2020/05/16

101. Түүх хаанаас эхэлсэн бэ?

Хамгийн анх түүхийг бичиж тэмдэглэсэн хүнийг МЭӨ 5-р зуунд амьдарч байсан Грекийн Херодотыг хэмээдэг. Түүхийн эцэг маань Эгейн тэнгисийн Бага Азийн хошууны Галикарнас хотоос гаралтай хүн бөгөөд тэрээр Грек, Персийн дайны тухай өгүүлсэн “Хистория”-г анх бичсэн юм.


Хистория хэмээх грек үг нь судалгаа гэсэн утгатай үг бөгөөд Херодит өөрийн судалж мэдсэнээ өгүүлэв гэсэн утгаар судалгаа хэмээн нэрлэсэн ч энэ нь Газар дундын тэнгисийн ертөнцөд бичигдсэн анхны түүхийн ном учраас түүх гэсэн утгыг илэрхийлэх болсноор “Хистория” гэдэг үгийн утгыг хойшид түүх хэмээн ойлгох болжээ. Үүнээс өмнө түүх гэж байсангүй.


Хистория нь дараах байдлаар эхлэн бичигдсэн байна. Персийн талын эрдэмтдийн үздэгээр финикчүүд хэрүүлийг эхлүүлсэн гэдэг. Финикчүүд Улаан тэнгисээс (Персийн булан) эндэхийн тэнгист (Газар дундын тэнгис) ирж суурьшаад алс тэнгисээр аялж Египет, Ассирын барааг зөөн олон газар явсан агаад Аргост хүртэл иржээ. Аргос нь өнөөгийн Хеллас (Грек)-ийн газар нутагт оршин байсан олон улсаас хамгийн хүчирхэг нь байжээ. 


Финикчүүд Аргост авирсан барааг борлуулаад ирснийхээ дараа 5-6 хоноод ихэнх бараагаа зараад дуусах үед эмэгтэйчүүд олноор эрэг дээр иржээ. Тэдний дунд Грекийн Инакус хааны охин Ио гүнж байв. Охид хөлөг онгоцны хитэг хавьцаа бараа худалдан авч байх үед финикчүүд тэдэн рүү дайрч ихэнх охид зугтсан боловч Ио болон хэд хэдэн охид баригджээ. Финикчүүд охидыг хөлөг онгоцонд суулган Египет рүү зугтсан гэдэг.


Үүнээс болж нэр нь үл мэдэгдэх грекчүүд Финикийн Тир хотод нэвтэрч хааны охин Европаг хулгайлжээ. Эдгээр грекчүүд Критийн улсууд байсан болов уу. Ингээд өгөө аваа тэнцлээ гэж бодож байсан ч грекчүүд цэргийн онгоц хөлөглөн Колхид (Кавказ) нутгийн Аэа нутаг, Фасис голд (Гүржийн Риони гол) хүрээд зорилгоо гүйцээсний эцэст Медеа гүнжийг булаан оджээ. Колкидын хаан Грект элч илгээн охиноо буцааж, нөхөн төлбөр өгөхийг шаардав. Гэтэл грекчүүд тэднийг Ио гүнжийг булаасныхаа нөхөн төлбөрийг хийгээгүйг сануулж, тиймээс бид шаардлагыг хүлээж авахгүй хэмээжээ.


Хожим Праймын хүү Александр (Парис) грекчүүд нөхөн төлбөр төлөөгүй болохоор Грекээс эхнэр болгох хүүхнээ булаан авахаар шийдсэн гэж персүүд хэлдэг. Парис Хеленийг булаан одсоны дараа грекчүүд элч илгээн Хеленийг буцаан нөхөн төлбөр төлөхийг шаарджээ. Парисын тал Медеа гүнжийг булаасан түүхээр шалтаглаж грекчүүд өмнө нь нөхөн төлбөр төлөх нь бүү хэл хүүхнийг буцааж өгөөгүй атлаа одоо нөхөн төлбөр авахаар нэхэмжлэх нь зохисгүй хэмээн зэмлэсэн байна.


Энэ үеийг хүртэл зөвхөн хүүхэн булаацалдсан төдий хэрэг байсан ч үүнээс хойших хэрэгт Грекийн талыг буруутай хэмээн үздэг. Учир тэд (Ази хүмүүс) Европ уруу довтлохоос өмнө Грекчүүд эхлэн довтолсон болно.


Персүүдийн үзэж буйгаар Азийн тал булаалгасан эмэгтэйчүүдийн тухай асуудлыг тавиагүй байхад грекчүүд спарта хүүхний төлөө их цэрэг цуглуулан Азийг дайлж Праймын улсыг (Трой) мөхөөсөн цагаас хойш Грекийг өөрийн дайсан хэмээн үзэх болжээ.


Херодит Грек Персийн дайны шалтгааныг дурдахдаа Персийн талын эрдэмтдийн үзэл бодол гэж илэрхийлсэн ч мэдээж энэ нь Херодитын өөрийн бодож олсон судалгаа байв. Өөрийн үзэл бодол хэмээн бичвэл хүмүүс итгэхгүй учраас энэ бол Персийн талын эрдэмтдийн үзэл хэмээн зориуд тэмдэглэсэн хэрэг.


Херодит мэдэж буй дэлхий ертөнцөө Европ, Ази хэмээн хоёр хуваан үзэж Грекийн домог үлгэрээс Ази, Европын хооронд болсон гэж үздэг 4 үйл явдлыг онцлон сонгож, эдгээрээс үүдсэн үзэн ядалт хуримтлагдсаар Грек Персийн дайтах шалтгаан болсон хэмээжээ.