1 оросод хөшөө барих хэрэгтэй бол Москвагийн ван 1-р Иванд босгоё. Учир нь бид түүгээр дамжуулж Москва төвтэй Русийг анх байгуулсан юм.
Русь нь монголчуудад эзлэгдэхээс өмнө өөр өөрийн хотуудыг захирсан нэгдмэл бус улс байв. Монголчууд Москваг довтлох үед тэрээр төдийлөн нэр хүндгүй, энгийн жижигхэн бэхлэлт төдий байв. Москва хот томорсон нь Москвагийн ван 1-р Иван Алтан ордын Өзбег хааны ивээл дор их вангийн суудалд сууж Русийн олон вангийн тэргүүн болж татвар цуглуулах үүргийг хүлээсэнд оршино.
Русийн язгууртнууд Алтан ордонд бараалхахаар очих үедээ түүний гоё сайханд татагдан Монголын соёлыг бахдах болов гэж байдаг. Тэд бусад русь нараас илүү гарахын тулд монгол хүнтэй сууж, худ ураг болохыг илүүтэй хүсэх болов. Монголчуудын захиргаан дор Русийн соёл үсрэнгүй хөгжиж, тэд татаарын буулган дор 500 жил оршихдоо бараг бүрэн монголжиж, энэ нь өнөөгийн Оросын соёл иргэншлийн суурь болжээ.
Дараа нь Москвагийн их ван Доны Дмитрий Каликовын тулаанд том ялалт байгуулснаар татаарын буулганы эсрэг хийсэн анхны том ялалт гэж оросууд үздэг ч энэ тулааны тухай улс хоорондын дипломат баримт бичигт огт дурдаагүйгээс нь болж болсон эсэхэд Оросоос бусад улсад маш эргэлздэг, болсон байлаа гэхэд жижиг хэмжээний тулаан байсан болов уу. Мөн Алтан Ордны улсыг төлөөлж Каликовын тулаанд орсон хэмээн үздэг Маммай нь хаан биш, зүгээр л төрийн хутгуур байсан төдийгүй түүнд их цэрэг байх, тэднийг хуралдуулах нөхцөл боломж огт байгаа ч үгүй гэдэг.
Русийг эзлэхийг оролдож байсан өөр нэг тоглогчид нь Литва болон Польшууд болно. Энэ үед Литвагийн захиргаанд байсан Русь нь өнөөгийн Беларусь, Польшийн захиргаанд байсан Русь нь өнөөгийн Украин болно.
1502 онд Зүчийн угсааны хаан Менгли Герайны үед Алтан Ордныг Ижил мөрнөөс баруун тийш нүүлгэж Крымтэй нийлүүлсэн ба үүнийг Оросын түүхчид Алтан Ордын мөхөл гэдэг ч үнэндээ тийм бус харин ч хүчирхэгжсэн явдал байв.
Москвагийн их ван 3-р Иван Русийн бусад ханлигуудын газар нутгийг өөртөө нэгтгэж түүний ач хүү 4-р Иваны үед Казаний хааны удам дотор тэмцэл гарч тэдний нэгнээс туслах цэрэг илгээхийг хүссэнийг ашиглан Казаньд цэргээ оруулан эзэгнэсэн болохыг Оросын түүхчид "Догшин Иван татаарын буулганаас Оросыг чөлөөлсөн" гэж үздэг ч байлдан дагуулсан хэрэг бус заль мэхээр Казанийг эзэлсэн хэрэг байв.
Догшин Иван түүний дараа Астраханий хаант улсыг мөхөөсөн гэдэг ч үнэн хэрэгтээ Астраханий хааны гэр бүл Бухарт шилжин суурьшсан төдий л зүйл байв. Ингээд юутай ч Догшин Иван бүх оросын их ван гэдэг цол дээрээ Казань болон Астраханий царь гэдэг цолыг нэмжээ.
Үүний дараахан 1571 онд Крымийн хүчирхэг Алтан Орд Москваг дайлж албан гувчуур авч байхаар болсон тул Москва 17-р зууны сүүл хүртэл Крымд албан татвар төлж байсан талаар Оросын түүхчид яагаад ч юм дуугүй байдаг.
Догшин Иван 1575 онд Зүчийн угсааны ханхүү Сайн Болд /Симеон Бекбулатович/-ийг Крымийн хаан суудалд суухад тусалж Бүх Оросын царь болгоод дараа жил нь түүнээс хаан суудлыг найр тавиулан хүлээн авч царь болжээ.
Догшин Иван ийм түвэгтэй арга хэрэглэн Оросын царь болсон нь тухайн үед мөрдөгдөж байсан Чингисийн удмынхнаас өөр хүн царь болж чадахгүй хэмээн үздэг байсантай холбоотой гэдэг. Ийнхүү Москвагийн их ван анх бүх Русийн царь болж Монголын эзэнт гүрний бусад хаантай эн зэрэгцэх эрхтэй болсон байна. Үүнийг Оросын эзэнт гүрний эхлэл хэмээн үздэг.
Догшин Иван нас барсны дараа Рюрикийн угсаа тасарсан тул цариар монгол угсааны язгууртан Борис Годуновыг болгож байсан байна. Борис Годунов нас барсны дараа Михайл Романов цариар өргөмжлөгдөж Романовын хаанчлалыг эхлүүлжээ.
Энэ бол Рюрикийн угсааны Русь бус, Зүчийн угсааны монгол ч бус царь мэндэлсэн хэрэг байлаа. Үүнээс хойших үеийг Орос хэмээн нэрлэдэг.
1783 онд Хатан хаан Екатерина Крымийг хойгийг эзэлснээр Алтан Орд улс мөхсөн ба Батын удирдсан Монгол цэрэг 1237 онд Русьд анх орж ирснээс хойш 546 жилийн дараа ийнхүү мөхжээ. 1945 онд Сталин Крым Татаарын Өөртөө Засах БНУ-ыг татан буулгаж, оршин суугч нар болох татааруудыг хөөн гаргажээ.
Догшин Иван хааны үеэс Сибирьт нэвтэрч эхэлсэн болно. Үүнийг Доны казак Ермак хийсэн болно. Казакууд нь Дон мөрний адаг дахь тал нутагт нутаглаж ирсэн нүүдэлчид буюу Оросын үнэн алдартны шашинд орсон татаар монголчууд болно.
Тиймээс Оросын эзэнт гүрний зүүн тийш тэлсэн тэлэлт нь үнэн хэрэгтээ монголчуудын үр ач нарын өнгөрсөн үеийн Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг сэргээх үйл ажиллагаа байсан хэмээн үзэж болно.
Энэ бүх түүх нь 13-16-р зууны Монголын Эзэнт Гүрний баруун хэсэг Оросын эзэнт гүрэн болон хувирсан болохыг л харуулдаг.