Хубилай хаан өөрийн ихэд дотночилдог Чабуй хатны ууган хүү Чингимийг хунтайжид өргөмжилж өөрийн залгамжлагчаа хэмээн үзэж байсан юм. Чингим хунтайжид Хонгирад аймгийн Хөхчинг хатан болгон өгснөөр тэдний дундаас Гумала, Дармабала, Төмөр 3 хүү /Гумалаг хожим хаан суух гэхэд Хөхчин хатан дэмжээгүйгээс болж олон эрдэмтэд түүнийг Хөхчин хатнаас биш өөр хатнаас төрсөн хүү гэдэг/ төржээ. Эдгээр дундаас 1264 онд Хубилай хаан Аригбөхийг буулган авсан жил төрсөн Дармабала төрөлхийн хэлгүй, биеийн согогтой төрж удаан амьдарч чадаагүй ч Хубилай хааны хайртай ач нь байж.
1279 онд Хубилай хаан 70 настайдаа 130 сая хүн амтай Сүн улсыг мөхөөж Хятадыг бүрэн эзэлсэн жил 16 нас хүрээд өөрийн хайртай ач хүү Дармабалад Хонгирад аймгаас Даги бүсгүйг хатан болгон өгчээ. Даги хатнаас 1281 онд Хайсан, 1283 онд Сэнгэраги охин, 1285 онд Аюурбарвад гэсэн 3н хүүхэд төрсөн нь бүгд хожим Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн болно. Дармабала төрөлхийн өвчин зовлонд нэрвэмтгий хүүхэд байсны улмаас 1292 онд Хубилай хааны 77 нас зооглох жил ид 28 насандаа таалал төгсжээ.
Гурван хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн Даги хатны хувь тавилан амар байсангүй. 1299 онд Төмөр хаан Даги хатны ууган хүү Хайсанг 18 нас хүрэнгүүт уугуул нутаг Хархорумд очиж цэрэг захиран суухыг үүрэгдсэн нь Өгэдэй хааны ач Хайду хааны эсрэг уг бяцхан хүүг өөрийн орноос түлхсэн хэрэг байв. Хайсан Хархорумд очоод удаагүй байхад дараа жил нь Хайду хаан Цагадай улсын эзэн Дува нар цэрэглэн ирсэн нь Хайсанг нялх балчир хэмээн үзсэнтэй холбоотой. Гэвч нялх балчир Хайсан 71 настай Хайду хааныг тулаанд ялж шархдуулан нутаг уруу нь буцаасан. Хэзээ ч хэнд ч дийлдэж үзээгүй Хайду хаан өтөл насандаа нялх хүүхдэд ялагдав хэмээн сэтгэлээр унаж шарх нь үгдэрснээр нас барсан гэдэг.
Төмөр хаан Хайсангийн гавьяаг үнэлж “Хол дахиныг төвшитгэх ван” цол олгож харьяат албатаа захиран суух алтан тамга олгосноор Хайсан Алтайн нурууны бэлийг тойрон өвөлжиж, Эрчис мөрний хөвөөнд зусаж байв. Чухамдаа Төмөр хаан Хайсанг Хархорум уруу илгээснээр залуу хөвгүүнд тал нутгийн дайчин эрийн уламжлалаар хүмүүжих боломж олдсон бол дүү Аюурбарвад нь Хятад оронд төрж өсөн, харийн соёлын дор хүмүүжиж байв.
Төмөр хааны их хатнаас төрсөн ганц хүү угсаа залгамжлах хунтайж Даш 1306 онд гэнэт нас барсны дараа Төмөр хааны бие эрс муудаж хэвтэрт оржээ. Төмөр хаан угсаа залгамжлах хаан хүүг ахин нэрлэсэнгүй тул угсаа залгамжлах асуудлыг Булган хатан бие даан шийдэх амаргүй үе ирэв. Ингээд Булган хатан Хубилай хааны 3 дахь хүү Мангалын хөвүүн Ананд ванг Тангуд улсаас Милигтөмөрийн хамт Хаанбалгаст хүрэлцэх ирүүлэхээр дууджээ.
Ананд ван, Милигтөмөр нар 1307 оны 2-р сарын 7-нд их хааныг нас барахаас 3 хоногийн өмнө амжиж нийслэлд ирэв. Энэ үед Даги хатан хааны бие муудсаныг ч эс мэдэн отгон хүү Аюурбарвадын хамт Булган хатны зарлигаар нийслэлээс 700 км хол Хуайжөү хотноо амьдарч байсан тул хааныг нас барсныг 15 хоногийн дараа л сая дуулсан байна.
Ананд ванг хаан суулгах Булган хатны төлөвлөгөө яагаад ч юм бүтээгүйн нэгд Ананд ван Чингимийн хүүхдүүдийг бодвол холын хамаатан, хоёрт Ананд ван исламын шашинтай байсанд болно. Булган хатны төлөвлөгөөг зүүн гарын тэргүүн сайд Ахудай, засгийн хэрэг тэгшлэн шийтгэгч Бадамшин, мөн өмнө нь энэ албыг хашиж байсан Баян, их хатны сан хөмрөгийг хянан захирагч Хэрэйд нар дэмжсэн боловч баруун гарын тэргүүн сайд Хархасун эсэргүүцсэн юм. Тэрээр эрт үед Чингис хааны аминд орсон адуучин Хишилигийн ач хүү байжээ. Хархасун тэргүүн сайдын хувиар засаг захиргааны бүх байгууллага төдийгүй хишигтэн цэргийг захирч байв.
Хархасун бүх яамдын тамгийг хурааж, төрийн санг битүүмжлээд өөрийгөө хүнд өвчин туссан хэмээн мэдэгдэж өргөөнөөсөө цухуйхгүй болж нууцаар Даги хатанд элч илгээн ордонд яаралтай ирэхийг хэлүүлжээ. Хархасун сайд ийм аргаар 30 хоног Булган хатныг чөдөрлөж дөнгөсөн бөгөөд хатны зөвлөхүүд тэргүүн сайдыг хороож байдлыг хяналтдаа авахыг ятгасан ч ийм боломж гаргасангүй. Учир нь цэргийн жанждын олонх нь Ананд ванг дэмжихгүй Дармабалагийн хөвгүүдээс хаан суух ёстой хэмээн үзэж байсан учраас хэн нь ч хэрэг явдалд хөндлөнгөөс шууд оролцсонгүй цагийг харзнажээ. Гэвч Булган хатан 4-р сарын 5-нд Их Хуралдайг зарлачихсан байлаа.
Эзэн хаан нас барсны 41 хоног дээр сая 3-р сарын 20-д Даги хатан хүү Аюурбарвадтай нийслэлд хүрэлцэн ирж Хархасун сайдтай уулзсанаар түүнийг Цагадайн ач Тура, Хөхэчү, Тулуйн ач Яхуд нар дэмжиж байгааг хэлжээ. Хархасун сайд Даги хатан ирсний дараа сая өргөөнөөсөө гарч Булган хатанд бараалхсан нь хоёр тал хэн хэнээ сонжсон явдал байлаа. Тэртэй тэргүй асуудал 2 хоногийн дараа Их Хуралдайгаар шийдэгдэх нь тодорхой болсон байв. Ингээд 4-р сарын 4-ний шөнө буюу Их Хуралдай болохоос ердөө нэг хоногийн өмнө Хархасун сайд хөдөлж Ананд ван, Милигтөмөр нарыг барьж, Булган хатныг гэрийн хорионд хорив. Ийнхүү бүх эрх мэдэл Даги хатны гарт төвлөрч түүний 2 хүүгийн нэг хаан болох нь тодорхой болжээ.
Энэ үеэр их хааныг нас барсныг Хархорумд Хайсан сонсоод байв. Хархорумд цугларсан алтан ургийнхан Хайсанг өөрийгөө хаанд өргөмжлөхийг ятгасан ч тэрээр Аригбөхийн алдааг давтахыг хүссэнгүй тэрээр 30000 цэргийг дагуулан Шанду тийш яаран хөдөлжээ. Даги хатан энэ үеэр эрх мэдлийг нэгэнт гартаа авч 2 хүүгийнхээ хэнийг хаан сонгохыг мэрэгч төлөгч нараас асуутал Хайсанг нас охор, Аюурбарвадыг урт настай гэсэн тул Аюурбарвад хүүгээ хаан суулгахаар шийдэж Хайсанг угтуулан элч илгээн уг шийдвэрээ мэдэгджээ. Гэвч уг шалтагт Хайсангийн сэтгэл ханасангүй. Ердийн нэг төлөгчийн үгэнд итгэж нас охор гэдгээр шалтаглан хаан суух эрхийг минь хаслаа хэмээн ихэд гоморхсон тул Даги хатан яаран сандран уг шийдвэрээ цуцалж Шанду хотноо 6-р сарын 2-нд Их Хуралдайг зарлан ууган хүүгээ ирэхийг хүлээн суусан байна.
Их Хуралдай эхлэхэд бүх алтан ургийн язгууртнууд сая бүрэн цугларч эхний өдрөө Булган хатны бүх цол хэргэмийг эвдэж Хөбэй мужийн Дунань жөү сууринд цөлж, Ананд ван, Милигтөмөр нарыг цаазаар хороохыг алтан ургийнхан зөвшөөрчээ. Ингээд 1307 оны 6-р сарын 21-нд 26 настай Хайсанг хаан ширээнд залсан юм. Гэвч төлөгчийн зөгнөл биелж Хайсан 1311 оны 1-р сарын 27-нд дөнгөж 30 насандаа нас баржээ.
Ингээд 1311 оны 4-р сарын 7-нд Даги хатны отгон хүү Аюурбарвад эзэн хааны сэнтийд суусан болно. Хайсан хаан хэдий Хятадад төрсөн боловч насан залуугаасаа тал нутагт очин сууж тал нутгийн заншлаар хүмүүжсэн бол Аюурбарвад Хятадад насаараа амьдран Кунзийн суртлаар хүмүүжсэн Монголын анхны хаан байлаа. Тиймээс Аюурбарвад хаан 1315 онд Хятадын төрийн тогтолцооны үндэс болсон түшмэдийг сонгох ёсыг сэргээн, хятад түшмэдүүдийг гол чухал албадад томилж эхэлжээ. Аюурбарвадаас өмнө Хятадын соёл иргэншилд таагүй ханддаг байдал үүгээр эцэс болсон юм.
Даги хатан ууган хүү Хайсанг дэргэдээ байхад нь Хонгирад аймгийн Чингэ бүсгүйтэй ураг барилдуулсан боловч хүүхэд төрүүлээгүй учраас түүний үеэл Сүхшир, сүүлд нь Өлзийдэй охиныг хатан болгосон ч үр хүүхэд төрүүлсэнгүй. Удалгүй Хайсан Алтай уулсын зүг очин суурьшжээ. Энд байх үед 1300 онд Хайсангийн татвар эмээс хүү Хүслэн /Хайсангийн татвар эмийн нэр түүхэнд үлдээгүй боловч түүнийг Ихириэс аймгийн эзэн Соланха ноёны охин байсан хэмээдэг/, түүнээс дөрвөн жилийн дараа өөр нэг тангуд угсааны татвар эмээс хүү Тугтөмөр төржээ. Даги хатан эдгээр татвар эмсийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас түүхэнд нэрс нь үлдээгүй болно.
Даги хатан отгон хүү Аюурбарвадыг мөн Хонгирад аймгийн Раднашир гүнжтэй ураг барилдуулснаар Раднашир хатан 1302 онд ганц хүү болох Шидэбалыг төрүүлжээ. Хайсан хаан суухдаа дүү Аюурбарвадтай нэгэн тохироо хийсэн нь Хайсанг нас барахад дүү Аюурбарвад төр барина, Аюурбарвад нас барахад Хайсангийн хүү төр барина гэсэн тохиролцоо байлаа. Гэвч Аюурбарвад Хайсангийн 2 хүүгээс угсаа залгамжлагчаа тодруулах хүсэлгүй өөрийн ганц хүү Шидэбалыг хаан суулгах хүсэлтэй байв. Хайсангийн 2 татвар эмийг Даги хатан хүлээн зөвшөөрөөгүй тул тэр ч мөн Шидэбалыг хаан суулгахыг дэмжиж байлаа.
Үүний тулд юуны өмнө Хайсан хааны ууган хүү Хүслэнг зайлуулах шаардлагатай болжээ. Ингээд 1315 оны 10-р сарын 26-нд Хүслэнд ван цол олгож, алтан тамга соёрхсон нь хунтайж болохоо хүлээж байсан Хүслэнд том цохилт болов. Улмаар Хүслэнг нийслэл хотоос 3000 км зайд орших Вьетнамтай хиллэдэг Юньнань мужид суулгах шийдвэр гаргажээ. Хүслэн Юньнань мужид ирэнгүүтээ түүнийг хорлохоор зэхэж байна хэмээн сэжиглэж шууд зугтан өөрийн эцгийн суурьшиж байсан Алтайн нурууг зорьж улмаар Цагадайн улсын эзэн Эсэнбуха дээр очиж нийлэв. Цагадайн улсын эзэн Эсэнбуха нь Юань гүрэн, Ил хаант улсын нэгдсэн хүчний эсрэг тэмцэж ялагдаад байсан тул Хүслэнг найр тавин хүлээн авсан болно.
Хүслэн Юань гүрний нутаг дэвсгэрээс гарч явсан тул 1317 оны 1-р сарын 2-нд Шидэбалыг хунтайжаар өргөмжилжээ. Аюурбарвад хааны үед Даги хатны эрх мэдэл туйлын их байв. Даги хатныг тойрон Монгол, Уйгар, Түрүг, Перс, Түвэд, Тангуд ноёд хүрээлж Аюурбарвадыг тойрон хятад түшмэд төвлөрч хоорондоо зөрчилдөж тэмцэлдэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Даги хатныг тойрсон монгол түшмэдийн бүлэг, Аюурбарвадыг тойрсон хятад түшмэдийн бүлэг үүсжээ.
Төлөгчийн мэргийн дагуу Хайсан урт наслаагүй боловч тэдний хэлсэнчлэн Аюурбарвад ч урт насалсангүй. 1320 оны 2-р сарын 16-нд Аюурбарвад хаан гэнэт өвдөж, хэвтэрт орон, тамир тэнхээгүй болж 3-р сарын 1-нд 36 насандаа таалал төгсжээ. Даги хатан отгон хүү Аюурбарвад хааныг таалал төгсөнгүүт түүнийг дагаж байсан хятад түшмэдийг барьж заримыг нь цаазлан хороосон болно.
1320 оны 4-р сарын 20-нд 18 настай Аюурбарвад хааны хатан Раднашир хатны хүү угсаа залгамжлах хунтайж Шидэбал хаан сэнтийд суув. Шидэбал хаан суугаад Аюурбарвад хааныг дагаж байсан хятад түшмэдийг ивээлдээ авснаар эмэг эх Даги хатантай илэрхий зөрчилд оржээ. Үүнээс болж Даги хатан Аюурбарвадын өөр нэг хатнаас гарсан Шидэбалын дүү Удусбуха-г хаан болгох хуйвалдаан зохиосон ч энэ хуйвалдаан илчлэгдэж өөрийн дүү Удусбуха болон хуйвалдаан оролцогсод цаазлан хороов.
Шидэбал уг хуйвалдааныг эмэг эх Даги хатан зохион байгуулсныг мэдэж байсан учраас зөрчил хурцдаж Даги хатныг дагагсдыг Шидэбал хаан боломжоороо хавчин гадуурхаж эхэлжээ. Даги хатны нэр нөлөө их байсан ч түүний гол гар хөл болж байсан баруун гарын сайд Тэмүдэр ноён 1322 оны 10-р сарын 6-нд өргөөндөө өвчний улмаас нас барж, Даги хатан ч өтөлж хөгширч 1322 оны 11-р сарын 1-нд тус тус нас баржээ. Шидэбал хаан өөрийн гол өрсөлдөгч Даги хатан, Тэмүдэр ноён нарыг нас барсны дараа тэдний талыг баримтлагчдыг бүгдийн гэсгээхээр завдсан тул ордныг хамгаалж байсан асуд цэргүүдийг захирч байсан Тэмүдэр ноёны хүү Тэгш Шидэбал хааныг Шандугаас хөдлөн Хаанбалгас орох замдаа Нанью хэмээн газар буудаллаж байхад нь шөнө гэнэт довтлон хааныг хороосон байна.
Шидэбал хаан алагдахдаа дөнгөж 21 настай байсан бөгөөд Сүхбал, Ябхутулуг, Доржбал хэмээн гурван хатантай байв. Гэвч тэд хэтэрхий залуухан байсан учраас Шидэбал хааныг алагдсаны дараа төр барих хэмжээнд очиж чадаагүй байв. Хуйвалдагчид тэртээ нэгэн цагт Төмөр хаанд сайн дураараа найр тавин хаан суудлыг өгөөд төрөлх Монгол нутагтаа очиж амьдарсан Гамала вангийн хүү Хубилай хааны ач Есөнтөмөрийг хаан суулгахаар эртнээс зэхсэн байв.
1323 оны 10-р сарын 4-нд Бурхан Халдун уулын өмнө Хэрлэн голын хөвөөнд Есөнтөмөрийг хаан залжээ. Ийнхүү Хубилайн тогтоосон их хааныг Шанду эсвэл Хаанбалгаст өргөмжилдөг ёс тал нутагт эргэн ирж олон монголчуудын сэтгэлд нийцсэн явдал болов. Есөнтөмөр хаан суугаад Шидэбал хааныг хороосон хуйвалдаанд оролцсон хэмээх сэжгээс нэрээ цэвэрлэхийн тулд уг хуйвалдаанд оролцсон бүх хүнийг барьж Тэгш тэргүүтэй бүх хуйвалдагчдыг цаазаар хөнөөжээ.
Есөнтөмөр хааны бага хатан Ринчинбал нь нас барсан Шидэбал хааны хатан Сүхбалын төрсөн дүү байсан байна. Харин их хатан нь Бабухан хатан байжээ. 1328 оны хавар Есөнтөмөр ан ав хийж явахдаа гэнэт өвдөж тамир тэнхээ нь доройтоход зарим түшмэд сандран тэвдэж нөгөө хэсэг нь сэтгэл хангалуун ажиглаж байв. Есөнтөмөр хааны залгамжлагч нь хунтайж Рагибаг байсан түүнд саад хийх хүмүүс нь Хайсан хааны 2 хүү Хүслэн, Тугтөмөр нар байлаа. Хүслэн Цагадайн нутагт амьдрах тул аюул занал бага бол Тугтөмөрийг дэмжих хүмүүс цөөнгүй байв.
1328 оны 8-р сарын 15-нд Шанду хотноо Есөнтөмөр хаан 36 насандаа тэнгэрт хальжээ. Гүрэн улсын хувь заяа хэрхэхийг түүний Их хатан Бабухан, тэргүүн сайд Давлат шах нар дааж үлдэв. Давлат бол Есөнтөмөрийг Хархорумд байх үеэс шадарласан исламын шашинт муслим хүн байжээ. Тиймээс тэр Күнзийн сургаалаар хүмүүжсэн ордны монгол, хятад түшмэдтэй ямар нэгэн хэлхээ холбоо байхгүй байв.
1328 оны 9-р сард Шанду хотод Бабухан хатан, Давлат шах нар бага балчир Рагибахыг хаанд өргөмжлөв. Гэвч Хаанбалгас Хайсан хааны үнэнч албатуудын гарт байсаар байлаа. Тэд Хархорумаас гэнэт ирсэн Есөнтөмөр, түүний хүү Рагибахын аль алиныг нь дэмжихийг хүсэхгүй байсан юм. Ингээд Хаанбалгасын цэргийн захирагч Кипчак угсаат Элтөмөр өөрийн хуучин эзэн Хайсан хааны отгон хүү Тугтөмөрийг 1328 оны 11-р сарын 14-нд Хаанбалгамт хаан өргөмжлөв. Ийнхүү Юань гүрэн 2 хаантай болсон тул Элтөмөрийн дэмжлэгээр Тугтөмөр 1328 онд Шанду хотыг эзлэн Рагибах хаан, Бабухан хатан, Давлат шах нарыг олзлон цаазлан хороожээ.