2020/05/17

601. Монголын эзэнт гүрэн буюу бүх нүүдэлчид хэрхэн Монголчууд болон хувирсан тухай

Монголын эзэнт гүрний хөгжлийг хэд хэд үе шатуудад хувааж үзнэ.
Нэгдүгээр үе шат нь Тангудыг байлдан дагуулсан явдал. Чингис хаан сууринд залрахаас өмнө 1205 онд Монголын цэрэг Тангуд буюу Баруун Ся цөмрөн орж 1227 онд байлдан эзэлжээ.


Хоёрдугаар үе шат нь Тэнгэр уулын Уйгар улс буун өгсөн явдал. Уйгар нь Хар Хятаны хараат түшмэг улс байсан 1209 оноос Хар Хятанаас салж Чингис хаанд буун өгчээ.


Гуравдугаар үе шат нь Алтан улсыг байлдан эзэлсэн явдал. Чингис хаан 1210 оноос Алтан улсаас харилцаагаа тасалж, дараа жил нь Өвөр Монгол, Хуабэйд цөмрөн орж, Өгэдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүрмөсөн мөхөөсөн болно.


Дөрөвдүгээр үе шат нь Хар Хятаныг байлдан дагуулсан явдал. Амь үрэгдсэн Найманы Таян хааны хүү Хүчүлүг Хар Хятанд дүрвэн очиж, тус улсын хааны өмгөөлөлд орсон ч 1211 онд төрийн эргэлт хийн өөрөө хаан суусан байдаг. Ийнхүү Елюй Даши Хар Хятан улсыг байгуулснаас хойш 87 жилийн дараа ийнхүү унав. Чингис хаан 1218 онд монгол цэргийг илгээн Хүчүлүгийг мөхөөжээ. Хар Хятаныг эзэлснээр Монголын эзэнт гүрэн исламын ертөнцтэй шууд хиллэх болов.


7-р зууны Арабын байлдан дагуулал нь Баруун Азийн Исламын ертөнцийг бүтээжээ. Энэхүү эзэнт гүрэн 8-9 зуунд Багдадын Аббасидын халифын захиргаанд цэцэглэн хөгжиж, тэр үеэс Төв Азийн түрэг хүмүүс боол байдлаар олноор энэ ертөнцөд орж ирцгээжээ. Түрэг боолууд зоригтой, үнэнч тул үнэлэгдэж, тэдний дотроос эзэн хаанд үнэнч зүтгэх жанжид, орон нутгийн захирагч нар төрөх болов.


9-р зуунд Казахстаны талаас түрэг хэлтэй Туркмен хүмүүс болох Сельжук овог хүчирхэгжиж, улмаар исламын шашинтай болжээ. Улмаар тэд Баруун Туркестан, Ираны өндөрлөгийг эзэлж 1055 онд Сельжукын ван Тогруп-бек Багдадыг эзлэн Аббасидын халифаас султан цол авчээ. Сэльжук улс нэг хэсэг Баруун Азийг бүхэлд нь захирч байсан ч удалгүй хуваагдаж 1157 Сельжукын хаан нас барснаар хааны удам нь тасарчээ.


Сельжук нь исламын ертөнц дэх анхны түрэгийн эзэнт улс бөгөөд түүний газар нутгийн зүүн хэсгийг түрэг угсааны исламын улс Хорезмын шах залгамжлан авсан болно. Хорезм нь өнөөгийн Узбекистаны баруун талын Арал тэнгист өмнөд талаасаа цутгах Амударья мөрний бэлчир газар оршиж байжээ. Энэ улсын хааны өвөг дээдэс нь Сельжук улсын султаны түрэг боолууд байж байгаад Хорезмын цэргийн захирагчаар томилогдон хүчирхэгжсэн хүмүүс байв.


Тавдугаар үе шатанд энэхүү Хорезмыг эзлэх явдал байв. Чингис хаан 1219 онд их цэрэг дагуулан Сырдарья мөрнийг гаталж, 7 жилийн дотор Хорезмын эзэнт гүрнийг байлдан эзэлж Хойд Энэтхэгийн тэгш талд тулсан байна. Энэхүү дайнд оролцсон ихэнх монголчууд Баруун Туркестанд үлдэн цаашдын байлдан дагуулалтад оролцжээ.


Зургадугаар үе шатанд Кипчакийн талыг байлдан эзэлсэн явдал болно. Чингис хааны ууган хүү Зүчи Казахстаны талыг бэлчээр нутаг болгон өвлөн авчээ. Өгэдэй хаан 1234 онд Зүчийн дунд хүү Бат болон хааны бусад удмынхныг Уралын нурууны баруун талын олон улсыг байлдан эзлүүлэхээр илгээв. 


Батын удирдсан монгол цэрэг 1236 онд Ижил мөрний дунд бие дэх Булгар улсыг эзлээд Кипчакын олон овог аймаг, Русын хотууд, Хойд Кавказын овог аймгуудыг байлдан дагуулж, Польшийн вант улсад цөмрөн 1241 онд Легницэд Польш-Германы хамтарсан рыцарийн армийг бут цохин, Унгар улсыг эзлэн Австрийн Вена, Нойштадтад тулжээ. Өмнө зүг Адриатын тэнгис хүрэв.


Энэ үеийн нэгэн язгууртан англи эрийн түүх сонин зүйлийг өгүүлдэг. Тэр 1215 онд английн Жон хааныг хүчлэн Магна Картад гарын үсэг зуруулсан язгууртнуудын нэг байсан бололтой. Жон хааныг нас барсны дараа эсэргүүцэгч талын язгууртнууд Францын хан хүүг авчран Английн хаан болгох гэж оролдсон ч бүтсэнгүй. Ромын пап 3-р Иннокентий тэднийг шашнаасаа хөөжээ. Иймд уг язгууртан англи эр нүглээ наманчлахаар 4 дэх удаагийн загалмайтны дайнд мордож, Палестинд очсон ч тэндээс бусдаасаа салж Багдад очжээ.


Энд тэрээр Өгэдэй хаантай тааралдаж түүний чадварыг хаан өндөр үнэлж өөрийн дэргэд аван Монголын цэрэг дэх Христос шашинтантай хийх хэлэлцээрийг хариуцуулсан байна. Гэтэл 1241 оны 12-р сард Өгэдэй хаан нас барж Монголын цэрэг зүүн уртрагийн 16 градусаас гэдрэг эргэн буцав. Энэ үед Вена, Нойштадтад монгол цэргийг нэхсэн Австрийн цэргүүд Монголын цэргийн жанжин 8 хүнийг олзлоход тэдний нэг нь уг язгууртан байсан гэдэг.


Монгол цэрэг гэдрэг буцаж цэргийг удирдаж явсан Бат жанжин Ижил мөрний бэлчирт нүүдэллэн сууж, Хойд Кавказ, Украин, Оросыг захирчээ. Түүний ордыг Алтан орд гэдэг. Ийнхүү Ижил мөрнөөс зүүн хойших нутагт Бат болон түүний дүү нар нүүдэллэн амьдрах болов. Өнөөгийн Татарстаны татарууд, Казахстаны казахууд, Узбекистаны узбекууд цөм энэхүү Зүчийн угсааны хаадын дагуулж явсан монгол угсаатны үр хойчис болно.


Долдугаар үе шат нь Баруун Азийг байлдан дагуулсан явдал болно. Чингис хааны ач Мөнх хаан 1253 онд өөрийн дүү Хүлэгийг Баруун Азийг эзлүүлэхээр илгээжээ. Хүлэг 1258 онд Багдадыг эзлэн сүүлчийн халифыг хороон Аббасидын эзэнт гүрнийг мөхөөжээ. Монгол цэрэг цааш Египетийг байлдан эзлэхээр Сирид цөмрөв. 


Тухайн үед Сирийг Египетийн Айюбид угсааны төрийг түрэг угсааны цэрэг-боол нар болох Мамлюкууд булаан аваад байсан үе байжээ. Монголын цэрэг 1260 онд Палестины Айн Жалутад (Израиль улсын Тивериадын ойролцоо) Кутуз султаны мамлюкын цэргийн гэнэтийн довтолгоонд өртөж бут цохиулжээ. Үүнээс хойш монголчууд Сири болон Египетийг эзлэх гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүй болжээ.


Хүлэг өөрийгөө Ил хаан хэмээн өргөмжилж, Тебризээр төвлөрөн Өмнөд Азербайжаныг гол түшиц газраар сонгон, зүүн талдаа Баруун Туркестаны Амударья мөрөн, баруун талдаа Евфрат мөрөн, Бага Азийн өндөрлөг, хойд талдаа Кавказын нуруу хүрсэн өргөн уудам нутгийг эзлэн суужээ.


Энэ үеэс Бат хаанаас залгамжлан авсан Бэрх хааны Алтан орд улс Хүлэг хааны Ил хаант улсууд Кавказыг булаалдан хоорондоо дайтах болсон байна. Энэ байдлын улмаас Ил хаант улстай өшөөт Египетийн Мамлюкын улс Бэрхтэй холбоотон болжээ. Мамлюкын улсыг байгуулсан түрэг угсааны цэрэг-боолууд нь үнэндээ кипчак нар байв. Айюбид угсааны сүүлчийн султан Салих тэднийг олноор нь худалдан авч Египетэд авчирсан учраас өөрсдийнх нь эх нутаг болох Кипчакын талыг захирсан Алтан Ордтой ойртон дотносох тодорхой шалтгаан байжээ.


Тиймээс Мамлюк улсад Монголын соёл хүчтэй нөлөөлж, Чингис хааны тогтоосон Яса хуулийг хэрэглэх болсон гэдэг. Мамлюкын улс 1517 он хүртэл Египет, Сирийг захирсан бөгөөд Османы эзэнт гүрэн тэднийг мөхөөсөн олно.


Наймдугаар үе шат нь Хуажан, Хуананийг байлдан дагуулсан явдал болно. Өмнөд Сүн улсыг байлдан эзлэх ажиллагаа Өгэдэй хааны үед хэд хэд явагдаж 1276 онд Хубилай хааны илгээсэн монгол цэрэг Хуажоуг эзлэн Өмнөд Сүн улсыг мөхөөсөн болно. Ингэснээр хятадын хуандигийн төрт ёс дахин алдагдаж Хятад нь бүхлээрээ нүүдэлчдийн эзэнт улсын нэг хэсэг болов. Түрэг, Уйгар, Хятан, Алтан улсаар дамжин ирсэн нүүдэлчдийн ёс зүй ийнхүү Хятадыг бүхлээр нь залгижээ.


Хубилай хаан 1253 онд Зүүн Ази дахь Юаньанийн Тай нарын Дайли улсыг байлдан дагуулж, 1259 онд Солонгосын хойгийн Гуулин улсыг буулган авчээ. Түвдэд нэгдсэн төр байгаагүй учраас Хубилай хаан 1260 онд өөрийн төлөөний хүн болох буддын шашны сакья урсгалын хамба Пагва ламыг томилж Пагвагийн харьяалагддаг Кон овогтноор Түвэдийг захируулжээ.


Ийнхүү Зүүн талдаа Япон тэнгис, Зүүн Хятадын тэнгисээс баруун талдаа Хар тэнгис, Евфрат мөрөн, Персийн буланд хүрсэн Зүүг Ази, Хойд Ази, Төв Ази, Баруун Ази, Зүүн Европыг хамарсан эх газрын ихэнх нь Монголын эзэнт гүрний эрхшээлд оржээ. Энэ нь хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш бий болгож чадсан хамгийн том эзэнт гүрэн байлаа.


Монголын эзэнт гүрэн дотооддоо нүүдэлчдийн олон ван хан нарын эзэмшил нутагт хуваагдан зэрэгцэн орших ба үүнийг нь улс гэнэ. Нэг улсад өөрийн харьяат нүүдэлчид мал сүргээс гадна харьяаны суурин иргэдээс эд хөрөнгө, ажиллах хүчин татан авах онцгой эрхтэй байв. 


Эдгээр улсууд дотроос хамгийн том нь Зүүн Ази дахь Хубилайн угсааны Их Юань улс, Төв Ази дахь Цагаадайн угсааны Цагаадай хаант улс, Баруун Азид Хүлэгийн угсааны Ил хаант улс, Зүүн Европт Зүчийн угсааны Алтан ордын улс нар байв. Эдүгээ Монголын эзэнт гүрэн 4 улсад хуваагдсан гэдэг нь ташаарал бөгөөд анх үүсгэн байгуулагдах тэр үеэсээ л олон улсын нэгдэл байлаа.


Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт Чингисийн удмын зарчмыг хатуу баримталж Чингис хааны цусыг эцгийн талаас залгамжилсан эр л хаан цолыг эдлэх эрхтэй байв.


Нөгөөтэйгүүр Монголын эзэнт гүрний нутаг дээрх өмнөх үеийн бүх нүүдэлчин овог аймгуудын нэр бүгд устан алга болж Монгол овог аймгийн нэрийг хэрэглэх болжээ. Өөрөөр Төв Евразийн нүүдэлчид бараг цөмөөрөө монголчуудын нийгмийн зохион байгуулалтад орж, монгол хүн болцгоосон байна. Үүнд хамрагдаагүй үлдсэн нүүдэлчид нь киргиз, туркмен хүмүүс л болно.


Алтайн нуруунаас баруун зүгт нутаглах монголчууд 14-р зуунаас исламын шашинд орж, турк хэлээр ярилцах болсон ч тэд өөрсдийгөө монгол хэмээн үздэг бөгөөд турк хүмүүс болсон хэрэг огт биш билээ.