Энэ удаад хэрхэн хүннү нар Баруун Европыг нээн түүхийн тавцан Газар Дундын Тэнгисээс Баруун Европ болгон өргөжүүлэн Эртний Грек-Ромын үеийг дуусгаж Дундад зууны үеийг эхлүүлсэн болон Дорно Дахинд Цинь Шинхуа хуандигаар эхэлсэн 1-р үеийн Хятадыг дуусган 2-р үеийн Хятад болох хятадын төрт улсуудаас нүүдэлчдийн төрт улсууд уруу шилжсэн шинэ үеийг эхлүүлсэн түүхийг өгүүлэх болно.
Сыма Цянийн “Түүхэн тэмдэглэл”-ийн “Гол тэмдэглэл”-ийг тайлбарлахдаа Зүүн Өмнөд Азийн соёл бүхий ся хүмүүс (Дун И) усан замаар Хэнанийн Шар мөрний дунд биетийн дагуу өгсөн орж ирж Зүүн Азийн хамгийн эртний хот-улсуудыг үүсгэсэн тухай дурдсан бөгөөд уг явдал МЭӨ 2000 жилийн тэртээд болжээ. Уг Зүүн Өмнөд Азиас гаралтай ся хүмүүсийн соёл нь хожмын Хятадын соёл иргэншлийн үндэс болжээ.
Эдгээр ся нарын хот-улсуудыг МЭӨ 2000 жилийн дунд үед хойд зүгээс орж ирсэн гөрөөчин хүмүүс (Бэй Ди) мөхөөж Шан улсыг байгуулсан гэдэг. Шан улсын хот-улсууд нь Шар мөрний дунд биеийн хойд эрэгт тулдаг Шаньсигийн өндөрлөг талаас хойд талдаа Өвөр Монголын зүүн хэсгийн ой, зүүн хойд зүгт Манжуур, Сибирийн ой хүртэл залган оршиж байсан учраас Шан хүмүүс нь ойн иргэд байсан бололтой.
Шан улсыг МЭӨ 2000 жилийн сүүлээр баруун зүгийн тал нутгаас орж ирсэн нүүдэлчин жоу нар (Си Рун) мөхөөжээ. Жоу хүмүүс, тэдний холбоотон овог аймгууд Хуабэйгийн Шар мөрний дунд биеийн хот-улсуудыг захирч Дэн-И, Бэй Ди, Си Рун хүмүүс холилдон суурьшжээ.
Эдгээртэй тэрсэлдэн Хуажун, Хубэйд ой модыг шатаан ногоо тариалдаг тариачин угсааны хүмүүс (Нанмань) нэгдэн Чү улсыг байгуулжээ. Чү нар Хөх мөрөн, Хуай мөрний сав газрыг захираад Хуабэйгийн хот-улсуудтай тэрсэлдэн тэмцэлдэх болов.
Эцэст нь МЭӨ 3-р зууны үед баруун хойд зүгийн баруун рун нараас гаралтай Цинь улс нь Хуабэй, Хуажунгийн хот-улсуудыг ээлж дараалан эзэлж МЭӨ 221 онд нэгдсэн Цинь улсыг байгуулснаар нэгдсэн хятад улс байгуулагдаж Цинь улсын эзэн хаан нь хуанди цол хэрэглэснээр хятад хүмүүсийн эзэн гэсэн утга агуулах болжээ. Ийнхүү Хуандигаар толгойлуулсан хятадын төрт улсууд болох 1-р үеийн Хятадын төрт улсууд үүсэв.
Иймээс Зүүн Өмнөд Азийн соёл дээр Төв Евразийн гөрөөчин, нүүдэлчдийн соёл нэмэгдэж, дээр нь Нанхиадын тариачны соёлыг хавсаргаснаар Хятадын соёл иргэншил бүрэлдэн тогтжээ. Төв Евразиас ирсэн хүчний нөлөөгөөр хятадын анхны төрт улс байгуулагдахтай зэрэгцэн Төв Евразид нүүдэлчдийн анхны төрт улс байгуулагдав. Энэ нь Хүннү нар болно.
Сыма Цянийн “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн түүх” хэсэгт Хүннү нарыг дараах байдлаар дүрсэлжээ. “Тэд голчлон адуу, үхэр, хонь малладаг, тэмээ илжиг, луус ховор. Өвс ургамлын соргогийг шилэн нүүдэллэж, хот суурин тариалан гэж үгүй ч өөрсдийн ногдол газар нутагтай. Бичиг үсэггүй, тушаал захирамжийг амаар дамжуулна. Хүүхдүүд нь хонь чадамгай унаж, нум сумаар шувуу зурам агнаж, томрохоороо үнэг туулай харваж хүнсэндээ хэрэглэдэг. Нум татаж дийлэх хүчтэй эрийн цээнд хүрсэн цөм морьт цэрэг болно. Тайван цагт мал маллахын зэрэгцээ араатан, шувуу агнаж аж төрнө.
Байлдааны үед бүгд цэрэг болон дайнд мордоно. Холын зайд нум сум, ойрын зайд жад сэлэм хэрэглэнэ. Тулалдаан ашигтай байвал урагш дайрч, ашиггүй болмогц гэдрэг ухарч, зугтан зайлахаас үл ичнэ. Улсын эзнээсээ авахуулаад бүгд малын мах идэж, арьсыг нь өмсөж, эсгий үсийг нь нөмөрнө. Идэр настан нь өөхтэй амттай хэсгийг амтархан идэж, өндөр настан үлдсэнийг нь иднэ. Эцэг нь өнгөрвөл хүү нь хойд эхтэйгээ сууна. Ах дүү нар нь үхвэл бүгд бэлэвсэн эхнэртэй нь сууна. Хүнийг нэрээр нь ичиж зоволгүй шууд дуудах бөгөөд овог, өргөсөн нэр үл хэрэглэнэ.
Хүннү нарын хааныг Шаньюй гэх бөгөөд Цинь Шихуанг нас барсны дараа Сян Ю болон Лю Бан нар Хятадыг 2 хуваан тэмцэж байх үед нүүдэлчдийг Модун Шаньюй анх нэгтгэжээ. Модун шаньюйгийн хүч чадал өсөж 300 мянга орчим цэрэгтэй болсон байна.
Модунгийн байгуулсан Хүннү улс нь овог аймгуудын холбоо болно. Шаньюйгийн захиргаан баруун ба зүүн гарын вангуудаас авахуулаад 24 аймгийн захирагчид захирагдана. Тэднээс хамгийн олон нь нэг түм, цөөн нь хэдэн мянган цэрэг захирч түмт хэмээн нэрлэнэ.
Хуянь, Лань овгууд хамгийн өндөр язгуур угсаатайд тооцогдож, эдний дараа Зүбү овог орно. Эдгээр овгийн захирагч нар зүүн ба баруун гард хуваагдаж зүүн гар нь Монголын тал нутгийн зүүн хэсгээр нутаглаж Бээжингээс зүүн тийш Манжуур, Солонгосын хойг хүртэлх хилийг хариуцна. Баруун гар нь Монголын өндөрлөг талын баруун хэсгээр нутаглаж Шаньси мужаас баруун тийш, Төв Азийн хил хязгаарыг сахина. 24 аймгийн захирагч нарт тус бүрийн мянга, зуут, аравтын дарга нар захирагдана.
Билгийн тооллын цагаан сараар Шаньюйгийн өргөөнд бага хэмжээний найр зохиодог. Билгийн тооллын 5-р сар буюу зуны дунд сард Лунчэн (Луут хот) хэмээх газар их найр зохиож газар тэнгэрийг тахина. Намар болж адуу таргалмагц Дайлинь хэмээх газар олноор цуглаж хүн мал сүргээ тоолно. Байлдааны үед сурвалжтан хүн алах бол алсан хүнд байлдааны олзыг тэр чигээр нь үлдээж, олзлогдогчийг олзолсон хүнд боол болгон өгнө. Тиймээс олзны төлөө дайсны хүрээнд шууд дайран орохыг юман чинээнд үл бодно. Дайсанг үзээд олз ашгийн төлөө цуглах нь шувуу чуулах мэт, ашиггүй болмогц ваар мэт бутарч үүл мэт сарина.”
Сыма Цянийн дүрсэлсэн Хүннү нар нь хэдэн мянган жилийн дараах монголчууд яг дүрээрээ байлаа. Хүннүгээс үлдээсэн бүх тогтолцоог Монголчууд яг хэвээр нь өвлөн авсан байсан юм.
Хүннү нар Хятадын Хань гүрнээс цэргийн хувьд ямагт хүчирхэг байв. МЭӨ 200 онд анхны мөргөлдөөн болоход Хань улсын Гаозу хаан Дадунгийн зүүн талын Байдэн хэмээх газар Модун шаньюйд бүслэгдэж, шаньюйгийн эхнэрт үнэтэй цайтай бэлэг илгээн байж Гаозу хаан арай хийн амь мултарчээ.
Үүний дараа найрамдлын гэрээ байгуулагдаж Цагаан хэрэмнээс хойш нутаглах нүүдэлчид цөм Шаньюйгийн мэдэлд, урагш нутаглах суурин иргэд Хуандид харьяалагдахаар тохирч Хань улсын хааны охиныг Шаньюйд бэлэглэн жил Хүннүд торго, даавуу, архи, будаа, хүнс хүргүүлж, шаньюй хуанди нар ах дүү бололцжээ.
Ийнхүү хятадын хааны гүнжийг буулгах, жил бүр Хятадаас бэлэг сэлт авах, хаадын хоорондох ах дүүгийн харилцаа нь 13-р зуун хүртэлх нүүдэлчдийн улс болон хятадын хоорондох найрамдалт харилцааны тогтсон хэлбэр байв. МЭӨ 176 онд Модун шаньюй Хань улсын Вэньди хаанд захидал илгээж Хүннү нар баруун зүгийн Юэжи аймгийг довтлон эзэлж, Тэнгэр уулын хойд талын Зүүнгарын хотгорын нүүдэлчид, өмнөд талын Таримын хотгорын баян бүрдийн хотуудыг эрхшээлдээ оруулснаа мэдэгджээ. Яг энэ үеэс Херодотын тэмдэглэснээр Монголын өндөрлөг тал нутгаас баруун тийш чиглэсэн их нүүдэл ахин эхэлсэн гэдэг.
Хүннү нар найрамдлын гэрээ байгуулж жил бүр их хэмжээний татвар авч байсан ч МЭӨ 166 оноос хойш хэд хэдэн удаа Хань улсыг довтлон дээрэмдэж байв. Хүннү нарын довтолгооны эсрэг Хань улс дорвитой арга хэмжээ авч чаддаггүй байв. МЭӨ 141 онд Хань улсын Уди хаан хэд хэдэн удаа их цэрэг илгээсэн болсон ч Хүннүгийн шаньюйг Хань улсын харьяат болгон дийлсэнгүй, их цэргээр хохирч үр дүн муутай байв.
МЭӨ 1-р зууны үеэс Хүннү нарын дотор шаньюйгийн суудлын төлөө дотоодын самуун дэгдэж Хуханье шаньюй Хань улстай холбоотон болохоор МЭӨ 51 онд өөрийн биеэр Чананьд очин хуандитай уулзсан урьд хожид байгаагүй үзэгдэл билээ. Хуханье шаньюй МЭӨ 33 онд хоёр дахь удаагаа Чананьд айлчлан очиход Хань улсын Юаньди хаан Ван Жаожүн хэмээх язгууртан охиныг шаньюйд бэлэглэжээ. Ван Жаожүн нь Ван овогтон бөгөөд үүнээс 25 жилийн дараа Хань улсын хаан суудлыг булаан авсан Ван Ман-тай нэг овгийн хүн байв.
Ван Жаожүн шаньюйтэй сууж 1 хүү, шаньюйг нас бармагц дараагийн шаньюйтэй суун 2 охин төрүүлжээ. Хань улсын төрийг Ван Ман булаан авангуутаа тэр хүртэл харилцан ирсэн шаньюй-хуанди нарын харилцааг үгүй хийн шаньюйг дорд үзэн хятадын орон нутгийн захирагчийн хэмжээнд харьцах болов. Ингэснээр найрамдалт харилцаа тасарч Хүннү нар байнга довтлох болсноор хойд нутаг нь эзгүйрэв. Ван Ман их цэрэг цуглуулж Хүннүгийн эсрэг байлдахаар завдсан ч улс орон даяар үймээн самуун дэгдэж МЭ 23 онд Ван Ман өөрөө энэ самууны улмаас алагджээ.
Энэ самууны улмаас МЭ 2 оны тооллогоор 60 сая (59,594,978) байсан хүн 2 дахин хорогдож, Ван Манг хороогдсоны дараа ч самуун үргэлжилж ахин 2 дахин хорогдов. Ингээд Хожуу Хань улсын Гуань-Ү хаан МЭ 37 онд самууныг зогсоон Хятадыг нэгтгэхэд хүн ам 15 сая болтлоо хорогдсон байв. Гуань-Ү хааныг МЭ 57 онд нас барахад 20 жилийн дотор хятадын хүн ам 21 сая (21,001,820) болж өссөн ч хагас зуун жилийн өмнөхөөс даруй 3 дахин хорогдсон байжээ.
Энэ үед Хүннү нар одооны Монголын нутгийг хамарсан Умард Хүннү, одооны Өвөр Монголын нутгийг хамарсан Өмнөд Хүннү хэмээн 2 хуваагдаж хагарав. Өмнөд Хүннү нь Хожуу Хань улстай холбоотон болж шаньюйн Шар мөрний тохойн өмнөд хэсэгт суун Хожуу Хань улсын хязгаарыг сахин суун хамгаалах болжээ.
МЭ 1-р зууны сүүлээр Сяньби хэмээн өөр нүүдэлчид Дорно зүгээр Монголд орж ирэн МЭ 87 онд Умард Хүннүгийн шаньюйг хөнөөжээ. Үүнийг ашиглан Өмнөд Хүннү нар Хожуу Хань улстай хамтран Умард Хүннүг довтлон 89-91 онд Умард Хүннүгийн цэргийн Алтайн нуруунд дарав. Умард Хүннүгийн шаньюй зугтан Зүүнгарын хотгороос Казахстан уруу дамжин одсон буй за. Ингэснээр эзгүйрсэн одооны Монголын нутагт Сяньби нар нүүн ирж суурьшив. Үлдэж хоцорсон Хүннүгийн арав гаруй түмэн өрх өөрсдийгөө сяньби хэмээн нэрлэх болжээ.
Хожуу Хань улс цэцэглэн хөгжиж 156 оны мэдээгээр хүн ам нь 50 сая давсан ч 184 онд Шар алчууртны бослого орон даяар дэгджээ. Бослого удалгүй дарагдсан ч цэргийн жанжид төрийн эрх булаалдан дотоодын дайн үүсгэж энэхүү иргэний дайн хагас зуун жил үргэлжлэн Хятадын хүн ам 50 сая байснаа 4 сая болон огцом буурч Хуабэйгийн тал хүнгүй шахам болов.
Амьд үлдсэн хятадуудаас 2 сая илүүг Вэй улсын ван Цао Цао Хэнаньд цуглуулж, сая гаран хүнийг Ү улсын Сүн Цүанийн удирдлага дор Ухань болон Жянсүгийн Нанжинд төвлөрч, сая хүрэхгүйг нь Шү улсын Лю Бэйгийн захиргаанд Сычуанийн Чэндүгийн хотгорт төвлөрүүлж, 3 улс үүсгэв.
Хүн ам гэнэт буурсан тул Вэй улсын Цао Цао ван Ухуань, Сяньби, Өмнөд Хүннү нарыг хүнгүй болсон Хятадын дотоод газарт нүүлгэн шилжүүлэх бодлого барьжээ. Өмнөд Хүннү нарыг Өвөр Монголоос Шаньсигийн өндөрлөгт нүүлгэв. Вэй, Ү, Шү 3н улсыг 280 онд Жинь улс нэгтгэн хэсэг хугацаанд Хятадыг нэгтгэсэн ч энэ байдал 20 орчим жил үргэлжлээд хаан угсааны жанждын дотоодын самуун болох Найман вангийн үймээн дэгдэж Хятадад их дайн дэгдэв.
Энэ самуун цагийг ашиглан 304 онд Шаньсигийн Өмнөд Хүннү тусгаар улс хэмээн зарлаж бусад нүүдэлчид ч гэсэн самууныг улам дэвэргэв. Ингэснээр 135 жил үргэлжилсэн 5 ху 16 ханлигийн самуун болон өргөжиж хятад төдийгүй нүүдэлчид уг самуунд хутгалдан оров. Өмнөд Хүннүгийн Ганьюй шаньюй 311 онд Лоянг эзлэн Жинь улсын хааныг олзолж, 316 онд Чананийг эзлэн мөн хааныг олзолсноор 317 онд Хятад хаангүй нэг жил болсон нь 1912 онд Чин улсын Хэвт ёс хаан хаан ширээнээс буутал 2132 жилийн хугацаанд Хятад улс хаангүй байсан цорын ганц тохиолдол болно.
Өмнөд Хүннү нар ийнхүү Хуабэйгийн газар дэгдсэнд самуун идэвхтэй оролцож байх зуур тэдэнд цохигдон дутаасан Умард Хүннү нар Казахстаны талаас цаашлан Ижил, Дон мөрнийг гатлан Хар тэнгисийн хойд талын нутагт нэвтэрч Зүүн Гот улсуудыг довтолж эхлэв. Энэ бол МЭ 370 он байлаа. Алтайн ууланд ялагдаж Умард Хүннүгийн шаньюй сураггүй алга болсноос хойш ийн Хойд Кавказад ахин гарч иртэл 280 жил өнгөрсөн байв. Энэ нь Өмнөд Хүннү улс Хань улстай холбоотон болсноос хойш Жинь улсыг мөхөөх хүртэлх 266 жилтэй бараг ойролцоо хугацаа байв.
434 онд Хүн улсын ван Руга нас барж түүний үеэл ах дүү Бледа, Атилла нар залгамжлав. Зүүн Ромын хаан Феодосий ах дүү хоёрт жил бүр 700 фунт алт төлж хил хязгаараа мануулж байв. Иймээс Хүн нарын ажиллагаа баруун тийш идэвхжиж 436 онд Рейн мөрний Вормсын германы Бургунд улсыг дайлан мөхөөв. Энэ тулалдаан “Нибелунгын тухай дуулал” болон германчуудын дунд домог болон үлдсэн юм.
444 онд Бледа алагдаж Атилла Хүн улсын хаан болов. Атилла Баруун Ромын эзэнт гүрний харьяа Галлид нэг, Италид хоёр удаа довтолсон ч олигтой амжилтад хүрсэнгүй 453 онд гэнэт нас баржээ. Атиллаг нас барснаас удалгүй 455 онд Германы Гепидийн Ардарих ван Хүн нарыг ялж, уг тулалдаанд 30 мянган хүн алагджээ. Уг тулаанд Атиллагийн ууган хүү Эллак амь үрэгджээ. Ийнхүү Дунай мөрний Хүн нар устан алга болсон ч Хар тэнгисийн эрэгт Хүн улс Атиллагийн отгон Эрнакын удирдлага дор үлджээ. Үүнээс 200 жилийн дараа 680 онд Эрнакын угсааны Аспарух булгаруудыг дагуулан Балканы хойгт очиж Болгарын хаант улсыг байгуулжээ.
Ийнхүү зүүн зүгээс Хүн нар орж ирснээр Европт герман угсаатны их нүүдэл эхэлж, герман угсаатны энэ нүүдлийн хөлд Баруун Ром улс мөхсөн болно. Атиллад хүчин зүтгэж байсан герман угсааны Эдикагийн хүү Одоакр 476 онд Баруун Ромын хаан Ромул Августыг хаан ширээнээс нь буулгаснаар Баруун Ромын эзэнт улс нуран унажээ. Ингэснээр Европын эртний үе дуусаж, дундад зуун эхэлдэг билээ.
476 оноос Ром Августгүй болж Баруун Европт ромчуудын эрин төгсөж, германчуудын эрин эхлэв. Ингэснээр түүхэнд томоохон өөрчлөлт гарч түүхийн тайз Газар дундын тэнгисээс Баруун Европ болж тэлсэн болно. Энэ нь төв Евразиас нүүдэллэсэн Хүн нарын нүүдлийн үр дүн байлаа. Ингэснээр Баруун Европ гэсэн шинэ нэр түүхийн тавцанд гарч ирэв. Ердөө Баруун Европыг Хүн нар нээсэн гэсэн үг.
Яг ийм үйл явдал Дорно дахинд мөн болж 316 онд хуандигүй болсноор Цинь Шинхуа хуандигаар эхэлсэн хятадын ертөнцийн 1-р үе 500 жил үргэлжлээд дууссан юм. 1-р үеийн хятадын ертөнц дууссанаар 2-р үеийн шинэ Хятадад нүүдэлчдийн төрт улсууд байгуулагдаж эхлэх болно.