2020/05/16

203. Хятадын түүхэн өөрчлөлт буюу Умардын Сяньби төрт улсууд

Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” Ба Гүний “Хань улсын бичиг” нь хятад маягийн түүхэн соёлын үндэс болно. Үүнээс хойш 1735 оны “Мин улсын түүх” хүртэл Хуандигаар төвлөрсөн түүхэн үзэл нь дээрх 2 түүхэн тэмдэглэлийн тогтоосон ёс дэгийн дагуу нийтдээ 2000 орчим жилийн хугацаанд бичигдэж ирснийг нийтэд нь 24 түүх хэмээн нэрлэдэг.


Күнзийн суртал хожуу Хань улс 200 жил ч тогтсонгүй МЭ 184 онд шинэ жарны эх модон хулгана жилийн шар алчууртны бослого нийт Хятадыг хамарч, хүн ам 50 саяас 4 сая болтол огцом буурч хятадын соёл иргэншил мөхөхөд хүрэв. Шар алчууртны бослогын уриа нь “Хөх тэнгэр хэдийн мөхөж, Шар тэнгэрийн цаг ирэв. Модон хулгана жил тэнгэрийн дор их хувь заяа тохиолоо” хэмээсэн нь ертөнцийн төгсгөлд итгэгч нарын мянган жилийн хаант улсын төлөөх тэмцэл байлаа.


Ертөнцийн мөхлийн тухай үзэл бодол бий болж бослогод оролцогсод Даосизмыг баримтлан шүтэж байв. Бослогоор Күнзийн суртал үндсэндээ мөхөж Даосизмын урсгал Хятадын гол үзэл номлол болов. Даосизмын нэг урсгал болох 5н доу будааны дао (Жэн И Дао) урсгалд “Жэн И Тиэн багшийн аман сургаал” хэмээх судар байдаг бөгөөд уг сударт Даосизмыг үндэслэгч Жан Лингийн зөгнөлийг дараах байдлаар тэмдэглэжээ.


Тэнгэр хүн төрөлхтний нүгэлд хилэгнэж дэлхийг сөнөөхөөр шийджээ. МЭ 144 онд их үер болж бузрыг угаан арилгах болно. Сонгогдсон 240 мянган хүн амьд үлдэх ба тэдний нэрсийн жагсаалт МЭ 153 онд бичигдэж дуусна. МЭ 184 онд их дайн, халдварт өвчин, араатан амьтан хорт могой гэсэн гурван төрлийн гамшгаас болж дэлхий цэвэрлэгдэн МЭ 190 онд энх амгалангийн цаг тогтох болно. 


Энэ үед үхэгсдийн сүнс биедээ эргэн ирж, араг яс дахин бүрэлдэн, цус дахин гүйж, шөнө унтаад өглөө сэрсэн мэт амилах болно. Гэвч сонгогдсон хүнийг нотлох “дугуй гэрлийн хуудас”-гүй хүн дахин үхэж, сүнс нь газар тэнгэр усны савуудад очин тамлагдан зовох болно. Энх амгалангийн ертөнцөд Тайшан Лаогүн (аврагч мэссиа) морилон ирж хаанчилна. Түүний захиргаан дор хүмүүс үхлээс ангижирч 18 мянган жил наслах болно.


Энэхүү Жан Лингийн зөгнөл нь тэр чигээрээ “Илчлэлт” мөн бөгөөд, Персийн Заратустрагийн нөлөө шууд туссан болохыг харж болно. Үүнтэй адил мянган жилийн хаанчлалтай холбоотой бослого хэд хэдэн удаа гарсны нэг нь 14-р зуунд гарсан улаан алчууртны бослого болно. Юань улсыг түлхэн унагаасан улаан алчууртны бослогын зохион байгуулагч Цагаан лянхуа бүлгэм нь Персийн Заратустрагийн шашны нэг хэлбэр бөгөөд улаан алчууртны бослогоор хаан болсон Жү Юань Жан (Минь улсын Тайзу Хун-Уди хаан) улсаа Их Мин улс хэмээн нэрлэсэн нь ертөнцийн төгсгөлөөр морилон ирэх мэссиагийн цол болох “Бага Мин Ван” нэрээс үүдэлтэй.


Нууц бүлгэмийн мянган жилийн хаант улсын үзэл нь Хятадын түүхэн үзэлд нөлөөлөөгүйн Хятадын түүхийн тухай үзэл аль эрт “Түүхэн тэмдэглэл”, “Хань улсын бичиг” 2-оор бүрэлдэн тогтсон байсныг харуулдаг. Тиймээс түүхийн төгсгөл хэмээх ойлголт албан ёсны түүхийн бичигт тусгагдсангүй.


184 онд онд болсон шар алчууртны бослогоор хүн ам огцом цөөрсөн нь Хятадын түүхэнд анхны томоохон өөрчлөлтийг авч ирсэн болно. Энэхүү сүйрлийг нүдээр үзсэн Хожуу Хань улсын их эрдэмтэн Жэн Сүань тэнгэрийн жам (сансрын орчил) 1320 жилд нэг удаа боловсордог хэмээн түүхийн онолыг боловсруулж, Шан улсыг халан тэнгэрийн бошгыг авсан Жоугийн Вэн вангийн модон хулгана жилээс хойш (МЭӨ 1137 оноос хойш) Хожуу Хань улс үндсэндээ мөхсөн МЭ 184 онд нэг бүтэн сансрын эргэлт дууссан гэж тайлбарлажээ.


Энэ цаг үед Хожуу Хань улс үндсэндээ мөхөж дотоодын дайн самуун тасралтгүй үргэлжилсээр 220 онд Вэй улсын Цао Пи (Вэньди), 221 онд Шү улсын Лю Бэй, 229 онд Ү улсын Сүн Цүань нар өөрсдийгөө хуанди хэмээн өргөмжилснөөр Хятадад нэгэн зэрэг гурван хуанди гарч ирэв. Энэ байдал 280 онд Жинь улсын Уди (Сыма Янь) гурван улсыг нэгтгэснээр төгсгөл болжээ.


Үүний дараа Чэн Шоу “Гурван улсын түүх” хэмээн 65 ботийг бичсэн нь Хятадын албан ёсны түүх болно. Уг түүх нь “Вэй улсын бичиг”, “Шү улсын бичиг”, “Ү улсын бичиг” хэмээн гурван тусдаа бичигдсэн ч “Вэй улсын бичиг”-ийг "Гол тэмдэглэл"-д, Шү улсын Лю Бэй, Ү улсын Сүн Цуань нарын намтрыг “Сул тэмдэглэл”-д бичсэн нь Хожуу Хань улсыг Вэй улс, Вэй улсыг Жинь улс албан ёсоор залгамжилсан хэмээн үзсэнтэй холбоотой.


Хүн ам хэт цөөрсөн учраас 2-р зууны төгсгөлд Вэйгийн Вэньди хаан Хэнань, Шандунгийн хэсэг газрыг тойруулан хил татаж энэхүү газар нутгийг Жундүгийн нутаг хэмээн нэрлэж амьд үлдсэн хүмүүсээс энэ нутагт нүүлгэн шилжүүлж аваачсан нь дөнгөж 2,5 сая орчим байсан гэдэг. Хүнгүй болж эзгүйрсэн Хуабэйгийн сул газарт Вэньдигийн эцэг Цао Цао Өвөр Монголын баруун хэсгээр нүүдэллэн амьдарч байсан хүннү нарыг урьж, Шаньсигийн өндөрлөгт нүүлгэн шилжүүлэн суурьшуулжээ.


280 онд хятадын гурван улсын арай хийн нэгтгэсэн Жинь улс 20 жил ч бололгүй 300 онд Найман вангийн самууны улмаас нуран унав. Энэ самуун цагийг ашиглан Хүннүгийн язгууртан Лю Юань 304 онд Шаньсид бослого гарган өөрийгөө Хань ван хэмээн нэрлэжээ. Хүннүгийн цэрэг 311 онд Жиньгийн нийслэл Лоянг эзэлж Жиньгийн Хуайди хааныг олзлов. 2 жилийн дараа олзонд байсан Хуайди алуулахад Жинь улсын Минди (Си Ань) хаан ширээг залгамжилсан ч 316 онд хүннү нар Чананийг эзлэн Минди хаан олзлогджээ.


Ингээд 317 онд хятадад албан ёсгүй хаангүй байсан нь албан ёсны хуанди байхгүй хятадын түүхэн дэх хамгийн том хэрэг явдал байлаа.
318 онд Жинь улсын хааны угсааны Сыма Рүй (Зүүн Жинь улсын Юаньди) Хөх мөрний урд талын Жиэнканд (Нанжин) хаан ширээнд суун хуанди цолыг сэргээв. 


Энэ үеийн Жиан Нан нутаг огт хятадчилагдаагүй бөгөөд хятадууд Нанжин, Уханьд л анхлан суурьшиж байжээ. Зүүн Жинь улс Сүн улсад, Сүн улс Өмнөд Чи улсад, Өмнөд Чи улс Лян улсад, Лян улс Чэн улсад тус тус эзлэгдэх бөгөөд эдгээр өмнөдийн улсууд нь Хятадын бус нутагт дэвсгэрт улс байгуулсан засаг төр байснаас хэтэрсэнгүй.


Жиань Нан буюу хөх мөрний өмнөд хэсгийн хятадын бус нутагт хятад угсааны сул дорой дээрх улсууд ээлжлэн тогтож байх зуур хойд хэсэг болох Хуабэйд ихээхэн өөрчлөлт гарчээ. 304 оны Лю Юаний бослогоос эхтэй Таван ху арван зургаан ханлигийн самуун Хүннү нарыг даган Хуабэйд орж ирсэн нүүдэлчин овог аймгууд хутгалдан оролцож эл самуун 135 жил үргэлжилжээ.


439 онд нүүдэлчин овгийн Сяньби нар арай хийн Хуабэй дэх самууныг зогсоон бүгдийг нэгтгэснээр Өмнөд Умард төрийн үе эхэлсэн болно. Сяньби нар өөрийн улсаа Умард Вэй улс хэмээн нэрлэсэн болно. 100 орчим жилийн дараа Сяньбигийн Умард Вэй улс баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдаж Зүүн Вэй улс Умард Чид, Баруун Вэй улс Умард Жоу улсад тус тус эзлэгдэв. Удалгүй Умард Жоу нь Умард Чи улсыг мөхөөх боловч өөрөө Сүй улсад эзлэгдэнэ. Эдгээр нь булт Сяньбигийн вант улсууд байв.


Сүйгийн Вэньди хаан 589 онд Өмнөд Жэнь улсыг нэгтгэснээр Хятадаас өөр угсаатан болох Сяньби нар Хятадыг ахин нэгтгэв. Сүй улс Хятадыг нэгтгээд 30 жил хүрэлгүй  байтал 2-р хаан Янди алагдаж улс нь мөхжээ. Үүний дараа Сяньби угсааны Тан улсын Тайзун 10 жилийн дараа Хятадыг ахин нэгтгэв. Тан улсын үед өмнөд, умардын төрийн албан ёсны түүх болох “Өмнөдийн түүх”, “Умардын түүх”-ийг 659 онд бичиж дуусгажээ. “Өмнөдийн түүх”-д Сүн, Өмнөд Чи, Лян, Чэн улсыг, “Умардын түүх”-д Умард Вэй, Зүүн Вэй, Баруун Вэй, Умард Чи, Умард Жоу, Сүй улсыг тооцон тус тус түүхийн “Гол тэмдэглэл”-д бичжээ.


Ингэснээр Өмнөд ба Умард гэсэн 2 тэнгэрийн бошиг, зүй ёс бий болжээ. Тан улс өөрснөө Сяньби угсааны төр байсан учраас Умардын төрт улсуудыг зүй ёсны хэмээн хүлээн зөвшөөрсөн болно. Умардын улсуудыг хятадын зүй ёсны улс болгохын тулд “Умардын түүх”-ийн эхэнд Умард Вэй улсын хаадын угсаа гарлыг дурдахдаа “Өвөг дээдэс нь Шар хаан бөгөөд Шар хааны хүү Чан Игийн отгон хүү хойд зүгт улс байгуулж, Их Сяньби уулын энгэрт суурьшив. 


Тэднийг уулынх нь нэрээр Сяньби гэх болов” хэмээн тэмдэглэсэн байдаг Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл”-ийг дуурайн Сяньби нарын Умардын улсууд нь Өмнөдийн төртэй эн зэрэгцэх зүй ёсны засаглалтайг хэлэх гэсэн санаа байв. Энэ нь илэрхий худал зүйл байсан боловч Тан улсаас хойших улсын түүхэнд түүхийг бүрэн өгүүлэхэд улам л бэрх болсон нь нүүдэлчид асар ихээр хятадын төр засагт хутгалдан орж ирэх болсонтой холбоотой.


Хятадын төр засгийн байгуулахад идэвхтэй оролцсон нүүдэлчид сяньби нараар тасраагүй хятадын түүхийн бүрэн гүйцэд бичиж тэмдэглэхэд цаашид маш хэцүү болгосон болно. 552 онд Түрэг хэмээх Алтайн нуруугаар нүүдэллэж байсан нүүдэлчид эртний хүннү нарыг ч давахаар хүчирхэгжиж ирэв. Энэ бол Түрүү үеийн Түрэгийн эзэнт гүрэн байлаа. Тухайн үед хуабэйд сяньби нар Зүүн Баруун Вэй, Өмнөд Чи, Умард Жоу улсуудад тус тус хуваагдан хоорондоо тэмцэж байсан учраас тэдгээр улсууд Түрэгтэй холбоотон болохоор өрсөлдөж эхлэв.