2020/05/17

602. Монголчуудын бий болгосон үндэстнүүд

Монголчууд Төв Евразийн нүүдэлчдийг монгол нэртэй болгон өөрчлөөд зогсохгүй суурин иргэдэд ч нөлөөлж өнөөгийн дүр төрхийг бий болгосон болно. Эдгээр суурин иргэдэд энэтхэгчүүд, иранчууд, оросууд, Турк улсын туркууд хамрагдана.


Чингис хааны 2-р хүү Цагаадайн үр удам Алтайн нуруунаас Амударья мөрний хооронд нутаглаж, уг газар нутгийг эзэмшиж байв. Үүний баруун хэсгийг 1360-аад онд Баркулас овгийн монгол болох Төмөр булаан авч Самаркандад төвлөрөн 4 зүгт аян дайн хийн Төв Азид том эзэнт улсыг байгуулсан боловч Чингис хааны удмын хүн биш байсан учраас хаан цолыг хэрэглэсэнгүй. Төмрийг нас барсны дараа Зүчийн угсааны узбекууд урагш цөмрөн орж ирснээр 1507 онд түүний улс мөхжээ.


Төмрийн удмын Бабур Хойд Энэтхэгт буруулан очиж Дэлид төвлөрсөн Могол улсыг байгуулжээ. Энэ нь Энэтхэгийн Могулын эзэнт гүрний үүсэл билээ. Могол гэдэг нь Монгол гэдэг үгийн хазгай дуудлага бөгөөд Моголын эзэнт гүрэн нь угтаа Монголын эзэнт гүрэн болно. Моголын эзэнт гүрэн Энэтхэгийн ихэнх хэсгийг захирч 1858 онд Моголын сүүлчийн хааныг Англи улс ширээнээс буулган, Виктория хатан хаан Энэтхэгийн хаан болтол оршин тогтносон болно. 


Англи улсын захиргаан дахь Энэтхэгийн хойг бүхэлдээ нэг амбан захирагчид захирагдаж 1947 онд тусгаар тогтносон Энэтхэг, Пакистан улсуудад залгамжлагдсан болно. Иймээс өнөөгийн Өмнөд Азийн 2 төрт улс нь 2-ул Монголын эзэнт гүрнийг залгамжилсан улс болно. Пакистаны эх хэлний нэг болох урду хэл нь Моголын эзэнт гүрний албан ёсны хэл бөгөөд урду гэдэг нь нүүдэлчдийн хааны ордонг нэрлэдэг орд хэмээх үгнээс гаралтай буюу, ордны хэл болно.


Ираны өндөрлөг дэх Хүлэгийн Ил хаадын улсын удам 1335 онд тасарч дотоодын самуунд идэгдэн 14-15-р зуун Төмрийн захиргаанд хэсэг байгаад 1501 онд Өмнөд Азербайжаны исламын шийтийн урсгалын шашны нууц бүлгэмийн эзэн 1-р Исмайль нь Туркмен нүүдэлчдийн 9-н аймгийн дэмжлэгийг олж, Ил хааны орд байсан Өмнөд Азербайжаны Тебризэд хаан ширээнээ суун Сефевид улсыг байгуулав. 


Ираны өндөрлөгөөс Төв Азийн Сырдарья мөрөн хүртэлх нутагт энэ үеийг хүртэл иранчууд тархан сууж байсан ч турк хэлтэй узбекууд урагш түрэн орж ирснээр Төв Азид иранчууд устаж, Төв Азид иран хэлээр зөвхөн тажикууд л ярилцдаг болжээ. Ийнхүү Ираны өндөрлөгийг хамарсан Сефевидийн улс бий болон өнөөгийн Ираны газар нутаг дахь үндэстнүүд бүрэлдэн тогтсоноор Иран улс нь Монголын эзэнт гүрнийг залгамжилсан улс болсон болно.


Хубилайн угсааны Юань улс Монголын өндөрлөг, Манжуур, Солонгосын хойг, Хятад, Юньань, Түвэдийг захирч байсан ч 1351 онд Хуажунд хятадууд улаан алчууртны бослого дэгдээв. Уг бослогыг Заратустрагийн шашны 1000 жилийн хаант улсын үзэл санааны нөлөөнд автсан цагаан лянхуяа хэмээх шашны нууц байгууллага удирдсан болно. 1368 онд Улаан алчууртны бослогын нэг удирдагч хятад хүн болох Жү Юаньжан (Мин улсын Тайзу) Наньжинд хаан ор суун Мин улсыг байгуулжээ.


Мөн онд Юань улсын Тогоонтөмөр хаан Хятадыг орхин Монголын өндөрлөг рүү ухрав. Үүгээр Юань гүрэн мөхсөн хэрэг биш бөгөөд Монголын өндөрлөгийн хаад урьдын адил Чингисийн удмын хаадаар удирдуулан улсаа Их Юань хэмээн нэрлэн, Мин улсын хуандиг үл хүлээн зөвшөөрөн Иргэн улс буюу албат иргэдийн улс хэмээн нэрлэж байжээ.


Мин улс өөрийгөө Юань гүрнийг залгамжилсан улс хэмээн үзэж байсан ч газар нутаг нь зөвхөн Хятад, Юньанийг хамарсан төдий, бодит хэрэг дээрээ зөвхөн хятадуудын төрт улс болж Юань гүрэн шиг эзэнт гүрэн болж чадаагүй болно. Солонгосын хойг энэ үеэр тусгаар тогтнолоо зарлан Чусоны хаант улс болжээ.


Мин улс нь хятадуудын төрт улс боловч Сүнгийн үеийн Хятад бус бүрэн Монголжсон Хятад байлаа. Тэрээр хүн амаа хятан, монголчуудын адил цэрэг өрх, иргэн өрх гэж хуваасан ба цэрэг өрх нь үе залгамжилсан мэргэжлийн цэрэг хүмүүжүүлэн гаргадаг, иргэн өрх нь энгийн өрх айлууд байв. Цэрэг өрхийн хотыг вэй буюу корпус, энгийн өрхийн хотыг сянь гэнэ. Вэйгийн доор таван мянган өрх (мянгат) мянгатын дор арван зуун өрх (зуут) болон задарна. Энэ нь Хүннүгээс залгамжилсан нүүдэлчдийн аравтын тогтолцоо билээ.


Иргэн өрх ч адил аравтын тогтолцоогоор зохион байгуулагдаж аравтыг зя, зуутыг ли, хэмээн нэрлэж байжээ. Мин улсын хааны удмынхан Хятадын өнцөг булан бүрд цэрэг удирдсан вангууд болсон нь Мин улс тэр чигээрээ Монгол маягийн улс болсныг харуулдаг. Ийнхүү Мин улс нь өмнө нь Хятадад огт байгаагүй Монголын эзэнт гүрний өв байлаа. 


Мин улсын албан ёсны суртал болох Күнзийн суртлын Жүүзийн сургаал ч мөн адил Монголын эзэнт гүрний өв болно. Шар алчууртны бослогоор Күнзийн суртал суларч Хожуу Хань улсаас хойш шашны хувьд мөхсөн ч ном судар нь үлдэн хоцорч, Сүй улсын үеэс түшмэдийн сонгон шалгаруулалтын асуулт болсон байна. Тан улсын үед шалгалт өгөх хүмүүст зориулан Күнзийн суртлын ном судрын албан ёсны тайлбарыг эмхтгэн Жөн-И хэмээн нэрлэжээ.


Күнзийн суртал ийн шашны хувьд мөхсөний дараа түүний орон зайг нууц бүлгэмүүдийн бурхад шүтдэг даосизм (бумбын шашин), гадаад иргэдийн шүтдэг бурхны шашин байлаа. Даосизм буддизм хоорондоо Өмнөд Умардын үеэс Тан улсын үе хүртэл тэмцэлдсэний дүнд даосизм ялж, буддизм нь 845 онд болсон буддизмийн эсрэг хийсэн их хавчлагаас хойш Хятадад голлох шашин болоогүй. 


Даосизм нь буддизм болон Күнзийн суртлыг өөртөө нэгтгэсэн том сургаал болон өөрчлөгдөж Күнзийн сургаалын хэвшмэл хэллэгүүдийг ашигласнаар Сүн улсын үед шинэ Күнзийн сургаал буюу Жүүзийн сургаал болон төлөвшжээ. Жүүзийн сургаалыг Өмнөд Сүн улсын үед амьдарч байсан Жүү Си боловсруулж түшмэдийн сонгон шалгаруулалтад зориулсан сонгодог судрын тайлбарыг няцаасан тул тэрслүү үзэл хэмээн хавчигдан Өмнөд Сүн улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй болно.


Жүүзийн сургаалыг хөгжүүлсэн хүмүүс нь монголчууд байсан бөгөөд 1315 онд Юань гүрэнд түшмэдийн сонгон шалгаруулалтыг сэргээх үедээ Жүү Сигийн тайлбарыг анх удаа шалгалтын асуулт болгожээ. Мин улсын үед Жүүзийн сургаалыг хүлээн зөвшөөрч түшмэлийн сонгон шалгаруулалтад хэрэглэх албан ёсны тайлбар хэмээн үзсэн нь Хятадын түүхэн уламжлалыг сэргээсэн хэрэг бус Юань гүрнээс уламжилсан ёсыг үргэлжлүүлсэн хэрэг байлаа.


1644 онд дотоодын самууны улмаас Мин улс мөхөж, Манжуураас ирсэн эртний зүрчидүүдийн угсаа болох манж угсаатнуудын Чин улс Бээжинг эзлэн Хятадыг захирав. Зүрчидийн Алтан улсыг Монголчууд мөхөөсний дараа тэд Манжуурын ой тайгадаа суусан хэвээр үлджээ. Юань гүрэн Монголын өндөрлөг тал уруугаа буцсан хойно Мин улс Өмнөд Манжуурын Ляо голын бэлчирт цэргийн бааз байгуулан зүрчидийн тэргүүлэгч нарт жанжин цол олгон илбэн тохинуулжээ.


Эдгээрийн нэг болох Жиэньжоу Вэйгийн цэргийн захирагчаар томилогдсон Нурхачи (Чин улсын Тайзу) Мин цэргийн өмгөөлөл дор зүрчидүүдийг нэгтгэн 1616 онд тусгаар болохоо зарлаж, Хожуу Алтан улсын хаан хэмээн өөрийгөө өргөмжлөн Мин улстай дайтаж Ляо голын бэлчрийг эзлэн авчээ. Нурхачийн хүү Хунтайж (Чин улсын Тайзун) хаан ширээг залгамжлаад 1635 онд Өвөр Монголыг өөртөө нэгтгэв.


Энэ үед Юань улсын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн өвчнөөр таалал төгсөж, түүний хүү, хатан 2 Юань улсын хааны хасбуу тамгыг Хунтайжид өргөн барьж буун өгчээ. Үүгээр тэнгэрийн бошгыг өөртөө хүлээн авсан хэмээн ойлгосон Хунтайж дараа жил нь Шэнянд Дайчин улсын хааны суудалд сууснаар Чин улс байгуулагдсан болно. Үүнээс хойш 8 жилийн дараа Мин улс мөхөж, Чин улс Хятадыг эзлэв.


Манж Чин улс 18-р зуунд Манжуур, Хятад, Монголын өндөрлөг тал, Зүүнгарын хотгор, Таримын хотгор, Түвэдийг захиргаандаа оруулснаар Юань гүрнийг залгамжилсан улс болж чаджээ. Чин гүрнийг Хятадын төрт улс хэмээн андууран бичдэг (Юань гүрнийг мөн ингэж андуурдаг) боловч тэр Хятадын төрт улс биш Хятадыг эзлэн захирсан улс байсан болно. 


Тиймээс манж хүмүүс “Найман тугийн журам”, монгол хүмүүс “Халх журам”, төвд хүмүүс “Түвэд журам”, Таримын хотгор дахь турк хэлтэй исламын шашинтнууд “Хуйзян журам” зэрэг хуулиудыг хэрэглэж хятадуудад зориулан “Дайчингийн хууль журам”-ыг гаргасан байна.


Эзэнт гүрний албан ёсны хэл нь манж хэл, хаан болон бусад үндэстнүүд хоорондоо манж хэлээр харилцах ба хятад хэлийг зөвхөн Хятадыг захирахад хэрэглэж байв. Чин улсын хааныг хятадууд хуанди, бусад үндэстэн хаан хэмээн нэрлэж байжээ. Бээжин нь Монголын өндөрлөг болон Хуабэйгийн уулзвар газрын улмаас хааны өвлийн ордон болжээ. Зундаа хаан Өвөр Монголын Халуун голд очин нүүдлийн ордод суун ан гөрөө хийхийн сацуу нүүдэлчдийн язгууртнуудтай харилцдаг байв.


1911 онд Хятадад гахай жилийн хувьсгал гарсны дараа жил Чин улсын сүүлчийн хаан Хэвт Ёсыг ширээнээс буулгаснаар Чин улс мөхсөн болно. Дундад Иргэн улс өөрсдийгөө Чин улсыг залгамжилсан улс хэмээн үзэж байсан ч монголчууд ч, төвдүүд ч Хятадын захиргаанд орж байсан түүх үгүй учраас үл хүлээн зөвшөөрч тус тусдаа тусгаар болсноо зарлажээ. Монголд 8-р богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, Түвэдэд 13-р Далай лам тус тус тусгаар болохоо зарлажээ.


Тусгаар болж чадаагүй хэсэг нь орос болон япончуудын нөлөөнд үлдсэн ба эдгээрт Манжуур, Өвөр Монгол, Шинжаан (Зүүнгарын хотгор ба Таримын хотгор) орно. Эдгээр газруудад Дундад Иргэн улсын засаг захиргаа хүрч чадаагүй болно. 1949 онд эдгээр газрууд дахь орос, япончуудын нөлөө алга болсноор одооны БНХАУ байгуулагдах үед түүний бүрэлдэхүүнд оржээ. 


1950 оноос Түвэдийг өөрийн захиргаанд хүчээр нэгтгэхдээ Юань болон Чин улсын үед Хятадын нэг хэсэг байсан гэсэн тайлбарыг хэлдэг ч Юань болон Чин гүрний аль алин нь Хятадыг захирсан улсууд байсан болохоос Хятадын улс биш байсан юм.


Үүнээс гадна Юань ба Чин гүрний аль алин нь Түвэдийг шууд захирсан удаа байхгүй бөгөөд Монголын хаад, Чин улсын хуандигийн аль алин нь Түвэдийн шашныг ивээн тэтгэгч хамгаалагч нар нь байсныг мартаж болохгүй. Тиймээс Түвэдийн дотоод хэрэгт оролцолгүйгээр өөртөө засах эрхээр дамжуулан захирч ирсэн болно. Харин Хятадууд өөрсдийгөө Монголын эзэнт гүрнийг залгамжилсан улс хэмээн тайлбарладаг болно.