2020/05/16

107. Хятадын удаах түүх буюу Ба Гүний Хань улсын түүх

Хятадын анхны түүх Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” бичигдсэнээс 180 гаруй жилийн дараа Ба Гүн “Хань улсын түүх” хэмээх 100 ботийг бичив. Сыма Цянь хятадын ерөнхий түүхийг бичсэн бол үүнээс хойших түүхчид зөвхөн нэг улсыг тусгайлан түүхчлэн бичих болсон ба Ба Гүний түүх нь түүний нэг жишээ болно.


Ба Гүний нэг улсын түүх нь МЭӨ 206 онд Хань улсыг үндэслэгч Лю Бан хааны үеэс Хань улс мөхсөн МЭ 23 оны хоорондох үйл явдлыг түүхчлэн өгүүлжээ. Гэхдээ Хань улсын түүхэндээ Ба Гүн Гаозу буюу Лю Банаас Уди хаан хүртэлх хэсгийг Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл”-ээс хуулбарлан авч ашигласан байдаг. Ба Гүн яагаад Сыма Цяньг дуурайн ерөнхий түүх бичилгүй зөвхөн Хань улсын түүхийг тусгайлан сонгож бичсэн нь Ба Гүн Күнзийн сурталтан байсан бөгөөд Күнзийн үзлийг баримтлагч Ван Мангийн хүчээр Күнзийн суртал нь Хятадын төрийн удирдлагын үндсэн зарчим болсон болохыг онцгойлон тэмдэглэх зорилготой байжээ.


Күнзийн суртал нь Шандунгийн Чүфүд төвлөрсөн дунд төвшний түшмэд бэлтгэх газрын үндсэн баримталдаг үзэл байв. Хань улсын бичгийн “Уди хааны тэмдэглэл”-ийн МЭӨ 136 оны хэсэгт “Таван бичгийн багшийг томилов” гэснийг Күнзийн суртал Хятадын төрийн сургаал болсон хэмээн тайлбарладаг. Гэвч энэ нь бодит байдал дээр өөр байлаа. Таван бичигт Шүлэглэлт ном, Ёслолт ном, Түүхийн бичиг, Зурхайт ном, Хавар намар ордог бөгөөд энэ 5 нь Күнзийн сургаалын гол номлол юм. Багш гэдэг нь эдгээрийг унших аргыг заадаг албан хаагчийг хэлнэ.


Тухайн үед Күнзийн судар номоос гадна гол чухал судар, сургаал номыг унших аргыг заадаг багшийн алба байсан нь уг тэмдэглэл МЭӨ 136 онд Күнзийн сургаал нь бусад сургаалын хамт албан ёсоор зөвшөөрөгдсөн болохыг л харуулдаг. Хэрэв тухайн онд Күнзийн сургаалыг төрийн суртал болгосон бол бусад сургаалыг хориглох ёстой байсан бөгөөд ийм явдал болоогүйгээр барахгүй Сыма Цянь энэ оныг ч онцлоогүй. Мөн Хань улсын түүхэнд тэмдэглэгдсэн “Юаньди хааны намтар” хэсэгт Күнзийн суртлыг баримтлалаа хэмээн эцэг хаан Суаньди залуу ханхүү Юаньдиг ихэд зэмлэн буруушаасан нь Күнзийн суртал төрийн төвшинд ихэд доогуур үнэлэгдэж байсныг харуулдаг. Энэ үйл явдал нь 5н бичгийн багшийг томилсноос 100 жилийн дараа болсон гэхэд төдий хугацаа өнгөрсний дараа ч Күнзийн суртал төрийн төвшинд ихэд доогуур үнэлэгдэж байсныг л харуулдаг.


Суаньди хаан Юаньдиг Күнзийн суртлыг баримтлан сул дорой байх аваас төр улс самуурах болно хэмээн зэмлэсэн боловч Юаньди хаан сууснаар Күнзийн суртлыг баримтлах болов. Гэвч эцэг Суаньди хааны зөгнөл биелж 40 жилийн дараа Юаньдигийн хатны үеэл Ван Ман Хань улсын төрийг булаан авчээ.


Ван Ман нь өөрөө Күнзийн сурталд итгэгч байсан учраас Күнзийн суртал зөгнөсний дагуу Хань улсын төрийг булаан, Күнзийн сурталд заасны дагуу төр улсаа удирдан явуулсны үр дүнд Хань улс сулран доройтон, Ван Ман сүйрэн унажээ. Харин Хань улсыг сэргээсэн Лю Сю хаан Күнзийн сурталтан байсан учраас Күнзийн суртал нь төрийн суртал хэвээр үлдсэн болно.


“Хань улсын бичиг”-ийн төгсгөл хэсэгт Ба Гүн өөрийн намтрыг өгүүлсэн хэсгээс Ба Гүнийг Ван Манд ихээхэн талтай байсныг нь мэдэж болно. Ба Гүний өвөг эцэг Шаньси мужийн хойд хэсэгт Монголын өндөрлөгтэй хиллэх нутагт маш их мал хөрөнгөтэй, нутгийн нөлөө бүхий аян хүмүүс байжээ. Ба Гүний элэнц Бань Куан 3 хүүтэй байснаас отгон хүү Бань Жи нь Ба Гүний өвөг эцэг болно.


Хань улсын Юаньдигийн хатан Юаньхоу нь Ван овогтон бөгөөд Чэндиг төрүүлжээ. МЭӨ 33 онд Юаньдиг нас барахад Чэнди хуанди болж, Чэндигийн ээж Юаньхоу хатны ах Ван Хуан нь хааны зөвлөх, их цэргийн жанжин болж төрийн бүх эрхийг гартаа авчээ. Ван овогт ийнхүү хүчирхэгжсэн бөгөөд Ван Хуангийн дүүгийн хүүхэд Ван Ман нь хожим Хань улсын хаан болсон болно.


Ван Ман нь Ба Гүний өвөг эцэг Бань Житай үе тэнгийн бөгөөд Бань Жигийн 2 дахь ахыг төрсөн ах, Бань Жиг төрсөн дүү мэт хүндэлдэг байжээ. МЭӨ 7 онд Чэнди нас барж, тэр үр хүүхэдгүй тул түүний үеэл Айди хаан суусан ч 6 жилийн дараа нас баржээ. Энэ эгзэгтэй үеийг далимдуулан Юаньхоу хатан төрийн хэрэгт оролцож МЭӨ 1 онд Ван Манд төрийн хэргийг хариуцуулж, Айдигийн үеэл 9 настай Пиндиг хаан суулгажээ. Гэвч үүнээс 5 жилийн дараа Ван Ман улсын хаан ширээг булаан авчээ.


Ийнхүү Хань улсын бичгийг зохиогч Ба Гүн Хань улсын хаан Ван Мангийн Ван овогтонтой энэ тэнцүү анд нөхөр байсан тухай "Өөрийн намтар" хэсэгт бахархан бичжээ. Ван Мангийн гарлын талаар Ба Гүн “Юаньхоугийн намтар” хэсэгт дараах байдлаар тэмдэглэжээ. Ван Ман нь Шар хааны удам болно. Шар хааны 8 дахь үеийн ач нь Шүн хаан, Шүн хааны удам нь Жоугийн У вангийн үед Чэн улсын эзэн болсон. 13 дүгээр үеийн удам нь Чи улсад дутаан очиж сайд болон Тиэн овогтон болжээ. Түүнээс хойш 11 дэх үе дээр Тиэн Хө нь Чи улсын эрхийг булаан 2 дахь үедээ Ван гэх болсон.


Чи улсын сүүлчийн ван Жиэнийг Цинь улс мөхөөх үед Цинь Шинхуанг нас барсны дараа Сян Ю Жиэний ач Анийг Чи Бэйван болгожээ. Хань улсыг үндэслэгч Гаозуг хүчирхэг болох үед Ань ван суудлаа алдсан боловч Чигийн иргэд тэдний гэр бүлийг Ван овогтон хэмээн нэрлэх болсноор Ван овог үүсжээ.


Ийнхүү Ба Гүн нь Ван Манд ихээхэн талтай учраас түүний гавьяаг магтан дуулах зорилгоор Хань улсын түүхийг бичжээ. Гэвч түүнээс өмнө Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл"-ийг бичиж түүх хэрхэн бичих дэг жаягийг нэгэнт тогтоосон байсан учраас зөвхөн Ван Мангийн тухай бичсэнээр түүх болохгүй гэдгийг ойлгож байв. Ван Ман хэрхэн Хань улсын хаан болсныг зөвтгөн тайлбарлахын тулд Хань улсын хаадын түүхийг дурдахаас өөр аргагүй байв.


Хэрэв Сыма Цяний "Түүхэн тэмдэглэл"-ийг үргэлжлүүлэн бичих болбол Уди хааны үеэс бичих ёстой байв. Гэвч тэр анхнаасаа Сыма Цяний түүхийг үргэлжлүүлэх сонирхол байгаагүй учраас өөрийн түүхийн эхлэлийг Хань улсын анхны хаан Гаозу Лю Бангаас эхлүүлэхээр шийджээ. Иймээс Ба Гүний Хань улсын түүх нь Ван Мангийн гавьяаг тэмдэглэн үлдээх зорилгоор бичигдсэн нэг улсын түүх учраас Хань улсын бүрэн түүх үүгээр гарч ирдэггүй болно.