Загалмайтнуудын урван тэрслэлт чухал үүрэг гүйцэтгэж Хит Буха ноёныг ялагдуулсан үнэн түүх нь урван тэрслэгч загалмайтнууд исламын эсрэг хийсэн Хүлэг хааны довтолгоог зогсоон Сири тэр чигээрээ исламын шашинтны мэдэлд үлдэж, ариун газраас сүүлчийн загалмайтан хөөгдөн гарахад хүргэсэн болно.
1253 оны зуны Мөнх хааны ордноо нэгэн түүхэн шийдвэр гарсан нь Хятадад үргэлжлэх дайныг Хубилай, лалын дарлалаас Иерусалимыг чөлөөлөх үүргийг Хүлэг нарт хариуцуулсан явдал байв. Күнзийн сургаал, даогийн болон буддын номлолд хуваагдаад байсан Хятадыг эзлэх даалгаврыг загалмайн шашинт Хубилайд, буддын шашны агийн ёсны Майдар бурхныг шүтэгч Хүлэгийг христийн шашныг өмгөөлүүлэхээр томилсон нь санамсаргүй зүйл биш байв.
Мөнх хааны уг шийдвэр нь эзлэн авагч эзэн ноён нь эзлэгдсэн улс орны ард түмэндээ уусахгүй байхыг бодож ийн шийдсэн гэдэг. Үнэхээр л Өмнөд Сүн улсыг эзлэн авах Хубилайн цэрэг нь кипчакуудаас голлон бүрдэж харин Хүлэгийн цэрэг нь буддын шашинт уйгар нар голлож байв.
Хүлэг хааны хатан Докуз нь хэрэйд угсааны христийн шашинт, түүний итгэлт жанжин Хит Буха ноён найман гаралтай, нестор-загалмайтан байв. Түүнчлэн Хятадаас чулуу шидэх дүүгүүр машинаар мэргэжсэн нэгэн мянган мэргэжилтнийг дайчилжээ.
1253 онд Бага Армены хан 1-р Гетум монголчуудтай холбоотон болохоор Мөнх хааны өргөөнөө өөрийн биеэр хүрэлцэн очиж монголчуудтай холбоотон болсон нь Хүлэгийн довтолгоонд чухал дэмжлэг үзүүлжээ. 1256 оны 1-р сард Монголын цэрэг Амударья мөрний зүүн эрэгт тулан ислам шашинт иранчуудын нутагт хөл гишгэсэн бол ердөө 1257 оны сүүл гэхэд тус улсын бүхий л хэрэм цайзыг эвдлэн нурааж устгаж дуусаад 1258 оны 2-р сард Багдадыг эзэлжээ.
Энэ явдал нь лалынхны дарлалд 647 жил зовон зүдэрсэн Армен болон Сирийн загалмайтнуудыг Хүлэг хааны талд эргэлт буцалтгүй татжээ. Армены их хамба Хүлэг хааныг ариун дайнд мордуулан адисалж, Бага Армены хан 1-р Гетум, түүний хүргэн Антиохын ван 6-р Боэмунд нар өөрийн цэргээ аван монголчуудтай ирж нэгдэв.
1187 онд загалмайтнуудаас Иерусалимыг булаан авч 1192 онд Арслан зүрхт Ричардын довтолгоог зогсоон Месопотам, Сирийг эзэгнэн байсан Юсуф Салах-ад-Диний удам угсаа сулран доройтож өөр зуураа сөргөлдөн тэмцэх болсноор өөрийн ахан дүүсээ даран устгахын тулд өөрсдийн дайсан загалмайтнуудтай холбоотон болохоос буцахгүй болоод байв. 1259 оны хавар монголчууд Газыг эзлэн авснаар исламын ноёрхол төгсөх үйл явц өдөр хоногоор хэмжигдэж эхлэв.
1259 он гэхэд лалынхны сүүлчийн хорогдох газар нь Мисир орон байлаа. Мисирийн албан ёсны захирагч нар нь Салах-ад-Диний удам угсаа боловч тэд байр сууриа бүрэн алдаад байсан юм. Мисир баян орон учраас Судан, Крымийн зах зээлээс олзлогдсон дайчдыг худалдан авч цэргийн алба хаалгах бөгөөд тэдгээр боолууд нь төрд хамаарагдах учир төрийн данст боол мамлюк хэмээн нэрлэдэг байв.
1250 оны 5-р сард мамлюк Бэйбарс өөрийн нөхдийн турхиран Туран шах султаны орд өргөөг эзлэн султаныг хороон хар нялх Камиля хүүг султанаар өргөмжлөн, хүүгийн өмнөөс түүний эх султанхай Шеджэрэт-ад-Дурр, түүний эр нөхөр түрэг мамлюк Айбек нар засгийг удирдах болжээ. 1257 онд султанхай өөрийн нөхөр мамлюкыг сэтгэл урвалаа хэмээн хордуулан алсан учраас мамлюкууд султанхайг барин хорьж 1259 онд мамлюк Куттуз өөрийгөө султан хэмээн өргөмжлөв.
Тухайн үед монголчуудаас зөвхөн мамлюкууд л аварч хамгаална хэмээн Мисирчүүд үзэж байсан учраас энэ явдлыг бүх нийтээр эвлэрэнгүй хүлээн авчээ. Мамлюкууд үүссэн шалтгаан нь болон шинээр ирж буй боолууд нь монголчуудын байлдан дагууллаас шалтгаалж байсан учраас тэдэнд монголчуудыг үзэн ядан тодорхой шалтгаан байв. Монголчуудын байлдан эзлэлтийн улмаас боол болон Мисирт худалдагдан ирсэн боолууд нь кипчак, черкес, түрэг зэрэг төрөл нэгтнүүдээр байнга сэлбэгдэж байв. Мамлюкууд нь тэднийг боол болоход гол нөлөө үзүүлсэн монголчуудаас огт дутахгүй дайчид, тэдэнтэй адилхан нүүдэлчид байлаа.
Монголчуудын довтолгоог зогсоохоор нягт нямбай бэлтгэж байсан мамлюкуудад санаанд оромгүй 2 холбоотон энэ үед тус болжээ. Монголчуудын баруун талд хэдийгээр Иерусалимыг алдсан боловч Тиром, Сидоном, Акра зэрэг хүчирхэг хамгаалалтын цайз хэрмүүд бүхий Иерусалимын ванлиг оршин байв. Эл ванлиг хэрэг дээрээ Тамплиер, Иоаннитуудын мэдэлд төвлөрч, далайн усан замыг нь Венец, Генуягийн хөлөг онгоцнууд хянаж байжээ. Энэ үед Баруун Европын бүхий л улс гүрнүүд исламуудыг цохин яваа Хүлэг хаан, Дозук хатныг талархан хүлээн авч байсан ч Венецийнхэн, Тамплиерууд өөрийн шашнаас урван монголчуудыг дайснаа хэмээн үзсэн явдал байв.
Тэд Монголчуудыг хүрэлцэн ирвэл дайтахад бэлэн хэмээн зарлаж, папын элч төлөөлөгч Антиохын Боэмундыг монголчуудтай холбоотон болсных нь төлөө сүм хийддээ оруулахгүй хэмээн зарласнаар исламуудын дайсан монголчуудыг дайснаа гэж үзэн исламуудын холбоотон болж мамлюк нарт туслан шашнаасаа урвасан болно. Гэвч хожим нь мамлюкууд нь тэднийг хядан зугтан одсон тамплиерүүдийг Ромын пап урван тэрслэгч хэмээн зарласнаар франкуудын шоронд эцсээ үзнэ гэдгээ тэгэхэд мэдээгүй байлаа.
Нөгөөдөх нь Гүржтэй холбоотой, цагаа олоогүй учир утгагүй бослого байлаа. 1256 оныг хүртэл Гүрж нь Алтан Ордын харьяат улс хэмээн тооцогдож байсан Бат хааныг тэнгэрт хальснаас хойш Хүлэг хааны захиргаанд оржээ. Энэ үед Гүржийн хүн ам 5 сая хүрч тэр үеийн Оросын хүн амтай бараг эн тэнцэхүйц болсон байна. Гүржүүд лал түрэгүүд болох Желал-ад-Диний учруулж байсан лай ланчиг, гай зовлонг мартаад байлаа. Монголчууд ч Гүржүүдийг зүй ёсны холбоотон хэмээн үзэж тэдний өөртөө засах эрхийг нь цуцлаагүй үлдээсэн байсан болно.
Энэ үед Тбилист нэгэн зэрэг хоёр хаан сууж байсны 2-улангийнх нь нэр нь Давид байв. Тэдний нэг Улу Давид нь бүр монгол гүнжтэй гэр бүл болсон байжээ. Гүржүүд монголчуудад татвар төлөхөөс гадна, лалын эсрэг дайнд цэргээр туслах үүрэгтэй байв. Гэвч 1259 онд Гүржүүд монголчуудын эсрэг бослого дэгдээв. Эхлээд бослого дэгдээсэн Давид Нарин удалгүй нутгаа хаян Имеритины уулнаа дутаан оджээ. Дараа нь Улу Давид мөн бослого гарган ялагдаж зугтаан одсон ч 1262 онд өршөөл гуйн эргэн ирсэн байдаг.
Гүржийн хаадын энэхүү ухаангүй үйлдэл нь гүржүүдийн ард түмэнд л хүндээр туссан юм. Монголчууд Гүржийн цэрэгтэй хамтран Палестинд лалын дайчдын эсрэг тулалдаж явахынхаа оронд Гүржид гарсан бослого хөдөлгөөнийг дарахаар гол хүн хүчээ буцаан татжээ. Гүржийн хаадын ухаангүй тэнэглэл нь мамлюкуудад л эцэст нь тус болсон болно.
Сири дэх үйл явдал нэг мөр шийдэгдээгүй ид өрнөж байх үед 1259 оны хавар Мөнх хаан тэнгэрт хальсан тухай мэдээ хүрэлцэн ирэв. Монголын эзэнт гүрний их хаан тэнгэрт хальж дараагийн хаан сонгогдтол бүх үйл ажиллагаа зогсонги болж Чингисийн алтан ураг хуралдайд дуудагдан очдог уламжлалыг даган Хүлэг Хит Буха ноёнд 2 түмэн цэрэг үлдээгээд Иран уруу буцжээ.
Энэ завшааныг ашиглан Сидоны гүн Жюльен ямар нэг шалтаг заалгүй монголчууд уруу гэнэт довтлох үед Хит Буха ноёны ач хүү алагджээ. Үүнд уурсан догширсон монголчууд Сидон цайзыг довтлон газартайн тэгшилж орхив. Энэхүү Сидоны гүнгийн хийсэн учир утгагүй дайралт нь тэднийг өөрийн өст дайсан ислам шашинт мамлюкуудын холбоотон болгож орхижээ.
1260 оны 6-р сарын 26-нд мамлюкуудын толгойн анги Мисирээс хөдлөн Синайн цөлийг гаталж Газын орчимд байсан цөөн тооны монгол харуулын цэргийг устган франкуудын эзэмшилд хүрч Акра хотоос цэргийнхээ хүнс хоолыг сэлбэн базаажээ. Улмаар мамлюкууд тэндээс хөдлөн Иерусалимын ванлигуудын нутгаар дамжин Галилеи хүрснээр монголчуудын ард талд гарсан байна.
Улмаар 1260 оны 9-р сарын 3-нд Айн-Жалудад монгол-армены цэргийг бут цохин Хит Буха ноёныг олзлон авчээ. Хит Буха ноён хэдий олзлогдсон ч мамлюкуудыг Мисирийн хууль ёсны султаныг алсанд буруутгаж урван тэрслэгч хэмээн буруушаасан байдаг. Иймээс мамлюкууд Хит Буха ноёныг цаазлан хороожээ.
Куттуз ялан дийлэгчийн дүрээр Дамаск хотноо орж тэнд суугаа загалмайтнуудыг алан хядаж баяраа тэмдэглэв. Хүлэг хааны холбоотнуудаа тэтгэн дэмжихээр Сири уруу илгээсэн арми нь Алеппо хотыг эзлэн авдгийн даваан дээр 1260 оны 12-р сарын 10-нд Хомсийн орчимд мамлюкуудад цохиулан Эвфрат мөрөн гатлан ухарчээ.
Энэ тулалдаан ялалт байгуулсан Бэйбарс өөрийн хамтран зүтгэгч, дотнын анд Куттузыг хороон өөрөө султан болсон байна. Ийнхүү монголчуудыг анх удаа ялан дийлж Хит Буха ноёны толгойг авсан Куттуз түүнээс хойш 2 сар орчмын дараа өөрийн нөхөртөө алагджээ.
Ингэснээр монгол-армены исламуудын эсрэг хийсэн довтолгоо зогсоосноор урван тэрслэгч загалмайтнууд эртний өст ислам шашинт мамлюкуудтай улаан халз тулгаран уулзав. Урван тэрсэлснийхээ горыг амсан 1291 оны 5-р сарын 31-нд Иерусалимын ванлиг амьсгал хурааснаар 31 жилийн дараа сүүлчийн загалмайтан Сирийг орхин гарсан юм. Ийнхүү Гүржийн хаадын ухаангүй тэнэглэл, Иерусалимын ванлигийн ичгүүртэй урван тэрслэлтийн үр дүнд лалынхан тэдний эсрэг хийсэн Хүлэг хааны дайралтыг тэсэн үлдсэн гэдэг.
Монголчуудаас урван тэрсэлсэн тамплиерүүд өөрийн нутгийг бүрмөсөн алдан франкуудын нутагт нүүн очиход нь холбоотон хэмээн итгэн явсан Ромын папаас нь урван тэрсэлсэн хэмээн ял тулгаснаар тэдний хувь тавиланг зөвхөн шорон гяндан угтсан гэдэг. Ийнхүү Ойрх Дорнодод загалмайтнуудын улс байгуулагдах мөрөөдөл бүрмөсөн мөхөж, загалмайтнуудын ариун газар тэдний дайсанд эзлэгдсэн болно.
Кипчакуудаас гаралтай мамлюк Бэйбарс, кипчакуудын нутгийг эзлэн суугаа Алтан Ордын хаадтай хэлхээ холбоо тогтоосноор Бэрх хааныг өөрийн холбоотон болгож Хүлэг хааны эсрэг хэзээ ч үл эвлэрэх дайсагнасан бүлэглэл үүсэв.
Яса хуулийн дагуу Алтан Ордын цэргүүд Багдад, Дамаскийг байлдан эзлэх аян дайнд оролцож байсан ч Хит Буха ноёны ялагдлын дараа Бэрх хаан өөрийн цэргүүддээ Хүлэг хааныг орхин нутагтаа ирэх, эсвэл Мисирт очиж мамлюктай нэгдэхийг тушаасан байдаг. Уг тушаалын дагуу Алтан Ордын цэргүүд Мисирт очин мамлюкын цэрэгт нэгдсэнээр тэднийг улам хүчирхэгжүүлсэн байдаг.