2020/05/16

102. Түүхийг гуйвуулах уу?

Херодот Хисторияг бичихдээ түүхийг бичихийн тулд домгийг хэрхэн гуйвуулж болдгийг давхар харуулснаараа хожмын түүхчдэд томхон хичээл заажээ.


Иог булаасан домог дээрх Хисторияд дурдсан Инакус хаан нь үнэндээ Грекийн Аргос нутгийн гол мөрний лус бөгөөд охин Ио нь Хера дагинын зарц бүсгүй ажээ. Херагийн нөхөр Зевс бурхан Иод дурлаж түүнийг үнээ болгон хувиргав. Хартай эхнэр Хера Иог зуун нүдэт Аргос мангасаар мануулжээ. 


Зевс Хермест тушаал өгч Аргосыг алуулсанд уурласан Хера Ио уруу хөх түрүү илгээн тамлав. Хөх түрүүнд хөөгдсөн Ио газар дэлхийгээр хэрэн тэнүүчилж Египет хүрээд тэндээ хүн болж хувираад Эпаф нэрт хүүг төрүүлэв. Ио нь Эгипетийн дагина Исида, хүү Эпаф бух дүрт Апис бурхан болсон гэдэг. Хера Эпафийг булаан авч Библид (Ливаны эргийн Жбэйл) хүргэсэн учраас Ио түүний араас очиж тэндээ Финикийн шүтээн Астарта дагина болон хувирчээ.


Домогт Грекийн Аргос, Египет, Финик гурван газар дурдагдсан бөгөөд уг домгоор эрт цагт хийгдэж байсан газар дундын тэнгис дэх худалдаа наймааны харилцааг харуулсан гэж үздэг. Домогт дандаа бурхад дурдагдсан боловч тэднийг Херодот зориуд хүмүүсийн харилцаа болгон өөрчилж Финикчүүд буруутай хэмээн мэдэмхийрсэн нь Херодитын эхний гуйвуулга болно.


Хоёр дахь хэсэг болох Тирийн гүнж Европаг хулгайлсан гэдэг нь мөн домгоос үүдэлтэй. Уг домгоор Крит арлын грек эр гэдэг өмнөх домогт дурдагдсан Зевс бурхан болно. Домогт өгүүлснээр Европа нь Фойниксын (Финик хүн гэсэн утгатай) охин (дараагийн домогт түүнийг Финикийн хаан Агенорын охин гэж өгүүлдэг) бөгөөд түүний гоо үзэсгэлэнд дурласан Зевс цагаан үхэр болон хувирч дэргэд нь очоод нуруундаа мордуулан далайг гатлан Крит аралд аваачсан гэдэг. Европа Крит аралд ирээд Критийн хаан Миносыг төрүүлсэн ба Минос нас барсныхаа дараа үхэгсдийн орны эзэн болсон гэдэг.


Энд дурдагдсан Зевс бурхан нь Грек домгийн Зевс бурхнаас ялгаатай Эгейн соёл иргэншлийн бурхан болно. Европа гэдэг нь хүний нэр бус том нүдэт дагина гэсэн утгатай бөгөөд Херагийн өөр нэр болох Боопис нь үхэр нүдэт дагина гэдэгтэй ижил утгатай. Европа нь Крит арлынхан шүтэж байсан дагина. Домогт мөн л бурхдын явдлыг өгүүлсэн боловч Херодот үүнийг өөрчлөн хүмүүсийн хооронд болсон харилцаа болгон харуулж, үйл явдлыг финикчүүд болон Крит арлын грекчүүдийн хоорондох хэрэг болгон гуйвуулжээ.


Гурав дахь хэсэгт дурдагдсан Медеа гүнж бол Еврипидийн эмгэнэлт жүжгийн гол баатар гэдгээрээ алдартай боловч Грекийн Фиссали нутгийн шүтээн ид шидийг захирагч дагина болно. Алтан ноост хонины арьс олохоор аян замд гардаг Аргонавтуудын адал явдалд тэрээр дурдагддаг. Фиссалигийн Иолкын ханхүү Ясон хаан ширээгээ нагац ахдаа алдаад түүний тушааснаар Колхид (Кавказ)-ын Аэа нутагт байдаг алтан ноост хонины арьсыг олж авахаар аян замд гардаг. Энэ адал явдал мордохоор грекийн анхны хөлөг онгоц Аргог бүтээж тавин зоригт эрсийн хамт замд гарчээ.


Олон газраар явж саад бэрхшээлийг даван Колхид нутагт хүрэхэд Колхидын хаан алтан ноост арьсыг өгөх болзол болгон хүрэн туурайт, галаар тургигч бухыг анжсанд хөллөн газар хагалж лууны хумс тарихыг тушаадаг. Ясон өөрт нь дурласан Медеа гүнжийн тусламжтайгаар даалгаврыг биелүүлж лууны хумснаас төрсөн дайчдыг хооронд нь тулалдуулан өөрөө эсэн мэнд үлддэг. 


Медеа шидийн хүчээр лууг унтуулах зуур Ясон арьсыг авч Медеаг дагуулан Арго хөлгөөрөө зугтдаг. Колхидын хааны нэхүүл цэргүүдээс Медеа гүнж өөрийн балчир эрэгтэй дүүгээ амьдаар нь огтчин далайд хаясны хүчээр зугтаж чаддаг. Иолкод буцан ирснийхээ дараа Ясон Медеагийн хайр сэтгэлээс урваж өөр хүүхэнтэй гэрлэсэнд Медеа уурсан өөрийн төрүүлсэн хүүхдүүдийг шинэ эхнэрийн хамт алаад Колхид уруугаа буцдаг.


Херодотын ашигласан дөрөв дэх домогт Хомерын Илиада туулийн алдарт Тройн дайныг ашиглажээ. Фиссалигийн хаан Пелей далайн дагина Федит нар хуримандаа бүх бурхдыг урьсан ч гагцхүү эв түнжин муутай Эрид дагиныг урьсангүй. Үүнд өсөрхсөн Эрид алтан алиман дээр хамгийн үзэсгэлэнтэйд нь гэж бичээд найрын ширээ рүү шиддэг. Уг алимыг Хера, Афин, Афродита нар булаалдахад бурхдын хаан Зевс маргааныг тасалж эс дийлээд уг маргааны таслахыг Парис Александрт даалгадаг. 


Парис Дарданеллийн хоолойн Бага Азийн хошууны Трой хотын ханхүү бөгөөд энэ үед Ида ууланд хонь хариулж явжээ. Хера түүнд хаан суудал, Афин эр зориг амласан боловч дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхнийг өөрт нь дурлуулна хэмээн амласан Афродитад алтан алимыг өгчээ. Парис Афоридитагийн тусламжтайгаар Ахейгийн (Грекийн) Спартагийн хатан хаан Хелентэй хайр сэтгэлийн холбоотой болж хоёул Тройд зугтан иржээ.


Тройчууд Хеленийг буцаахаас татгалзсан учир түүний нөхөр Спартагийн хаан Менелай нийт Ахейн хотуудаас цэрэг илгээхийг уриалан Тройг дайлах том флот бүрдүүлэн Менелайн ах Микений хаан Агамемноны удирдлагаар Тройг довтолно. Бурхад хоёр талд хуваагдан Тройн бүслэлт 10 жил үргэлжилсэн ч хот бууж өгсөнгүй. Ахейчууд бүслэлтээ орхин явж буй дүр үзүүлэн аварга модон морь үлдээснийг тройчууд хэрмийнхээ хаалгыг эвдэн байж модон морийг хотод оруулав. Шөнө нь модон моринд нуугдсан ахейчууд гарч ирэн довтлон хотыг буулган авч тройчуудыг хүйс тэмтэрчээ. Энэхүү Тройн дайны тухай домог МЭӨ 13-12-р зууны үед ахейчүүд хэмээх далайчин үндэстнүүд Газар Дундын тэнгист ноёрхлоо тогтоосон үеийг тусгасан учраас үндэслэлтэй хэмээн үздэг.


Ингээд Херодотын авч ашигласан 4 баримтын 2 нь домог, 1 нь шидэт үлгэр, үлдсэн нь домог боловч түүхэнд үнэхээр тохиолдсон зүйл байж болох 4 зүйлийг ашиглан хооронд нь хольж хутган түүхийг гуйвуулжээ.


Үүнээс гадна эдгээр 4 баримтад дурдагдсан газрууд өөр өөр, эхний домогт Аргос болон Финик, дараагийн домогт Крит арал болон Финик, гурав дахь баримтад Иолк болон Колхид, дөрөв дэх баримтад Спарта ба Тройд болсон үйл явдал тусгагдсан. Финикчүүд Аргосын гүнжийг булаан одсоноос болоод иолкүүд Колхидын гүнжийг буцаан өгөөгүй гэдэг нь ямар нэгэн логик холбоогүй зүйл юм. Учир нь грекчүүдийн нэг тал болгож болох ч түүний эсрэг тал болгож Финик (Ливан), Колхид (Кавказ), Трой (Бага Ази) гурвыг нэг тал болгосон нь эдгээр газар нутгийг нэгтгэн захирсан МЭӨ 6-р зуунд Персийн Ахеменид эзэнт гүрэн байгуулагдах хүртэл огт боломжгүй бөгөөд домог үүнээс хамаагүй өмнө болсон цаг үеийг өгүүлж байгааг Херодот мэдэж байжээ.


Херодот Азид суудаг Грек бус овог аймгуудыг нэг тал, Европт суудаг грек аймгуудыг эсрэг тал болгон харуулсан нь зүгээр Херодотын цэвэр уран сэтгэмж байсан болно. Гэхдээ энэ сэтгэмж цаашид их нөлөө үзүүлсэн байдаг.