Ромын оронд Баруун Европ түүхийн тавцанд тоглох боломжийг хүннү нараас шалтгаалан нүүдэллэсэн германчууд гүйцэтгэсэн бол Дорно дахинд Шинэ Хятадыг бий болоход мөн хүннү нарын нүүдлээс шалтгаалан нүүдэллэн орж ирсэн сяньби нар чухал үүрэг гүйцэтгэсэн болно. Ердөө Баруун Европт германчуудын гүйцэтгэсэн үүргийг Төв Евразид сяньби нар гүйцэтгэсэн болно. Тэднийг хөдөлгөсөн гол хүч нь харин адилхан хүннү нар байлаа.
Сяньби нар “Таван Ху арван зургаан Ханлигийн самуун”-ыг дарж Хуабэй дэх хятад болон нүүдэлчин хүмүүсийг нэгтгэснээр цоо Шинэ Хятад үүссэн болно. Ванчэн хэмээх хятад хүн 3-р зууны дундуур “Вэй улсын бичиг”-ийг бичсэн боловч өнөө үед уламжлагдан ирсэнгүй боловч Ухуань, Сяньби овог аймгийн тухай бичсэн хэсэг нь Чэн Шоугийн “Гурван улсын түүх”-ийн зүүлтэд иш татагдан орсон байдаг. Энд тайлбарласнаас үзвэл Ухуань, Сяньби хоёул Монголын өндөрлөг талын зүүн хязгаар Их Хянганы нуруу орчим нутаглаж ирсэн нүүдэлчид байжээ.
Хятадууд МЭӨ 1-р зууны эхний хагаст өмнөд хэсгийн ухуань нарыг, арай хожуу МЭ 1-р зууны дундуур хойд хэсгийн сяньби нарыг тэмдэглэх болсноор тэдний талаар хятадууд мэдэх болжээ. Ванчэн ухуань, сяньби нарыг хэл заншлын хувьд адил гээд дараах байдлаар тодорхойлжээ.
“Тэд морь унаж, нум сум харвахдаа сайн, өвс усны соргогт тэмүүлэн нүүдэллэж, нэг газар суулгүй, дугуй дээвэртэй жижиг байшинд (гэр) аж төрнө. Гэрийн үүдээ зүүн зүгт харуулж барина. Өдөр тутам араатан шувуу гөрөөлж, мах идэн, сүү ундаа ууж, ноос арьс өмсдөг. Залуу хүнийг хүндэлж, настай хүнийг дорд үзнэ. Зан чанар догшин ширүүн, уурандаа эцэг, ахаа алж орхих боловч эхдээ хэзээ ч гар хүрэхгүй. Эхийн талын төрхөм өшөө авах аюултай, эцэг болон ахын талын өшийг авах хүн зөвхөн өөрөө учраас эхдээ гар хүрдэггүй. Зоригтой, хүчтэй, хэрүүл тэмцлийг зохицуулан шийдэж чаддаг хүнийг сонгож удирдагчаа болгоно. Овог бүрд удирдагч байх боловч тэд үе уламжилдаггүй.
Хэдэн зуун мянган овог нийлж нэг аймаг болно. Удирдагч цэрэг цуглуулах бол баримт болгон модонд хэрчлээс гарган овог бүрд хүргүүлэх ба бичиг үгүй боловч овгууд тушаалыг эсэргүүцэлгүй биелүүлнэ. Тогтсон овог байхгүй тул удирдагчдын дотроос чадварлаг, алдартай хүний нэр сонгож овгоо болгодог. Удирдагчаас авахуулан бүгд мал адгуулан аж төрөх учир хөдөлмөрлөх хүчинг өвөр зуураа дайчлан авахгүй.
Гэрлэлтийн тухайд эхлээд сэтгэлтэй болж эрэгтэйн эмэгтэйгээ хулгайлан ав одоод хагас жил эсвэл зуу орчим хоногийн дараа зуучлагчаар морь, үхэр, хонийг сүй болгон илгээнэ. Хүргэн эхнэрээ даган хадмындаа очин эхнэрийн гэр бүлийнхэнтэй уулзахдаа ахмад дүүг үл харгалзан босож хүндлэх ба өөрийн эцэг эхтэй мэндлэх ёс гүйцэтгэхгүй. Хүргэн эхнэрийн төрхөмд 2 жил зарцлагдсаны хойно эхнэрийн төрхөм бэр болгон явуулах бэлтгэлийг сайтар базаагаад охиноо явуулдаг.
Суух гэр, өмч хөрөнгийг цөм эхнэрийн талаас гаргана. Тэдний заншил ёсоор ямар ч асуудлаар эхнэрийн саналыг дагах боловч дайны үед эрчүүд дангаараа шийдвэр гаргана. Эцэг хүү, эр эмгүй өөд өөдөөсөө харан бохирон сууна. Бүгд үсээ хусна. Эмэгтэй хүн гэрлэх болохоор үсээ ургуулж хагалан сүлжиж малгай өмсөж, алт хашаар хийсэн чимэглэл зүүнэ. Эцэг ах нь нас барвал хойд эх болон ахын эхнэртэй гэрлэнэ. Ахынх нь эхнэртэй суух хүн байхгүй бол өөрийн хүүг ахын эхнэрт өргөмөл хүү болгон өгч, ахын бэлэвсэн эхнэрийг өөрийн эгч дүүгийн адил үзнэ.
Өвчин тусвал төөнөж эмчилнэ. Зүү болон эм байхгүй. Тулалдаан амь үрэгдвэл цогцсыг нь авсалж, үхсэнийх нь дараа уйлах боловч оршуулгын үед дуулан бүжиглэж үдэн гаргана. Таргалуулсан нохойд өнгө бүрийн олс зүүн хөтлөх бөгөөд нохойд хандан талийгаачийн сүнсийг Улаан ууланд буцан очиход хамгаалахыг хүснэ. Улаан уул нь Ляодунгаас баруун хойш хэдэн мянган ли газарт байх ба Хятад хүний сүнс Тай ууланд (Шаньдунгийн уул) очдогтой адил.
Оршуулгын орой хамаатан садан, найз нөхөд цуглан тойрон суухад нохойг талийгаачийн амьд ахуйдаа унаж эдэлж явсан морины хамт хөтлөн хүн бүрийн өмнө аваачина. Уйлж дуулах хүмүүс мах хаяж өгч талийгаачийн сүнс бэрх саадаар өнгөрсөн ч тэнэмэл сүнстэй учирсан ч Улаан ууланд саадгүй шулуухан хүрэхийг хүсэн 2 хүн тусгайлан ерөөнө. Дараа морь, нохойг, талийгаачийн хувцас хунарын хамт шатаана.
Бурхдыг сүсэглэж, тэнгэр газар, нар од сар, уул усыг шүтнэ. Эртний эр сүртэй удирдагчид үхэр хониор тахил өргөн тахилга дуусмагц үхэр, хонио шарж иднэ. Ууж идэхээс өмнө заавал тариа будааны дээж өргөнө. Удирдагчийн тушаал биелүүлээгүй хүнийг, дахин дахин хулгай хийсэн хүнийг цаазална. Овгийн дотор өшөө авах зорилгоор хүн алахыг зөвшөөрнө. Өшөө хорсол нь өшөө хорслыг төрүүлж зогсоох аргагүй болбол удирдагч дээр очин зуучлуулан буруутай тал үхэр, хониор ялыг төлж өшөө авалтыг зогсооно. Эцэг ахаа алсан хүнд ял тооцдоггүй.
Зугтан зайлсан хүнийг барьж авахыг удирдагч гаргасан бол аль ч овог уг хүнийг хүлээн авахгүй, ийм хүмүүсийг Юнкуан хэмээх газарт цөлнө. Энэ газар нь Динлингийн баруун өмнө, Үсүньгийн зүүн хойно (Алтай, Хангай нурууны завсар нутаг) байдаг уулгүй, говь цөл, гол өвс модтой, их могойтой нутаг. Ингэж цөлөгдсөн хүнийг шийтгэдэг”
Ванчэнгийн дүрсэлсэн Ухуань Сяньби хүмүүс нь нэг овог аймгийн нүүдэлчид юм. Хятадтай ойр байрлан Хожуу Хань улстай холбоотны харилцаатай болсныг нь Ухуань, хожуу холбоотон болсныг нь Сяньби хэмээн ялган нэрлэсэн төдий болно. Ухуань овог аймгийн хувьд нэгдэлгүй байсан Өвөр Монголын зүүн хэсгээр тархаж Хятадын хойд хэсгээр нутаглан Хятадын хөлсний цэрэг болжээ.
207 онд Цао Цао Ухуань нарыг довтлон дагаар оруулж Хятадын дотор газар нүүлгэн, өөрийн шууд захиргаанд оруулав. Үүнээс хойш Ухуанийн морьт цэрэг хятадын хамгийн шилдэг цэрэг болон алдаршжээ.
Сяньби нар ч эв нэгдэлгүй байсан бөгөөд 1-р зууны төгсгөлөөр Умард Хүннү нар баруун тийш зугтаан одож Монголын өндөрлөг хэсэг эзэнгүй болсны дараа тэд очиж нутаглан хүчирхэгжээ. 2-р зууны дундуур Таньшихуай хэмээх баатар гарч ирэн тэднийг нэгдмэл байдалд оруулав. Таньшихуай сяньби нарыг нэгтгэн улсаа байгуулсны дараа түүний нутаг дэвсгэр зүүн талдаа Манжуур, баруун талдаа Алтайн нуруунд хүрч улсаа баруун, төв, зүүн гарт хуваан тус тусад нь захирагч томилжээ.
Таньшихуай 181 онд 45 насандаа нас барсны дараа Сяньбигийн удирдагч нар үе залгамжлах болсноор Сяньбигийн овгууд сая тогтвортой болжээ. Ухуань нар энэ үеэс Сяньбид шингэж, 304 оноос эхэлсэн 5 ху 16 ханлигийн самууны үед зөвхөн Сяньби нэрээр оролцсон болно. 5 ху 16 ханлигийн самуун Хүннү нарын хамт 5 нүүдэлчин аймаг идэвхтэй оролцсоны нэг нь Сяньби нар байлаа. Сяньби нарын байгуулсан улсаас хамгийн хүчирхэг нь Муюн овгийн Янь улс бөгөөд Ляонин, Бээжин, Хэбэйг нэгтгэн захирч байсан ч 395 онд мөн Сяньби угсааны Умард Вэй улсад цохиулан суларчээ.
Умард Вэй нь Сяньбигийн Табгач овгийн Шаньсигийн өндөрлөгийн хойд хэсгийн Дадунгийн хотгорт байгуулсан улс болно. Тус улсын ван Тоба Гүй 398 онд хуанди цол хэрэглэж, түүний ач 439 он гэхэд нүүдэлчдийн бусад улсыг нэгтгэн авчээ. 494 онд Умард Вэйгийн Сяо Вэньди хаан нийслэлээ Дадунгаас Хэнанийн Лоянд шилжүүлэн шинэ нийслэлд овог аймаг бүрээр дүүрэг байгуулахыг хориглож, овог аймгаас үл хамааран зэрэг зиндаагаар ялган суулгах болов.
Мөн хааны ордонд нүүдэлчний хэлээр ярихыг хориглож, зөвхөн хятад хэлийг харилцааны албан ёсны хэл болгов. Ингэснээр тус тусын хэлээр ярих нүүдэлчдийг нэгтгэх зорилго агуулжээ. Ингэснээр аль нэг нүүдэлчдийг алагчлан үзэхгүй бүгд хар хэлээр ярих тулд нэгтгэхэд хялбар болно хэмээн хятад хэлийг сонгон авсан байна.
Гэвч энэ нь Өвөр Монголд үлдсэн нүүдэлчдийн дургүйцлийг хөдөлгөж 523 онд Өвөр Монголын зургаан бэхлэлтийн цэргийн хуарангуудад том бослого гарч 5 жилийн дараа Лоянийн талыхныг бүгдийг нь Шар мөрөнд живүүлэн алжээ. Ингээд 6н жилийн дараа Умард Вэй улс баруун зүүн хэсэгт хуваагдаж 6н бэхлэлтийн бослогын үед тодорсон Баруун Вэй улсын ноён Ювэн Тай өөрийн захиргаанд байсан нүүдэлчид болон хятадуудыг нэгтгэн овог аймгаар бүлэглэж , хүн бүрд сяньби овог өгч, 36 аймаг, 99 овгийг шинээр байгуулжээ.
Ювэн Тайг нас барсны дараа түүний хүү Ювэн Жүэ Баруун Вэй улсыг хааныг ширээнээс нь буулган өөрөө хаан болж Умард Жоу улсыг байгуулав. Зүүн Вэй улс мөн л нөлөө бүхий ноёны гарт орж Умард Чи улс болсон ч 577 онд Умард Чи улс Умард Жоу улсынхаа харьяанд орсноор Умард Жоу улс Хуабэйг ахин нэгтгэжээ.
Умард Жоу улсын төрийг 4 жилийн дараа Ян Жиэн (Сүй улсын Вэньди хаан) булаан авав. 589 онд Сүйгийн Вэньди хаан Зяннаний Чэн улсыг өөртөө нэгтгэснээр умард-өмнөдийн төрийн тэмцлийг эцэслэн Шинэ Хятадыг байгуулжээ.
Сүйгийн Вэньди хаан Ян хэмээх овогтой байсан нь Хятад маягийнх боловч Ян овгийн өвөг дээдэс Сяньбигийн Муюн овгийн Янь улсад хүчин зүтгэж, Бээжингийн цэргийн захирагч (Бэйпин тайшоу)-аар томилогдож байжээ. Түүнээс хойших үр хойчис нь Өвөр Монголын 6-г бэхлэлтийн нэг болох Үчүань бэхлэлтэд аж төрж, Вэньдигийн эцэг Ян Жун нь Баруун Вэйгийн Ювэн Тайгаас Пүлюри хэмээх Сяньби овог хүлээн авсан байжээ.
Хожуу Хань улс мөхсөнөөс хойш Сүй улс Хятадыг нэгтгэх хүртэлх 400 жилийн хугацаанд Хуабэйд нүүдэлчдийн төрт улсууд зонхилов. Энэ үеийг дуусган өмнөд-умард Хятадыг нэгтгэсэн хятадын Сүй улс нь өөрөө нүүдэлчидтэй маш их холилдсон хятадын төрт улс байв.
Хятадад авиа тэмдэглэх үсэг байдаггүй утга тэмдэглэсэн ханз ашигладаг учраас аман ярианд ямар ч хэлээр ярьсан хэрэглэж болдог байв. Тийм учраас нийтлэг хэл аялгуу байгаагүй бөгөөд хятад хэл хэмээх ойлголт 20-р зууныг хүртэл байсангүй. Тухайн ханз үсэгт хэдэн утга байсан ч үл хамааран нэг үеэс бүтсэн дуудлагаар дууддаг. Үүнийг зы-инь хэмээдэг.
Хятадаас өмнөх хот улсууд өөр өөр дуудлагатай байсан тул Цинь Шинхуа нэгтгэж нэг дуудлагатай болгожээ. Үүнийг Хань улс залгамжлав. Хожуу Хань улсад 2-р зууны үед 240 байр, 1850 өрөө танхим, 30 мянган оюутантай Лоянгийн Тай Сүэ хэмээх томоохон сургууль нээн эртний судрыг уншихдаа Цинь Шинхуагийн тогтоосон ханзны дуудлагыг хэрэглэж байв.
Гэвч 184 оны Шар алчууртны бослогоор Хожуу Хань улс унаж, хүн ам хэт цөөрсөн нь энэхүү ханзны дуудлага мартагдах аюулд өртжээ. Иймээс авиаг тэмдэглэх “Юн Шү” хэмээх авиа зүйн толь бичиг зохиох оролдлого гарч байв. Сүйгийн Вэньди хаан Хятадыг нэгтгэсний дараа 601 онд Лү Фаянь хэмээх сяньби хүнээр төрөл бүрийн авиа зүйн толийг нэгтгэсэн 5н боть “Циэ Юн” хэмээх номыг гаргажээ.
Энэ номоос харахад Хожуу Хань улсын үеийн ханзны дуудлагад байсан үгийн эхний R авиа арилж L болон өөрчлөгдсөн нь Алтайн язгуурт хэлнээ (турк, монгол, манж буюу тунгис хэлнээ) үгийн эхэн дэх R авиаг дуудаж чаддаггүй байсантай холбоотой. Мөн Хожуу Хань улсад хэрэглэгдэж байсан KR, PR зэрэг давхар гийгүүлэгч бүхий авиа алга болсон нь Алтайн язгуурын хэлнээ үгийн эхэнд давхар гийгүүлэгч ордоггүй байсантай холбоотой.
Энэхүү ханзыг дуудах авианд орсон өөрчлөлтөөс харахад Сүй улсын шинэ үеийн хятадууд Цинь, Хань улсын үр удам биш, хойд зүгээс нүүн ирж суурьшсан нүүдэлчдийн удам байсан нь тодорхой байдаг. Ийнхүү Төв Евразийн нүүдэлчдийн нөлөөгөөр шинэ Хятад, шинэ Европ мэндэлжээ.