнээс цааш Аригбөхөөс алтан ургийнхан нүүр буруулснаар түүний хүч суларчээ. Учир нь Зүчи, Цагадай, Ил хаант улсуудыг захирахыг Хубилай татгалзаж тэдний бие даасан байдлыг зөвшөөрснөөр Хубилай тэднийг талдаа татаж Аригбөхийг ганцаардуулжээ. Ялангуяа Цагадайн улсын эзэн Алгу урвах үед түүнийг цээрлүүлэхээр Аригбөх цэргээ илгээсэн нь хүчийг тарамдуулж, холбоотнуудаа алдаж, эцэстээ Хубилайд бууж өгөхөөс аргагүйд хүргэв. Ингээд 1264 оны зун хүч мөхөстсөн Аригбөх төрсөн ах Хубилайд буун өгөхөөр ирсэн болно.


Аригбөхтэй байлдаж байх үед 1261 оны 12-р сарын 25-нд Хубилай өөрийн 2 дахь хүү Чингим /ууган хүү Дорж нь эндсэн тул Чингимийг дотночилж үздэг байв/-ийг нас биед хүрснийг тэмдэглэж Янь ван хэмээх хятад цол өгч өргөмжилж эмэг эх Бөртэ хатантай гарал угсаа нэгтэй Хонгирад аймгаас Хөхчин хатанг сонгож ураг барилдуулжээ. Хөхчин хатнаас гурван хүү төрсний ууган хүү Гамала, удаах хүү Дармабала, отгон хүү Төмөр нар болно. 


Гэвч хүү Дармабала нь төрөлхийн хэлгүй биеийн согогтой байснаас удаан насалж чадаагүй бол Төмөр тулуй өвчинтэй байв. Чингис хаан, Өгэдэй, Гюүг, Мөнх хаад амьд ахуйдаа хунтайжийг сонгож байгаагүй бөгөөд тэднийг нас барсны дараа Их Хуралдайгаар угсаа залгамжлагчийг сонгодог байжээ. Харин Хубилай уг заншлыг эвдэж 1270 оны 2-р сарын 21-нд Чингимийг хунтайжаар өргөмжилжээ.


1269 оны хавраас Шинжаан уйгар болон Төв Азийн дийлэнх хэсгийг захирч байсан Өгэдэй хааны ач Хайду хаан Казахстаны Талас голын хөвөөнд Алтан ургийн язгууртнуудыг цуглуулан Алтан Ордны улс, Цагадайн улсаас дэмжлэг авч Хубилай хааныг илт өдөн тохуурхсан, дайрч давшилсан захидал илгээн Хубилайг буруутгаж байсан нь Өгэдэйн удмын хаанчлалыг сэргээх далдын зорилготой байв.


1281 оны 3-р сарын 20-нд Хубилай хаанд нэгэн том гарз тохиолдсон нь түүний их хатан Чабуй нас барсан явдал байв. Үүнээс хойш хэдхэн сарын дараа Япон улсыг эзлүүлэхээр илгээсэн 100000 цэрэг, 3500 усан онгоц 1281 оны 7-р сарын 7-нд далайн шуурганд өртөж сүйрэв. Энэ хоёр цохилт Хубилай хаанд маш хүндээр тусаж тэрээр ихэд гуниглан гансрах болсон тул 1285 онд Хубилай хааныг 70 нас хүрсэн жил нэгэн хятад түшмэл хаан өөрийн эрх мэдлээ Чабуй хатны том хүү хунтайж Чингимд шилжүүлэх хүсэлт тавьжээ.


Хятадын хаадын хувьд амьд ахуйдаа төрийн эрхийг өөрийн угсаа залгамжлагчид шилжүүлэх ёс байдаг бол нүүдэлчдийн хаадын хувьд тийм ёс үгүй билээ. Хубилай хаан уг хүсэлтийг сонсоод ихэд хилэгнэн уг хятад түшмэлийг барьж хороон уг санааг өөрийн хүү Чингим хунтайж сэдсэн хэмээн сэрджээ. Төрсөн эцэгтээ буруугаар ойлгогдсон хэмээн Чингим хунтайж сэтгэлээр унаж, бие нь сулран доройтон хэвтэрт орж, улмаар 1286 оны 1-р сарын 5-нд 43 насандаа таалал төгсжээ. Эр нөхрөө алдсан Чингим хунтайжийн хатан Хөхчин хатан сэтгэлээр унаад байх үед 1292 онд түүний 2 дахь хүү Дармабала дөнгөж 28 насандаа удтал өвдөж нас барсан нь уй гашууг улам нэмэгдүүлсэн юм.


Хүү Чингимийн үхэлд Хубилай өөрийгөө буруутгаснаар тэр гурав дахь том цохилтоо амсжээ. 1294 онд 79 нас хүрсэн хүрсэн Хубилай хааны ужиг өвчин улам ихсэж хааны ордонд хөл хорио тогтоон тэрээр хэнийг ч хүлээн авч уулзахаа больжээ. Энэ үед Чабуй хатны үеэл дүү байгаад Чабуй хатныг нас барснаас 2 жилийн дараа 1283 онд их хатнаар өргөмжлөгдсөн Хонгирадын Начин ноёны охин Нанби хатнаар дамжуулан хаантай холбоо тогтоож байв.


1294 оны 1-р сарын 28-нд хааны бие эрс муудав. Энэ үеэр хааны бэр Хөхчин хатан яаравчлан хааны ордонд хүрэлцэн ирлээ. Хөхчин хатан энэ үеэр нэгэн хуйвалдаан зохиосон нь цэрэг захирах эрх мэдлээ түр хураалган Датун хотод сууж байсан Баян жанжныг 2-р сарын 8-нд хааны ордонд дуудан авчирсан явдал байлаа. Тухайн үед цэргийн жанжид дотроос Баян жанжин нэр хүндээрээ хамгийн өндөр цолтойн байсан юм. 


Ингээд түрүг үндэстэн Бүхүм, Хянах зөвлөлийн захирагч Үрүг нартай хуйвалдаж хааны өргөөнд ахмад гавьяат ноёдоос өөр хүн орохыг хориглосноор зөвхөн Бүхүм хааныг асарч дэргэдээс нь холдохгүй болж Баян жанжин, Үрүг нар өөр хүмүүс ороход хорио тавиад байв. Энэ үеэр Нанби хатан, түүний нялх хүү Тэмүчи хоёр учир битүүлгээр хааны ордноос алга болжээ. Ингээд эрх мэдэл зөвхөн Бүхүм, Баян, Үрүг 3-т төвлөрч тэднийг араас нь Хөхчин хатан залж удирдаж буйн тодорхой болов.


2-р сарын 15-нд хааны бие эрс муудахад түүний дэргэд Бүхүм, Баян, Үрүг 3-аас өөр хүн очих эрхгүй болсон байлаа. 2-р сарын 18-нд хааныг тэнгэрт халихад түүний гэрээсийг Бүхүм, Баян, Үрүг 3 л сонсжээ. Ингээд тэд хааны эцсийн гэрээс ёсоор хааны залгамжлагчийг Хөхчин хатны хүү Төмөр хэмээн зарласан юм. Үнэндээ хаан гэрээс хэлсэн эсэх, хэлсэн бол чухам юу хэлснийг мэдэх боломжгүй байсан юм. Хубилай 1286 онд Чингимийг нас барснаас хойш угсаа залгамжлагчаа нэр заан сонгоогүй байлаа.


Хубилайг нас барах үед түүний их хатан Нанби нэгэнт ордноос алга болсон байсан тул түүний хүү Чингимийн хатан Хөхчин Их хуралдайг зарлан хуралдуулжээ. Хөхчин хатны отгон хүү Төмөр 25 наснаасаа тулуй өвчнөөр өвдөж явж чадахаа байсан тул зааны нуруунд бэхэлсэн тусгай жуузаар зорчдог байжээ. Мөн түүнчлэн их хэмжээгээр архи уудаг байсан тул Хубилай хааны итгэлийг алдаж хаан түүний архи уухыг хориглож гурван удаа ташуурдаж хорьж байсан удаатай.


1294 оны 4-р сард Шанду хотноо Хөхчин хатан Их хуралдайг зарлаж алтан ургийн ноёдыг цуглуулан их хааны гэрээсийг танилцуулав. Гэвч энэ үед гэнэтийн явдал гарсан нь алтан ургийн ноёдоос Төмөрийг бус харин ахмад хөвгүүн Гамалаг хаанаар өргөмжлөх санал гарч олон ноёд дэмжжээ. Хөхчин хатан отгон хүү Төмөрийг дэмжсэн атлаа ууган хүү Гамалаг яагаад дэмжээгүй тайлбар байдаггүй. Зарим эрдэмтэд Гамалаг Хөхчин хатны хүү биш байсан гэсэн таамаг дэвшүүлдэг.


Төмөрийг Баян жанжин, Бүхүм, Үрүг, Устөмөр, Өлзий зэрэг ноёд дэмжсэн бол Гамалаг алтан ургийнхан дэмжжээ. Нэлээд хэдэн өдөр маргалдаж эцэст нь Гамала сайн дураараа Төмөрийг хаан болоход татгалзах зүйлгүй гэсэн боловч алтан ургийн ноёд Төмөрийг Их хаанд өргөмжлөхөөс татгалзав. Иймээс Баян жанжин цэргийн сүр хүчийг үзүүлсэн тул тэд аргагүйдэж эцэстээ Төмөрийг хүлээн зөвшөөрсөн болно.


Төмөр хааныг байр суурь маш хэврэг байсан тул Хөхчин хатан хүүгийнхээ байр суурийг баталгаажуулах нэгэн үйлдлийг хийсэн нь Мухулай жанжны гуч хөвгүүн Шидийн өргөөнөөс төр барих хасбуу тамга олдож түүнийг Төмөрт өргөн барьсан явдал байлаа. Хасбуу тамга хятад үндэстэнд Төмөрийг хүлээн зөвшөөрөхөд чухал нөлөө үзүүлсэн байж болох ч монголчуудад нэг их нөлөө үзүүлж чадсангүй. Тэд хасбуу тамгын ач холбогдлыг төдийлөн тоохгүй байв.


Төмөр хаан ширээнд суугаад өөрийн эх Хөхчин хатанд Хуан Тайхоу хэмээх хятад цол /хятадын хаад төрсөн эхээ энэ цолоор өргөмжилдөг байж/ олгосныг мөн Япон, Солонгос, Вьетнам улсууд мөн даган дуурайсан байдаг. Мөн Төмөр хаан Манзушир бурхан оршдог хэмээн Утай ууланд Хөхчин хатанд зориулан Түмэн богдын ивээлт төрийн сүмийг бариулсан болно. Түвэдийн бурхан шашны Сажийн урсгалын толгойлогч Пагва лам Хубилай хааныг Манзушир бурхны хувилгаан хэмээн зарлаж байв.


Төмөрийг хаан суугаад хоёр жил болоогүй байхад нэгэн шинэ өрсөлдөгч гарч ирсэн нь Хубилай хааны хөвгүүн Мангалын хүү Ананд байлаа. Тэрээр эртний тангуд улсын нутгийг захирч байсан бөгөөд тангуд нар исламын шашинтай тул тэр ч мөн адил лалын шашинт нэгэн байв. 


Эртний Тангуд улсын нутагт 150000 цэргийг захиран суух Ананд вантай муудалцах нь Ананд ванг сэтгэл буруулж одоог хүртэл Юань гүрнийг эсэргүүцэн тэмцэж байгаа Хайду хаан тийш одохоос эмээж Төмөр хааныг Анандтай илэрхий зөрчилд орж тэмцэлдэхийг Хөхчин хатан хориглож байв. Энэ үеэр Цагадайн улсын эзэн Дува Хайду хаантай холбоотон болсноор Хайду хаан үлэмж хүчирхэгжиж тул Зүчийн удмын байгуулсан Цагаан ордын эзэн Баян хан Төмөр хааны холбоотон болж Хайду-Дувагийн холбооны эсрэг байлдах санал тавьжээ. 


Гэвч Төмөр хаан Баян ханы саналыг хүлээн авч яаран сандран тийш цэрэглэн явсангүй, түр хүлээзнэсэн нь оносон юм. Учир нь 1300 онд Хайду, Дува нар уугуул Монголын нутаг Алтай нуруу уруу цэрэглэн оржээ. Энэ үед уугуул Монголын нутгийг захирахаар Дармабалын хүү Хайсан очоод байлаа. Хайсан энэ үед дөнгөж 20 нас хүрч байсан ч Хайду хааныг тосон байлдсан юм.


1300 оны 8-р сард Алтайн нурууны өмнөд бэлд болсон тулаанд Хайду хаан ялж Хархорум хотыг эзлэхээр цааш зүглэснээр 1301 оны 9-р сарын 3-нд хоёр тал шийдвэрлэх тулаанд орсон юм. Гэвч тулааны эхний өдрүүдэд Дува хоцорсноор Хайду хааны цэрэг ганцаар тулж улмаар ялагдан ухарч байх үед Дува ирсэн боловч нэгэнт ялагдаж буй цэргийг зогсоож хүч хүрсэнгүй. Уг тулаанд Хайду, Дува 2-ул шархдаж арга буюу ухран нутгийн зүг буцжээ. 


Уг тулаанаар олсон Хайду хааны шарх хүндэрч удалгүй нас барсан гэдэг. Хайду хаан нас барснаар Юань гүрнийг эсэргүүцсэн Хайду хааны тэмцэл үндсэндээ зогссон ба Хайду хааныг залгамжлагч нар өвөр зуураа тэмцэлдэж ахин Юань гүрний эсрэг байлдаагүй болно. Хайду хааныг дарснаар Дармалагийн хөвгүүн Хайсангийн нэр хүнд улам мандаж тэрээр Алтайн хязгаарыг сахин суух болов.


Хөхчин хатны бие лагшин муудсан тул 1299 оны 10-р сарын 29-нд Баягуд аймгийн Булганг Төмөр хааны их хатанд өргөмжилж ордны эмс хатдыг захирах хасбуу тамгыг олгосноос 1 жилийн дараа 1300 оны 3-р сарын 1-нд Хөхчин хатан нас баржээ. Булган хатан Даш хэмээх ганц хүүтэй байсан бөгөөд 1305 оны 6-р сарын 23-нд Дашийг угсаа залгамжлах хунтайжаар өргөмжлөв. Гэвч ердөө 5хан сарын дараа 1306 оны 1-р сарын 3-нд эрийн цээнд ч хүрч амжаагүй хар нялхаараа хунтайж Даш гэнэт нас баржээ.


Дашийн нар барсан шалтгаан тодорхойгүй, энэ талаар түүхэнд бичиж тэмдэглээгүй бөгөөд Дашийг нас барсны дараагаас Төмөр хааны бие лагшин муудаж 1307 оны 2-р сарын 10-нд 42 насандаа Төмөр хаан нас баржээ. Төмөр хааны хүү Даш нас барсан тул Төмөр хаан угсаа залгамжлагчаа сонгож чадаагүй бөгөөд бүх хэргийг Булган хатанд даатгаад хорвоог орхижээ.