2020/05/16

106. Хятадын албан ёсны түүхэн бичлэгүүд

583 онд Түрэгийн эзэнт гүрэн баруун зүүн хэсэгт хуваагдаж Монголын тал нутаг дахь Зүүн Түрэг улс Сяньби-гийн Сүй улстай холбоотон болов. Сүйгийн Яндигийн сүүлчийн онд Шаньсигийн Тай-Юанийн цэргийн захирагч Ли Юань (Тан-гийн Гаозу) цэрэг хөдөлгөн бослого дэгдээх үедээ Түрэгийн хаанд элч илгээн дагаар орохоо мэдэгджээ. Ли Юанийн хүү Тан улсын Тайзун (Ли Ши Мин) Хятадыг нэгтгэсний 2 жилийн дараа 630 онд өөрийн дагаар орсон Зүүн Түрэг улсыг мөхөөв.


Энэ бол онцгой үйл явдал байлаа. Учир нь тал нутгийн нүүдэлчид Тайзунг өөрсдийн хаан хэмээн үзэж “Тэнгэр хаан” хэмээсэн цол олгожээ. Тайзун хаан бол тал нутгийн нүүдэлчдийг хятадын хамт захирсан анхны явдал байсан бөгөөд энэ цаг үеэс хятадын явдал орон нутгаас хальж Евразийн төв хэсгийг хамрах болсноор түүхэн өөрчлөлт гарчээ.


Энэ томоохон өөрчлөлтийг түүхийн бичлэгт оруулан тэмдэглэх явдал Хятадын түүхчдийн хувьд хэт ахадсан явдал байлаа. Тангийн үед түүхийг тэмдэглэхдээ эх материалыг хэрхэн бүрдүүлэх шат дарааллыг тогтоожээ. Хуандиг нас бармагц түүний төрийн үед болсон үйл явдлыг он цаг дараалан “Тэмдэглэл”-д тэмдэглэнэ. “Тэмдэглэл”-ийн гол материал нь төрийн дээд байгууллагуудаас хаанд өргөн барьж хуандигаар шийдвэр гаргуулсан өдөр тутмын албан бичгүүд байна. Энэ “Тэмдэглэл”-ийг дараагийн хаант улс эх сурвалжаа болгон улсын түүхийг бичнэ.


Улсын түүхийг “Улсын түүхийн төв намтар”, “Улсын түүхийн сул намтар” гэсэн хоёр хэсэгт хуваагдан бичигдэнэ. Түүхийг бичих энэхүү дарааллын сул тал нь төрийн маш чухал шийдвэрүүд доороос дамжин хаанд уламжлагддаггүй, хааны ойр дотнын явцуу хүрээнд шийдвэрлэгддэг тул “Тэмдэглэл”-д тэмдэглэгдэхгүй үлдэж “Улсын түүх”-д ордоггүй байсан явдал болно.


Өөр нэг шалтгаан нь “Албан ёсны түүх”-ийг эмхтгэгчийн үзэл бодлоос ихээхэн шалтгаална. Сүй улсын үед түшмэдийг эхлэн шүлэг, эх зохиох чадварыг нь үнэлж сонгон шалгаруулдаг байжээ. Уг шалгалтад тэнцсэн хүмүүсээс хамгийн чадварлагийг нь Ханлиньгийн академид оруулж эзэн хааны бичгийн эх сурвалжуудыг бэлтгэн боловсруулах ажлыг хариуцуулдаг бөгөөд эдгээр хүмүүс түүхийг эмхтгэдэг байв. Түшмэдийн сонгон шалгаруулалтын асуултууд нь Күнзийн суртлын 5н номоос ирдэг тул аль эрт улиран баларч алга болсон Күнзийн номлол эдгээр бичгийн түшмэд дундаас цухалзах нь их байжээ.


Үүний үр дүнд Тан улсаас хойших албан ёсны түүхэнд Күнзийн хийсвэр үзэл олонтаа харагдах болсны шалтгаан энэ ажгуу. Мөн эдгээр бичгийн түшмэд цэргийнхнийг дорд үзэх хандлага хүчтэй байсан нь албан ёсны түүхийн эмхтгэлд ч тод мөрөө үлдээсэн болно. Хятадын аль ч хаант төрт улсын үед зонхилох эрх мэдэл хааныг тойрон хүрээлсэн цэргийнхний гарт байсан боловч тэд албан ёсны түүх бичигт оролцдоггүй байсан учраас тэдний үүрэг ролийг хэргээр нуун дарагдуулах нь элбэг байв. Иймээс Тан улсаас хойших албан ёсны түүхээс төрийн хэрэгт бичгийн түшмэд зонхилон оролцож ирсэн мэт буруу ташаа ойлголт төрүүлэхүйц зүйл их тэмдэглэгдэн үлдсэн байдаг.


Сяньби-гийн төрт улс болох Тан нар 880 онд Хуан Чаогийн босогчдын цэрэгт ялагдан нийслэл Чанань хотыг булаалган ихэд суларч 907 онд Хуан Чаогийн талыг баримтлагч Жү Цүаньжунд (Хожуу Лян улсыг үндэслэгч) ялагдан мөхжээ. Хожуу Лян улс Хуабэйг захиргаандаа оруулснаас хойш 14 жил болоод Түрэг угсааны Хожуу Тан улсад эзлэгдэв. Хожуу Тан улсыг 13 жилийн дараа 936 онд Хятан нар мөхөөсөн бөгөөд энэ үед Түрэг угсааны Хожуу Жинь улс Хуабэйг захирч байв.


Хятан нар 11 жилийн дараа Хожуу Жинь улсыг түлхэн унагааж Түрэг угсааны Хожуу Хань улсыг тогтоосон боловч 4хөн жил болоод Хятадын Хожуу Жоу улсад ялагджээ. Хожуу Жоу улс Хуабэйг 10 жил захирсан болно. Энэ самуунт үе нь хагас зуун жил үргэлжилж Таван ханлигийн үе гэж нэрлэгддэг ба эдгээрийн 3 нь түрэг угсааны улс байлаа.


Сяньби угсааны Тан улсын түүхийг Түрэг угсааны Хожуу Жинь улс эмхтгэн 945 онд “Хуучин Тан улсын бичиг” хэмээх 150 ботийг гаргажээ. Уг түүхийг “Түүхэн тэмдэглэл”-ийн дагуу эмхтгэж “Түүхэн тэмдэглэл”-д Хүннү нарыг “Хүннү нарын сул түүх”-д тэмдэглэсний адил Түрэг эзэнт гүрний тухай “Түрэгийн сул түүх”-д тэмдэглэн үлдээжээ. Ингэх үедээ 630 онд Тан улсын Тайзун хаан нүүдэлчдийн “Тэнгэр хаан”-д сонгогдсон онцгой үйл явдлыг огт ойлгоогүйгээр барахгүй энэ үйл явдлыг сул түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.


Тан улсын албан ёсны түүхэнд “Хуучин Тан улсын бичиг”-ээс гадна үүнийг шинэчлэн бичсэн “Шинэ Тан улсын бичиг” 225 боть байдаг. Ба үүнийг Таван ханлигийн үеийн дараа Хятадыг нэгтгэсэн Сүн улсын үед 1060 онд эмхтгэн дуусгасан байдаг. Сүн улс нь хятадуудын төрт улс тул Түрэгийн эзэнт гүрэнд дайсагнасан байдлаар хандаж Тайзун хааны “Тэнгэр хаан” болсон үйл явдлыг мөн л ойшоосонгүй.


630 онд Тайзун хаан нүүдэлчдийн “Тэнгэр хаан” болсноос хагас зуун жилийн дараа Монголын тал нутагт хожуу Түрэг улс сэргээн байгуулагдав. Хожуу Түрэг улс нь Уйгарын эзэнт гүрнээр солигдсон ч Уйгарууд нь Сибириэс орж ирсэн хиргис нарт ялагдан мөхнө. Уйгарын дараа дорно зүгээс Хянганы нурууг даван орж ирсэн хятан нар Хятан (Ляо улс) Манжуураас Монголын тал нутаг хүрсэн Төв Азийн том эзэнт гүрнийг байгуулсан болно. Хятан нарын нутаг дэвсгэр өмнөд талаараа цагаан хэрэм дагуух Бээжин, Дадунгийн бүс нутагт хүрч байсан ч 12-р зуунд Зүрчидийн Алтан улс Хуай голоос хойших Хуабэйгийн газар нутгийг булаан авчээ.


Энэ үед Алтан улстай холбоотон байсан Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулж, хүү Өгэдэй нь Алтан улсыг мөхөөв. Чингис хааны ач Хубилай (Юань улсыг үндэслэгч) Хуажун, Хуананьд үлдсэн Өмнөд Сүн улсыг мөхөөснөөр 6-р зуунаас хойш хөгжсөн нүүдэлчдийн төр улсууд 13-р зуунд Хятадыг бүрэн залгижээ.


Хубилайн байгуулсан Юань улсын хаад өөрсдийгөө Евразийн эзэнт гүрнээс гаралтай гэдгээ сайтар ойлгож байсан ба түүх эмхтгэх ажлыг ихэд сонирхож 1345 онд “Ляо улсын түүх”, “Алтан улсын түүх”, “Сүн улсын түүх” хэмээн албан ёсны гурван түүхийг хятад хэлээр бүтээлгэжээ. Сүн улс нь Хятадын төрт улс бол Ляо ба Алтан улс нь Евразийн төрт улсууд байсан ч тус тусад нь түүхийг бүтээлгэн “Гол түүх”-д тус тус улсын түүхийг тэмдэглэсэн нь хятадын төрт улс нь зөвхөн Хятадыг бус Евразийн бүс нутгийг хамарсан илүү өргөн цар хүрээтэй түүхийг анх удаа хятадын түүхэнд оруулж, эдгээр түүхээр Евразийн бүс нутаг Алтан улсаар дамжин Монголд ирснийг харуулсан цэвэр монгол хүний санаа байлаа.


Ийнхүү монголчууд түүхийн тавцанг Хятадаас халиулж Төв Евразийг албан ёсны түүхийн хүрээнд оруулж ирсэн нь гагцхүү монголчуудын хийж чадсан чухал өөрчлөлт байсан болно. Гэвч Хубилайн удмын Юань улс Хятадаас хөөгдөн Монголын талд төвлөрөх үед Хятадад хятадын Мин улс байгуулагдлаа. Монголчуудын Юань улс Азийн зүүн хагасыг бүхэлд нь эрхшээлдээ байлгаж байсан бол Хятадын Мин улсын нутаг дэвсгэр түүнээс жижигхэн зөвхөн Хятадын дотоод хэсгээр хязгаарлагдаж байв.


Монголчуудын түүхийг уламжлал ёсоор Мин улс эмхтгэн “Юань улсын судар” хэмээн нэрлэж ердөө 2хон жилийн дотор 1370 онд дуусгажээ. Ингэхдээ 1206 онд Чингис хаан ширээнд сууснаас эхлэн 1370 онд Тогоонтөмөр хаан Өвөр Монголд дүрвэн байхдаа нас нөгчсөн тэр үеийг хамран бичжээ. Юань улсын үед голлох газар нутаг нь Монголын өндөрлөг тал, Хятад нь Юань улсын захиргаанд орсон нутгийн нэг байв. Энэхүү Хятадыг захирахтай холбоотой албан бичгүүд Даду (Бээжин)-д төвлөрч, Хятадаас бусад нутгийг захирах бичгүүд Өвөр Монголын Шандуд төвлөрч байв.


1358 онд улаан алчууртны босогчид Шандуг эзлэхдээ шатааснаар Юань улсын Хятадаас бусад бүх нутагтай холбоотой бичгүүд устсан бөгөөд 1368 онд босогчид Дадуг эзлэх үедээ олж авсан зөвхөн Хятадтай холбоотой бичиг баримтыг эх сурвалжаа болгон Юан улсын судрыг бичсэн болно. Ингэснээр Юань улсын сударт зөвхөн Хятадад болсон үйл явдал тусгагдаж, Монгол, Манж, Түвэд, Төв Еврази дахь хэрэг явдлууд огт дурсагдсангүй хоцорчээ.


Юань улсын судар нь ийм явцуу хүрээнд бичигдсэн учраас Юань улсыг Монголчууд Хятадад очиж байгуулсан улс хэмээн үзэх түүхийн гажуудал үүсжээ. Юань улс 1368 онд Хятадыг алдсанаар мөхөөгүй юм. Тэд Мин улсыг зүй ёсны хаант улс ч гэж хүлээн зөвшөөрөөгүй болно. Чингисийн угсааны хаад Евразийн хаа сайгүй үлдсэн бөгөөд Монголд ч гэсэн өөрсдийгөө Умард Юань улсын хаан хэмээн нэрлэсэн хаадын төр 17-р зуун хүртэл үргэлжилж сүүлчийн хааны удам Манжийн хаанд буун өгснөөр Монголын эзэнт гүрний төрийн эрх мэдлийг Чин улс залгамжлан авсан болно.


Чин гүрэн нь Юань гүрнийг давсан газар нутгийг эрхшээж, Чин улсын хамгийн сүүлийн түүх болох “Мин улсын түүх”-ийг эмхтгэсэн болно. Чин улс 1644 онд Хятадыг эзэлсэн бөгөөд түүнээс 91 жилийн дараа 1735 онд Мин улсын түүхийг эмхтгэн дуусгажээ. Гэвч Мин улсын түүхийн сурвалж нь Мин улсын бичгийн түшмэд нарын “Тэмдэглэл” бөгөөд түүнийг эмхтгэсэн хүмүүс ч сонгон шалгаруулалтаар шалгарсан бичгийн түшмэд байсан учраас төрийн жинхэнэ эрхийг атгаж байсан цэргийнхэн, тайган нарын гүйцэтгэсэн үүргийг дорд үзэн, бичгийн түшмэдийн гавьяаг бодит байдлаас хэт хөөргөн бичсэн байдаг.


Гэсэн ч Чин улс Монголыг залгамжилсан улсын хувьд Юань улсын түүхийн чиг хандлагыг мөрдлөг болгон Монголыг гадаад улс хэмээн үзэж, Монголтой холбоотой тэмдэглэлийг “Гадаад улс орнуудын түүх” хэсэгт оруулж “Татар” гэж нэрлэсэн байна. Ийнхүү Сыма Цянийн “Түүхэн тэмдэглэл”-ээс хойш “Мин улсын түүх” хүртэл 24 албан ёсны түүх бичигдсэн болно.